Батнасангийн Төгөлдөр: Гунигаа ороолт шиг нэхэж, олс шиг угламаар

Батнасангийн Төгөлдөр. 2007 онд Улаанбаатар хотод төрсөн. Шүлэг бичдэг. Одоо Орос улсын Улан-үд хотод амьдардаг. Буриад улсын их сургуульд хэлний бэлтгэл ангид суралцаж байна.

***

Ханын цаг тод дуулдахад

Нойр минь нэгэнт одсон байна.

Нойрсож буй эмээ минь

Цаг хугацааны чимээнд дасжээ.


Өрөөндөө чи ганцаархнаа сууна.

Үг хэлэхийг минь сонсож байна уу?”

А. А. Блок

 

Өрөөнд минь эрвээхэй ниснэ

Өнгө өнгийн харандаагаар зурсан болохоор

Өөр өөр замаар ниснэ.

Өрөөнд маань шөнө ирнэ

Өдөр, өдрийг давсан учраас

Өнгөө алдаж хуучирч ирнэ.

Өрөөнд минь хайр ирэхэд

Үзэн ядаж хөөн зайлуулчхаад

Өөрөө дотроос нь хаалгаа тогшино.

Өрөөнд минь хүн ирнэ

Өнөөдрөөс холдож чадсан болохоор

Хүссэн цагтаа ирнэ.


***

Гунигаа ороолт шиг нэхэж, олс шиг угламаар

Ээ, ядаж ганцхан өнөөдөр

Ээжийн захиас мартагдаасай.


***

Өөрөөсөө зугтаж явтал

Хэн нэгэн гараа сунгалаа.

Мэндлэхэд нь миний нэр сонстоно.


Мянган өвөлд

Өвлийн шөнө тэртээ холоос

Байшингийн цонх зуухны ам шиг гэрэлтэнэ.

Энэ гудамны үзүүрээс төөнөөд ч байх шиг.

Өвөө эмээ минь шанаагаа тулан цонх ширтэхдээ гүн ухаантан шиг санагдана.

Тэд анх санаа гаргаж цонхоо дулаалсан гэдэг.

Өнөөдөр цас ороогүй болохоор би тэнгэрийг мартана.

Мөнх зүйлийг ч бас мартаж болж байгаа биз.

Өвлийн тухай мянган шүлэг бичсэн ч

Чадахаар байна

Тэгээд ч маргааш цас орох юм шиг санагдаад…





Сэтгэгдэл хэсэг