Түүхч, зохиолч Олеся Хромейчук: “Саарал зөгийнүүд” номын тойм

 

“Саарал өнгө ч гэсэн тод байж болдог юм. Чи саарал өнгөний тухай сайн мэдэхгүй байх л даа. Би байна аа, энэ өнгөний хорин өөр төрлийг ялгаж чадна. Олигтойхон боловсролтой сон бол тус бүрд нь нэр оноочихсон байхгүй юу. Эндхийн юм бүхэн саарал биш ээ. Гараашинд маань зогсож байгаа лада л гэхэд ногоон өнгөтэй…” хэмээн гол дүрээрээ дамжуулан өгүүлэх эл романд зохиолч саарал өнгийг тун ч тод томруунаар бичсэний учир хуудас эргэх бүрд уншигчид энэ өнгөний янз бүрийн сүүдрийг ялгаж харах болно.

“Саарал зөгийнүүд” роман дахь юм бүхэн саарал. Украины зүүн хэсгийн Донбас мужид амьдрах Сергей Сергеич хэмээх зөгийчнийг хөрш нь “Саарал аа” хэмээн дуудна. Цасанд цагаан дайд, хаягдаж хоцорсон барилга байшингуудтай эзгүйрсэн энэ газар орны байдал саарал. Сергеичийн толгойд эргэлдэх бодлууд, дайн дажнаас эсэн мэнд гарах сэтгэлийн зовнил ч саарал, залуу цагтаа татуулсан хуучны гэрэл зураг дээрээ хүртэл саарал хослол өмссөн байх аж. 

Дурсамжид нь үлдэн хоцорсон салсан эхнэрийнх нь улаан шоргоолжин хээтэй даашинз, ногоон лада, хайрлаж хамгаалдаг зөгийнүүд нь энэ зохиолын дотор үзэгдэх өнгө гэрэл авай. Гэвч эхнэрийнх нь тухай дурсамж бүдгэрэн замхарч, машинаа тамтаг болтол хэмхчүүлж, халамж анхаарал тавьдаг зөгийнүүд нь саарал өнгөнд хувирна.

Бид саарал өнгөөр унж дорой, уйтгар гунигтай бүхнийг төлөөлүүлж даджээ. Гэвч Сергеич энэ өнгөнөөс ичдэггүй юм. Тэр саарал өнгийг өөртөө багтааж, уусан нэгджээ. Түүнд өөр ямар сонголт байх билээ. Зөгийчин дайтаж буй хоёр талын дундах “Саарал бүс” хэмээх хүн ард нь дүрвэсэн зурваст аж төрөн сууна. Аль нэг талыг баримталснаас саарал бүсдээ амьдрахыг илүүд үзнэ. Саарал бол түүний хамгийн сайн мэдэх өнгө. Хэн нэгэн түүнийг Донецкоос ирсэн эсэхийг асуух бүрд “Үгүй дээ, би саарал бүсээс явна” хэмээн хариулсаар. 

Орос улс Крымын хойгийг булаан эзэлж, Украины зүүн бүс нутагт эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш 1,5 сая гаруй Украин иргэд дотоодын дүрвэгч болоод байна. Энэ бүс нутгийн ихэнх хот тосгод их хэмжээний хохирол амсаж, хаягдаж эзгүйрч, хүмүүс орон гэрээ орхиж аюулгүй газар луу нүүжээ. Гэвч Андрей Курков саарал бүс тэр чигтээ эзгүйрчхээгүй гэдгийг уншигчдадаа сануулсан юм. “Дайны хөлд талхлагдаж буй саарал бүсэд чухам хэчнээн хүн үлдсэнийг хэлж мэдэхгүй” хэмээн зохиолч бичжээ. Ямартай ч тэнд хүмүүс амьдарсаар буй нь гарцаагүй. Бид энэхүү романаас тэнд аж төрж буй хоёр хүний амьдралыг лавтай яа сайн мэдэж авна. Сергеичээс гадна түүнийг “Саарал аа” хэмээн дууддаг хажуу гудамд амьдрах Пашка гэх эр бий. Найз гэж хэлэхээр дотно биш атлаа нэг газар хамт үлдсэн цор ганц таньж мэдэх хүндээ дургүй байх аргагүй тул “найсан” хэмээн нэрлэх ажээ. 

Тэд Лениний болон Шевченкогийн гэх хоёр өөр гудамжинд амьдарна. 

Коммунист гүрнийг байгуулсан хувьсгалт большевик, Украины үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч хамжлагат яруу найрагч хоёр нөхөрлөх аргагүй шиг тэд ч бас анд нөхөд байж үл чадна. Гэсэн хэдий ч эзгүйрч хоцорсон тосгоны зэргэлдээ хоёр гудамд ганц ганцаар суух Сергеич, Пашка хоёр нэгнээсээ зугтах аргагүй тул бас л нэгэн “саарал” холбоо үүсэх нь гарцаагүй.

Орхигдсон энэ нутагт цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уншигчид өөр олон хүмүүстэй нүүр учирна. Салан тусгаарлагчид, Пашкатай сүжрэх Оросын армийнхан, Сергеичтэй нөхөрлөсөн украин цэрэг Петро нартай уулзана. Тэд бүгд энэ нутгийг саарал бүс болон хувирахад гар бие оролцсон улс. Тосгоны найсан хоёр эр цэргийнхэнтэй нөхөрлөх нь үе үехэн гал нээхээ зогсоож, нам гүм нөмөрдгийн эгээ адил хэврэгхэн ажээ. Хаа нэг архи дарс, хүнс хоол өгдөг тул Пашка салан тусгаарлагчидтай ахан дүүсийн холбоотой хэвээр байна. Үе үе “Амьд уу?” гэх ганцхан үгтэй зурвас зөгийчин илгээж, Петро “Амьд” гэх хариу зурвас илгээж Сергеич украин цэрэг хоёрын нөхөрлөл үргэлжилнэ. 

Саарал бүсэд өөрийн гэсэн онцгой “нам гүм” ноёлох ажээ. Дайн дажны “нам гүм”.

“Цасан цагаан дайд дунд зогсоод цас руу удаан ширтэхэд цэв хүйтэн гараараа зүрх сэтгэлээс тас зуурчхаад салж өгдөггүй нам гүмийн бүгтхэн чимээг олж сонсоно. Эндхийн нам гүм онцгой сонин байдгийг ч хэлэх үү. Чихнээ хэдийн дасал болж, сонь татахаа больсон дуу чимээнүүд анир гүмдээ найрсан нэгдсэн байдаг юм. Жишээлбэл алсад нүргэлэх их бууны чимээ байна. Сергеич хэрэг болгож чих тавивал баруун зүгт арваад бээрийн зайд одоо ч буун дуу гарсаар байх аж. Цуурай л биш бол зүүн талд ч мөн адил нүргэлсээр байлаа”

Уншигчид энэхүү романы тэн хагаст Сергеичтэй хамт төрөлх тосгонд нь амьдрахдаа дэлбэрэлт энүүхэнд болж буйг, зөгийнүүдэд гай тарьж, байшинг нь газартай тэгшлээд хаячихгүй хол зайд бөмбөгдөж буй эсэхийг, энэ чимээнд унтаж амарч болох эсэхийг түүнтэй хамт тооцоолж, дэлбэрэлтийн чимээнд чихээ дасгана.

Андрей Курков уншигчдыг саарал бүс рүү зугуухан татан оруулна. Зохиолч биднийг тосгоны амьдралд алгуурхан, уран чадварлагаар дасгах тул Сергеич зөгийнүүдээ тайван газарт аваачихаар замд гарахаас аргагүй болоход уншигчид ч түүнтэй хамт хамт тухгүйдэн аягүйцэх болно. Өнгө алаг хорвоогийн угтах ирэх өдрүүд рүү тэмүүлэх аянд гарахдаа дасал болсон саарал өнгөнөөсөө салж буйдаа зовницгооно. Дайн дажны хөлд нэрвэгдэж байлаа ч гэр орноо орхиж явна гэдэг хэн бүхэнд амаргүй болохыг зохиолч бидэнд ойлгуулж байна.

“Үүр гэр нь дайны талбар дунд буй нь ерөөс түүний буруу биш шүү дээ. Хэдий дайн дажны яг голд амьдарч байгаа ч зөгийчин түүнд гар бие оролцоогүй. Хашаа хороо, хаалга, цонхных нь араас хэн чиг дайсан руугаа бөмбөг шидэж байгаагүй болохоор түүний гэр оронд дайсагнагч ч гэж үгүй нь лавтай. Магад тиймдээ ч өнгөрсөн гурван жилийн турш Бага Староградовка руу харвасан сум, хаясан бөмбөг муу овоохойг нь тойроод буй биз ээ.”

Өөрийнхөө тусын тулд биш юм гэхэд зөгийнүүдийнхээ төлөө замд гарахаас аргагүй болжээ. Зөгийн үүрнүүдээ буулгах таатай газар хайж явсаар “баяр хөөр” гэсэн утгатай Весёлое тосгоны ойролцоо очно. Гэсэн ч эрчүүд нь автобусны буудал дээр цаг нөхцөөн архи гударч, дэлгүүр хоршоо нь хүнгүй шахам байх энэ тосгонд баяр хөөр гэхээр юм барагтайн дээр саарал бүсээс ирсэн эрийг цөм нүд үзүүрлэх аж. Зөгийнүүд нь амар тайван байлаа ч зөгийчнөөс дайн дажин салахгүй дагана. Үүрнүүдээ тавих тухтай газар олж, нутгийн бүсгүй Галятай учиртай болоод байтал дайнаас болж сэтгэц нь гэмтэж, цочролд орсон нутгийн залуу зөгийнүүдэд нь заналхийлж, ладаг нь хэмхэлснээр тэр бүх тав тух дуусгавар болно. Дайнаас болж амьдрал нь сүйдсэн тэдгээр хүмүүсийн хувьд саарал бүсээс ирсэн зөгийчин дайсан мэт санагдах ажээ.

Сергейч хориод жилийн өмнө зөгийчдийн цуглаан дээр танилцсан, одоо бол Оросын эзэмшилд буй Крымын татар, хуучны танил зөгийчин Ахтемынд зорьж очно хэмээн аль эртнээс боддог байв. Ингээд Весёлое тосгоныг ардаа орхиж, Крымын зүг хүлгийн жолоо зална. Машиных нь улсын дугаарыг сонжин харах хэн бүхэнд “би Донецкийнх биш, саарал бүсээс явна” гэж хэлмээр санагдах аж. Хаа ч очсон дайнаас зугтааж үл чадна. Гэвч Ахтемынд очоод түүнийг сураггүй алга болоод хоёр жил өнгөрч буйг Крым ч бас төрөлх тосгонтой нь эгээ адил саарал бүс болсныг олж мэднэ. Дайн ба энх, өнгөлөн далдлах төдий дүр эсгэсэн хууль дүрэм, ёс бусын дунд хавчигдан орших Крымын хойг. Төвийг сахилаа гээд энд ч бас Сергеичийг дайсан мэт үзэцгээнэ. 

Андрей Курков нэгэн гэр бүлийн амьдралаар дамжуулан дахин хэлмэгдэж, нутаг орноосоо хөөгдөхөөс аргагүйд хүрээд буй татаруудын амьдралыг тод томруун харуулсан буй. 

“Энэ газар эрт үеэсээ л Оросын үнэн алдартнуудын өлгий нутаг байсан. Оросууд лалын шашинтнуудыг Черсонест  суурьшихаас ч өмнө үнэн алдартны шашнаа туркүүдээс салгаж аваад нутагшуулчихсан байсан юм шүү. Түүнээс хэзээ хойно туркүүд лалын шашинт татааруудаа нааш явуулсан түүхтэй. Путин энд ирэхдээ түүхийг нь ярьж өгсөн юм чинь. Тэгэхээр энэ газар бол Оросын ариун дагшин нутаг.”Крым дахь мухлагийн худалдагч орос бүсгүй хэвлэл мэдээллээр Кремлийг дэмжсэн эл суртал ухуулгыг Сергейчид ярина. 

Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буйг хаацайлан далдлахын тулд “эрт урьдын” домог ярих нь энүүхэнд. Үнэн алдартны сүмээс лаа хулгайлсан гэх хэрэг тохох нь татар хүнийг шоронд хорих хангалттай шалтгаан ажээ. Өдгөө гагцхүү Крымын татар байснаараа ийнхүү хэлмэгдэн гадуурхагдаж буй цаг. 

Хэдийгээр зөгийчин тэдний зан заншил, шашин шүтлэгийн тухай ихийг мэдэхгүй ч Курков хойгийн тухай, хүн зон, ёс заншлынх нь тухайд маргаангүй сайн мэдэх аж.

Сергейч ч, ихэнх уншигчид ч ойлгохгүй татар хэлээр зэрвэсхэн ярилцах   “Саарал зөгийнүүд” романы Крымд өрнөх хэсгээс бидний ойлгож чадахгүй, устаж мөхөхөөс хамгаалж чадахгүй байгаа өв соёл нэвт харагдана. 

Зөгийчин хэдийгээр саарал бүсийг орхин гарсан ч Крым түүнд гэр оронтой нь адил санагдана. Зөгийчний нүдэн дээр “Үлгэрийн Албат” (Албат-тосгоны татар нэр), “Зөвлөлтийн Куйбышево хэмээх харанхуй хар нүх” (Куйбышево- орос нэр) болон хувирна. Эрчим хүчний хязгаарлалтаас болж Албатын гэрэл унтарч тосгон Куйбышево болон хувирчээ. Тосгонд нь цахилгаан тасраад гурван жил болж буй Сергейичийн хувьд гэрэлгүй харанхуй тосгон гэдэг шинэ юм биш. Чухам тиймдээ л саарал өнгө түүний хувьд олон талаар танил дотно. 

Албат-Куйбышевог харж зогсохдоо гэр орноо санагалзана. 

“Угаас төрөлх тосгон минь үргэлж л надтай хамт явдаг шүү дээ. Би энд байгаа цагт тосгон минь ч энд бий гэсэн үг”

Сергейч Весёлое тосгоны хажууханд өөрөө тав тухтай байсан бол Крымд зөгийнүүд нь ая тааваараа байлаа. Үүрнүүдээ Ахтемын үүрнүүдийн хажууд буулгажээ. Галя шиг халамж анхаарал тавьдаг эелдэг найрсаг Ахтемын гэр бүлийн дотнын хүн болжээ. Хэрэв өөрт нь, зөгийнүүдэд нь заналхийлж хэсэгхэн зуурын амар амгаланг нь бусниулаагүй бол бүх зүйл сайхан байх байлаа. Үүрнүүд рүү нь халдаж сүхний ором үлдээсэн цэрэг эрээс илүүтэй Крым дахь оросын цагдаа нар нэг үүрийг нь шалгахаар авч яваад буцааж авчирсан нь ихээхэн гай тарьжээ. Мэдэхийн дээдээр мэддэг зөгийнүүд нь хачин жигтэй авирлаж, саарал өнгөнд хувирсан байлаа. 

Крымын татаруудын найрсаг зочломтгой зангаар тэнд урт удаан амьдарч болох мэт санагдах ч Оросын засаг захиргаанд буй тэр газраас ер хоногийн дотор гарах учиртай. Оршин суух хугацаа нь дуусахад тун ч сэжигтэй саарал зөгийнүүдээ аваад нарлаг Крымээс хөдөлнө. 

“Жолооны үнэмлэх, машины бичиг баримт чинь аль Зөвлөлтийн үеийнх юм байна шүү дээ. Ядаж л иргэний үнэмлэх чинь Зөвлөлтийнх биш нь аз юм даа. Ингэхэд та чинь одоог хүртэл Зөвлөлт холбоот улсад амьдраад байгаа хүн үү? гэв. Зөгийчин юу гэж хариулах учраа олж ядан дэмий л мөрөө хавчив. 

-Соль гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Би насаараа л  ингэж яваа хүн.

-Хаана ингэж яваад байдаг хэрэг вэ? Украинд уу?

-Нутагтаа. Донбасст...”шалган нэвтрүүлэхийн ажилтан зөгийчин хоёрын дунд ийм яриа өрнөнө. Зөвлөлтийн үеийн машины дугаар холбоот улс задарсны дараа ч саарал бүсэд хүчинтэй хэвээр байжээ.

“Гэхдээ л тэнд амьдрал үргэлжилсээр буй. Яг л гол мөрөн голдирлоороо урсдаг шиг. Эцсийн амьсгалаа татах хүртэл энэ амьдралын аясыг дагахаас өөр яалтай ч билээ.”

Саарал өнгөний нэгэн адил үхэл романы турш Сергеичийг дагах аж. Эхэндээ тариан талбайд хэвтэх Украин цэргийн цогцсыг олж харах агаад амар заяаг нь үзүүлэхгүй тэр цогцос руу амь өрсөн мөлхөж хүрээд цасанд булна. Оросын мэргэн буучийн хэвтрийг дэлбэлснээс тарсан цогцсыг нь түүж цуглуулна. Весёлоед байхдаа Донбасст амь үрэгдсэн цэргийг тосгоныхонтой хамт угтан авч, Крымд ирээд Ахтемыг хөдөөлүүлнэ. Андрей Курков энэ мэт аймшигт хэрэг явдлуудыг тод томруун бичихдээ өөд болоочдод хүндэтгэлтэй ханджээ. 

Сергей Сергеич саарал бүсээс Крым хүрээд дахин Весёлое тосгоны хажуугаар өнгөрч нутаг буцна. Энэ бүх хугацаанд өөрийгөө эрсдэлд оруулан байж хэд хэдэн асуудлын учрыг олох гэж хичээнэ. Ахтемын сургийг гаргах гэж Севастополь явж албаныхантай уулзаж, хүүг нь суллахаар цагдаагийн газарт очиж, охиныг нь Украин явж амьдрахад тус дэм болдог. Эцэст нь албаныхан шалгахаар авч явснаар саарал өнгөнд хувирсан зөгийн үүрээ нутагтаа аваачилгүй үгүй хийхээр шийднэ. Оpосууд ямар нэг төхөөрөмж суулгаж, тагнах гэж байгаа эсэхэд санаа нь зовно. Сергеич зугтахыг хүссэн дайн дажин руу гаа, гэрээдээ зөгийнүүдээ аваад буцаж явна. Саарал бүс түүний гэр орон шүү дээ. 

Андрей Курковын тун ч уран нарийн бичсэн олон зүүдний нэгэнд Сергеич ёслолын буудлага үзнэ. 


-Энэ юу болоод байна? гэж Сергеич түүнээс асуув.

-Ялалтын буудлага! гэж Пашка баяр хөөртэй хариуллаа. -Ялчихлаа шүү дээ!

-Аль тал нь ялсан гэж? хэмээн асуухтай нь зэрэгцэн ахиад л ёслолын пуужин дэлбэрч толгой дээрээс нь бороон дусал мэт бяцхан оч бөөн бөөнөөр хаялахад Сергеич айдаст автаж хэвтэртээ улам шигдлээ.

-Яг аль дайн дууссан гэж? хэмээн асуулаа. 

-Ирээдүйн дайн гэж Пашка хариулав. 

-Ирээдүйн дайн ий? гэж Сергеич гайхаш тасран давтаад үүрээ тулж алгуурхан өндийн хартал Пашка байсангүй. Магад анхнаасаа л тэнд байгаагүй вий...

Түүхч, зохиолч Олеся Хромейчук

@Los Angeles review of books

Орчуулсан Б.Дэлгэрмаа 


Сэтгэгдэл хэсэг