Дөрвөн жилийн өмнөх тэр нэгэн хавар би ээж болсон юм. Хүүхэд төрүүлэх тухайд зөндөө л хөгтэй яриа байдаг ч амаржих гэж тэгтлээ зүдрээгүй болохоор надад ер ойр санагдаагүй. Харин бүх зүйл хачирхам, шинэ содон байлаа. Гэтэл төрөөд хэд хоносны дараа орон дээрээ арваганан үрчилзэх нялх үрээ харахаар л нулимс урсаад болдоггүй. Яагаад уйлаад байснаа одоо ч тайлбарлаж мэддэггүй юм. Тэр нулимсыг ямар ч сэтгэл хөдлөлөөр тодорхойлж хэлэхийн аргагүй байв.
Үр минь даанч бяцхан байснаас л тэр байх. Намхан бүүвэйлэгч орноосоо уначихвал, хэдхэн цаг ганцаар нь орхичихвол тэсэхгүй шүү дээ. Юу ч хийж чадахгүй ийм амьтан энэ ертөнцөд унаж, барьцгүй хоосон агаарт сарвалзаж байна. Гол нь би энэ хүүхдийн ээж гэдгээ бүрэн ухамсарлаагүй байлаа. Хүүхдээ алдлаа гэж бодоход эргээд олохдоо таних эсэхдээ ч итгэлгүй байсан юм. Дараа нь, “Би энэ хүүхдийг төсөөлж, хүлээснээс минь тэс өөр хүн болж өссөн ч, ер ямар ч нөхцөл болзолгүй хайрлаж чадах уу?”гэж өөрөөсөө асуусан юм. Энэ л асуултуудаас улбаалж надаас ийм асуулт асуух хоёр дүрийг бүтээсэн: Хэрэв тэд миний хүүхдүүд байсан бол хайрлаж чадах байсан уу? Юнжэ, Гон хоёр ингэж л мэндэлсэн юм. Энэ хорвоод хүүхдүүд өдөр бүр ирсээр. Тэд бүгд ивээл ерөөл хүртэж, бүхий л боломж нээлттэй байх учиртай. Гэвч тэдний зарим нь нийгэмд гадуурхагдаж, зарим нь захиран тушаах эрх мэдэлтэн болох атлаа оюун санаа нь булингартсан байх вий. Тун цөөхөн нь бүхий л саад бэрхийг давж, бусдын зүрх сэтгэлд хүрч чадах нэгэн болж өснө.
Улиг болсон дүгнэлт байж мэдэх юм. Гэвч гагцхүү хайр л хүнийг хүн эсхүл мангас болгодог гэж бодох болсон. Би ийм л түүх өгүүлэхийг хүссэн билээ. 2013 оны наймдугаар сард охиноо дөрвөн сартайд зохиолынхоо анхны нооргийг бичсэн. Түүний дараа 2014 оны сүүл үес сарын турш, 2016 онд бас дахин нэг сар эрчимтэй зассан. Гэвч тэр бүх жилүүдэд эл хоёр хүүгийн түүх бодол санаанд минь үргэлж хадаатай явсан юм. Тиймээс энэ түүхийг эхлүүлээд дуустлаа гурван жилийн хугацаа зарцуулжээ. Намайг үргэлжид хайрлаж, бүтэн дүүрэн зүрх сэтгэл бэлэглэсэн аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа.
Нэгэнтээ би сэтгэл зүйн хувьд тогтуун хүн болж өссөн минь зохиолч болоход cул тал болно хэмээн бодож бүр санаа зовдог байв шүү. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ бодол минь өөрчлөгдсөн. Бусдын адил эгэл жир өсвөр насыг туулахдаа үргэлж хайрлуулж, дэмжүүлж байсан минь үнэт нандин бэлэг болж, юугаар ч орлуулшгүй зэр зэвсэг, хорвоо ертөнцийг өөр өөр өнцгөөс айж эмээлгүй харах хүч тэнхээг өгчээ. Өөрөө эх хүн болсныхоо л дараа л үүнийг ойлгож ухаарсан минь энэ.
Залуу уншигчдад зориулсан шилдэг бүтээлд олгодог “Чанби” шагналын шүүгчдэд талархсанаа илэрхийлье. Тэдний дунд өсвөр насны арван нэгэн шүүгч байдгийг мэдээд би онцгой их талархсан. Гар бичмэлүүдэд минь албан ажил мэт нухацтай хандаж, унших номынхоо жагсаалтад нэмж, хэвлэгдээгүй бүтээлүүдийн минь хамгийн анхны уншигч байдаг Х тандаа гүн талархал илэрхийлье. Урам зориг минь мохсон үед зоригжуулж, дэмнэдэггүй сэн бол хэрхэн цааш явж чадах билээ. Эцэст нь залуу уншигчдад зориулсан бүтээл эрхлэн гаргадаг “Чанби”редакцын редакторууд Жон Соён, Ким Ёнсон нартаа баярлалаа. Таньж мэдэхгүй, цоо шинэхэн энэ талбарт намайг хөтлөн замчилсан анхны анд нөхөд минь та нар юм шүү. Хэзээ нэгтээ ажилд тань төвөг удаж, хүндрүүлж байсан бол хүлцэл өчье. Та бүхэнтэй хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа.
Би нийгмийн асуудалд тийм ч идэвх санаачилгатай оролцдог хүн биш. Зүрх сэтгэлдээ тээж яваа түүхээ уудлан бичихийг хүсдэг. Эл номыг уншсан хэн бүхэн зүрх сэтгэл нь өвдөж шархалсан, тэр дундаа асар их хүч чадал, боломж өмнө нь тосон хүлээж буй тэдгээр залуу хүүхдүүдэд гар сунган тусалдаг байгаасай гэж чин сэтгэлийн угаас хүсэж байна. Хэтэрхий том зүйл хүсэж байгаагаа мэдэх ч хэзээд үүнийг л хүснэ. Хүүхдүүд хайрлагдахыг хүсэхийн сацуу өөрсдөө асар их хайрыг түгээж байдаг. Нэгэн цагт бид бүгдээрээ л ийм байсан. Номынхоо эхний нүүрэнд өөрийн хамгаас хайртай, намайг бүр ч ихээр хайрладаг эрхэм нандин хүнийхээ нэрийг бичлээ.
2017 оны хавар
Зохиолч: Сун Вон-Пёнг
Орчуулагч: Базаррагчаагийн Дэлгэрмаа
Сэтгэгдэл хэсэг