Орхан Памук: Миний аав

 

Тэр үдэш би нэлээд оройтож хариад аавыгаа өөд болсныг дууллаа. Хамгийн түрүүнд хүүхэд насны ой дурсамж харван орж ирээд богино өмд өмссөн аавын минь турьгүй хөл зурсхийн бодогдоход зүрх шархиран өвдлөө. Шөнийн хоёр цагт аавыгаа эцсийн удаа харахаар гэр лүү нь хөдлөв. Аавыг арын өрөөнд байгаа гэлээ. Би дотогш явж оров.
Хэдэн цагийн дараа Валиконаги өргөн чөлөө рүү буцахад үүр цайхын өмнөх үнэгэн харанхуйд Нишанташийн гудамжнууд жиндүү хүйтэн, хов хоосон санагдаж, тавин жилийн турш дэргэдүүр нь алхаж өнгөрсөн дэлгүүр хоршоонуудын ёлтгор гэрэлтэй цонхнууд хүртэл харь хөндий, холхи алсын санагдав.
Нойргүй хоносон би маргааш өглөө нь унтаа сэрүүний дунд үүлгэртэн байж утас шөрмөсөөр ярьж, хүмүүсийг угтаж, ажил явдлыг аандаа гардан авахын сацуу элдэв хүсэлт, залбирал, захидал хүлээн авч, жижиг сажиг бүхий л асуудлыг зохицуулж, эмгэнэлийн үг бичиж суухдаа л хүн өөд болсон даруйд яагаад ажил явдал, хөдөөлүүлэх ёсон талийгчаасаа чухал болдгийг өөрийн биеэр мэдэрч суулаа.
Орой нь бид аавын газрыг үзэхээр Эдирнекапы оршуулгын газарт очив. Ах, үеэл хоёр маань оршуулгын газрын байр луу явж орсон хойно урд суудалд сууж явсан би жолоочтой машинд үлдлээ. Жолооч намайг таньж байлаа.
“Аав маань өөд болчихлоо” гэж би хэлэв. Юу ч бодолгүй аавынхаа тухай ярьж эхэлсэндээ би өөрөө ч их гайхсан юм. Аавыгаа хэчнээн сайн сайхан хүн байсныг, түүнээс ч чухал нь аавдаа хэчнээн хайртайгаа жолоочид ярив. Наран шингэж байлаа. Оршуулгын газар анир чимээгүй, эзгүй хоосон. Ойр хавьд сүглийх өндөр саарал барилгууд ердийнх шигээ зэвхий даасан биш хачин этгээд гэрэл цацруулан туяарч байх шиг харагдана. Хүүгэн үлээх жихүүн салхинд найган ганхах чинар, агар моддын сэрчигнэх чимээг үл ажран тийн ярилцаж суусан үдшийн дүр зураг аавын минь турьхан хөл шиг ой тойнд минь хадагдан үлдэж дээ.
Ах, үеэл хоёрыг удаан хүлээх нь тодорхой болоход өөрийгөө надтай ижил нэртэй гэж хэлсэн тэр жолооч нуруун дээр минь чангахан атлаа өрөвдөж энэрсэн байртай хоёр алгадчихаад явж одлоо. Түүнд ярьсан бүхнээ би өөр хэнд ч уудлаагүй. Долоо хоногийн дараа мэдрэмжүүд дурсамж, уй гашуутай минь уусан нэгдлээ. Хэрэв би тэр бүхнийг үг болгон хувиргаагүй сэн бол дотор минь ургасаар, ургасаар өвтгөж холгох байсан юм.
“Аав минь над руу нэг ч удаа хөмсөг зангидаж, зэмлэж загнаж, гар хүрч байгаагүй” хэмээн юу ч бодолгүй жолоочид ярьсан юм. Аавынхаа хэчнээн гайхалтай зүйлс хийж бүтээснийг дурдсангүй. Харин хүүхэд ахуйд зурсан зураг бүрийг минь чин сэтгэлээсээ бишрэн хардаг байсныг, ааваас юу гэж бодож байгааг нь асуухад эрээчсэн үг өгүүлбэр бүрийг минь сод бүтээл шинжих мэт анхааралтай уншдаг байсныг, амтгүй, утгагүй хошигнолуудыг минь сонсоод үнэн сэтгэлээсээ хөхин баясдаг байсныг дурсан ярьсан юм. Аав минь итгэл найдвар өгөөгүй сэн би бол зохиолч болж, энэ замаар явж чадахгүй байсан. Аав саруул ухаандаа итгэдэг хүн байсандаа л хөвгүүддээ итгэж, биднийг онцгой гэж боддог байсан юм. Хүүхдэрхүү гэнэн цагаан сэтгэлээр, бид түүний хөвгүүд болохоор л яг өөр шиг нь үнэ цэнтэй, төлөвшсөн, ухаалаг хүмүүс болж өснө гэдэгт гүн бат итгэдэг байсан билээ.
 
Аав их хурц ухаантай хүн байсан юм. Ганц хараад л Сенап Сахабеттины шүлгийг цээжээр уншиж, пи тооны таслалын арын арван таван орныг хэлж, хамт кино үзэж сууснаа хэрхэн төгсөхийг нь гайхмаар сайн таамагладаг байлаа. Аав тийм ч ноомой, даруу хүн байгаагүй юм. Хэчнээн ухаантай хүүхэд байсан тухайгаа ахин дахин амтшин ярьдаг сан.
Жишээ нь, бас л богино өмд өмсөөд гүйж явсан дунд сургуулийн сурагч байхдаа лицей сургуулийн ахлах ангийн хөвгүүдтэй нэг ангид математикийн хичээлд суудаг байсан тухайгаа ярих их дуртай. Өөрсдөөс нь гурван насаар дүү бяцхан хүү самбарын урд гараад ах нарын бодож чадаагүй тооных нь хариуг олоход багш нь “Маш сайн байна” гэж магтахад мөнөөх бяцхан хүү эргэж харснаа “За, ийм л байна” гэж хэлдэг байснаа дурсан ярина. Аавыг энэ мэт түүхээ ярихаар би аав шигээ хүн болохыг хүсэхийн сацуу атаа жөтөө хөдөлж ацан шалаанд ордог сон.
Аав их царайлаг хүн байсныг ч бас ярилгүй өнгөрч болохгүй. Надаас илүү царайлгийг эс тооцвол хүмүүс биднийг их адилхан гэлцдэг байлаа. Өвөөгөөс өвлөж авсан заяа төөрөг, цог хийморь ч гэмээр юм уу даа, олон удаа бизнес нь дампуурахад ч тэгтлээ туйлдаж цөхөрч байгаагүйн дээр сайхан царай төрхөөрөө амьдралыг амар хялбар, зугаатай мэтээр туулж, хамгийн мухардмал хэцүү өдрүүдэд ч итгэл дүүрэн, өөдрөг, ганхаж нуршгүй их хүчээр өөртөө итгэж сэтгэл түвшин хөвөлзөн амьдарсан билээ. Түүний хувьд амьдрал гэдэг тулааны талбар биш харин тоглох газар, тоглоомын талбай байсан төдийгүй залуу халуун явахдаа эзэмшиж асан хөрөнгө мөнгө, хурц ухаан, царай төрх нь санасан шиг нь эрх ямба, алдар нэрд хүргэж чадаагүйд нас ахих тусмаа баахан бухимдуу явах болсон юм.
Гэсэн ч аав ер нь л аливаа юманд санаа зовж цаг хугацаагаа дэмий үрж байсангүй. Ямар ч хэцүү асуудал, төвөг удсан хүний учрыг мөнөөх л хүүхдийн гэмээр цолгиун цайлган зангаараа олчхож дөнгөнө. Гуч гараад ажил амьдрал нь доройтож, олон удаа уналт бүтэлгүйтэлтэй нүүр тулсан ч би аавыг гомдоллож байхыг нэгээхэн удаа ч сонсоогүй юм. Аав нас дээр гарсан хойноо нэгэн алдартай шүүмжлэгчтэй оройн зоог барьж л дээ. Хожмоо би тэр шүүмжлэгчтэй таарахад “Танай аав ямар ч зөрчилгүй хүн байсан шүү” гэж атаархангуй хэлж билээ.
Питер Пэн шиг өөдрөг зан нь түүнийг уур хилэн, хүсэл шуналаас ангид байлгасан юм. Аав хэдийгээр ном зохиол олныг уншиж, яруу найрагч болохыг хүсэж, Валерийн шүлгүүдээс орчуулж явсан ч өөрийнхөө амьдралд даанч тухтай, ирээдүйдээ дэндүү итгэлтэй байснаас уран зохиолд автаж амьдралынхаа зорилго, хүсэл тэмүүлэл болгож чадаагүй гэж би боддог. Аав залуудаа сайн номын сантай байлаа. Хожмоо намайг номын санг нь тонон дээрэмдэхэд ихэд баяртай байсан юм. Аав номыг над шиг ухаан санаагаа баларттал, ховдоглон шунахайрч уншдаггүй байсаан. Харин баясан таашааж, тархи толгойгоо амраахаар уншиж эхлээд ихэнхдээ л дундаас нь орхидог сон. Бусад аавууд генерал, шашны удирдагчдын тухай буурьтай өнгөөр ярьж суухад манай аав дуртай зохиолчдынхоо тухай, Парисын гудамжаар алхаж явахдаа Сартр, Камю хоёрыг харсан тухайгаа хууч хөөрөхөд нь би догдлон шимтэж сонсдог байлаа.
Аавынхаа багийн найз, Ататуркийн залгамжлагч Туркийн хоёр дахь ерөнхийлөгчийн хүү Эрдал Инонутай олон жилийн хойно нэгэн галерейн нээлт дээр уулзахад хорин настайдаа аавтай хамт Анкара дахь ерөнхийлөгчийн ордонд оройн зоог барьж байсан тухайгаа дурсан ярьсан юм. Тэр зоогийн үеэр Исмет Паша ярианы сэдвийг утга зохиол руу хандуулахад аав маань “Манайд яагаад дэлхийд алдартай зохиолч байдаггүй юм бэ?” гэж асууж байсан гэдэг. Анхны роман маань хэвлэгдсэнээс хойш арван найман жилийн дараа аав надад ичиж нэрэлхэн байж нэгэн тавдан авчирч өгсөн юм. Тэр тавдан доторх аавын тэмдэглэл, шүлгүүд, утга зохиолын бичвэрүүдийг харахад чухам яагаад нэг л эвгүй оргисныг би сайн мэднэ ээ. Тэр бүхэн аавын минь хувь хан амьдралаа бичсэн баримт нотолгоо байсан болоод л тэр шүү дээ. Хүн ер нь аавыгаа бие даасан бодгаль гэж бодохоос илүүтэй өөрийнхөө бодол төсөөлөлд л нийцүүлэхийг хүсдэг шиг байгаа юм. Аав намайг кинонд дагуулж явахад, үзсэн киноныхоо тухай яриа хөөрөө өрнүүлэхэд нь би их дуртай. Тэнэг, санаа муутай, цэвдэг сэтгэлтэй хүмүүсийн тухай хошигнон ярихад нь, өмнө нь сонсож дуулаагүй жимс, явсан хот тосгод, сүүлийн үеийн мэдээ сэлт, шинэ гарсан номуудын тухай ер бүхий л яриаг нь сонсох дуртай байлаа. Гэхдээ аав минь намайг энхрийлэн илбэхэд юу юунаас ч илүү дуртай байсан сан. Аавтай хамт машинаар давхих ч бас сайхан. Машинд хамт сууж явахдаа хэсэгхэн ч гэлээ хаашаа ч явалгүй энд надтай хамт байх нь ээ гэж бодохоор баяр төрдөг сөн. Аавыг жолоо барихаар бид нүд нүдээ эгцлэн харахгүй тул ярилцахад бэрх, хөндүүр зүйлсийн тухай найзууд шиг л нэгнээсээ асууж ярилцдаг сан. Тэгж явснаа элдэв алиа хошин юм ярьж, радиогоор эгшиглэх хөгжмийн талаар ярилцана.
 
Аавдаа хүрч болохоор ойрхон дэргэд нь байхдаа л би хамгаас жаргалтай байж дээ. Лицейд сурч, байхдаа их сургуулийн эхний жилдээ, амьдралд туйлгүй ихээр цөхөрч гутарч явсан тэр нэгэн жилд би аавыг гэртээ хүрч ирээд ээж бид хоёрын сэтгэлийг өргөх хэдэн үг хэлчхээсэй гэж өөртэйгөө зөрчилдөн байж тэсгэлгүй ихээр хүсдэг байж билээ.
Би багадаа аавын өвөр дээр сууж, дэргэд нь хэвтэж, үнэрийг нь үнэрлэх дуртай байлаа. Аав намайг Хейбелиадад сэлж сургасан юм. Намайг усны ёроол руу живж, амь тэмцэн даллаж ахуйд аав миний гараас татахад би амьсгал авахтайгаа болсондоо биш аавын гараас атгасандаа туйлгүй ихээр баярлаж, дахин живэхгүй гэсэн дээ “Аав аа, намайг битгий орхиорой” гэж уйлан дуугардаг байлаа.
Гэвч аав маань биднийг орхисон. Холын хол, өөр газар орон руу, биднийг огт мэдэхгүй энэхэн хорвоогийн булан тохой бүрээр хэсүүчилсэн. Аав буйдан дээр сунайн хэвтээд ном уншиж байснаа гэнэт харц нь номын хуудаснаас халирч, бодол санаа нь онхи ондоо газар хэрэн хэсэж яваа шиг харагдана. Тэр үед л би миний аав гэх хүний дотор таньж мэдэхгүй өөр нэг хүн оршин буйг мэдэрч аавыг огт өөр амьдралын тухай мөрөөсөн буй гэж бодохтой зэрэгцэн сэтгэл минь ихэд тавгүйтдэг сэн. “Би өөртөө яг л ямар ч шалтгаангүй тавьсан бууны сум шиг санагддаг” гэж хааяа аав ярина. Тийн ярих нь яагаад ч юм намайг бухимдуулж орхино. Уур цухлыг минь хөдөлгөдөг өөр юмс ч байсан л даа. Чухам хэнийх нь зөв байсныг хэлж одоо мэдэхгүй юм. Магад би тэр үед бодит байдлаас зулран зугтахыг л хүсдэг байсан болов уу. Гэхдээ аав Брамсын анхны симфонийн хуурцгийг тавиад төсөөлөл дэх удирдаачийн дохиураараа цог заль төгс найрал хөгжим удирдахад нь би тун ч дуртай байлаа. Өөрийгөө өөхшүүлж, эвийлж өрөвдөхийг хүсэхдээ бусдыг буруутгах болсондоо баахан бухимдуу явсан үе надад бий. Хориод насандаа “Аав шиг л хүн болохгүй юм шүү” гэж өөртөө хэлж явлаа. Түүн шиг аз жаргалтай, царай зүс сайтай, эрх дураараа, тохь тухтай амьдарч чадахгүйдээ шаналж, шатаж явсан үе ч бий.
Гэвч он цаг урсан өнгөрөхийн хэрээр би энэ бүхнийг ардаа орхиж атаа жөтөө, уур хилэнгийн манан намайг хэзээ ч зэмлэж, буруутгаж байгаагүй аавын минь тухай бодлыг сэвтүүлж, бүдгэрүүлэхээ болих үед бидний хоорондох салшгүй, адил төстэй олон зүйлийг олж харж, анзаарч, хүлээн зөвшөөрөх болсон билээ.
Одоо би зөөгчид гомдол мэдүүлж, аар саар юманд бухимдан үглэхдээ, охиноо үнсэхдээ, халааснаасаа мөнгө гаргахдаа, дээд уруулаа хазлан суухдаа, дутуу хагас уншсан номоо булан руу шидэхдээ, хүнтэй хөнгөхөөн маазрахдаа яг аав шигээ хүн болсноо анзаардаг юм. Бид хоёрын гар, хөл, бугуй, нуруун дээрх мэнгэ адилхан болохоор аав шигээ хүн болсон юм биш. Хүүхэд ахуй цагаасаа л аав шигээ хүн болохыг хүсдэг ч түүнээсээ айн ширвээтдэг байсан би өнөө яг л аав шигээ хүн болжээ.
Аавыгаа өөд болоход л хүний үхэл эхэлдэг юм билээ...
Туркийн зохиолч, 2006 оны Нобелийн утга зохиолын шагналт Орхан Памук 
Орчуулсан: Базаррагчаагийн Дэлгэрмаа

Сэтгэгдэл хэсэг