ДУРТАЙ ШҮЛЭГ
Унших дуртай шүлгүүд минь насны үе үеэр өөр өөр байж, одоо бодож суухад. Багадаа, мэдээж бусад хүүхдийн адил сургуульд үздэг шүлгээ цээжлээд явж байсан байх. Өөрийн ухаанаар уншиж эхлэх тэр мөчид,
Манан, нуур хоёр бие биедээ уусан
Шувуу, давалгаа хоёр ялгагдамгүй буцалж,
Сарны туяа ч багтамгүй
Салж ядсан цагаар
Саваагүй хонгор аашиндаа хөтлөгдөж,
Сайхан нүдэн нуурлуугаа
Чулуу юунд шидлээ, би!
гэсэн мөр сэтгэл зураад л явчихсан. Тэр цагаас хойш гуниг харууслын аястай шүлэг зохиолд өөрийн эрхгүй татагдсан.
Өсөх насандаа,“Зүс бүгэг андууд”-ыг бараг цээжилсэн. Бусдаас илүү Эрдэнийн шүлэгт дуртай байв. Яг энэ үед Урианхайн абугайн “Цээжний нөмөр”-т орж, “Ардын дуу”, “Аморэ” гэсэн 2 шүлгээр дунд сургуулиа төгстөл “амьсгалсан”.
Хожим оюутан ахуйдаа, дэлхийн яруу найргийг ахмад үеийн орчуулагчдаар дамжин нэлээд сонирхон явахуйд, Оросын Марина Цветаевагийн (Ч. Дашням гуайн орчуулгаар)“Орос орон”шүлгийн,
Орос орон надтай надгүй оршино
Орос оронгүйгээр би яасан ч оршихгүй
Онгол танхил авралын сүлд минь тэнд
Орчлонд жаргах шүлгийн наран минь тэнд
Цэнхэр нүдэн миний нутгийн мэлмий
Цэцэн Русловна оросын хатан чи
Зүүдний жаазанд эрдэнийн дэнлүү бадрааж
Зүрхэнд гэрэлтэн алсаас манаруулвай...
гэсэн мөрүүд сэтгэл сэрхийлгэн цааш нь Орос орны хязгааргүй уудам орчлонгоос өөрийгөө эрэн, тод магнай, торгон шаргал сэвлэгтэй, торомгор жаахан Марина охин хаа байна? гээд,
Тэнгэр газрын хараа хязгааргүйн дунд
Тэнгис далайн давалгаа задрах мандал дээр
гэх мэтээр Орос орон хүүгээ харуулдаж байгаа эх хүн мэтээр яруу бичсэн ур нь их таалагдаж билээ. Мөн Цветаева “Гэрээслэл” гэдэг шүлэгтээ,
Би одоо үхсэн ч гомдохгүй
Бие минь эх орондоо шингэг
Намайг төрүүлээд намайг уусгасан
Нарлаг ээж минь мөнхрөх болтугай
Хугацаат амьдралын хэдхэн жилүүд
Хурдаа сааж зулаа бөхөөнө
Галд хатаагдсан миний зүрх
Газарт ганхсан сарнай болог
Угийн ялдам бүсгүй хүний
Уруул таалсан дэлбээ болог.
Угтаа тэгээд Марина Цветаева
Урин хавар дахиад цэцэглэг
хэмээсэн няруу тансаг шүлгийн аагинд “бардам” явлаа. Энэ шүлэгтэй адил санааг монголын орчин үеийн уран зохиолд ч хэлсэн зүйлүүд нэлээд тааралдана Б. Догмид -Би мөнх, юу гэвэл би үхэвч цэцэг ногоо болно.
Б.Ичинхорлоо
-Ганцхан монголдоо шингэх хайлаасны нялх мөчирөө гэх мэт. Заа тэгээд алдарт Михайл Юрьевич Лермонтовын “Уйтгартай ч байна, гунигтай ч байна” шүлэгт дуртай байсан оюутан цагтаа би дэндүү хайртай учраас нуухын ч хэрэг алга даа.
Уймран тачаадсан гүн зовлонт үед санаж сарвайх хүнгүй
Уйтгартай ч байна, гунигтай ч байна
Хүсэж зорих уу?
Үргэлж дэмий хүсэж тэмүүлсний хэрэг юу билээ
Үнэтэй сайхан он жил өнгөрсөөр л байх юм
Амраглаж дурлах уу?
Дурлая гэхэд хэндээ ч дурлах билээ
Хэсэгхэн зуур дурлаад ч яах юм билээ
Хэзээд мөнхийн дурлал гэж байхгүй шүү дээ
Балран арилж, мөргүй болсон өнгөрсөн явдлаа дурсахад
Баясан хөөрч, зовон гиюүрч явсан минь юухан ч билээ
Тачаал хүсэл ч гэсэн дээ
Эрт орой хэзээ нэгэн цагт эргэцүүлж бодохтой зэрэг л
Аль сайхан бүхэн нь арилж үгүй болно шүү дээ
Хүйтэн харцаа тусгаж, орчин тойрныг ажихад
Хүний амьдрал гэдэг чинь мунхаг хоосон шог юм байна. /Орчуулсан. Ц.Хасбаатар/
Тэгээд бас болоогүй яг энэ үед яагаад ч юм нэрт соён гийгүүлэгч Дашбалбар ахад Оросын нэрт шүлэгч Фет, Тютчев нөлөөлсөн юм шиг мэдрэмжийг авсан шүү.
Учрах тэр л агшинд
Улам улмаар Чиний
Хүүхэд насны гэгээхэн
Хөгжөөнт түүхийг сонсмоор.
Чинийхээ араас очихсон
Гол ус урсах нууцлаг тэр л оронд
Цэнгэл жаргалтай газрыг
Цэлгэр уудам огторгуйн гэрлийг харахсан.
Хар салхины бололтой долгион дээр
Хавар цагийн цэцгүүд мишээж
Цэнхэрлэн эргэлдэх усны гүнд нь
Чиний минь мөрөөдөл умбан байна.
Ай, чи надад
Амттай зүүдээ ярьж өгөөч!
Нар, балчир нас үнэртэх юм.
Үгээр өгүүлшгүй хавар цагсан!
Тэгээд яруу найрагч М. Уянсүх, Х.Эрдэнэбаатар нарын эрхэм хүмүүсийн дэргэд байж монгол яруу найргийн сор дээж болсон мөрүүдэд дурлах болсоор олон он элжээ.
“Хаалга нь онгорхой шамбалын хаагуур нь ч орсон яадаг юм”(Т. Содномнамжил)
“Гааруу өндөрт жинхэнэ бүргэд ниснэ
Газар дээгүүр нимгэн бүргэд ниснэ”(Олжас Сулейменов)
“Замагтай усанд туулай ядартлаа сэллээ гэвэл би итгэнэ
Загас модны мөчирт нарлаж сууна гэвэл би итгэнэ”(Дундговийн Лувсандорж)
“Булжим уудам тохойд бургас тонгойж сэрүүцнэ
Бургасны нарийхан сүүдэрт загас тогтож сэрүүцнэ
Ханат цагаан гэрүүд хаяагаа шууж сэрүүцнэ
Хаяа шуусан гэрт үдийн наран сэрүүцнэ”(Ж.Раднаадаргиа)
гээд хичнээн тунгалаг найргийн мөрүүдийг шүүрс алдтал уншдагсан.
Гэлээ гээд Б. Цэнддоогийн“Чамд би хайртай” шүлэгт дурлан уншиж байсан үе надад бас байна. Тэр шүлгээр энэ удаагийн бичвэрээ төгсгөе.
Чамд би “Хайртай” гэж хэлэхгүй
Чиний төлөө үхэхгүй
Чин хайрын төлөө
Үг ч багадна
Чиний төлөө
Үхэх ч багадна
Гагцхүү чамдаа би
Гарцаагүй надад олдсон
Ганцхан хувь заяагаа өгнө
Тэгээд
Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж
Тэнгэрийг өргөн нарыг аргамжиж
Чиний төлөө амьд явна.
Сэтгэгдэл хэсэг