70. Ц.Гончиг: "Тойром"-ын тойронд

  
Ц.Гончиг найзынхаа анхны роман «Тойром"-ыг хэдэн хоног биеэсээ салгалгүй авч явж уншлаа. Үнэхээр бахархаж, хайрлаж, огшиж, хүндэлж уншлаа.
Ц.Гончиг маань хоосноос нэгэн юм бүтээгээд түүнийгээ байлан онож чаджээ. Сайн шагайчинд 74 мэдрэмж чуулсан байх ёстой хэмээвээс дээр нь туурвин бичихүйг нэмээд далан таван шидийг үзүүлж, тэрбээр гоц мэргэн болж ахуй.
Сонихон сэдэв сонгож аваад түүнийгээ ёстой л нухааг нь хангаж, эртэй, хавтай, уртай бичиж чадсан нь үнэн бахдам. Ямар сайхан хэл вэ. Монгол хэл бол үйлийн хэлхэцтэй хоршоо үгсийн чуулган, холбоо үгсийн дуулган. Тэрийг ёстой л харуулж, тууль хайлж байгаа юм шиг хэмтэй сайхан бичжээ.
Яг л хашлаганаас ниссэн сум байндаа тусан тустлаа агаарт нэгээхэн агшин ч долгисолгүй, эрч тунгаараа бууж буй юм шиг ийм урт романы дунд өгүүлэмж нь нэгээхэн хэм ч дордож, доошлолгүй эрчлэн харваж явсаар, зохиогчийн бодож, уншигчид өгөх гэсэн нэг юмыг тон хийтэл оноод төгсөж буй нь ур ч юм, ухаан ч юм.
Тойром үндэс угийг минь сануулж, үнэт зүйлийг минь сэрүүлж чадлаа. Өө, бид чинь нээрээ ийм ард түмэн шүү дээ, дурлахаараа ингэдэг, хайрлахаараа ингэдэг, зорихоороо ингэдэг, зориглохоороо ингэдэг, ийм золтой, голтой ард түмэн шүү дээ хэмээн бодуулж, мартаж явсныг минь сануулж, эргэлзэж явсныг минь эргүүлж өглөө.
Шинэхэн уран бүтээлээр нь ингэж бахдал, омогшлыг минь төрүүлж чадсаны учир зохиолч Ц.Гончигийг «Үлдэх үг» подкастынхаа зочин хойморт урилаа. 

Сэтгэгдэл хэсэг