"ДУРТАЙ ШҮЛЭГ" буланд энэ удаад эдийн засагч, орчуулагч Н.Түмэндэлгэр зочноор оролцов. Тэрбээр ОХУ-ын төрийн шагналт Леонид Алексеевич Филатовыг онцолж түүний гурван шүлгийг өөрийн орчуулгаар бидэнд танилцуулж байна.
Жүжигчин, зохиолч, яруу найрагч, кино найруулагч, нийтлэлч, телевиийн хөтлөгч, ардын жүжигчин, ОХУ-ын төрийн шагналт Леонид Алексеевич Филатов бол үнэхээр олон талын авьяастай хүн байлаа. Түүний найруулсан болон тоглосон урансайхны олон гайхалтай киног монголчууд бид сайн мэднэ. Тэрээр 1994 оноос эхлэн 10 гаруй жилийн турш телевизийн хамгийн алдартай нэвтрүүлгүүдийн нэг болох, амьдралаас одсон жүжигчдийн талаарх “Дурсаж явцгаая” хэмээх нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байлаа.Леонид Филатов ихээхэн цагаа уран зохиолд зориулан олон тооны шүлэг, жүжгийн зохиол, элэглэл бичсэн билээ. Түүний уран зохиолын авьяасыг өндрөөр үнэлэн, олон улсын “Яруу найраг” шагналаар шагнаж байв. Филатов: “Хэдийгээр чи уран зохиолд хичнээн амжилт олсон ч гэсэн өвчин гэдэг зүйл найз нөхдийг чинь шигших чанартай” хэмээн сэтгэлээсээ хэлсэн билээ. Түүний шүлгүүд нь уянгалаг, хүнлэг сэтгэл нэвт “үнэртсэн”, хүнд нэгийг бодогдуулсан шүлгүүд байдаг билээ.
***
Хичнээн олон “наполеончууд” “ галлаад!” гэж хашгираагүй бол
Төчнөөн олон хяргагдсан хүмүүс хялгана өвс рүү унахгүй байсан юм
Хичнээн олон увайгүй шатрын хүү жагсаалын сүүлнээс сугарч үлдээгүй бол
Төчнөөн олон уянгын дуучид маань зуу хүртэл наслах байсан юм
***
Найз минь чи манайд ойр ойрхон ирээч
Найздаа хаалга минь хэзээ ч дэлгээтэй
Ярилцах сэдвүүд маань огт мартагдаагүй
Янзтай бодлуудаар толгой минь дүүрэн
Амьдралынхаа тухай чи минь надад яриач
Алгахан дэвтрийнхээ шинэ нэрсийг ч дурдаач
Гайхалтай сайхан өдрүүдээр амьдрал дүүрэн хойно
Гунигтай сэдвээр л яриагаа битгий дуусгаарай
Амьдрал ямар байна гэж намуухан асуухад чинь
Аядуу инээгээд би бүх зүйл хэвийн гэнэ
Яахын аргагүй огт найдваргүй байсан ч
Ямараар ч эргэсэн амьдрал үнэн гайхалтай
***
Эмнэлэгийн, өчнөөн хараамаар жил чи!
Үнэндээ яагаад чамайг бид мартана вэ
Амьдралынхаа тун эмзэг жилүүдийг
Агаарын онгоц, трамвайнд бид даатгана
Аз нь хаясан энэ л жил гэтэл
Амьдралыг маань бүр томруулан шинжинэ
Олон зуун царайнаас аль нь ч биш биш
Огторгуйн ч юмуу нэгэн их мэдэлт гар
Онцгой заримыг нь шууд сугалан авна
Олон төгсгөл түр азналтыг хэн шийднэ вэ?
Нүргэлсэн олныг үүл мэт сэт яраад
Нэг нэгээр маань тэр биднийг суйлна
Харин бид гүйнэ, яарна, бужигнана
Хичнээн ч их яарах шалтаг гарна вэ
Хүн битүү метронд зогсоод явж байхдаа
Сонины гашуудлын булангаас гэнэтхэн
Сайн найзынхаа үхлийн тухай мэднэ
Сэтгэл санаандаа түүнийг төсөөлөхийг оролдоно
Оршуулгын нүхэнд модон авсанд тэр хэвтэнэ
Огтоос амьдын шинжгүй царай нь цонхийно...
Амьдрах хаяг хамаатнуудаа тэр солиод
Охин тэнгэрүүдтэй оддын бороогоор шивнэлдэнэ
Түүнээс минь бидэнд үлдсэн юм гэхэд
Тоотой хэдхэн санаандгүй авхуулсан зураг төдий
Аймшигт тэр мөчид хажууд нь хэрэв байсан бол
Алалдах тулалдаанд үхэл ялагдах байсан...
Үхэл түүний захнаас хэрэв тас зуурвал
Өрөөсөн хөлнөөс нь ч гэсэн шүүрээд авах байсан
Өршөөлгүй хорвоод амьдрах цаг нь дууссан хойно
Өөр олныг би одоо яриад ч яахав дээ!
Үгс одоо нэгэнт үнэгүй болсон цагт
Өчнөөн мянган удаа өрөвдөж хичнээн яривч
Өрлөг нөхдийг минь эргүүлж өгөх биш дээ
Аймшигтай жил! ... хэнийгээ ч одоо буруутгах вэ?
Цас мөндөртэй цаг агаарыг буруутгах уу?
Хоёр талд амьдарч утасдахгүй байсан ч болно
Харин өндөр жил нөхдийнхөө дэргэд заавал бай
Леонид Филатов
Орчуулсан: Н.Түмэндэлгэр
Сэтгэгдэл хэсэг