Орхан Памук: Рүяагаа гуниглахаар...

 

Аан гээ, хонгорхон үр минь. Чамайг ингэтлээ гуниглахаар аав нь ч бас гунигтай болчих юм. Бие сэтгэлийн минь гүнд хаа нэгтээ хав дараатай байсан совин билиг сэрэх шиг л чамайгаа гуниглаад байхаар би ч бас гунина. Дотор минь компьютер байдаг гэж бодвол Рүяа гунигтай байвал чи ч бас гуниглана гэсэн тохиргоо хийчихсэн аятай байдаг даа.
Би ямар ч шалтгаангүй гэв гэнэтхэн гуниглаж чаддаг юм. Жирийн л нэг өдөр хөргөгч ухаж, бичиг цаас, оюун бодлоо цэгцэлж, үс зүсээ тордож явснаа гэнэт л бодол санаа минь өөр зүгт урсаж, байз байз энэ амьдралыг зогсоогоод хэсэгхэн хором саатах хэрэгтэй боллоо гэж бодно.
Рүяа руу харлаа. Охины минь царай барайжээ. Буйдан дээр эвхрэн хэвтэх охиныг минь чухам юу ийм баяр хөөргүй болгочхов доо. Хорвоо ертөнцийг нүднийхээ булангаар харж хэвтээ охиныхоо хорвоо ертөнцийг аав нь харж зогсоно.
Уйтгар гунигт автсан охин минь нэг гартаа цэнхэр бүжингээ атгаж, нөгөө гараа дэрлэжээ.
Би хөргөгчийн тавиурууд, бодол санаагаа онгичихоор гал тогоо руу буцлаа. Яасан юм бол гэж гайхаш төрнө. Гэдэс нь эвгүйрхээ юм болов уу? Эсхүл охин маань гуниг ганцаардлын амтыг олж таньж буй нь энэ юм болов уу...
Өөрийнхөөр нь байлгая даа. Гуниглаж байвал тэр л биз. Өөрийнхөө дотор төөрч будилж л байг.
Ухаалаг хүний анхны эрмэлзэл нь эргэн тойрны бүх хүмүүс аз жаргалдаа шандуурч байхад баярлаж хөөрөхгүй байх явдал гэдэг юм билээ. Тэгээд бодлоо л доо. “Би залуу халуун насаа туулж яваа хэн бүхний л эгээ адил аль болох гуниг ганцаардалд ээрүүлж байхыг хичээдэг юм” хэмээн Борхес нэгэнтээ хэлсэн нь надад тун ч их таалагддаг юм байна.
Гуниглах тийм ч муу зүйл биш. Гэхдээ мэдээтэй байх хэрэгтэй. Миний охин чинь залуу бүсгүй биш, бяцхан амьтан шүү дээ.
Гэрт анир чимээгүй.
Би хөргөгчөөс том улаан алим авч аль болох чангаар шир хийлгэн хазаад гал тогооноос гарлаа. Рүяа маань цагариглан хэвтсээр. Хэрхэн үг өдөх учраа олж ядан хэсэг бодол болон зогсоно.
-Хоёулаа шоо хаяж тоглох уу? Тоглоомын хайрцаг чинь хаана байна гэж би асууна.
Хайрцгаа олоод тагийг нь онгойлгох зуураа хоёр биеэсээ аль өнгийг нь авахаа асууна.
-Би ногоон өнгө авна.
-За, тэгвэл би улаан өнгө авлаа.
Дараа нь шоогоо шидэж, буусан тоонуудыг тоолохдоо Рүяадаа хожигдох хэрэгтэй.
Рүяа намайг ялахын мөн болж, тоглоомдоо баясаж, царай нь гэрэлтээд, Би хожлоо гэж ахин дахин хэлнэ. Тоглох бүрдээ хожно гээ.
Би хааяа залхана аа. Ганц удаа ч гэсэн ялмаар байна шүү дээ. Ялагдаж, хожигдох ямар байдгийг охиндоо мэдрүүлье гэж бодно. Гэвч тэгээд тусгүй л дээ. Охин маань шоонуудаа шидэж орхиод, хамаг юмаа хөмөрч хаяад, уруу царайлан буланд очоод суучихна.
Дараа нь нэг ширээнээс хоолны ширээ рүү тэндээсээ түшлэгтэй сандал руу, сандлаасаа буйдан руу, буйдангаас өөр нэг ширээ рүү тэгснээ паар руу үсэрч тоглохоор болно… Гэхдээ хэт хол үсрэх гэж хичээгээд хэрэггүй дээ.
Хамгийн гоё нь хөөцөлдөж гүйх. Зурагтаар гоёмсог цэцэрлэгт хүрээлэн, улс төрийн бослого мөргөлдөөн, гоо бүсгүйн тэмцээн гарч, мөнгө төгрөг, хөрөнгийн биржийн сүүлийн үеийн элдэв мэдээ дүнгэнэж ахуйд бид гэр дотуураа, ширээ тойрч, өрөөнөөс өрөө дамжин нэгнийхээ араас хөөцөлдөн тоглож явахдаа дэмий юманд анхаарахыг больж, хэрэгтэй хэрэггүй бүх бодлуудаа үлдэн хөөнө. Галзуурсан мэт тийн гүйж байхдаа гэрлийн чийдэн мөргөж, сагснуудыг хөмөрч, цаас сонин тараан шидэлж, байдгаараа хөлсөө урсгаж, хашхиралдан инээнэ. Юу гэж хашхираад байгаагаа ч үл мэднэ. Шоколадны цаас, буддаг ном, эвдэрч хэмхэрсэн тоглоом, хуучин ном сонин, усны сав, гэрийн шаахай, цаасан хайрцгууд дээгүүр бид хоёр яаж хар хурдаараа гүйж харайдаг гэж санана.
Тэгснээ гэнэт л болиод булан тохой бараадан нүргээнт хотын маань дээгүүр тоос шороо чимээгүйхэн бужигнахыг ажин сууна. Зурагт асаалттай хэдий ч юу ч үл дуулдана. Дээвэр дээр нэг цахлай холхино. Би энэ цахлайг тожгонох чимээгээр нь таньдаг юм.
Рүяа бид хоёр удтал үг солилгүй анир чимээгүйд цонхоор ширтэнэ. Охин маань буйдан дээр, би сандал дээр суугаад гунигтай атлаа жаргалтайгаар хэчнээн үзэсгэлэнтэй юм бэ хэмээн бодно.
Орхан Памук
Орчуулсан Б.Дэлгэрмаа 
Зураач: Маргарита Кухтина 

Сэтгэгдэл хэсэг