Этгар Керет: Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч

Монголоор бэсрэг өгүүллэг, англиар "flash fiction", японы алдарт зохиолч Ясүнари Кавабатагийн онож нэрлэснээр "алгын чинээ өгүүллэг" хэмээх бичлэгийн хэлбэр уртхан, хүндхэн зүйл дээр ухаан санаа нь барагтаа төвлөрөхөө больсон, утасны дэлгэцийг дундаа тавхан секундын зогсоцтойгоор доош нь хязгааргүй гүйлгэгч, гүймэг анхааралтай орчин үеийн хэрэглэгчийн анхаарлыг татахын төлөөх өрсөлдөөний хөлд чирэгдсэн уран зохиолын жанрууд дундаас ганцаараа шахуу шинэ эриний уншигчдын цахим уншлагын талбарт торойж үлдээд буй.
Эртний Грекийн үлгэрч Эзопоос эхлээд Франц Кафка, Ясүнари Кавабата, Жорж Сандерсаар уламжлан хөгжиж буй бичлэгийн энэ хэлбэрийн баттай аваргуудын нэг нь Израилын зохиолч Этгар Керет билээ. Тэрбээр аман домгуудыг хөвөрдсөнөөрөө Эзопыг, бараан ёгтлолоороо Кафкаг, хүмүүний ёс суртахуунд нээлттэй асуулт тавьж чаддагаараа Кавабатаг, дүрэмд эс баригдагч, орчин үеийн сэтгэлгээгээрээ Жорж Сандерсыг санагдуулна, эсвэл давна.
Богино зайд эмгэнэлт, эмзэг сэдвийг санаанд оромгүйгээр дэлгэж тавьчихаад ард нь хашхирахгүй, уйлахгүй, багтрахгүй.., зүгээр л далаа хавчих юм уу шилээ маажиж зогсох, эсвэл дэргэдэх хүнтэйгээ хамгийн борог наргиа хэлэлцэж суух хэнэггүй ч гэмээр, хэтэрхий ч гэмээр энэ зохиолчийг монгол хэлээр монгол уншигчдадаа анхлан танилцуулж байгаадаа бид баяртай байна.
Бэсрэг өгүүллэг уран зохиолын жанр гэх утгаараа нэн орчин үеийн уншигчдад нэн их таалагдах буй за.
Орчуулагч: Батсайхан Сувддулам
Хянагч: Батсуурийн Баясгалан
Хавтасны дизайнер: Зандангаравын Мандах
Хэвлэлийн дизайнер: Түмэнбаярын Нарангуа
Тагтаа хэвлэлийн газар - 2026