Хуан Чун Кай: Нүүдэг арал

Тайванийн зохиолч Хуан Чун Кай 1981 онд Юнлинд төржээ. Тайванийн үндэсний их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн тэрбээр хориод наснаасаа уран зохиолын ертөнцөд хөл тавьж, анхлан 2009 онд “Түрий” нэртэй богино өгүүллэгийн түүврээ уншигчдын хүртээл болгосон юм. Улмаар “Дэлхий ванаас цааш” (2012), “Эвдэрхий хүн” (2012), “Хөх ном” (2014), “Формоса солилцоо” (2021), “Таталцлын эсрэг” (2024) романууд, “Цаг хугацааны агуулга” (2017) богино өгүүллэгийн түүвэр тус тус хэвлүүлээд байна. Түүнчлэн 2015-2018 онд философич Ян Кайлины санаачилсан “Цагаан толгойн туршиц”-д оролцож, бусад дөрвөн зохиолчийн хамт франц цагаан толгойн үсэг нэг бүрээр эхэлсэн философийн нэр томьёонуудыг задлан 26 богино өгүүллэг бичсэн нь 26 цуврал болж гарсан билээ. 

 
Хуан Чун Кайгийн зохиол бүтээлүүд Тайванийн орчин үеийн нийгэм, залуусын аж амьдралыг уламжлалт соёл, түүх, улс төр, даяаршил зэрэг өргөн хүрээний сэдвүүдтэй донжтой сүлдгээрээ онцлог. Тэрбээр 2018 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын зохиолчдын хөтөлбөрт хамрагдсанаас гадна “Тайванийн үндэсний утга зохиолын шагнал”, “Тайбэйгийн олон улсын номын шагнал” зэрэг олон нэр хүндтэй шагналын эзэн болж байв. Эдүгээ зохиол бүтээлүүд нь англи, япон, франц, испани хэлээр орчуулагдаад байна.

 НҮҮДЭГ АРАЛ

Өглөө бүрийн есөн цагт Засгийн газраас туулсан замын маань тухай хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэл бидний утас руу илгээнэ. Чухам энэ тоон мэдээлэлд тулгуурлан Номхон далайн зүүн эрэг рүү дөтөлж, Хавайн арлууд руу ойртоход хэдий хэр хугацаа үлдээд буйг тооцоолж болно. Барагцаагаар өдөрт нэг километр урагшилна гээд бодвол далайн замын үлдсэн 8492 километрийг туулахад бид ахиад 23 жил зарцуулах аж. Тэгж байж л бид Азиас албан ёсоор гарч Америк тив рүү нэвтрэн орсонд тооцогдох юм.

Арал маань Евразийн хавтан, Филиппиний тэнгисийн хавтан хоёрын дунд зоогдоостой байсан хуучны үед бол Мэлхийн замаар Хонолулугийн Олон Улсын Нисэх онгоцны буудал хүртэл арван цаг нисдэг байлаа. Цагийн зөрүү тэр үед арван найм байлаа шүү дээ. Хүмүүс газарзүйн энэ мэт тооцооллыг тогтсон, хэзээ ч хувирч өөрчлөгдөшгүй зүйл хэмээн итгэдэг тул арал маань сууринаасаа аажуухнаар ховхрон хөвж эхэлсэн явдал жинхэнэ олон улсын дуулиан тарьсан юм. Зургаахан сая жилийн өмнө хэлбэржин тогтсон залуу арал газарзүйн нарийн зүй тогтлоор яаж тэгж элэг доог хийн чадаад, хар зөнгөөрөө хөдөлгөөнд орж, Мэлхийн зам дагуу зүүнийг зорин, амтат төмсний хэлбэртэй аварга том хөлөг онгоц шиг алгуурхнаар хөвж эхэлдэг байна аа?

Өмнө нь бид болж өгвөл дэлхийн гэх сэтэртэй бүхий л байгууллагад элсэж, олон улсын спортын ямар л уралдаан тэмцээн байна, бүгдийг нь эх орондоо зохион байгуулж байж өчүүхэн нэрээ дуудуулж, гадаад улсуудын анхаарлыг арай чамай өөрсөддөө татдаг байлаа шүү дээ. Гадны улс орноос ирэх багахан анхаарал ч бидэнд бол их юм. Олон улсын анхаарлыг татах гэж тэгтлээ хичээх маань үнэндээ үеийнхэндээ тоогдох гэхдээ хамаг л өнгөтэй өөдтэйгөөрөө зулгуйдаж, бусдадаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд байдгаа бардаг сургуулийн шоовдор хүүхдийнхтэй адилхан үйлдэл гэж шүүмжлэх хүмүүс ч байв. Хэчнээн тэнэг харагддаг гэж санана. Тэгж олсон найзууд яаж чиний жинхэнэ найз байх вэ, арай дөнгүүр бялдуучаар чамайг дорхноо л сольчих ардууд шүү дээ. Бодож цөхөх юу байна. 

Гэтэл одоо? Одоо бүх юм өөр болжээ. Бүх дэлхий биднийг анхааралтай ажиглаж, бид ч өдөр бүр шинэчлэгдэх тооцооллыг даган урагшилсаар байнам. Энэ аялал маань харин ч зорилго, найдвар төгс, итгэл төрүүлэм санагдах аж.

Ерөнхийлөгч арлыг зүүншээ хөдөлж эхэлснийг зарлах яг тэр мөчид чухам хаана, юу хийж байснаа олон хүн дурсана. Ноён Ву тэр үед Гэгээрлийн яаман дээр, хэлний боловсролд зориулсан төсөв хуваарилах хуралд сууж байж. Хатагтай Шү гэр, ажлынхаа хооронд өдөр бүр явдаг метрондоо, хэвлэлийн хурлын шууд дамжуулалтыг утсаараа үзсэн шиг явж байжээ. Мацу арлын Нанган суурингийн сургуулийн багш Ноён Лин айхтар үймүүлдэг нэг ангийг арайхийн дуугүй болгож амжаад байж. Яг тэр үеэр нь Тайвань Мацу арлаас хаяа салган хөдөлж эхэлснийг тэрээр яахин анзаарах билээ. Зүүн эргийн боомтоор давхиулах Пуюума хурдан галт тэргэнд тухалсан Ван ахайтан цонхны цаана сунайх Номхон далайн мандал дээгүүр хараа бэлчээсэн шиг явж байв. Тайвань нүдэнд нь цэлэлзэх эргийн мандлаас ч холхи их усанг гатлахаар замдаа шуударсныг ахайтан яаж ч мэдэх билээ. Арлыг зүүн зүгт нэгэнтээ хөдөлж эхэлснийг хүлээн зөвшөөрөх мэт тайвуу агаад няхуур болгоомжтойгоор ярихдаа төр засгийн зүгээс арлын хөвөх хурд, туулсан зам, одоох байршлын мэдээллийг ард иргэддээ цаг тухай бүрт нь шинэчлэн хүргэж байхаа амлах ерөнхийлөгчийн үгийг чагнан суусан мөчөө тэд бүгд тод санадаг.  

Бидний эцсийн зогсоолыг Хавай гэж хэн нь ч анх тааварласан юм, бүү мэд. Гэхдээ тэр таамаг нь бүх хүнд таатай сонсогдсон бололтой. Чухам тэр үеэс л хүмүүс шинэхэн олж авсан Полинез маягийн үндэстний онцлогоо одооноос сургуулилж эхлэв үү гэлтэй навч, цэцгэн хээтэй цамц өмсөж, Май Тай коктэйль шимэн алхацгаах болов. Тусгаар тогтнохсон гэж туйлаас их хүссэн ардын хүсэл арлыг ийм зоримгоор өөрөө ховхрон хөдлөхөд хүргэлээ гэж итгэсэндээ ч тэр үү, тайваньчуудын ихэнх нь тун ч бахтай харагдана. “Далайн хоолойгоор тусгаарлагдсан ч давж золгох нэг гэр бүл”, “Үндэс нэгтэй ах дүүс” гэх мэтийн улиг үгс газар зүйн шинэ хувирлын үйлчлэлээр хүчингүй болох нь тэр. Арлыг зүүн зүгт хөдөлж эхэлмэгц “Урд эргийнхнийг саравчлах бараагүй алсад  хөвж одохоос өмнө бушуухан дайраач ээ!” гэж Хятадыг турхиран уулгалах, нэгдмэл Хятадын төлөө амиа тавигсад мэр сэр гарч ирж байв. Тайванийг их газраас алсран холдох тусам Тайваний хоолой улам томрон өргөсөж байлаа. Үнэндээ ‘хоолой’ гэж нэрлэхэд хэтэрхий өргөсчээ.

Хятадаас ирэх “Хагарлыг эсэргүүцэх” өдөр бүрийн дуудлагыг эс тооцвол арал маань зүүн зүгт эрчээ саахгүй хөвсөөр жил хүрэхгүй хугацаанд Рьюкүгийн бүлэг арлыг өнгөрч, тэр зуураа олон улсын аялал жуулчлалын халуун цэг болоод амжлаа. Байгалийн USS Enterprice*-д хэсэгхэн хугацаанд ч болтугай сууж үзэх гэсэн жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс давалгаалан нисэж ирэх болов. Тэд нүүж буй арлын хөдөлгөөнийг гэрчлэх мэт ус тасралтгүй цалгилан түрэх зүүн эрэг дээр олноороо шавжээ. Бид ч хамраа сөхөж эхэллээ. Гадны улсад очоод “Нүүдэг арал”-аас ирснээ хэлэхэд л бөөн гайхширсан харц, биширсэн үгсэд булагдана. Мань мэт нь сайндаа хүнд тэгж тоогдоод байгаа юм биш, нэг л өдөр сууринаасаа сугараад нүүж эхэлсэн арлын маань ач шүү дээ. 

Гэвч, нүүдэг арал дээрх амьдрал урьдынхаасаа хөнгөрсөн юмгүй: Улс төрийн байдал ацан шалаанд хэвээрээ, нийгмийн асуудлууд ар араасаа овоорсон янзаараа, үүнийг нь харж буй ард олны сэтгэл улам л харанхуйлж, хоосрох маягтай. Жишээ нь баруун эрэгт багагүй хүн оршин суусан хэвээр, тэд улс орныхоо шинэ нөхцөл байдлыг анзаарч тоосон юмгүй урьдын янзаар амьдарсаар. Зүүн зүгт хоног хоногоор давшлах арлын хөдөлгөөнөөс болоод хясаа агнадаг гол газар нь эргээс улам бүр холдсоор буйг Чиаегийн Доншигийн загасчид л тун тодорхой харж байлаа. Эцэст нь тэд загасчлалаа хаяхаас өөр аргагүйд хүрчээ. Засгийн газраас урамшуулал олгож, загасчдыг хоршооны зохион байгуулалтад орж аж үйлдвэрээ өөд нь татаж болно гэж сэнхрүүлээд ч дийлсэнгүй. Загасчин ардын аж амьдрал угтаа манай нүүдлийн гол золиос болоод дуусав. Далай тэнгисийн ааш аягийг урьдчилан таах аргагүй болохоор арлыг орхин загасчлахаар хол явах улам л осолтой болжээ. Арлыг их далайн уудам руу хөвөн алсрах тусам аж амьдралын буулганд улам дарагдсан загасчид нэгэнтээ өөрсдийг нь тэжээн тэтгэж байсан загасчлах аж ахуйгаа бүр мөсөн орхих шийдвэрт хүртлээ машид туйлдан ядарчээ. Гэхдээ сууринаасаа ховхрон нүүж одсоноос маань үүдэх давуу талууд саар муу нөлөөллөөсөө илүү жин дарж байсныг хэлэх нь чухал: Адаглаад л бид Хятадын цэрэг армийн сүрдүүлгээс зугтаж чадлаа. Одоо тэд биднийг эзлэн түрэмгийлнэ гэвэл гонжийн жоо. 

Мөнхүү, арал нүүж эхлэхэд Ногоон арал, Ланью гэх мэт зүүн талын жижиг арлууд соронзон орны үйлчлэлээр уяатай юм шиг, яг урьдынхтайгаа ижил зайг хадгалан биднийг даган нүүж эхэлсэн юм. Харин баруун талын Жинмен, Мацу, Пэнгхү арлууд байрандаа хадаастай мэт ганц төө ч хөдлөлгүй тэндээ үлдсэн. Газарзүйн ухаанаар тайлбарлаваас Жинмен, Мацу арлуудыг үүсгэн буй боржин хадны тогтоц нь Өмнөд Хятадын их газартай бэхэлгээтэй, Пэнгхү арлыг үүсгэгч хүрмэн чулуун тогтоц нь Тайванийн хоолойн дорх галт уулын дэлбэрэлтээс дээш шидэгдсэн чулуудынх гэцгээх аж. Харин Тайвань болвоос нэг бөөрөөс нь шахах Евразийн хавтанг чинээгээрээ эсэргүүцэж, нөгөө бөөрөөс нь хавчих Филиппиний тэнгисийн хавтанг чадлаараа түлхэж байж оршин тогтнодог үйлийн лайтай арал. Газрын тогтоц бүр харилцан өөр нөхцөл байдалтай тулгардаг ч, Тайвань, Пэнгхү, Жинмен, Мацу арлууд “Чөлөөт Хятад” гэх дарцагийн дор хорьдугаар зууны тэн хагасыг бие биеэсээ уяатай туулсан юм. Тэгэхээр албан ёсны нэршлүүдийг нь тоочвол Пэнгхү бол Тайваний  эргээс хол цорын ганц арал муж, Мацу бол Лианжиан мужийн Фужиан аймаг, Жинмен нь ч бас Жинмен мужийн Фужиан аймаг гэгддэг билээ. Харин одоо бол арал маань урагш хөвөх тусам эдгээр жижиг арлуудыг Тайваньтай холбох шижим тасран холдсоор байна. Тайвань болон түүний дагуул арлууд дээр амьдардаг 23 сая ард хүн амын тоон мэдээн дээр л бөөнөөрөө дурдагдан буй болохоос аж амьдралын замууд маань хэрхэн салаалж өөрчлөгдөн байгааг хэлэхэд даанч бэрх ээ.

Саяхан нэг багшийн орон тоог орлож дунд сургуульд хятад хэл заахаар Мацу арал руу очсон Ноён Линий амьдралыг л аваад үзье. Тайваний Үндэсний Их Сургуулийн Тайваний уран зохиолын тэнхимийн төгсөгч, олон арван сэтгүүлд чөлөөт нийтлэлчийн албатай, үл хөдлөх хөрөнгийн зуучдын зар сурталчилгааны эх бичиж өгөөд үе үе дориухан мөнгө цохьчихдог энэ эр уг нь Ёнгхэйд явган шаттай байрны дөрвөн давхарт найз залуутайгаа хамт амьдардаг байж. Хэтэрхий удаан хамт амьдарснаас ч тэр үү, эсхүл бие махбодийн таталцал гэх юм дунд нь үлдээгүйгээс ч болсон уу, залуус удаах хамтрагчдын эрэлд гарч  болзооны аппликэйшн ухаж суудаг болжээ. Тэгж байхдаа танилцсан нэг нь ахлах сургуулиа ч төгсөж амжаагүй банди, Лин түүнтэй ойртвоос анхны эр нь болох нь дамжиггүй жаал байв. Линий хувьд ахлах сургуулийн сурагч байхдаа нэг л өдөр технологийн хөгжил хөвгүүн биеэ үдэхэд нь туслах юм чинээ зүүдэлж ч байгаагүй билээ. Тэр үед Лин өөрийн хүслээ учир шалтгаан гэгчээр цаламдан залахыг үргэлж хичээдэг, сонирхол нь олны жишгээс зөрөөд буйг аль болох нуун дарж явдаг хүү байв. Ганцаар байхдаа хааяа толины өмнө зогсоод биеэ сонжино: Хувхай цагаан арьс, булчин шөрмөс гэх юмгүй сулбагар бие, бага зэрэг урагш түрсэн гэдэс. Өөрийгөө хүйтнээр ажиглан зогсохдоо тэрээр бие хаагаа өөд нь татаж, өөх харвингаа чулуугаар зорсон хөшөөнийх лугаа адил чанга хатуу булчинд хувилгая гэж шийджээ. Үдэш бүр сургуулиасаа тарж ирмэгцээ тэр духныхаа хөлсийг бурзайтал гар дээрээ сунайна.  Бусад үед бол бие цогцынх нь нууцхан хувирал ердөө л сургуулийн дүрэмт хувцасных нь дор далдлаастай үлдэнэ. Заримдаа шалгалтын цаас руу тонгойн суухдаа тэр өгзөг, гуяныхаа булчин шөрмөсийг байдгаар нь чангалж, гарынхаа булчинг зангидаж үзнэ. Алив хүний хувцсан дороо нуугдсан биеийг мэдэрч үзье гэмээнэ мөр юм уу, бугалган дээр нь зөөлхөн алгадахад л хангалттай. Чивчирсэн, чанга бие цогцод хүрэлцэх тэр мэдрэмж түүнийг үргэлжид балмагдуулан догдлуулдаг байв.

Өдгөөх үерхлийг нь амь оруулан хөглөж асан хамтын хүсэл нэгэнт унтарсныг ухаарахдаа Лин саяхнаас цоо шинэ зүйлд тэмүүлж, шинэ хүслийг төлөөлөх болсон хамтын оршихуйнхаа хамаг л өөх тосыг үлдэн хөөж, шавхаж хаяхын түүс болжээ. Тэгэх бүрийдээ том хотын дотуур хуйсганан тэнэгч элдэв хүслээс ангид, аятайхан товхон, санаа бодлыг нь сарниулж буруулаад байхгүй газрыг дотроо мөрөөснө. Мацуд очсон эхний жилээ Лин хичээл заах, түүндээ нухацтай бэлдэхэд хамаг цагаа зарахын зэрэгцээ нутгийнхны санаа сэтгэлийн онцлогийг ойлгоход бүх анхаарлаа хандуулжээ. Хааяа амралтаараа Тайвань руу очиж найз нөхөдтэйгээ хэсэгхэн зугаалж байгаад ирэх ч тэнд үлдээсэн амьдралдаа бүр мөсөн эргэж очих тухай бодол огт төрсөнгүй. Гэтэл Нанганд өнгөрүүлсэн хоёр дахь жилийнхээ ойн дээр, хамаг ажил төрөл нь гарт нь орж жигдэрсэн хойно, огтоос санамсаргүй тохиолдлоор алсын зайн шинэ дурлалтай зууралдчихсан суух нь тэр ээ. 

Мацуд байхдаа Лин “олз омоггүй” гарлаа гэхэд сэтгэлээр унаж сүйд болохгүй ч болзооны аппликэйшнээр хааяа шагайдаг байж. Цаг нөгчөөж буй л хэрэг. Тэгтэл нэг удаа зуны цагт фосфортой замагны нөлөөгөөр тэр чигтээ гэрэлтдэг арлынх нь эргийг буюу алдарт “Хөх нулимс”-ыг үзэх гэж Мацуд ирсэн их сургуулийн оюутантай мөргөлдчих нь тэр. Завиар гулгавал уст агуйн хамгийн харанхуй хонгил руу очих боломжтой Бэйхайн хоолойгоор тэд хамтдаа аяллаа. Аяллын хөтөч зорчигчдодоо гараараа ус самардаж үзэхийг зөвлөжээ. Зорчигчид усыг хуруугаараа зөөлхөн самардахад бүдэгхэн цагаан гэрэл тодорч харагдана. Илүү хүчтэй самардвал өнгө нь улам өтгөрөн хөхрөх нь усны тэрүүхэн мандал дээр будаг асгачихсан юм шиг соньхон үзэгдэх аж. Өнөөх оюутан усны өнгө яг л Нокиа 8250-ийн дэлгэц шиг юм, мандал дээр баахан гар утас асаагаад хөвүүлчихсэн мэт л харагдаж байна хэмээн уулга алдаж байсныг Лин өдгөө дурсана. Тэгэхэд Лин оюутан залуугийн далайн хүйтэн усанд норсон гар дээр гараа тавиад, хоёул завины ирмэг түшин бодлогоширч явсансан. Далайн эргийн дагуух чийгтэй хадан агуй дотор тийн бодлогоширч явахдаа Лин удахгүй дулаахан ор луугаа өнхрөлдөн ороод шүүсээ гартал ноцолдох амттайхан хормыг л төсөөлж байв. 

Оюутан залууг Тайвань буцсаны дараа тэд хааяа хааяахан л мессеж бичилцдэг боллоо. Нэг нь ажлынхан, сурагчид, тэдний эцэг эхчүүдийн талаар базаахгүй үгс унагаж, нөгөө нь цагийн ажил, шалгалт шүүлэг, хааяахан гарч ордог наргиан цэнгээнийхээ тухай бичнэ. Их сургуулийн жилүүдэд нь хүнээс юу ч шаардаж хүсээд нэмэргүйг мэдэх тул Лин сайх оюутантай их ээ зайнаас харьцана. Биесээ л зовоохын нэмэр шүү дээ. Хэрэв Тайвань, Мацу арал хоёр урьдынх шигээ 211 километрийн зайгаа хадгалсаар байсан бол Лин, өнөөх оюутан хоёр тэгсхийж байгаад тус тусдаа өөр нэгнийг дагаад арилж өгцгөөх байсан биз ээ. Гэвч өдөр өдрөөр бие биеэсээ улам алсран буй өнөөгийн нөхцөл байдал нь тэдний сэтгэлийг улам ойртуулан дотносуулах ажгуу. 

Улс төрийн тодорхойгүй байдал ч тэдний дундуур нүүгэлтэж эхлэв.  Ерөнхийлөгч Тайвань зүүн зүгт нүүдэллэж эхэлснийг албан ёсоор зарласны дараа улс төр, шашны олон арван бүлгүүд хань хамсаатан болчихоод бүхэл бүтэн газрын массыг өөрсдийн дур зоргоор тоормослоод зогсоочихож чадах юм шиг “АРЛЫН НҮҮДЛИЙГ ЗОГСООЁ! ОДООГИЙН БАЙДЛАА ХАДГАЛЖ ҮЛДЭЕ!” хэмээн тэнгэр, газрын хүчийг дуудан уухайлах боллоо. Гол арлыг хөдөлж эхлэхэд Жинмен, Мацу, Пенгхү арлуудын хувь заяа хааш эргэхийг уулгалан хэлэлцэгсэд ч цөөнгүй. Тайвань гэнэтхэн хажуу бөөрөөс нь ханзран одоход энэ арлынханд ямархуу байсан бол? Одоо бол Мацу, Жинмен арлын хүмүүс хэвийн амьдралдаа эгэн орцгоож. Тайваний хоолойн цэрэг дайны уур амьсгал намжихын сацуу жуулчдын цуваа хөвөрч эхлээд, нэрийн дэлгүүрүүд, бүр Старбакс хүртэл хаалгаа нээж, тугаа хатгаад амжсан байх аж. Эндхийнхэнд орхигдож хоцорсон мэт мэдрэмж огт төрдөггүй нь гайхмаар. Ялангуяа Тайвань арал дээрх заримууд гадаад арлуудыг ер өөрсдийнх нь заяа завагт даатгаад орхивол таарна, тэгж байгаад тусгаар тогтнолынхоо тухай бодож эхэлцгээх биз гэх маягийн үзэл бодлоо илт шулуун илэрхийлээд байхад шүү. Хуучин бол Нанганы нисэх онгоцны буудлаас Тайпэйн Шонгсанд буухад Лин ердөө тавьхан минут зарцуулдаг байсан бол өдгөө хоорондын зай холдон холдсоор, сүүлдээ түүний суудаг бага оврын онгоцууд нисэж хүрч дийлэхээргүй болжээ. Эцэст нь мөнхүү нүүдэг аралтай холбогдох жинхэнэ холбоогоо оноож хэлэхэд ч бэрхтэй болж. Гаднах арлуудын засаг захиргаанаас энэхүү тооцоолоогүй нөхцөл байдлыг даван туулах төлөвлөгөөг чадах ядахаараа л боловсруулж, цаашаа харж Тайваний засаг захиргаатай яриа тохироо өрнүүлэн, наашаа харж Хятадын Засгийн газартай хэл улаа ололцохоор чармайн, Тайванийг бараа туруугүй талийж өгөхөөс өмнө бүх асуудлаа зохицуулчих санаатай хэрдээ л махарна. Амиа даах гэж чингэж тэвдэж байгааг нь харваас эл арлууд тусгаар тогтнодог юм гэхэд түүнээ залж чиглүүлж чадах нь юу л бол гэж Лин бодно. Хятадтай л нэгдэж таарах болов уу. Харин Тайваний Засгийн газар үүнд нь ямар хариу барьдаг юм бол доо?

Мацу дагинын аварга том сэрэг дүр бол Нанганд очсон хүмүүсийн зорьж үздэг газар хэзээнээс мөн боловч гаднах арлуудын хувь заяаны талаарх мэтгэлцээн ширүүсэх үед хөл хөдөлгөөнд нэн дарагдах болжээ. Старбакс хүртэл “Мацу дагина” нэртэй янзын хөөрхөн аяга онцгойлон гаргаад мөнгө хүүлж эхлэх нь тэр. Лин хичээлгүй үедээ далайн эргийн дагуух явган замаар дугуйтайгаа салхи сөрөн мацсаар тийш гарна. Хэтэрхий өгсүүр хэсгүүдэд бууж дугуйгаа түрэх ч хэрэг гарах бөгөөд хажуугаар нь моторт дугуйтай шунгинах нутгийн иргэд түүнийг их л сэжиглэнгүй хараад зөрнө. Цэцэрлэгийн урд ирж, орох хаалганы тийш зүтгэлэн өндөр гишгүүртэй шатаар нь мацсаар мөнхүү сэрэг дүрийн сууринд хүрсэн хойноо Лин усны дашмагаа тонгойлгон нэг том балгаад нүүрэн дэх хөлсөө шударч, тэнгэр өөд гайхаж мэлэрсэн янзтай ширтэнэ. Юу бодож, хааш ширтэж зогсоогоо ч анзаарахтай манатай. Зүгээр л тэнгэр, тэнгис хоёрын учран золгож, уусан нэгдсэн тэрхэн зайд чимээ имээгүй суух л сайхан. Харин одоо тийш очих бүртээ мөнөөх амар тайван газар нь янз бүрийн шашны бүлгүүдэд бүхэлдээ эзлэгдсэнийг, энд тэнд шавсан мөргөлчид, эх захгүй сунаж мөргөсөн улс, дагинад хүслээ даатгаж маань мэгзэм дүнгэнүүлсэн эргэлчдийг олж харах болжээ. Өнөөх их сургуулийн оюутан залуу нь хамаг улс Тайвань руу харьж ирж байхад яагаад тэндээ үлдсэнийг нь асуун зурвас илгээжээ. Лин юу гэж хариулах учраа олсонгүй. Тийн бодлогоширч суухдаа хариу бичихээ ч мартаж орхиж. Оюутан залуу ч ахиж элдэв зүйл шалгаасангүй таг болов. Ядаж ганц дуудлага, ганц зурвас ч байдаггүй. Утсаа аваад чагнавал өөрийнх нь утас Хятадын гар утасны сүлжээнд хэдийн холбогджээ. 

Тэр дэлхийн хамгийн өндөр гэгдэх 28.8 метр, баруун мутартаа гэрэлт дэнлүү өргөж, зүүн мутартаа “Салхи дэгдээж, хур буулгах нь хүмүүний тусын тулд болюу” хэмээх тарнийн сийлбэртэй очирт дулдуй барьсан Мацу дагинын баримал өөд өлийн харлаа. Түүний хамгаалагч Мянган бээрийг харан чадагч, Салхины гүйдлээр сонсон чадагч хоёр далайн мандал хөвөө өөд өдөр, шөнийн алинд ч нүд цавчилгүй хараа бэлчээн зогсоно. Лин ийш ирж, алсыг харах тавцан дээр зогсоод санааг нь чилээх хамаг бодол нь гадагшлан гадагшилсаар тархи толгой нь цэлмэн тунгалагшиж, далайн хөвөөний үелзэх бараатай нийлэн алдрахыг мэдрэх дуртай байж билээ. Харин одоо энд ирж далайн хөвөө тийш ширтэх нь салах ёс үйлдэж буй мэт санагдах болжээ. Гэр орныхон нь хүртэл яагаад буцаж ирэхгүй байгааг нь шалгаахад хариу болгочих олигтой үг түүнд аанай л эс олдоно. Жилийн ихэнх өдөр Мацу дагиныг бүчин дуниартаж байдаг манан мань эрийн тархинд хуралдчихсан юм шиг санагдах агаад, ер манан ариллаа ч мөнөөх асуултад нь хариулж чадах эсэхтээ эргэлзсээр байх аж. Тэр алсыг харах тавцангаас бууж “Оддын зөрөг” нэрт газар доогуурх хонгилоор дамжин буян номын үйлээр бурхны авралд багтаж болохыг сануулсан дарцаг далбаа бүхий “Адистидын танхим”-аар дайрч, наран ээсэн гадаах цэцэрлэгт гарч ирснээ улам харанхуй нэгэн хонгил руу ахин орж явсаар түрүүчийн зам дээрээ эргэн ирж дугуйгаа авч унаад сургуулийн ажилчдын байрладаг умгархан байр луугаа жийнэ. 

Нэгэн орой, хичээл тарсны дараа Линтэй бараг хамт шахуу тус арал дээр ирсэн,  англи хэлний орлогч багш Шиао Цай түүнээс сургуулийн биеийн тамирын талбайгаар хамтдаа жаахан алхахыг гуйжээ. Тийн алхахдаа бүсгүй Тайвань руу хэд хоногийн өмнө яваад ирсэн тухайгаа ярив. “Тэндэхийн хаа сайгүй ‘Хавай руу явцгаая, явцгаая, явцгаая!’ гэсэншүү хачин балай дуу хангинаж байдаг болсон байна лээ. Бараг л төрийн дуулал нь болсон юмдаг уу даа. Эцэг эх маань миний Мацу арал руу буцахыг эсэргүүцэж ‘Ямар хэрэг байна? Болох ёстой юм болдгоороо л болж байна шүү дээ’ гэж баахан ятгасан. Дааж авсан ангийнхан маань элсэлтийн шалгалтдаа бүгдээрээ тэнцээд, өөрсдийн чармайлтаар хүссэн их дээд сургуульдаа яваад орчихно гэвэл худал биз. Гэхдээ би эндэхийн хүн биш ч, хүүхдүүдээ ерөөс бодож санах юмгүй орхиод явчихаж түвдэхгүй юм. Тийм болохоор юу ч гэсэн энэ ангиа төгсгөчихөөд дараа нь нутаг буцах эсэхээ ултай бодож үзнэ дээ. Тайвань хэдий хурдан нүүлээ ч онгоцны хурдыг гүйцэх биш.” Лин бүсгүйн яриаг чагнангаа толгой дохихоос өөрийг хийсэнгүй. Тэд биеийн тамирын талбайг хэд тойрсны дараа хашаагаар гарч оройн хоолондоо эмгэн хумстай компяан* боов, өндөгтэй авч идэв. Дараа нь оройн хичээлийн явцыг хянахаар сургууль руугаа эргэцгээлээ.

Лин Мацу арлын оршин суугчид өөрсдийгөө эл аралтай хэрхэн холбогддогийг яажшуухан тайлж тайлбарладагийг боловсролын бичиг баримт, архивын материалуудаас нь харж байснаа нэхэн санаж, бодолд автсаар байлаа. Энд эд нар Тайвань шиг япончуудад колоничлогдож байсангүй. Хятад, Японы дайны үеэр япончуудын булаан эзлэлтийн дор наймхан жил жаахан зүдсэн байх. Мин голын адгаас гуч хүрэхгүй километрийн зайд, Мавэй руу юм уу Хуанчи руу гатлага онгоцоор хүрэн тэндээсээ автобусанд суугаад Фужоу руу амархаан явж орчих боломжтой зэргийг нь бодоход эд бол хэзээнээсээ Хятадтай илүү ойр байсан улс. Эндэхийн ихэнх ард Банг-уа аялгаар ярьдаг нь Тайваний Хоккэйн аялгаар ярьдаг Хан үндэстнүүдээс бас л өөр. Эл таван арлын дөрвөн тосгоны арван хоёр мянган оршин суугчдын Бүгд Найрамдах Хятад Ард Улстай нэгдсэн явдлыг түүхийн эгзэг таарсан явдал гэхээс өөр яах билээ. 

Тайваньд амьдарч ханасан нутгийн уугуул иргэд Мацу арал руугаа эргэн ирж кофены газар, дэн буудал ажиллуулан хялбар төсөр амьдрал тохинуулах давалгаан сүүлийн хэдэн жил ихэд нэмэгджээ. Лин, Шиао-Цай хоёр завтай үедээ тиймэрхүү газруудын нэг “Хуучин чулуун байшин” нэртэй, дэн буудал, кофены газраар орно. Тэндэхийн эзэн, тавь гаруй настай авхайн ярианаас Тайваньд санхүүгийн ажил эрхэлж байснаа орхиод Мацудаа эргэн ирж эл газрыг нээсэн юм байна гэж тэд ойлголоо. Авхай хуучны энэхүү чулуун байшинг засаж авахын тулд баахан барилгын материал захиалчихаад ирэхийг нь хүлээх, гайгүй чадвартай барилгачид олж ажлаа гүйцэтгүүлэхээс авахуулаад маш их цаг хугацаа зарцуулсан нь тодорхой. Байшингийн нэг давхарт кафе, хоёр давхарт нь явуулын улсыг буулгаад мордуулах хоёр өрөө байх бөгөөд гурван давхартаа тэр өөрөө амьдарна. Заримдаа авхайн ам халж, хамаг мөнгөө энэ газар луу цутгаж орхисон хойноо л өрсөлдөөн хэчнээн ширүүн болохыг, өөрт нь хийж чадах юм ер үгүйг ухаарсан тул одоо яахаа мэдэхээ байсан тухайгаа халаглан ярина. Тэгэх бүрийдээ “Би гэж хүн кофены хоёр ч том сүлжээтэй өрсөлдөхөд хүрч байна шүү дээ. Үнэхээр шаггүй еэ” хэмээн шогширно. “Ийм газар ажиллуулбал чи үйлчлүүлэгчид орж ирэх болов уу гэж горьдон өдөр туж лангууныхаа ард зогсож өнгөрөөнө. Ганц хоёр хүн орж ирэх авч зарж буй кофены чинь үрийн чанарыг сонирхох нь үгүй. Би гэж ийм ганцаардаж гүйцсэн хүн байна” гэж авхай хэлээд single estate, шүүмэл кофе аягалан Лин, Шиао-Цай хоёр луу дөхүүллээ. 

Нүүж буй арлын тухай яриа өрнөхөд авхай Тайваньд өнө удаан жил амьдарсан, ялангуяа Тайпэйн уугуул хүмүүс хорвоогийн эхлэл, төгсгөлийг Тайпэйнхаа хүрээн дотор л төсөөлдөг гэхчлэн муучиллаа. “Намайг арван тавтай байхад манайх Ёонхэ дүүрэг рүү нүүсэн юм. Гучин жил өнгөрхөд би Нанганд улируулснаасаа хоёр дахин их цаг хугацааг Тайпэйд үдсэн байв. Тэгээд нааш иртэл төрөлх тосгон маань хэчнээн жижигхэн санагдсан гээ. Энд нэг арлаас нөгөөд очихын тулд завинд суух хэрэгтэй болно. Ер хаашаа ч явсан ус гатална. Тайванийхан бол гадаад арлуудаа нэг бүхэл арал ухааны юм боддог шиг. Гэтэл энд чинь гуч гаруй арал байна шүү дээ. Тийм болохоор нь Тайванийг Номхон далай гатлаад талийж өгөх нээ гэлцэхээр нь би “Наадуулаа тэр чигт нь явуулж үз!” гэдэг юм. Бид угаасаа л ангид хүмүүс. Аман дээрээ болохоор тайваньчууд “Бид чинь нэг улс шүү дээ!” гэлцдэг ч надад тэр нь мэдрэгддэггүй. Хээ цэс, багад маань Мацу дагины хөрөг бүхий мөнгөн тэмдэгт хүртэл байв шүү. Хэрэв Мацу арал тусгаар тогтнолоо зарлавал би лавтай хамгийн түрүүнд дэмжинэ. Тайваний тэнэгүүдийн “Баяртай, Удахгүй уулзъя! Сайн суугаарай!” гэж бархиралдах дууг сонсож суухаас дээр гэм.” Энд хүрмэгц Шиао-Цай ярианы чигийг шууд өөр зүгт даялуулж авхайн хэчнээн сайхан кофе чанадгийг, эсвээс кофеных нь үнэр, амтыг хичээнгүйлэн магтана. Лин харин тэдний ярихыг дэмий чагнан дуу шуугүй суух нь олонтаа. 

Лин саяхны нэгэн мэдээгээр гарсан “Лиан арлын хүн”-ий тухай бодолхийлнэ. Үзвээс найман мянган жилийн өмнөх буюу Шинэ чулуун зэвсгийн үед хамрагдах хүний хоёр араг яс Лиан арлаас олдсон юмсанж. Хэсэг эрдэмтдийн үзэхээр тэд нь Африкаас анх гарч, зургаан мянган жилийн өмнө Тайвань руу нэвтрэн орж ирсэн хомо сапиенсуудын яс бөгөөд тэдний үргэлжлэл цааш Номхон далайн өмнөд хэсгээр суурьшин Австронэшн хүмүүсийн хоёр тусдаа бүлэг болон салбарласан гэж үзнэ. Эндээс дүгнэвэл Тайваний уугуул хүмүүсийн зарим нь Фужиан мужийг хөвөөлөн оршдог Лиан гэх мэтийн арлуудаас гаралтай байж мэдэхээр буй юм. Тийнхүү урт удаан хугацаанд шилжин суурьших явцад хэл нь одоогийн бидний мэдэж буй 1300 орчим австронэшн хэлэнд салбарлан хөгжсөн ч ихэнх нь бие даасан хэл хэмээн танигдаж амжихаасаа өмнө устаж үгүй болсон байх талтай. Тэгтэл Линий өөрийн хэлээ олсон газар нутаг өдгөө өөрөөс нь ханзран холдож буйг ухаарах нэн цочир байлаа. Геологийн тогтоц нь алив нэг хэлний бүрэлдэн тогтох хурдыг гүйцэн өөрчлөгдөж буй эл үйл явц хүний түүхэнд анхных биз ээ. 

Сургуулийн өвлийн амралт эхэлж, залгаад Цагаан сарын амралттай золголоо. Лин гадаа исгэрэх хүйтнээс зугтан, ажилчдын байрны нэг мухар дахь цахилгаан зуухны урд, сандалдаа шигдэж аваад ном уншиж, кино үзсэн шиг цаг нөгчөөнө. Зурагтаар Тайваний ард иргэд хүйтний эрч чангарснаас болж ихэд зутарч буй тухай мэдээ хөврөх ч цохон мэдээлсэн газар бүрийнх нь агаарын хэм өөрийнх нь буй Нанганаас ямар ч байсан хэдэн хэм дулаахан байх аж. Тэр өөрийгөө яг л сүшиний ороомог шиг хөнжлөөрөө сайтар хулдаж аваад орон дээрээ хэвтэнгээ нойроо хүртэл жаахан зурагт үзье гэж боджээ. Тийн хэвтээд зүүрмэглэж байснаа сэрж зурагт хэсэг ширтсэнээ ахиад л зүүрмэглэнэ. Тэгж байхдаа яах гээд ч билээ, утсаа гаргаж харвал өнөөх оюутнаас зурвас ирчихсэн байлаа. Холбоо тасраад тун ч удсансан. Нанганд ирчихсэн, уулзахыг хүсч буй гэнэ. Хоёр цагийн өмнө ирсэн зурвас аж. Түрүүхэн л нозоорон орондоо хөрвөөж байсан Лин яах ийхийн зуургүй сэргээд шалавхан босож шүд, нүүрээ угаалаа. Ус арьсыг нь цочроом хүйтэн байх аж. Тэр салхи нэвтэрдэггүй хүрмээ хам хум углаад дугуйгаа зайдлан хотын төвийн нэгэн Старбаксыг зорин шуурган дундуур жийж гарав. 

Оюутан залуу пүн хийсэн дулаахан газар түүнийг хүлээн сууж байсан ч хацар, чих нь улайж минчийсэн нь хүйтэнд хайрагдсаных бололтой. Тэр утасныхаа дэлгэцээс харцаа салгаад гараа даллав. Лин түүнийг дугуйныхаа арын суудал дээр суухыг дохиод, хоёул сундлан өнөөх Хуучин чулуун байшин дахь кофены газар луу жирийлээ. Ноосон малгай дарж өмсөн даавуун маскаар нүүрээ бүхэлд нь халхалсан оюутан залуу Линий нуруугаар тас тэврэн явна. Төдөлгүй  өнөөх “Хуучин чулуун байшин”-гийн гэрэл бүгээн үдшийн гүнээс, өтгөн мананг зүсэн боомт руугаа дөхөх хөлөг онгоцны гэрэл лугаа адил тодрон үзэгдлээ. Том алчуураар толгойгоо ороосон авхай зурагтаар гарах киног гөлрөн вандан ширээнийхээ ард бөгтийн зогсох бөгөөд залуусыг орж ирсэн хойно сая анзаарав бололтой дотрыг нь дулаацуулах цай аягалж өгөв. Лин мөнөөх оюутныг Тайваньд байдаг найзынх нь дүү тул энд түр байх газар олж өгөхөөр явна гэж танилцуулжээ. Авхай Шиао-Цай тэр хоёрыг өвлийн амралтаар нутаг буцах юм гэж бодсон гэвэл Лин инээд алдаад, одоохондоо тийш явж хүчрэхгүйгээ хэлэв. Лин, оюутан залуу хоёр аанай л хэдэн хоногийг хамтдаа сайхан өнгөрүүллээ. Тэр зуур мань эр ажилчдын орон сууцны умгар өрөөндөө нэг ч харьсангүй.

Оюутан залууг Тайвань руу буцсан хойно хөнжлөөрөө сүшиний ороомог шиг хулдаж хэвтэх өөрийг нь л үгүй бол хов хоосон оргих ажилчдын байрандаа эргэн очлоо. Тэрээр оюутан залуу нь мөд удалгүй өөр нэгэнтэй учирч, Номхон далайг хөндлөн гатчаад, эргэж ирэхгүй аянд гарсан нүүдэг арлыг хөлөглөн арилж өгөхийг нь дотроо таамаглах аж. Хорин жилийн дараа гэхэд Мацугийн ойр тойрны арлууд хаяанаас нь ханзраад явсан өөр нэгийнхээ араас их далайн хязгаарыг харуулдсан хэвээр, яг л байр байрандаа байцгааж байх бол Тайвань удаан тэмцсэн эцсийн зогсоолдоо ирж, шинэ хэв хэлбэрээ олохоор эрчээ саан зогсох болно. Нэгэн цагт Тайваний тэнгэр өөд цоройн сүндэрлэж байсан мандлын дээр бүдэг бадагхан дурсамжийн сүүдрүүд сэрвэлзэн тунарч байснаа элчилгүй тэнгисийн хоосонд дүр хувиргах аж. Линий урдах дэлгэцэн дээрх нэвтрүүлгийг тасдан зар сурталчилгаа явж эхэлсэнд Шиао-Цайн голоосоо дургүй өнөөх дуу хангинаж гарлаа: “Явцгаая, явцгаая, явцгаая, хаашаа нь мэдээж шүү дээ, Ха-”

Лин гэнэтхэн Мацу дагинын сэрэг дүр Тайваниас нүүрээ буруулан, баруун зүгт харсан байдаг нь саналаа. Тайвань архан талаас нь ханзран одсоныг Их Дагина ер анзаараа болов уу?

Орчуулсан: Батсуурийн Баясгалан 


 


Сэтгэгдэл хэсэг

Сэтгэгдэл үлдээх