Дурсамж хэзээ ч саарал байдаггүй.
Хүүхэд байхдаа би таньж мэдэхгүй улс орнуудын тухай өгүүлэх ном, зохиол дэлгэх бүрдээ тун ч их зүрхшээдэг сэн. Зохиолчийн санааг, зохиолын дүрүүдийг ойлгохгүй байх вий гэсэндээ л тийн зовнидог байсан хэрэг. Гэхдээ сониуч зан айдсыг давж гардгийг ухаж бодох ч сөхөөгүй уншиж байхдаа би улам бүр ухаажиж байжээ. Аав маань газар зүйн өргөн мэдлэгтэй нисгэгч хүн байсан болохоор улс орнуудын нийслэлийг надад цээжлүүлээд, асууж шалгадаг байлаа. Аав улсын нэр хэлэхээр би нийслэлийг нь нэрлэнэ. Ингэж л газар зүй амьдралын минь нэгээхэн хэсэг болсон доо. Гэхдээ тэр үедээ газар зүйг би дэлхийн газар зүй хэмээх том зургаар нь л ойлгодог байж... Өнөө харин Украиныхаа газар зүйд сэтгэл зовниж сууна. Би бээр эх орноо арван хуруу шигээ мэддэг ч бусад улсын ард иргэдэд бүр ч илүү мэдүүлэх сэн гэж хүснэм. Украины газар зүйг мэдэхгүй бол энэ орны тухай өгүүлэх ямар ч зохиол бүтээлийг, ялангуяа дайны үеийн аж амьдралыг харуулсан “Саарал зөгийнүүд” мэтийн романыг ойлгоход бэрх.
Улс орны газар зүйн асуудал үүх түүхтэй нь салшгүй холбоотой. Тэгвэл үүх түүх гэгч нь тухайн улсын газар нутаг дээр төдийгөөс өдий хүртэл аж төрж ирсэн хүн зоны амьдрал билээ. Бүр нарийвчилбал Украины түүх надаас бас танаас хамаарна. Түүх нь харин дурсамжаас хамаарна. Хорвоогоос хэдийнээ хальсан хийгээд хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа хэн бүхний дурсамж. Би л гэхэд дурсамждаа бүрнээ эзлэгдсэн нэг хүн энд сууж байх... “Улбар хувьсгал”-д оролцож байхдаа авлига, хээл хахууль, хүнд суртал, улс төрийн сонгуулийн луйвар гээд Украины бүх асуудал цэгцэрнэ хэмээн итгэж найдаж явснаа санаж байна. Болохгүй бүтэхгүй бүхнийг өргөс шиг суга татчихна гэх хэцүү ч хүн гэдэг амьтан хүсэл мөрөөдөлтэй байх учиртай. Хүсэл мөрөөдөл үгүй бол хүмүүний амьдрал хов хоосон, зэгэл саарал юм байх бус уу. Яг л Орос, Украины хилийн бүс дэх Донбассын амьдрал шиг. Мөнхүү романд тэр бүс нутгийн үйл амьдралыг дүрслэн бичсэн нь эдүгээ бол анх хэвлэгдэж ахуй үеийнхээсээ илүү үнэн бодит санагджихуй. Урьд фронтын шугам 430 километрээс хэтэрдэггүй байсан бол өдгөө бараг 3000 километр болчхоод байна шүү дээ.
Москвагийн утга зохиолын сэтгүүлд Оросын уран зохиолын түүчээ болсон зохиолч, яруу найрагчид Путиныг болоод түүний Украиныг эзлэн түрэмгийлж буй бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасныг уншаад нуруу зарсхийн, хамаг бие агзасхийж билээ. Уг мэдэгдэл хэвлэгдсэний маргааш Украины зохиолч Олександр Микедийн байшинг чиглүүлэн пуужин харваж, орон гэрийг нь үнсэн товрог болгосон юм. Орох орон, ойчих аягагүй болсон зохиолч болон түүний гэр бүлийн хувьд эдүгээ Украин орон бүхэлдээ үүр гэрийг нь орлож, Украины тэнгэр толгой хоргодох дээвэр нь болж байна. Гэлээ ч Оросын бөмбөгдөгч онгоцнууд улс орных нь зүүн, өмнөд, төв хэсэгт орших орос хэлт хотуудыг бөмбөгдөн дэлбэлсээр буй ийм цаг үед Украины тэнгэр дор амь хоргодно гэдэг хагархай тогоо толгой дээрээ барьж сууснаас өөрцгүй хэрэг ээ. Путин ингэж л орос хэлт Украины ард түмнийг “Украины нацистууд”-аас “хамгаалж” буй бөгөөд даажинтай нь “Украины нацистууд” гэж үнэхээр байдаг нь тун эргэлзээтэйн дээр байлаа гэхэд бөмбөгдөөд байгаа бүс нутагт нь бий эсэх нь бүр эргэлзээтэй билээ. Украины парламентад үндсэрхэг намын төлөөлөл нэг ч үгүй. Учир нь ард түмэн тэдэнд санал өгдөггүй юм. Украинчуудын дийлэнх нь либерал үзэлтэй учраас радикалуудад саналаа өгнө өө гонж шүү дээ.
Украин орон ертөнцийн чихнээ нэрээ дуудуулаад он удаан жил болж байна. Гэхдээ бид чинь үхэж үрэгдсэн сайн хүний дүрээр л дурсагдаж үлдэхийг яахин хүсэх билээ. Украинд оршуулгатай холбоотой ийм нэг зүйр үг байдаг юм: “Өөд болоочийн талаар сайныг л дурс, эс бөгөөс амаа хамхи!” гэж. Харьковын гудамжаар дүүрэн хядуулсан хүмүүсийн цогцос хэвтэж байхыг дүрс бичлэгээс үзсэн учраас би оршуулгын тухай энд ийн дурдаж буй хэрэг. Оросууд хотыг нь бөмбөгдөхөө азнасан байлаа чиг үй олноороо үхэж үрэгдсэн улсаа тэндхийнхэн яажшуухан оршуулахыг төсөөлж ч чадахгүй л сууна.
Эхнэр бид хоёр дайны эхний хоёр хоногийг Киев хотын төв дэх гэртээ өнгөрүүлсэн юм. Надад бол ийш тийш явах сонирхол байсангүй. Хэрэв явах шаардлага гарвал холдохгүй юм шүү л гэж бодож байлаа. Манайх Киевээс 90 километрийн зайд Житомор хүрэх зам дагуу гарааш, цэцэрлэг бүхий зуслангийн жижигхэн байшинтай, цар тахлын үеэр тэндээ бүгж байсан юм. Одоо харин би Украины баруун хэсэгт эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Цонхны цаана хөдөөх тосгоны үзэсгэлэнт сүмийн бөмбөгөр орой харагдана. Сүм тийм ч өндөр биш. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй тэрхүү сүмийн алтадмал бөмбөгөр оройд дөрөвдүгээр сарын наран ойж гялбалзана. Урины салхи сэвэлзээд, энд хавар хэзээний айлчилжээ. Оросууд харин хоёр дахь “Оросын хавар” ажиллагаагаа Украинд эхлүүлчхээд байна. 2014 оны гуравдугаар сард Украиныг Азов болон Хар тэнгисээс тасалж, Одесса зэрэг эргийн бүх хот, тосгоныг булаан эзэлж, Донбассын бүс нутгийг Приднестртэй холбохыг санаархсан цэргийн ажиллагааны нэр нь “Оросын хавар” юм. Тэр үед Приднестрийн удирдагчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох хүсэлтээ удирдлагуудад нь гаргасан байдаг. Анхны “Оросын хавар” зорилгодоо хүрч чадаагүй ч салан тусгаарлагчид хоёр ч тоглоомын бүгд найрамдах улсыг Донбасст байгуулж дөнгөжээ. Ийнхүү эл хоёр бүсээс элитүүд нь дүрвэж эхэлсэн юм. Нэг хэсэг нь Украин руу зугтаж, нөгөө хэсэг нь Орос руу дайжсан түүхтэй. Эдүгээ, найман жилийн дараа хоёр дахь удаагаа өрнөж буй “Оросын хавар” ажиллагаа эзлэн түрэмгийлэх санаархлаа урьд өмнөхөөсөө ч эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ удаагийн ажиллагаа Украиныг тэнгисээс салган тусгаарлаад зогсохгүй улс орныг бүхэлд нь эзлэн түрэмгийлж, улмаар Приднестрийн Бүгд Найрамдах Молдавтай хамтатган Оросын холбоонд нэгтгэх зорилго өвөртөлж буй. Хэрэв Путин санасандаа хүрвэл дараагийн бай нь Балтын тэнгисийн орнууд, Польш байх болно. Учир нь түүнд Калининградын бүс нутагтайгаа холбогдох хонгил хэрэгтэй байгаа. Үүнд нь Польш, Литвагийн хилийн зурвас нутаг яв цав тохирно. Хэрэвзээ Путин энэ хоёр улсаас 500 метрийг л авчихвал найдвартай авто зам тавиад, танк болон бусад ачаа тээврээ хялбархан зөөвөрлөх боломж бүрдэх юм. Өмнө нь Литва улс Калининград руу төмөр замаар ачаа тээвэрлэх зөвшөөрлийг Оросын зэвсэгт хүчинд олгож байсан түүхтэй. Гэвч Оросын цэргийн ачаа тээврийн галт тэргүүд Литваас алга болоод удаж байна.
Путин чухам юуны учир Украиныг ингэтлээ заналхийлнэ вэ? Украиныг ярихаар л уур нь хүрч, уушги нь сагсайгаад байгаагийн учир юу вэ? Яагаад сав л хийвэл бүх дэлхийг атомын бөмбөгөөр айлган сүрдүүлээд байна вэ? Эдгээр асуултад шулуухан хариулах аргагүй. Путин Украиныг Оросын дүү гэж хэлж буй нь энэ бүс нутгийн түүхийг барагтайхан мэддэг хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого юм. Юуны түрүүнд Киев 1540 жилийн түүхтэй бол Москва ердөө 875 жилийн түүхтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Оросууд болон украинчууд яагаад нэг ард түмэн биш вэ гэдгийг ойлгохын тулд энэ бүс нутгийн түүхийг гүн гүнзгий ухаж төнхөх хэрэг гарна. Гэхдээ уншиж судлаад, ойлгож авах нь илүү чухал.
Орос, Украины туулсан түүхэн замнал онхи ондоо. Москвагийн их вант улсын үр хойчис болсон оросууд болбоос эзэн хааны эрх сүр дор амьдарч дассан ард түмэн. Тэд эрхтэн дархтандаа үнэнч, эзэн хаандаа хайртай учраас “эв хамтач үзэл”-ийг хөхиүлэн дэмжсээр иржээ. Хааяадаа хаанаасаа уйдвал “нухчихаад”, дараагийнхыг нь хайрлаж эхэлнэ. Олуулаа нийлээд баярлаж цэнгэх дуртай ч олноос ялгарч онцгойрох хүсэлгүй. Ялангуяа Сталины үед өөрийгөө дөвийлгөнө гэдэг аюултай хэрэг байлаа. Бүгд л бусадтайгаа адилхан хувцаслаж, гудамжаар ч бусадтайгаа нэгэн хэмээр алхаж, бусдынхаа л адил чимээ имээгүй амьдрахыг бодно.
Украины газар нутаг дээр харин 16-аас 17-р зууны үеэс тусгаар тогтнолын үйл хэрэг өрнөж эхэлжээ. Гэвч тэр үед мөнхүү бүс нутгийг төрт улс гэж нэрлэхэд бэрх байв. Учир нь эзэн хаан ч, бие даасан эрх дарх ч байсангүй. Харин хасгуудын сонгосон гетман буюу армийн удирдагч, засаг захиргааны тэргүүн бүхий бүгд найрамдах улс маягийн юм л бүрэлдэн тогтнож байлаа. Албат түшээдээ ч мөн өөрсдөө сонгодог байв. Басхүү шүүх засаглал, дипломат албатай ч байлаа. Истанбулын түүхийн архивт Украины хасгуудын дипломат бичиг, захидал тэргүүтэн өч төчнөөнөөрөө бий. Одоог хүртэл гайхширлыг минь төрүүлдэг ганц зүйл нь 16-аас 17-р зууны украинчууд өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгтгүй байжээ. Тэд Польшийн мөнгө, Туркийн алт, Оросын зоосоор төлбөр тооцоогоо хийдэг байв. Тэр үед Украины газар нутаг асар том байсан ч хил хязгаараа албан ёсоор зааглаж тогтоож амжаагүй л байлаа. Хилийнх нь шугам Польш, Орос, Крымийн татааруудтай хамгийн сүүлд хийсэн дайн тулааны үр дүнгээс хамааран өөрчлөгддөг байв. Хасгууд заримдаа Крымийн татааруудтай мөр зэрэгцэн Польшийн эсрэг тулалдах бол хааяа польшчуудтай хүч хавсран Оросын эсрэг тулалдана.
Тэр цагаас хойш Украины оюун санааны хөрсөнд зохион байгуулалттай анархи үзэл бэхэжсэн юм. Украинчууд бол бие даасан үзэлт хүмүүс. Оросуудын дотор Орос хэмээх аугаа эх орны ерөнхий нэг төсөөлөл байдаг бол украинчуудын дотор ийм л Украиныг барьж байгуулна гэсэн тус тусын үзэл санаа бий. Украинчууд тав тух, чанартай амьдрал, амттай хоолыг таашаадаг. Украин үндэстний хоол ч гэсэн олон төрлийн орц найрлагаас гадна нөр их хөдөлмөр зүтгэл шаарддаг. Энэ нь дэлхийн хамгийн үржил шимтэй хар хөрс Украинд байдгаас ч болдог биз ээ. Энд гадил, жүржээс бусад бүх жимс ногоо ургадаг. Дэлхийн дулаарал эрчимтэй үргэлжлэх аваас дээрх хоёр жимс ч бас эндхийн хөрснөөс ургадаг болчихож тун мэднэ.
Оросууд Украиныг булаан эзлэх гэж сувдаглан шунаад байгаагийнх нь нэг шалтгаан болбоос эл үржил шимт газар билээ. Мэдээж өөр шалтгаанууд ч бий. Жишээ нь хүн ам зүйн асуудал байна. 2014, 2015 онуудад Донбассаас Орос руу дүрвэсэн хүмүүсийн ихэнхийг улсын зүүн хязгаар дахь Хятадтай хиллэдэг хаягдмал, буйд хот тосгод руу нутаг заан явуулсан. Энэ бүс нутагт амьдрах хүсэлтэй хүн ховор тул оросууд өргөн уудам газар нутгаа харж хамгаалан, хөгжүүлж хүчрэхгүйд хүрч л дээ. Өөрөөр хэлбэл Путин хүн хүчний гачигдалд орчхоод буй хэрэг.
Украин хэдийгээр далайн боомттой, байгалийн баялагтай, хий, газрын тос олборлодог ирээдүйтэй орон боловч эдгээр нь олигархуудын мэдэлд байдаг учир улс орон ашиг тусыг нь хүртэж чаддаггүй. Энэ улсад мөн өч төчнөөн бэрхшээл, эцэслэн шийдээгүй олон асуудал, эхлүүлээд орхичихсон өөрчлөлт шинэчлэлтийн бодлогууд явж буй. Гэхдээ украинчууд тулгарсан асуудлаа нэг нэгээр нь, аясаар удаан шийдээд сурчихсан ард түмэн. Хэрэв бид Балтын тэнгисийн орнууд шиг асуудлуудаа үтэр түргэн шийдчихдэг сэн бол хаанаас ингэж оросуудын олз болж явах билээ.
Энэ дайны бас нэгэн шалтаг нь орос хэл аюулд орлоо гэх худал ухуулга юм. Миний хүүхдүүдэд зориулан үлгэр түүх хэлж, зохиол бүтээлээ туурвидаг төрөлх хэл шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ аюул заналд өртөөд буй нь орос биш, украин хэл юм. Оросын эзэнт гүрний үед эрхтэн дархтнууд украин хэлийг дорд үзэж, улмаар тосгоны ядуусын хэл хэмээн шошголоод, том хотуудаас арчихыг оролдож байжээ. Зөвлөлт холбоот улсын үед энэ бодлого үргэлжилж, бүр ч газар авсан байдаг. Хориод жилийн өмнө украинчуудын бие даасан үзэл хийгээд Зөвлөлтийн үеийн оросуудын хамтач үзлийн хил Украин орныг голоор нь таллан хувааж, хана хэрмээ босгож дөнгөжээ. Украин улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш энэ хил жилээс жилд зүүн тийш алгуурхан тэлсээр байна. Хэрэв энэ дайн гараагүй сэн бол украинчуудын бие даасан үзэл санаа 2050 он гэхэд оросуудын төв хамтач үзлийг бүхэлд нь шахаад гаргачих байлаа. Магад Путин ийм зүйл болохыг олж хараад, Украин орныг Европын холбоонд бүрмөсөн орж явчихаас урьтаж яаралтай хөдлөх ёстойгоо ойлгосон биз ээ.
Энэ дайн эхлэхээс өмнө Украины ард түмний хорь гаруй хувь нь л Оросыг дэмжигч намуудад саналаа өгөхөд бэлэн байсан юм. Үлдсэн 80 гаруй хувь нь Оросыг эсэргүүцэж, Европыг дэмжиж байв. Харин хорин жилийн өмнө бол нөхцөл байдал тэс өөр байлаа. Тэр үед шинэ Зөвлөлт холбоот улсад дагаар орох хүсэлтэй хүмүүс украинчуудын дунд олон байсан билээ. 2014 онд Орос улс Крымийг өөртөө нэгтгэхэд Оросын ард түмэн хөл хөөрцөг болж байв. Учир нь энэ газар тэдний хувьд аль эртнээс л хаант Оросоо дурсан санагалзах сэтгэлийнх нь ундарга байсаар иржээ. Угаасаа ч Романовын удмынхнаас эхлээд олон хаад ноёдын амарч тухлах дуртай газар нь Крым байсан юм. Гэхдээ Орос улсад нэгдсэнээсээ хойш энэ газар амарч зугаалахад тохь тухгүй дээрээ үнэ өртөг нь дийлдэхээргүй болжээ. Олон улсын хориг арга хэмжээнүүд, барагтайхан харилцаа холбооны сүлжээ зэргээс шалтгаалаад зээлийн карт ч ашиглах аргагүйд хүрсэн билээ. Ямартаа л Крымийн хойгийн асуудлуудыг шийдэхийн тулд Оросын засгийн газар найман жилийн турш татаас төлж байх вэ. Гэвч асуудлын учиг нь хөрөнгө мөнгөндөө биш цэвэр усны хомсдолд байгаа юм. Өмнө нь цэвэр усаа Украинаас хоолойгоор татаж авдаг байсан нь одоо дашин шог болсноос хямрал үүссэн хэрэг. Крым одоог хүртэл Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй, хоригт байсаар буй нь Путинд шүдний өвчин болоод зогсохгүй ОХУын нутаг дэвсгэрийг тэлэх төлөвлөгөөнд нь саад тотгор үүсгээд байгаа билээ.
Путины тэмүүлж буй мөрөөдлийнх нь оргил цэг болбоос Орос, Беларусь, Украиныг дахин нэгтгэх явдал юм. Харин бид түүнийг энэ зүүднээс нь сэрээх ёстой. Путин зорьсноо хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчиллаа ч санасандаа хүрч чадахгүй л болов уу. Украины газар нутгаас ахиад хулгайлж дөнгөдөг юм гэхэд газар нутагтаа эзэн суулгах хүн зоноор улам л гачигдах вий. Украинчууд хэзээ ч Оросын эзэнт гүрний албат болохгүй. Бид тэдэнд дагаар орохгүй. Бидэнд тийм сонголт үгүй. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо бид энэ биеэрээ хамгаалах учиртай. Бид яасан ч бууж өгөхгүй.
Андрей Курков
Украин улс, Ужгород хот, 2022 он
Орчуулсан Б.Дэлгэрмаа
Сэтгэгдэл хэсэг