Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэх зохиолч энэ сарын найманд тодорно.

2026 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэх зохиолч энэ сарын найманд тодорно. Энэ жил Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшиж, бооцоот тааврын цахим хуудаснаа хамгийн их бооцоо тавигдаад буй таван зохиолчдыг уншигчдадаа танилцуулж байна.

Одоогоор Хятадын зохиолч Цань Шюэ, Австралийн зохиолч Жералд Мурнан, Америкийн зохиолч Томас Пинчон, Японы зохиолч Харуки Мураками, Мексикийн зохиолч Кристина Ривера Гарса… нар жагсаалтыг тэргүүлж байна. Гэвч энэхүү бооцоо, таамгаас үл хамааран тунан үлдсэн олон зохиолчдоос олны санаанд оромгүй нэгэн нь Нобелийн шагналтнаар тодорч ч мэдэх юм. Манай хэвлэлийн газраас зохиол бүтээлийг нь эрхлэн гаргасан Украйны зохиолч Андрей Курков, Хятадын зохиолч Ян Лянькө, Үй Хуа, Америкийн зохиолч Стивен Кинг нар мөнхүү жагсаалтад багтаж буй.

Уншигч та ч мөн өөрийн таамгийг дэвшүүлээрэй.

Харуки Мураками 

1949 оны 1-р сарын 12-нд Японы Киото хотод төрсөн. Зохиолч, орчуулагч. Васэдагийн их сургуульд утга зохиол судлалаар суралцсан. 1979 онд “Hear the Wind Sing” романаараа зохиолчийн гараагаа эхлүүлжээ. “Норвегийн ой”, “Эрэг дээрх Кафка”, “1Q84” зэрэг олон бүтээлээрээ монгол уншигчдын дунд төдийгүй олон улсад алдартай. Түүний зохиол бүтээлүүдэд ганцаардал, хайр, дурсамж, өөрийгөө эрэлхийлэх, бодит амьдрал, зүүд зэрэгцэн орших ертөнц зэрэг сэдвүүд зонхилдог. Барууны хөгжим, ялангуяа жааз, сонгодог хөгжим, мөн барууны уран зохиол Муракамигийн бичлэгийн хэв маягт томоохон байр суурь эзэлнэ. Мураками Нобелийн утга зохиолын шагналд олон жил нэр дэвшиж буй. Японы уламжлалт уран зохиолыг барууны хөгжим, соёл, модернист болон сюрреалист элементүүдтэй хослуулж, дэлхийн уншигчдад таниулсан зохиолч юм.


 

Томас Пинчон

1937 онд төрсөн.Америкийн орчин үеийн утга зохиолын хамгийн нууцлаг, төвөгтэй бичлэгийн хэв маягтай зохиолчдын нэг юм. Корнеллийн их сургуульд англи хэл, уран зохиол судалсан. 1960-аад оноос зохиол бүтээлээрээ танигдаж эхэлжээ. Тэрээр олны өмнө ховорхон гардаг, ярилцлага өгдөггүй, хувийн амьдралаа тун чиг нууцалдгаараа алдартай. “V.” (1963) хэмээх анхны романдаа олон янзын үйл явдал, дүрүүдийг холбон хүүрнэжээ. “The Crying of Lot 49”, Дэлхийн II дайны төгсгөл үеийн Европыг дүрслэн, технологи, эрх мэдэл, дайны тухай өгүүлсэн “Gravity’s Rainbow” (1973) нь хамгийн алдартай бүтээлүүдийнх нь нэг.  “Mason & Dixon”, “Against the Daу”, “Bleeding Edge” зэрэг хэд хэдэн томоохон бүтээлтэй.  Пинчоны зохиолууд ихэвчлэн олон дүр, үйл явдал, түүхэн баримт, шинжлэх ухаан, хошигнол, хуйвалдаан зэргийг нэг дор зангиддагаараа онцлогтой. Өгүүлэмж нь зориудын эмх замбараагүй мэт санагдах нь бий. Тэрээр бэлэн зэлэн хариулт өгөхөөс илүүтэй эргэлзэх, олон хувилбараар бодож тунгаахад хүргэдэг. Иймд түүнийг постмодернист уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг гэж үздэг.

 

Кристина Ривера Гарса

1964 онд төрсөн Мексикийн зохиолч, яруу найрагч, эсээч бөгөөд орчин үеийн Латин Америкийн утга зохиолын нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг. Зохиолч, яруу найрагч, эсээч, академич мэргэжилтэй. Мексикийн үндэсний их сургуульд социологи судалж, дараа нь Хьюстоны их сургуульд Латин Америкийн түүхээр докторын зэрэг хамгаалсан. Мексик болон АНУ-д амьдарч, багшилж, уран бүтээлээ туурвиж буй.  “No One Will See Me Cry”, “The Iliac Crest”, “The Taiga Syndrome”,“Liliana’s Invincible Summer” зэрэг гол бүтээлүүдтэй. Ривера Гарсагийн бүтээлүүдэд хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн амьдрал, дурсамж, гашуудал, бие махбод, эрх мэдэл, хэл ба түүхийг хэн хэрхэн өгүүлдэг зэрэг сэдвүүд чухал байр суурь эзэлдэг. 2024 онд “Liliana’s Invincible Summer” бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн. 2026 оны Нобелийн утга зохиолын шагналын бооцооны жагсаалтад дээгүүр нэрлэгдэж байгаа нь сүүлийн жилүүдэд түүний бүтээлүүд олон улсын анхаарлыг татаж буйтай холбоотой. Хувийн дурсамж, түүх, уран зохиол, эрэн сурвалжлах арга барилыг хослуулж, тэр дундаа эмэгтэйчүүдийн дуу хоолой болон хүчирхийллийн тухай хүчтэй бүтээл туурвидгаараа онцлог.

 

Жералд Мурнан

1939 оны 4-р сарын 25-нд Австралийн Мельбурн хотноо төржээ. 1970-д оноос зохиолчийн гараагаа эхэлж, шинэлэг, дүрүүдийнхээ дотоод сэтгэлийн зөрчлийг гүн гүнзгий уудалсан "Tamarisk Row", "The Plains", "The Last Letter", "Barley Patch" гэх зэрэг гол зохиолуудаа бичсэн нь уран зохиол, намтар бүтээлийн дундах зааг ялгааг бүдгэрүүлснээрээ онцлог. Зохиолч "Австралийн уран бүтээлчдийн зөвлөл"-ийн тэтгэлэг, "Patrick White" зэрэг олон нэр хүндтэй шагнал хүртэж байв. Нэгэн үеийн зохиолчидтойгоо харьцуулахад олноо төдийлөн танигдаагүй боловч Австралийн утга зохиолд оруулсан хувь нэмрээрээ хамгийн нөлөө бүхий зохиолч хэмээн нэрлэгдэж, орчин үеийн уран зохиолын чухал дуу хоолой болж яваа зохиолч юм.


 

Цань Шюэ

1953 оны 5-р сарын 30-нд Хятадын Хунань мужийн Чаншад төржээ. Зохиолч олон нэр хүндтэй шагнал хүртсэний дотор 2019, 2021 онуудаа олон улсын Бүүкерийн шагналын сүүлийн сунгаанд үлдэж, 2015 онд “The last lover” ном нь шилдэг орчуулгын бүтээлээр шалгарч байв. Түүний хэд хэдэн роман англи хэлнээ орчуулагдсан бөгөөд тухай бүрдээ шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Охин дүү нь түүнийг хүнд хэцүү амьдрал туулж, найман жилийн турш үйлдвэрт ажиллаж байсан тухай нь дурсан ярьсан байдаг. Гэсэн хэдий ч Цань Шюэ тасралтгүй уншиж, суралцаж, гадаад хэл сурсныхаа хэрээр Хятад орныхоо тухай уудлан бичихдээ орчин цагийн барууны зохиолуудын хэв маягийг зохиол бүтээлдээ тусгажээ. Зохиолууд нь тун өвөрмөц хэмээн үнэлдэг энэ зохиолч энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналтнаар тодрох магадлал нэн өндөр байна.


 

  


Сэтгэгдэл хэсэг

Сэтгэгдэл үлдээх