С.Энхсанаа: Зүрх шиг минь жижигхэн, цэнхэр шувуу зүүн чихэн дээр минь жингэнэнэ...

 

Санжийн Энхсанаа. 1999 онд Улаанбаатар хотод төрж, Завхан аймгийн Мандал сумын нутагт өссөн. Монгол Улсын Их Сургуулийг Утга зохиол судлаач мэргэжлээр 2023 онд төгссөн. Нөхөр, хоёр охины хамт амьдардаг.

***

Цас-даа

Аялгуу эгшгийг би одооноос чамдаа хүргэх гээд л

Аавын чинь хэлж өгсөн олон хөгжмийг сонсож байна.

Аз жаргалыг тээж ирсэн чиний сураг

Анхны бороо шиг догдлом байсан.

Аав чинь өглөө эрт цүнхээ үүрээд гарна,

Аниргүй, ихэнхдээ гунигтай өвөл болсон ч

Алсарч буй догдлол, яруу найрагч зүрхийг нь

Амь зуухын мананд төөрүүлэхгүй байхыг хүснэ. 

Суурин хотын гуниг илчилж хэлээгүй гомдол шиг

Сул сулхан үгсээрээ сэтгэл дэлсээд горьгүй ч

Нээж амжаагүй аз жаргалаа өөрөөсөө харамлаж

Нэрэлхэнгүй, бид чамайг дуу муутай тоссон сон.

Дотор минь чи урган ургасаар хавартай золгож,

Догдлол баярыг минь айдас, зовнил даган гэтэвч,

Алдчихлаа гэж бодсон амьдрах хүсэл цээжинд жингэнэн сэрж,

Ай, сүү шиг чиний төрх, аавынхаа хэлж өгсөн аялгууг сэргээж...


***

Чи

Зүрх шиг минь жижигхэн, цэнхэр шувуу
Зүүн чихэн дээр минь жингэнэнэ.
Хаалга тогшин орж ирсэн хавар юм болов уу гэтэл
Ханцуй шүргэн өнгөрөөгүй урьд насны минь ерөөл байлаа.
Үг бүхэн эрчист долгион сэтгэл рүү зөөж
Үйл бүхнээрээ чи намайг ховсдон татна.
Ярингаа үе үе үсээ гилэх чинь, 
Ялдам инээмсэглэл хацрын хонхорхой..,
Ядам хуруунаас зүрхний ховдол хүртэл жирэлзүүлнэ.
Будрах цасан гудамжны гэрэлд гилтгэнэн солонгорч
Би тэгэхэд од атгачихсан мэт нүдэн дотроосоо шатаж эхэлсэн.


***

Охин минь хөлд орсон зун

Ус хоржигнон гол урсана
Ээждээ чи цэцэг өгөв.
Уярал баясал дүүрэнхэн байна.
Уяхан ээж чинь цэцэг болов.

Ямаад тургилан гүд гүд ус залгилна
Ээждээ чи дуу аялав.
Сонорт минь хүрсэн хамгийн гоё дуу энэ байв.
Сонсоод ээж нь хөгжим болов.

Хөлийг чинь гижигдэх зүлгэн дээр
Хөөр баяртай алханхан байгаа чамайг харахаар
Хөөрхөн шүү, сайхан шүү..,
Үг ээжид нь илүүдэх юм.


***

Мөдхөн энэ нүд чихгүй шуурах амьдралын шуурганаас
Мөрөөр чинь тэврээд гараад ирнэ ээ.
Үгээ олохгүй мунгинаж, үсээ зангидаж залбиравч
Үнэнээс холдоогүй чамаас зуураад үлдэнэ.

Хуурмаг манан зэрэглээнд төөрөв үү,
Хуучирсан бодлууд эмзэг бүхнийг өвтгөх ч
Өвтгөсөн ч өр зүрхнээс холдоогүй чамайг
Өөрөөсөө гэтэлгээд, түшээд үлдэнэ.

Хүрэх газар хаа гэдгийг мэдэхгүй ч
Хүч хүрэх газар хүртлээ хамт алхана.


 

Сэтгэгдэл хэсэг

Сэтгэгдэл үлдээх