РАББАН САУМА

 

Ариун Сэнтийт Улсын Төрийн Тэргүүн, Пап Францис Монгол улсад айлчилж буй эл өдөртэй ташлуулан бид  “Тагтаа рэвью” сэтгүүлийн намрын дугаарт нийтлэгдээд буй, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач, түүхч Тангадын Мандирын бичиглэсэн "Раббан Саума" -гийн хөргийг уншигчдадаа хүргэж байна. Т.Мандирын “Их түүхийн гучин хоёр цацлага” номонд багтан анх хэвлэгдсэн эл хөрөгт Их эзэн Чингисийн цогцлоон байгуулсан хөх төрийн элч болж загалмайтны улсуудад зорчсон домогт монгол санваартан Раббан Саумагийн тухай түүхэн сурвалж бичгүүдэд үлдсэн мөр, баримтад түшин нэн ч сонирхолтой бичсэн байх тул эртнээсээ Монголын төр, манай хаад дээдсийн бодлого, жолоодлогод загалмайтны шашны тэргүүн Паптай харилцах үйл ямархан зэргээр чухалчлагдаж байсныг ухаж ойлгоход дөхөм болуужин гэж энэ сэдвийг онцолж ахуй. 


 

 Гэрэл зургийг Tsolmon MOrris


   РАББАН САУМА
“Би онц элчин болж бүтэн жил зорчив... Буцаж хариваас монголчууддаа юу хэлэх буй, хэрхэн хариулбал зохих буй?”


Тускалумын ширээт нарт Раббан Саумын учирласан ярианаас эшлэв. 1288 оны хоёрдугаар сар      

Рене Груссе. 


 МАНДААХ ЗУРВАС:

Арван гуравдугаар зууныг өнөө үеийн эрдэмтэн мэргэд "Монголын зуун" гэж батлах болсон нь бүрэн үндэстэй юм. Олныг үл өгүүлэн нэгэн хүний явдал, суудал үйл ажиллагаагаар дээрх тодорхойлолтыг батлах гэж оролдсу! Тэр цаг үед Ромын пап, Франц, Английн хаадад учирч, Монголын хаадын зарлиг, тааллыг гардуулж явсан энэ хүнийг Раббан Саума гэдэг. 

Энэ хүн Хаанбалгас хот (Дайду)-д төрж, Хубилай хааны ордонд өсөж хүмүүжсэн Онгуд аймгийн монгол хүн ажээ (Рене Груссе, "Азийн нүүдэлчин үндэсний түүх" Хөх хот, 1998 он, х.538.). Тэрбээр Онгуд аймгийн язгууртны хувьд уламжлалт Христийн несториан шашинтан байсан бөгөөд 1282 он гэхэд Их Юань улсын доторх Христийн шашинтны дэд тэргүүн болжээ. Түүний дээр III Мар Ябаллах гэгч уйгар хүн байсан, тэрбээр Ил хант улсын төвд байрладаг бол орлогч нь Хаанбалгадад суудаг ажгуу. 1282 оноос тэдний нэр түүх, сударт бичигдэх болсон нь тэр үеийн нэгэн үйл явдлаас эхэлжээ. Ил улсын тэргүүн Абага нас нөгчсөний дараа түүний дүү Тэгүдэр ширээнд суугаад Исламын шашинд орж, нэр, цолоо ч солиод өөрийгөө "Ахмед султан" хэмээн нэрийдэх болов. Ингээд зогссонгүй, төрийн бодлогоор загалмайтны сүм хийдийг хавчин гадуурхах үйлдэл хийж эхэлжээ. Энэ нь мөнөөх загалмайтнуудад төдийгүй монгол төрийн язгуур уламжлалд харшилсан нь тодорхой.

Монгол язгууртнууд Тэгүдэрийг буулгах хуйвалдаанд орж, харин загалмайтны сүмийнхэн Ил улсын дээд эрхийг барьдаг Их Юань улсын ордонд эсэргүүцлийн захидал бичив. Удалгүй Хаанбалгад (Дайду)-аас Тэгүдэрт үйл явдлаа хянах, зогсоохыг шаардсан зарлиг ирэв. Үүнд Тэгүдэр бухимдаж, III Мар Ябаллахыг баривчлан хорьсноор үйл явдал хурцдав. Бараглаж энэ үеэр Раббан Саум Дайду хотоос Ил хант улсыг зорин мордсон мэт байна. Энэ тухайд Рене Груссе нэг сонирхолтой өгүүлбэр бичсэн юм. Түүнийг эш татъя. "Бээжингийн ойр төрсөн энэ онгуд буюу уйгар даяанч хятадаас перс хүрсэн ховор жуучлалын тухай бид нэгэнт мэдэж байгаа юм".

Манай өмнөд монголын эрдэмтдийн орчуулснаар авсан энэ өгүүлбэрээс үзвэл Саум энэ аяллынхаа үеэр замын тэмдэглэл хөтөлж, тэр нь өрнөдийн судлаачдад хүрсэн юм шиг, эсвэл Саум ганцаар аялаагүй (энэ ч бараг мэдээж!) Христийн бүтэн баг энэ урт замд ажлаа хийж явснаар тэдний тайлан илтгэл Ватиканд хүрч хадгалагдсан болов уу гэх таамаглал төрүүлж байгаа юм. 1930-аад оны Европын зарим судлаачдад "нэгэнт мэдэгдсэн" тэр аялал харин бидэнд хав харанхуй байгаа нь туйлын харамсалтай. Олж тодруулах боломж байх л учиртай, хайцгаая!

Саумыг ийнхүү аялж явах үед Ил улсынхан учир зүйгээ олжээ. 1284 онд Тэгүдэр нас нөгчиж, Аргун (Абага ханы хүү) ширээнд сууснаар Монголын уламжлал сэргэж, олон шашинтнууд амар амгаланг олсноор тийнхүү цэгцрэв. Аргун хан 1285 онд Ромын пап болон Англи, Францын эзэн хаадад захидал илгээсэн нь Раббан Саумын түүхт аяллын эхлэлийг тавьсан юм. Энэ захидлын тоймыг Груссегийнхээр авбал нэг иймэрхүү. "Бид өвөг дээдсийнхээ уламжлалыг чанд дагаж, Христос шашинтны ариун хот (Иерусалим)-ыг чөлөөлөхөөр аян дайнд мордоно. Та нар нэгэн тал болж биднийг дэмжин цэргээ гаргах ёстой" гэсэн санааг тод гаргажээ. Энэ захидал хорин жилийн дараа Өлзийт ханы илгээсэн захидлаас дайны тодорхой төлөвлөгөө дэвшүүлснээрээ ялгаатай юм. Бас эв найрыг хичээх тухай чухалчлаагүй байх юм. Цаг үе нь аргагүй өөр байж дээ. 

Аргун ханы захидалд ямар хариу ирснийг судлаачид дурдсангүй. Аргун дээрх хүмүүст өөрийн бие төлөөлөгч буюу онц эрхт элчинг илгээхээр шийдсэнийг бодвол захидлын хариу хантаны хүссэнд хүрээгүй гэдгийг л таамаглаж болмоор байна. Энэ онц эрхт элч нь тэр үед Аргун ханы дэргэд ирээд байсан Раббан Саум боллоо. Тэр хүн христос шашинтан байсны дээр монгол нутаг дахь загалмайтны бүлгэмийн удирдах тушаалтан, бас Хубилай хааны зарлигийн түшмэл гэдгээрээ энэ чухал албыг үүрч дүүргэх эрхтэй байлаа. Ингээд 1287 оны зургаадугаар сарын эхээр Саум Аргуны захидал бэлэг сэлтийг аваад Хар тэнгисийн эргээс хөлөг онгоцонд сууж Трапезундаар дайран Константинопольд хүрэв. 

Ромын эзэнт гүрнээс үүсэлтэй тэр тансаг хотод III Андроник хаан бүрэн ёслолоор түүнийг угтан авчээ. Зэргэлдээх Анатолийн сельжук төрийнхөн ч Аргуны элчийг хүндэтгэлээр огтхон ч дутаасангүй. Раббан энэ хотын алдарт Ариун Софийн сүмд мөргөл үйлдээд онгоцонд гарч Италийг зүглэхдээ Газрын дундад тэнгисийн нэгэн тохойд Анжуй болон Ил улсын далайн цэргийнхэн тулалдаж байхыг харсан ажээ. 1287 оны зургаадугаар сарын 23 гэж тодорхой тэмдэглэсэн энэ тулааныг дэлгэрэнгүй тайлбарласан зүйл байхгүй.

Миний хувьд Вальтер Скоттын түүхэн романыг (“Айвенго")-ыг барьж тунгааснаар Анжуй гэдэг нь Франц дахь норман угсааны хаадын нэрийдэл бөгөөд тэр үед ноёрхол нь хязгаарлагдаад байсан гэж таамаглав. Үнэн магадыг та бүхэн лавшруулан үзвээс зохино. Саум Неаполь хүрч тэндээсээ Ромд очив. Яг тэр үед шинэ пап сонгогдоогүй байсан тул (Пап IV Онориус 1287 оны 4-р сарын 3-нд таалал төгсжээ) Раббан Саум Папын туслахуудтай уулзаж, Монгол гүрний нутаг дэвсгэр дээрх Христийн нийгэмлэгийн байр байдлыг танилцуулсан байдаг. Энэ ярианаас Груссе дараах зүйлийг эш татжээ.

“...Олон тооны хар лам Монгол хийгээд Хятадын газар нутагт байна. (Жич, Христийн нестор урсгалынхан VII зуунаас эхлэн монгол аймгуудад нэвтэрсэн гэж үздэг. Т.М) монголчуудын дотор Христосын шашныг шүтэгчид олон байна. Түүний дотроос сахил авсан нь хан хөвгүүд, гүнж нар ч буй. Тэдний ар гэрийг манай нийгэмлэг л дагаж явдаг. Аргун хан шашны дээд удирдлага лүгээ нөхөрлөхийг хүсэхийн учир нь хан бээр Сирийг байлдан авахаар хүсэж буй. Иерусалимыг буцаан авахын төлөө та бүхний зорилгыг ч дэмжиж байна...” гэж Саум ярьжээ.

Чингээд тэрбээр Сент Петрийн сүмээс эхлэн олон шашны нийгэмлэгийг тойрон мөргөөд Генуяд очив. Генуягийн худалдаачид бол дорнод Европоор хийсэн монгол цэргийн аян дайны (1236-1241) үеэс монгол төрийн гадаад худалдааны бодлогын цар хүрээг зөв таньсан учир Хэрмэн хойг (Крым)-оос эхлэн Газрын дундад тэнгисийн дорнод эргийн хотууд, улмаар Персийн нутагт маш олон худалдааны зах, дэлгүүр нээж монгол ноёдын ивээлийг байнга хүртэж ирсэн хүмүүс юм. Тийм болохоор Раббан Саумыг гүн хүндтэйгээр хүлээн авч, улмаар Францын эрэгт гаргаж өгчээ. Раббан Саум Парист хүрч, эзэн хаан IV Гоо Филипп (францаар: Philippe le Bel)-д бараалхсан нь 1287 оны есдүгээр сарын 10 ажгуу. IV Филипп хаан Монголын дээд элчийг Сент Шапельд хүлээн авчээ. 

    

Гэрэл зургийг Tsolmon MOrris


ӨГҮҮЛЭХ НЬ:

Филипп хаан Аргуны захидлыг хүлээн авч Саумын тайлбарыг анхааралтай сонссоны дараа хүндэт элчийг түр саатахыг гуйжээ. Хаантанд бодох хугацаа хэрэгтэй, үүнээс гадна аливаа төрийн элчид найрсаг байдлаа харуулахын тулд бага сага саатуулах уламжлал аль ч төрд байдгийг Саум мэдэх тул хаантны саналыг хүлээн авлаа. Хааны томилсон түшмэд Монголын элч нарыг Сорбонн болон Сент Денигээр аялуулав. Энэ хугацааг ашиглан Английн эзэн хаан хаагуур морилж байгааг олж мэдэхээр хоёр хүнээ илгээсэн Саумын хувьд нэг зүйл улам бүр тодорхой болж байсан нь Ариун Ромын эзэнт улс нурсныг дагаад ариун хотыг чөлөөлөх загалмайтны уриа дуудлага, үзэл санаа арилан замхарчээ.

Монголчуудад элгэмсэг хандаж байсан ари язгуурт Гогенштауфены хаадын үе II Фридрих хаан нас нөгчсөнөөр эцэс болж, тэднийг залгасан Габсбургийн хаад хараахан хүчээ авч чадаагүй тийм л үе таарчхаж. Бас өнгөрсөн зуунд Барбароссын эхлүүлж, ач хүү II Фридрих хаан үргэлжлүүлсэн Ромын папын ноёрхлын эсрэг үзэл санаа Францын хааны ордонд ч байгааг Саум биеэр ажиглажээ.

Товлосон танилцах аялал дуусаж Саум Парист ирэхдээ IV Гоо Филиппийн өгөх хариуг цээжиндээ төсөөлчихсөн байлаа. Энэ үеэр Саумын элч нар ирж, Английн хаан Францын эрэгт буугаад Монголын элчийг хүлээж байгааг дуулгав. Филипп хаантан Аргун ханд илгээх хариу захидлыг Саумд гардуулахдаа "Монголын их хааны санааг бүрнээ ойлгов. Ариун номын гэрэлд гялбагч өчүүхэн биднийг ямагт өмөглөн санаж, хэзээд туслан оролдохуй дор бэлэн байдагт нь талархаж байгааг эрхэм элч уламжлан хэлж өгөх буй заа. 

Энэ цагт манай цэрэг, зэвсэг бэлэн бус, тэдэнд зарах хөрөнгө дутуу тул их хааны зорьсонд нийцүүлэн хөдлөх аргагүй байна. Сайн цагийг хүлээх болов уу" гэж хэлжээ. Иймэрхүү хариулт авахаа мэдэж байсан Саум үүнд ер самгардсангүй, зөвхөн их хааны элчид байх хэмжээнд найрсгаар мишээж хүлээн авлаа. Хааны шадар сайд Аргуны ордонд хүргэх ёсны бэлгийн жагсаалтыг элчийн туслах ламтанд өгснөөр албаны харилцаа өндөрлөж, Филипп хаан Раббан Саумтай элэгсэг яриа өрнүүлэв. 

Энэ яриа юуны өмнө Франкийн нутагт анх удаа хөл тавьсан монгол элчиний сэтгэл санаанд чиглэсэн нь тодорхой. Габсбургийн хаадтай өрсөлдөхөөр зориг шулуудсан франк вангийн зорилгыг саяын хэд хоногт үзэж мэдсэний хувьд урмыг нь сэргээх үг Саумд хангалттай байлаа. Иймээс ярианы эцэст монгол элч өөрийн санааг дэвшүүлэхдээ эргэлзсэнгүй. Саум өгүүлрүүн:

- Таны эрэлхэг хөлөг баатруудын алдар цууг мөхөс би Их Монголын хааны ордонд ч сонсож байсан билээ. Өдгөө нүдээр үзэж, ихэд бахархав. Чинээлэг тайж, ноёд ч олон юм. Тэдний нуган үрсийг дэргэдээ авч, торгон цэрэг зохион байгуулбаас зохилтой болов уу! гэсэнд ван:

- Миний бие хамгаалах дайчид хангалттай гэж хариулав. Саум толгой дохиод:

- Таны баатруудад би огтхон ч эргэлзэхгүй байна. Шадар торгон цэргийн хороо бол амь сахигчид биш, их ноёд хийгээд чинээлэг ардыг их хаанд ойр байлгахын тулд манай дээдэс ийм хороодыг сэдэж байгуулсан билээ. "Түмэн хишигтэн” гэдэг юм гэлээ. Хубилай хаан бас шинэчилж элдэв нэртнүүд ("өнгөт нүдтэн" гэж манай түүхчид орчуулан хэрэглэж ирснийг залуу судлаач Ч.Содбилэг "элдэв нэртэн" гэж шинээр хөрвүүлсэн нь илүү оносон мэт санагдаж ашиглав. Юань улсын үеэс хэрэглэсэн үндэстний зэрэг цэсэд "элдэв нэртэн" гэдэг бүлэгт дундад ази, кавказ, перс зарим слав ундэстнийг ч хамруулжээ. Т.М.)-ийн сайн гэр бүлээс хөвгүүдийг торгон цэрэгтээ оруулах болсон. Тэр хөвгүүдийнхээ хүчээр албан зэрэг дэвшсэн хүмүүс ч байна гэж тайлбарлав. Вантан толгой сийрэг эрхэм тул монгол элчийн ярианаас нэг бусыг ойлгосон бололтой нүд нь сэргэж байхыг хашир элч анзаарав.

- Эзэмшил том, албат олонтой хүчирхэг ноёдын толгой үргэлж дээгүүр байдаг. Тийм ноёдын хөвгүүдийг төрийн албанд хазаарласан байхад манай их хааны сэтгэл амар байдаг юм даа гэж Раббан Саум үгээ гүйцээжээ.

Филипп вантан өвдгөө дэлдээд дуу алдсан нь энэ санаа таалагдсаных байсан билээ...

   

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

ЖАРГААХ ЗУРВАС:

Раббан Саум Парисаас мордож, мөн оныхоо 10-11 дүгээр сард Бордо хотноо хүрч Английн I Эдуард хаанд бараалхан Аргун ханы захидал, бэлэг сэлтийг өргөв. Тэндээс мөн л шийдвэртэй хариулт сонссонгүй. Угтаа Аргун ханы төлөвлөгөө, санал тодорхой байжээ. Сири болон Египетийг хамтын хүчээр довтлоод Алеппо, Дамаскийг оруулан Сирийг монголчууд авах, Англи, Францын холбоотнууд Иерусалимыг бүрэн эрхшээж, Газрын дундад тэнгист ноёрхох эрхтэй болох ажээ.

Гэвч хоёр хаан хөдөлсөнгүй. Саум сэтгэл дундуур буцлаа. 1288 оны 2-р сард тэрбээр Ромд иржээ. Хоёрдугаар сарын 20-нд шинэ пап IV Николасыг өргөмжлөх ёслолд Раббан Саум оролцоход шинэ Пап ламтан түүнийг дээд суудалд залж, өөрийн гараар ариун хөрөг гардуулсан төдийгүй Монголын элч бөгөөд шашны удирдагчийг хүндлэн зочлох өөр олон ажиллагаа төлөвлөснөө танилцуулав. Гэвч Саум цаашид удахыг хүсээгүй тул эелдгээр татгалзан Ромоос гарч явжээ. Тэндээс Генуяд ирэхэд Тускалумын ширээт лам нар угтаж, алжаал тайлах цайллага зохиов. Энэ хурим дээр Саумын хэлсэн үг хар ламын тайлан тэмдэглэлд үлджээ.

"...Дотно хүндэт та нартаа юуныг өгүүлэх буй? Би бээр Иерусалимын явдлын тухай Аргун хан хийгээд ерөнхий шашны эрхлэгчийн онц элчин хэмээн ирсэн билээ. Нэгэнт бүхэл жил болоод... Буцаж хариваас монголчууддаа юу хэлэх буй, хэрхэн хариулбал зохих буй?"

Эрхэм элчийн ихэд зовниж санааширсан энэ үгэн дотор байгаа гурван цэгийг би тавьсангүй, бас энэ номыг бичсэн Рене Груссе ч хийсэнгүй, харин түүний ашигласан "chabot, retations di roi Аrgoin..." гэдэг 1894 оны хэвлэлд ийм л байсан ажээ. Энэ гурван цэг бидэнд ч бас санаашрах боломж өгөх бус уу?

Раббан Саум 1288 оны зуны сүүлчээр Ил ханы зуны ордонд ирж, аяны хувцсаа солиод Аргун ханд бараалхаж IV Николас болон IV Гоо Филипп, Эдуард нарын гарын бичгийг гардуулан өгсөн байна. Аргун хан элчийнхээ зүдгүүрийг тайлах их хурим дэглээд Раббан Саумд тусгай сүм байгуулан өгч уг Несторын сүмийн тэргүүн хамба болгон өргөмжлөөд дэргэдээ үлдээв. Chabot-ийн бичсэнээр бол "энэ сүмийн оосор бүч Аргун ханы өдөр тутмын суух ордны ёслолын бүчтэй ороолдож байсан" ажгуу. (Г.Груссе, дээрх ном, х.540)

Раббан Саум 1294 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Багдад хотноо таалал төгсжээ. 


Тайлбар: Раббан Саум гэдэг нь энэ онгуд монгол хүний сахилын нэр юм. Монгол нэр нь одоогоор олдсонгүй. Гэвч саяхан Аргуны бас нэг элч Андре гэлэнгийн монгол нэрийг Цагаан гэж байхыг олов. Энэ хүн 1290 онд мөн Францад очсон аж. Сайны мөр хэзээд үл тасрах тул онгуд санваартны монгол нэр олдох буй заа.

Раббан Саумын хөргийг бүтээхэд монгол нутагт идээшсэн нестор шүтлэгтний хэв маягийг гаргахаар хичээв. Гарын доорх ном судалгаанаас нягталбал монгол дахь несторианууд тусгай дүрэмт хувцас хэрэглэдэггүй, тухайн үндэстнийхээ хэв маягаар гоёдог байжээ. Иймээс Папын шашны элч нар (Карпини, Рубрук г.м) Хархүрэм дахь загалмайтныг гадуурхан бараг "Христ бус" мэтээр тэмдэглэсэн байж болох юм.

Сэтгэгдэл хэсэг