"Танд хэн нэгэнд илгээж чадаагүй, зовоох вий гэсэндээ ч юм уу, аль эсвэл зориг дутаад ч юм уу илгээгээгүй аваад үлдчихсэн захидал, бичвэрүүд байдаг уу? Тэгэвч түүнийгээ хэн нэгэнд хуваалцах хүсэл төрдөг үү? Манай tagtaa.mn сайт тэр нандин бичвэрүүдийг тань хуваалцах "Илгээгээгүй зурвас" булан нээж байна. Та нэрээ нууцлаад нийтлүүлж болно, хүсвэл нэртэйгээ ч нийтлүүлж болно. Хамгийн гол нь илгээж чадаагүй тэр зүйл тань л байх ёстой юм. Магад таны сэтгэлийн шарх жаахан ч атугай эдгэж, хөндүүр тань түрхэн ч болов мартагдах ч юм бил үү? "
ЧАМД ДУРЛАЛ ЕРӨӨЕ...
Хоног өнгөрөх тусам мартагдаж . Чи, чиний харц, чиний үнэр ямар байдгийг хичнээн хайсан ч одоо дахиад олохгүй бололтой. Нүдээ аниад чамайг төсөөлхийг хичээнэ. Төрхийг чинь бодолдоо зурхыг хүссэн ч энэ дахиад л намайг туйлдуулж орхилоо. Уг нь удаан хугацааны дараа өөртөө чамайг бодох зөвшөөрөл олгосон юмсан.
Чи санаж байна уу? Анхны үнсэлтээ. Уулзхаар ирэхдээ аавд баригдаад айж сандрахдаа уруул дээр минь хурдхан үнсчихээд гүйгээд явчихсан тэр орой би цурам ч хийгээгүй. Нүүрнээс минь бүхэл шөнөжин инээмсэглэл салалгүй чиний талаар бодох бодол минь хязгааргүй мэт л хөвөрсөөр байсан.
Чамаас холдож үлдэхдээ би чамд гологдож хангалтгүй байж дээ л гэсэн ганцхан бодол тархинд минь эргэлдэж байсан. Би яах ёстойгоо мэдэхгүй чамайг санах ёсгүй бушуухан л мартчихья гэхдээ шөнө бүр зүүдлэх зүүдээ харааж, сэрээд л бодох тархиа харааж, нүдний үзүүрт төрх чинь харагдаад өнгөрхөд хоёр нүдээ хүртэл үзэн ядсан. Хамгийн инээдтэй нь би чамайг л үзэн ядаж чадаагүй. Бүх зүйл чи байсан хараал идсэн улаанбаатрын утаа хүртэл чамайг санагдуулж би бараг л цөхөрсөн. Дахиад л чамайг бодчихож одоо ч больё доо гээд би зүгээр л өөрийгөө хаяаад чамд сөхөрсөн сэтгэлээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бидний учралд ганцхан ч болтугай сайн зүйл байгаа гэж итгэсэн.
Энэ бүхний дараа чамтай учирсандаа харамсахгүй байх шалтгаан би олсон. Энэ миний санасан сэтгэлд тийм ч их тус болоогүйлдээ гэхдээ бүх зүйлтэй эвлэрч дасахад нилээн дэм болсон шүү.
Амьдрал үргэлжилсээр аажмаар чамайг бодох минь багассаныг анзаарахдаа цаг хугацаа бүгдийг эдгээдэг гэдгийн ойлгож билээ. Одоо харин чамайг бодохдоо би зовдоггүй, харин ч зав чөлөөгүй өдрүүдэд түр амсхийн суугаад бодоход яг л жимстэй бялуу шиг дурсамжуудыг чи надад үлдээж.
Чи намайг хайрласан үгүйд би эхэндээ эргэлздэг байсан ч одоо надад хамаагүй ээ. Зүгээр л миний чамайг хайрласан хайр надад хангалттай .
Гансарч гунигласан болохоор би жаргалтай болсон. Энэ л байж шүү дээ бидний учралд сайн зүйл байгаагүй харин бидний учрал өөрөө амьдралд тохиолдох хамгийн сайн зүйл байж. Чамайг мартхын тулд би өрөө ч мэдэлгүй их олон зүйлийг сурж. Үнэндээ чамтай учраад л өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмж, догдлол гээд миний мэдэхгүй бүхнийг чи надад мэдрүүлж. Энэ л байж. Чи амьдралд минь ирэх зовлон саад бэрхшээлд бүдэрхэд тайтгаруулах дурсамж үлдээж, гуниглаж ганцаардах нь үнэндээ тийм ч муу зүйл биш гэдгийг ойлгуулсан.
Одоо надад ганцхан л айдас байна. Би дахиж чамд дурлсан шигээ өөр нэгэнд дурлах болов уу? Нэг үзсэн киногоо дахин үзхэд анхных шигээ мэдрэмжийг дахиад авдаггүй шүү дээ. Гэхдээ ирээдүйг хэн ч мэдэхгүй...
Тиймээс хайрт минь би чамд дуралсан шиг яг ийм дурлалыг чамд ерөөе чи хүнд дурлах эрхтэй.
Сэтгэгдэл хэсэг