
Катзенштейн
Тамд очсон даруйд тэд намайг тогоон дүүрэн шаз халуун усанд үйв. Арьс мах шалзран, битүү цэврүүтэхэд би өвчнөө тэсэж дийлэлгүй орь дуу тавин хашхирлаа. Тал талд босгосон аварга том дэлгэцүүдээр диваажинд болж буй бүхэн тодоос тод харагдах аж. Тарчилж зовж, тамаа цайхынхаа хажуугаар тэнд амьдрагсдыг харахуй дахиад л тарчилна. Тэр крикет ч юм уу гольф ч юм уу нэг юм тоглож зогсоо нь зурвасхан харагдаад өнгөрөх шиг болов. Инээмсэглэл нь мөн шиг ээ. Залгуулаад загас наадуулж буй хосыг харууллаа.
Нэг удаа хурьцаж дуусчхаад эхнэр маань “Чи долоогийн долоон жил цаадуулынхаа зарц хийж, амралтын өдрүүдээр хүртэл ажлаа гэртээ чирч авчирлаа. Тэглээ гээд яав? Цагаа тулахаар цаадуул чинь чамайг тушаал ч дэвшүүлэхгүй нь. Яагаад тэгж байгааг нь мэдэж байна уу? Өөрийгөө яаж борлуулахыг мэддэггүй болохоор чинь л тэр шүү дээ. Катзенштейнаас үлгэр ав л даа” гээд л яншиж өгч билээ. Би ч бүх насаараа л Катзенштейнаас үлгэр аван амьдарч байгаа хүн. Амьдрал минь тэр чигтээ Катзенштейныг хар, Катзенштейныг бод гэх үгсийн дунд өнгөрөв дөө. Шүршүүрт орох гэтэл халуун ус байдаггүй. Бойлуур эвдэрчхэж. Тэгэхээр нь хүйтэн шүршүүрт л орчхов. Катзенштейных бол гэртээ нарны халаагууртай л байгаа.
Ахлах сургуульдаа би сонгоны ангид орж чадаагүй юм. Ээжийн хямарсан гэж яана. Нүдээ ширгэтэл уйлж, намайг үйлс нь хазайсан амьтан хэмээн цоллож билээ. Сонгоны ангид орох ямар хэцүүг, сурагчдын ердөө арван хувь нь л элсэж чаддагийг тайлбарлах гээд бараагүй сан. Ээж санаа алдаад “Өнөөдөр хүнсний дэлгүүрт Мириам Катзенштейнтай таарлаа. Тэдний хүү орсон л байна лээ. Мириам Катзенштейны хүүхэд миний хүүгээс ухаантай болж байна уу? Хол хэвтэх байлгүй! Зүгээр чамаас илүү мэрийсэн л байх. Харин чи миний хамаг тэвчээрийг барах гэсэн шиг л байх юм. Би ч хар залуугаараа булшиндаа орох байх аа” хэмээн үглэж билээ.
Би гэж хүн хаана чиг л явсан байнга л Катзенштейнтай харьцуулагдана. Анги, сургууль, байр орон, гадаа талбай, ажил гээд энд тэндгүй. Катзенштейн, Катзенштейн, Катзенштейн. Өнөөх нь ядахдаа тийм гоц амьтан ч биш. Ялгарч цолгороод байхаар авьяас чадал, авхаалж самбаа, ухаан төхөө ч үгүй, байдаг л нэг залуу. Манийхаа өрөөсөн дугуй. Яах вэ, жаахан хичээмтгий л юм биз. Тэнд арай илүү мачийж, энд ялимгүй илүүрхсэн л байхгүй юу. Тосоор гоож.
Ажлаас гарах нь миний өөрийн санаа байв. Эхнэр эсэргүүцээд бөөн юм болсон ч эцэстээ бууж өглөө. Гэрээ өөр хот руу нүүлгэж, би даатгалын компанид борлуулагчаар ажиллах болов. Зэгсэн сайн ч ажиллалаа. Катзенштейны бараа, сураггүй долоон жил санаа амар байлаа. Амьдрал санаснаар минь өрнөж байв. Хүүтэй ч боллоо. Швейцарт амьдардаг өвөө маань өөд болж, чамлахааргүй их хөрөнгө өвлөж авдаг юм байна. Даанч Базелаас буцаж нисэхдээ би түүнийг нэгдүгээр зэрэглэлийн суудалд тухалж явахыг олоод харчхав. Тэрхэн агшинд бүх юм оройтсон байлаа. Онгоц маань аль хэзээний хөөрөх зурвасаар хурдалж байв. Тавын таван цаг тэлчилж явах нь тодорхой боллоо. Дэргэд суусан рабби[1] тасралтгүй чалчивч нэг ч үг нь толгойд ойж, ухаанд унасангүй. Сунайсан таван цагийн туршид би зөвхөн Катзенштейны дагзыг л нүд цавчилгүй ширтлээ.
-Туулж яваа утга учиргүй амьдралаа тогтож сайн хар. Зүрх сэтгэл чинь хоосорчихсон хүн байна шүү дээ, чи. Чамд үнэт зүйл гэж юу ч алга.
Рабби вээр гэм нүглийг минь тольдон харуулж, ариун номлолоороо угаан ариулж байгаа буюу. Би жүржийн шүүс захиаллаа. Катзенштейн харин Жэфф Даниэлс захиалжээ.
Рабби гуай амаа хамхих шинжгүй.
-Жишээлбэл, тэр…
Зүгээр ээ, баярлалаа. Би ухасхийн босож онгоцны сүүл рүү харайлгалаа. Үйлчлэгч надаас суудалдаа буцаж суухыг гуйв. Би дүлий годил царайллаа.
-Эрхэм ээ, бид газардах гэж байна. Та суудалдаа буцаж суугаад, бүсээ бүсэлнэ үү. Бусад…
Бүсгүй “бусад зорчигч шиг” гэж залгуулан хэлсэн нь үнэн ч нүдэнд нь зөвхөн Катзенштейн л жишээ болон харагдаж буй нь илт байв. Тэгмэгц би хаалганы бариулыг доош дараад, хүчтэй мөрлөн онгойлголоо. Тэр бүх тамын тарчлааныг ардаа үлдээгээд онгоцноос унах үедээ тийм гэхийн аргагүй амар амгаланг мэдэрч билээ.
Амиа хорлоно гэдэг нөгөө ертөнцөд ч аюумшигт нүгэлд тооцогддог ажээ. Ойлгож үзээч гэж өчнөөн гуйсан ч үгийг минь хэн ч хэрэгссэнгүй. Там руу чирүүлэн явж ахуйдаа дахиад л Катзенштейнтай таарлаа. Тэр бусад зорчигчийн хамт диваажин руу хүргэх аяллын автобусны цонхоор над руу даллаж байх аж. Онгоц маань намайг үсэрснээс хойш нэгэн мөчийн дараа газар мөргөн осолджээ. Саяд нэг л тохиох ховор сонин гэмтэл гарсан юм байх аа. Бусад шигээ суудалдаа томоотой шигдээд, хэдхэн хором тэсчих минь яалаа. Яг л Катзенштейн шиг.
Орчуулагч: Б.Сувддулам

1
2
3
Сэтгэгдэл хэсэг