“Тагтаа Паблишинг”-аас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, “ном”-ын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Манай энэ удаагийн зочноор ОУ-ын санхүүгийн шинжээч Бат-Эрдэнийн Хулан оролцов. Тэрбээр Европын холбооны Люксемургт улсын HSBC, Notz Stucki Europe, Schroders зэрэг олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын сангуудад болон монголын банк санхүүгийн салбарт ажиллаж байна. Тэрээр бакалаврын зэргээ 2011 онд МУИС-д эдийн засгийн математикийн чиглэлээр, магистрын зэргээ 2014 онд Люксембургийн их сургуульд банк санхүүгийн чиглэлээр хамгаалжээ.
1. Та номын сандаа хэдэн номтой вэ?
Тоолж үзээгүй юм байна. Олон жил нүүдлийн байдалтай амьдарсан болохоор их олон биш, 100 дотор л байгаа болов уу.
2. Ямар төрлийн ном голчлон уншдаг вэ?
Ажил мэргэжилтэй холбоотой эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжлийн ном, сэтгүүлүүд уншина. Монголоос олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдийг хэвлэмэл хувилбараар захиалж унших их амаргүй юм билээ. Тиймээс цахим байдлаар юм уу подкаст сувгаар нь дамжуулаад шинэ тутам мэдээлэл авдаг. Зарим номын нуршуу санааг часхийсэн нэг нийтлэл, шүүмжлэл ч бүрэн гаргаж ирсэн байх нь бий. Сүүлийн үед философи, сэтгэл судлалын чиглэлийн номууд түлхүү уншиж байна даа.
3. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ?
Мэргэжлийн номуудыг голдуу өмнө уншсан өөр нэг номын эшлэл, цааш дэлгэрүүлж унших хэсгээс харж сонгодог. Люксембургт амьдардаг байхдаа шинэ орчин, шинэ соёлтой хөл нийлүүлэн алхах, мэргэжилтний хувьд өөрийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дорнын үнэт зүйлсээр хүмүүжсэн хүний хувьд өрнийн соёлын ажиллах арга барилыг ойлгох гэх зэрэг шалтгаанаар өөртөө туслах, мэргэжлийн номууд голдуу сонгож уншдаг байсан. Монголд ирснээс хойш эх хэл дээрээ уншихыг илүүд үзэж байна. Маш чамбай орчуулагдсан орчуулгын номууд ч олон болжээ.
4. Шинэ номын талаарх мэдээлэл хаанаас авдаг вэ?
Сонсдог подкастуудаасаа их санаа авдаг. “BBC in our time” соёл, шинжлэх ухаан, философи гээд цуврал, Robert Harrison-ийн “Entitled opinions” зэргээс номын эсвэл сонирхож уншмаар байгаа сэдвийн санаа авдаг.
5. Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Д.Урианхай гуайн “Аз жаргалгүй амьдарч байвал монгол хүн та намайг уучлаарай”, Hannah Arendt-ийн “On lying and politics” номуудыг уншиж байна.
6. Таны номын сангийн хамгийн онцлог, содон ном юу вэ?
Камюгийн “Этгээд хүн” ном англи, монгол, франц 3 хэл дээр бий. Энэхүү утга зохиолын номын гол үзэл санаа болох абсурдизмыг тайлбарласан онолын бүтээл гэж хэлж болох “Сизифийн домог" (Le mythe de Sisyphe) философийн эсээний ном нь бас бий. Хэзээ нэгэн цагт франц хэл сурч байгаад “Этгээд хүн” номыг эх хэл дээр нь уншиж үзэхсэн гэж боддог.
7. Номын сандаа буй хамгийн дурсгалтай, нандин номыг танилцуулаач?
Аавын маань гараараа дурсгалын үг, ерөөл бичиж бэлэглэсэн номнууд, хамт ирсэн захидлууд их нандин байдаг. Малчин айлын хүүхэд тул багаасаа хичээлийн жилээр гэрээсээ хол байдаг байсан юм. Тийм болохоор гараар бичсэн захидал, бэлгэнд ирсэн номнууд баялаг дурсамжтай байх түүнийгээ дагаад үнэ цэнтэй санагдах юм даа.
8. Хамгийн сүүлд ямар ном худалдан авсан бэ?
Kerry Brown-ий “CEO, CHINA, The rise of Xi Jinping” номыг авсан юм шиг байна.
9. Ном унших арга барил, дадлынхаа талаар хуваалцана уу?
Шинэ мэдлэг олж авах, мэргэжлийн ном, судалгааны ажлуудыг өглөө эрт өөр мэдээлэл тархи руугаа оруулахаас өмнө уншвал илүү бүтээмжтэй байдаг. Улаанбаатар хотод энд тэнд хүн хүлээх, очирлох, товлосон уулзалт цуцлагдах гэм мэт гэнэт төлөвлөөгүй сул цаг гарч ирдэг. Үүнд зориулж цүнхэндээ заавал 1-2 жижиг номтой явдаг. Хоол хийнгээ ном сонсдог. Сурагч, оюутан байхдаа хонь хариулангаа утга зохиолын ном, хуучирсан өдөр тутмын сонин их уншдаг байсан нь унших дадал тодорхой хэмжээгээр суулгасан байх гэж боддог.
10. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Уншиж буй номоосоо хамаараад өөр өөр ч ерөнхийдөө хэвлэмэл номыг илүүд үздэг. Хүмүүс номыг хавтсаар нь бүү дүгнэ гэдэг. Харин би гоё хавтастай номд дуртай. Дуу хөгжим ч тэр цомгоороо илүү төгөлдөр, цогц болдог шиг номонд ч гэсэн хавтасны зураг, дизайн, цаасны сонголт, өнгөний сонголт, жин гээд олон зүйлс хамаатай. Өөртөө туслах номуудыг “audible” дээр сонсоход тохиромжтой байдаг бол мэргэжлийн эсвэл сурах бичиг төрлийн номуудыг биетээр нь унших нь тохиромжтой. Ажил мэргэжилтэй холбоотой судалгааны ажлууд, нийтлэлүүдийг электрон байдлаар уншихад илүү хялбар байдаг.
11. Номын сан ямар байвал зүгээр гэж зөвлөх вэ? /гэрийн аль хэсэгт, шилэн хаалт, ангилал зэргээр зөвлөх /
Номын сан амьд л байвал зүгээр гэж боддог. Номууд нь уншигддаг, солигддог, нэмэгддэг, хасагддаг, урагддаг бас өөр хүнд шилждэг. Гал тогоондоо хоолны жорын ном сэтгүүлүүд, Монголын нууц товчоо гэх мэт хүндэтгэлтэй ном судруудыг гэрийн хоймортоо, амьдралын хэв маягтай холбоотой сонин сэтгүүлүүд ариун цэврийн өрөөнд, утга зохиолын номууд орны хажууд, цүнхэнд, мэргэжлийн номууд ажлын ширээн дээр, хүүхдийн номууд хүүхэд өөрөө хүрж болох нам газар гэх мэт. Миний хувьд шилэн болон метал эдлэл хүйтэн бөгөөд албан маягийн уур амьсгал төрүүлдэг тул гэртээ аль болох байлгахгүйг хичээдэг. Гэрт байгаа эд зүйлс бүр ил, гарт ойр, хэрэглэгддэг, шүүгээний цаагуур далд хийх шаардлагагүй ил байхад орчиндоо уусаад, уур амьсгалын нэг хэсгийг бүтээгээд явж байхыг илүүд үздэг тул ил номын сан таалагддаг. Гэхдээ хот маань тоосжилт ихтэй тул номнууд тоосонд дарагдаад, шилэн нүүртэй нэг тавиур номын сандаа саяхан нэмсэн. Номуудыг төрлөөр нь, сэдвээр нь, хавтасны өнгөөр нь, эрхэлж гаргасан хэвлэлийн газраар нь гээд үе үе ангилж өөрчилдөг.
12. Салбарынхаа залуу хойч үеийнхэнд ямар зөвлөгөө хэлмээр байна
Салбарынхаа сонгодог бүтээлүүдийг зав гаргаад бүрэн эхээр нь уншаарай л гэж зөвлөе дөө. Энэ бол орчин үеийн аль нэг “best seller”-ээс илүү чухал санагддаг. Д.Ган-очир докторын “Монголын хөгжлийн зам: сургамж, сорилт, боломж” номыг мөн санал болгомоор байна.
13. Эзгүй арал руу явах бол номын сангаас ямар ном авч явах вэ? Яагаад
Уншигчийн түвшнээс хамаараад унших бүрд шинэ мэдлэг, ухаарал, өөр өнцгийг олж хардаг, өөрөөр хэлбэл өөртөө ахадсан ном авч явах байх. Тэр утгаараа Спинозагийн “Ес зүй” (Ethics) номыг авч явна.
14. Уншихыг зөвлөх ном. Тус номын ач холбогдол, үнэ цэн.
Ромын эзэн хаан Маркус Аврель өөрийн бодролуудыг тэмдэглэн үлдээснийг эмхэтгэсэн “Meditations” номыг санал болгох юм байна. Стойцизм нь хүн хорвоо ертөнцийг шүүмжилж, өөрийн эрхшээлд байлгах гэж оролдох бус байгаа бүхнийг байгаагаар нь хүлээж авах, аливаа зовлонг хүн гэгч өөрийн бодолдоо зохиомлоор бий болгодог бөгөөд амьдралд өөрийн зохих үүргийг гүйцэлдүүлэн биелүүлэх ёстой байгалийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг зааж сургадаг. Энэ утгаараа өнөөдрийн Улаанбаатар хотод зөвхөн стойкууд эвсэл буддистууд л дотоод зөрчилгүй, амар амгалантай амьдарч чадна гэж бодох болсон учраас.
Эмэгтэйчүүддээ Симон дө Бовуарын“Дайвар хүйстэн”-г, өсвөр насны дүү нарт Саяхан Улбар хэвлэлийн газраас гаргасан “Юу мэднэ гэж” номуудыг санал болгомоор байна.
15. Энэ буланд оруулах дараагийн зочноор хэнийг нэрлэх вэ?
Унгар улсад багшилдаг, мөн Teach for Mongolia-ийн зөвлөх Энэрэлийг санал болгож байна. Инстаграм хаяг нь @ed.nomad Enerel
Сэтгэгдэл хэсэг