Сайн уу? гэж эхлэх энэ захидал сайн байгаа эсэхийг тань асуугаагүй, мартаагүй яваа гэдгээ илэрхийлж буйг чи минь түвэггүйхэн ойлгож байгаа биз ээ... Олон сайхан дурсамж чамаас үндэслэн миний сэтгэлд ургажээ. Чи бороо орох бүрийд намайг боддог гэсэн. Би чиний шүлгээ бичдэг асан энэ хотынхоо хаа нэгтээ алхаж явахдаа шүлгүүдээс чинь зүрхэндээ шивнэдэг гэвэл чи итгэх үү?
Миний чамд бичиж буй эхний бас сүүлчийн захидал энэ байх... Хэн нэгэн холдон одсоны хойно хоосроод байх тэр мэдрэмж хайр гэдгийг, удах тусмаа улам л хайрлаад өөр нэгнийг харах сэтгэлийн нүд ч хаагддагийг мэдлээ. Гэхдээ энэ бүхэн хачин сайхан мэдрэмж шүү... Жижигхэн энэ хотдоо чиний яриагаар өл хийн чих час хийсэн жаврыг ч үл тоон амьдарсаар л байна...
Хаа нэгтээ ор мөргүй арилаад өгсөн гэж санадаг чамайг хачин ихээр үгүйлэх нь юутай гаслантай яриад л яриад л байх чиний юу нь тийм сайхныг ойлгоогүй явсан тэр үеээ одоо эргүүлж авчирмаар бодогдох тэнэг гэнэн хүслээ дийлж гарах зориг дутлаа хашхирч орилмоор хаашаа ч хамаагүй зулгармаар гэрийн чинь үүдэнд очоод чамайг дуудмаар гэргийг чинь тэврээд уйлмаар гэмтэй ч юм шиг гэгээн ч юм шиг хайрлаж байгаа энэ сэтгэлээ хэн бүхнээс нуумаар хэн бүхэнд зарламаар цагийн аясаар чамайгаа мартаж байгаа гэж өөртөө итгүүлэх ч үнэнтэй эвлэрч буй аж.
Хэн ч намайг юу ч гэлээ гэсэн чи л намайг ойлгоно, чи л миний төлөө үнэнийг хэлнэ гэдгийг зөн совингоороо мэдэрдэг юм. Хэзээд би чинийхээ сэтгэлийн гүнд оршсоор л байна гэдэгтээ итгэдэг болохоор надад өгсөн энэ хагацлыг жаргал л гэж боддог... Тийм болохоор надаас дахиж уучлалт гуйх хэрэггүй шүү... Уучлаарай гэх бүрд чинь өөрийгөө өчүүхэн болчихсон юм шиг санадаг юм. Хайртай шүү, чамдаа... Аз жаргал сайн сайхныг л хүсдэг шүү...
Сэтгэгдэл хэсэг