Жил бүрийн Гуравдугаар сарын 21-нд тохиодог Дэлхийн яруу найргийн өдрөөр бид олны танил хүмүүсээс хамгийн "ДУРТАЙ ШҮЛЭГ"-ийг нь асууж, яагаад дуртай болсон талаарх бяцхан түүхийн хамт нийтэлж байна.
Ш.ИХБАЯР ("Алтан хальс" холбооны үүсгэн байгуулагч, кино найруулагч)
Ш.ИХБАЯР: Норвегийн нэрт яруу найрагч Кнут Өдегорын (Knut Ødegård) шүлгийн түүвэр Англи, Монголоор хэвлэгдэхэд нь олзуурхаж уншиж байгаад хамгийн их таалагдсан хэрэг.
Кнут Одегөр
ӨВГӨН ШҮЛЭГЧ
Үгэн наранд хуруунуудаа түлээд
Үгэн салхинд үхтлээ цохиулаад
Хуурай чулуун дээр навс шидэгдсэн
Хуучин өөртөө Баяртай гэж хэлэхдээ
Үгэн хүүхэд намайг дахин төрүүлээд
Үтэр түргэн, долоон цаг ч хүрэхгүй хугацаанд
Өндийн бос гэж шаардсан. Өндийн босоод
Жинхэнэ хүүхэд бай, далайн боомтын
Жинсэн хувцастай эр бай, цэцэрлэгт дагжин зогсох
хижээл эр бай, дэлхийдээ бай, тоос бол, салхи бол
тоохгүй нүүр лүүгээ алгадуул, алгад.Орчуулагч Ц.Оюундарь
NMN (Реппер)
Өнгөрсөн онд "Цахилбаа" дуугаа гаргаж олонд хүргэсэн реппер NMN -ий хамгийн дуртай шүлгийг уншигчдадаа хуваалцаж байна.
Г.Аюурзана "Цаг хугацаа амсхийх зуур"
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг
Э.ЛХАГВА ("МОНГОЛ ТВ"-ийн Мэдээний албаны продюсер)
Э.ЛХАГВА: Саяхан шинэ мэндэлсэн хүндээ нэр өгөхөөр учир утгатай, монгол нэр хайж, судалж яваад энэ дөрвөн мөртийг уншсан юм. Яруу тансаг сайхан хэлсэн санагдсан болохоор онцолж байна.
Ванчинбалын Инжиннаши
ХОС УЯНГА
Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
Хөх үүлэн салхинаа хөвөх мэт
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй.
Д.ЖАРГАЛСАЙХАН (“The Defacto Institute”-ийн үүсгэн байгуулагч, нийтлэлч, эдийн засагч)
Д.ЖАРГАЛСАЙХАН: Надад алдарт яруу найрагч Омар Хайямын рубай дөрвөн мөртүүд их таалагддаг гээд дараах шүлгийг илгээсэн юм.
Үзэгдэж байгаа юмс үзэгдэх л төдий юм
Үнэндээ дэлхийн гадаргуугаас цөм хүртлээ хол
Хорвоогийн үзэгдлийг бодит бус хэмээн оно
Хөтөл юмсын мөн чанар үл үзэгдмүй.
Омар Хайям | орчуулсан М.Шагдарсүрэн
Сэтгэгдэл хэсэг