Хан Ган: Гэрэл ба шаглаа

 

Өнгөрсөн нэгдүгээр сард нүүхээр зэхэж, агуулахын өрөөгөө цэгцэлж байтал хуучин гутлын хайрцаг гараад ирлээ. Хайрцгийг нээж үзвэл хүүхэд ахуйдаа бичсэн өдрийн тэмдэглэлүүд минь байх нь тэр. Дэвтрүүдийн дунд нүүрэн дээр нь харандаагаар “Шүлгийн ном” гэж бичсэн бяцхан ном харагдана. Таван ширхэг А5 хэмжээтэй биржгэр цаасыг голоор нь нугалж үдсэн нимгэхэн ном ажээ. Гарчгийнхаа доогуур хөрөөний ир шиг хоёр эгнээ шугам зурсан байх агаад нэг шугам нь зүүн тийш зургаан шат өгсөж, нөгөө шугам нь барууншаа долоон шат урууджээ. Бодвол хавтасны чимэг зураг юм байлгүй. 1979 он, бяцхан номын ард нэр маань байх агаад дотор нь эгээ л номынхоо ард нэрээ бичсэн шигээ найман шүлэг харандаагаар жигд нямбайлан бичиж, хуудас бүрийн доор он цагийн дарааллаар найман өөр огноо тэмдэглэжээ. Найман настайдаа бичсэн шүлгийн мөрүүд минь гэнэн цайлган, боловсроогүй цагаан санагдсан ч дөрөвдүгээр сард бичсэн нэгэн шүлэг эрхгүй нүдэнд туслаа. Тэр шүлэгтээ би ийн бичжээ.
Хайр хаана байдаг юм бол?
Хайр зүрх түг түг цохилох энэ цээжинд минь бий
Хайр гэж юу юм бол?
Хайр гэж бидний зүрх сэтгэлийг холбох алтан шаглаа юм...
 
Тэр үеэс хойш арван дөрвөн жилийн дараа анхны шүлгийн түүврээ, дараа жил нь богино өгүүллэгийн түүврээ хэвлүүлж би гэдэг хүн зохиолч болсон юм. Түүнээс таван жилийн хойно гурван жилийн турш бичсэн анхны романаа хэвлүүллээ. Шүлэг, богино өгүүллэг бичих сэн гэж одоо ч хорхойсдог хэвээр. Гэвч роман бичихэд л онцгой их дурлан татагдана. Хувь амьдралынхаа цөөнгүй жилийг хугаслан номуудаа бичиж дуусгахаар нэг жилээс долоон жил зарцуулсан нь ч бий. Ажил маань намайг ингэж л татаж чангаадаг юм.
Эрж хайж, ухаж судалж дотроос хатгаад буй асуултууддаа хариулт олох минь зайлшгүй агаад хойшлуулшгүй тул ажил амьдралынхаа энэ тохиролцоог хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн.
Би роман бичих бүрдээ элдэв асуултад ээрүүлж, түүн дотроо амьдран суудаг юм. Асуултынхаа төгсгөлд хүрнэ гэдэг нь хариултаа олоод л бүхнийг дуусгачихна гэсэн үг биш. Бичиж эхэлсэн зохиолынхоо эцсийг үзэж буй хэрэг билээ. Бичээд дуусахад бодол санаа минь анх эхэлсэн үеийнхээс огт өөр болж, өөрчлөгдсөн тэр л цэгээсээ дахин бичиж эхэлнэ. Гинжин хэлхээ мэт асуултууд ар араасаа ундарч, даалуу шиг давхралдаж, холилдож, цааш хөвөрсөөр шинэ ном бичих хүсэлдээ хөтлөгддөг юм.
2003-2005 оны хооронд “Цагаан хоолтон” романаа бичиж ахуйд “Ер өчүүхэн ч гэм буруугүй хүн байж болох уу?” гэх бэрх асуултаар өөрийгөө гартаалаа. Хүчирхийлэл, харгислалыг хэрхэн бүхий л чадлаараа сөрөн зогсож болох вэ? Хүн төрөлд харьяалагдахаас өөрийн хүслээр татгалзвал яах вэ?
Цагаан хоолтон романы гол дүр Ёнхэ хүчирхийллийг сөрж мах идэхээ болиод, өөрийгөө ургамал болон хувирсан хэмээн сэтгэж уснаас бусад бүх идээ ундаанаас татгалзаж, аврагдахын тулд үхэл рүү тэмүүлэх егөөтэй байдалд ордог. Аймшигт хар дарсан зүүд, өвдөлт шаналлын дундуур чимээгүй хашхиран явах романы гол дүр Ёнхэ, түүний эгч Инхэ хоёр нэгдмэл дүрүүд. Ёнхэг амьд үлдэнэ гэж найдахдаа романыхаа төгсгөлд түргэн тусламжийн тэргэнд суулгасан юм. Түргэний тэрэг уулын замаар давхиж ахуйд Инхэ асуултдаа хариу эрэх мэт эсхүл эсэргүүцэн тэмцэх шиг дүрэлзсэн ногоон түүдэг гал мэт моддыг цоо ширтэн явна.
 
Дараа нь “Бэх ба цус” романдаа асуултуудаа үргэлжлүүллээ. Харгислал хүчирхийллийг сөрөн зогсохын тулд энэ амьдрал, хорвоо ертөнцөөс татгалзаж үл болно. Эцсийн эцэст бид ургамал болон хувирч чадахгүй шүү дээ. Тэгвэл цаашдаа хэрхэн вэ? Энэхүү нууцлаг романд үхлийн сүүдэртэй урт удаан тэмцэж асан гол дүр сайн найзынхаа гэнэтийн үхлийг амиа хорлолт биш гэдгийг батлах гэсэндээ амь насаа эрсдэлд оруулж буй тухай өгүүлдэг. Романы төгсгөлд гол дүрээ үхлээс аврахын тулд шалан дээгүүр мөлхүүлж байхдаа би өөрөөсөө, “Бид эцэстээ амьд үлдэх ёстой биз дээ? Бидний амьдрал үнэнийг гэрчлэх учиртай биш үү?” хэмээн асууж байлаа.
Түүний дараа “Greek Lesson” романаараа бүр ч илүү гүн гүнзгий асуулт хөндлөө. “Чухам альхан мөчид тэсээд үлдчихмээр санагдаж, энэ ертөнцөд амьдрах учиртайгаа ухаардаг юм бэ?” Хэн хэн нь ганцаардсан хэлгүй бүсгүй, сохор эр хоёр нам гүм, түнэр харанхуйг туучин явахдаа зам огтлолцоно. Энэхүү романы үйл явдал анир гүм, харанхуйн дундуур алгуурхан урагшилж, бүсгүй гараа сунган залуугийн алган дээр хэлэх гэсэн үгсээ бичих хүртэл үргэлжилнэ. Мөнхөд үргэлжлэх тэр л гэрэлт эгшинд тэд дотроо тээж асан хамгаас уян зөөлөн, нинж сэтгэлийг нэгэндээ илчилдэг. Хүрэлцэж мэдэрч, ойлголцох хүн хоорондын харилцааны тухай бичихийг хүссэн юм. Энэ романаараа хүмүүний хамгаас энэрэнгүй чанарын тухай өгүүлж, чухамхүү тэнд л орших үгүйсгэж няцааж боломгүй халуун дулааныг нандигнан эрхэмлээд зуурдхан атлаа, хахир харгис энэ ертөнцөд амьдарч болох уу хэмээн өөрөөсөө асууж байлаа.
Энэ асуултын дараа юу бичихээ бодож эхэллээ. 2012 онд “Greek Lesson” хэвлэгдээд төдий л удаагүй байв. Гэрэл гэгээ, халуун дулаан сэтгэл рүү дахин нэг алхам ойртсон роман бичнэ гэж би өөртөө ам гараад байв. Энэ амьдралыг, орчлон хорвоог гэрэлтэй, тунгалаг шил мэт зохиолоороо тэврэн авч, бялхаан дүүргэхийг хүссэн минь тэр.
Төд удалгүй гарчгаа олоод эхний нооргоо хорин хуудас бичсэн ч аргагүйн эрхэнд орхилоо. Бичих хүсэл байвч юу ч юм саад болсоор.
Тэр үеийг хүртэл Кванжүгийн тухай бичье гэж бодоогүй явлаа.
1980 оны нэгдүгээр сард, ард олныг үй олноор нь хөнөөсөн цуст хядлагаас дөрвөн сарын өмнө манайх Кванжүгаас нүүхэд би есөн настай байлаа. Түүнээс хэдэн жилийн дараа нуруугаар нь буруу харуулж тавьсан “Кванжүгийн гэрэл зургийн цомог”-ийг хүний нүд хариулан эргүүлж суухдаа арван хоёр настай байв. Тэр цомогт ард олны эсэргүүцлийг хүчээр дарах гэсэн цэргийнхнийг сөрөн зогсохдоо бороохой, жад, бууны суманд өртөж амиа алдсан Кванжү хотын эгэл ард, оюутнуудын гэрэл зураг дүүрэн байсан юм. Тэр явдлаас амьд үлдэгсэд, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн хэвлүүлж, тараасан зургууд төр засгийн шахалт дарамтаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хатуу хянаж, үнэнийг мушгин гуйвуулж байсан цаг үед үнэн мөний гэрч болсон юм. Балчир ахуйдаа би гэрэл зургуудын цаадах улс төрийн учир шалтгааныг төдийлөн ухаж ойлгоогүй ч үхэж үрэгдсэн хүмүүсийн төрх хүний мөн чанарын тухай чухал асуултууд надад үлдээлээ.
“Хүн хүндээ ингэж ханддаг юм гэж үү?”
Дараа нь их сургуулийн эмнэлгийн гадаа цусаа хандивлахаар урт дараалалд зогсож буй олны зураг харлаа. Бас л, “Хүн хүндээ ингэж ханддаг юм гэж үү?” хэмээн бодсон юм.
Энэ хоёр ив ижилхэн асуулт хоорондоо харшилдан зөрчилдөх зангилааг тайлж эс чадав.
2012 оны хаврын нэгэн өдөр гэрэл гэгээ дүүрэн, амьдралын сайн сайхныг магтан дуулсан роман бичихээр оролдож суухдаа мөнөөхөн тайлж чадаагүй зангилаатайгаа дахин нүүр туллаа. Би хүн төрөлхтний сайн сайханд итгэх итгэлээ аль хэдийн алдчихаад байв. Тийм атал хэрхэн энэ хорвоог хайрласан ном бичих болж байна. Цааш явахыг хүсвэл энэ бэрх оньсогын учрыг заавал тайлах ёстойгоо ухаарсан юм. Гагцхүү бичиж байж л энэ бүхнийг давж гарна гэдгээ мэдэж байлаа. 1980 оны Кванжү хот номын маань нэг хэсэг байхаар тооцоолж, тэр жилийн ихэнх хугацаанд бичих төлөвлөгөөгөө гаргалаа. Арван хоёрдугаар сард Манвол хороолол дахь оршуулгын газарт очсон юм. Үд өнгөрч байлаа. Урд өдөр нь их цас унажээ. Бүрий нөмрөх үест гараа зүрхэн тушаагаа аваад хүйт даасан оршуулгын газраас гарч явахдаа Кванжүгийн бослогыг дараагийн зохиолдоо хэсэгхэн төдий оруулах биш хэрэг явдлын тухай бүхэлд нь бичихээр сэтгэл шулуудав. 900 гаруй гэрчлэл эмхэтгэсэн ном олж аваад бүтэн сарын турш өдөр бүр есөн цаг нэгд нэгэнгүй уншиж дуусгалаа. Түүний дараа зөвхөн Кванжүгаар зогсохгүй, манай түүхэнд гарсан бүхий л улс төрийн харгислал, хүчирхийллийн тухай олж уншив. Цаашлаад цаг хугацааг шүүрдэж, дэлхий дахинаа хүн төрөлхтний түүхэнд ахин дахин тохиосон үй олноор хөнөөсөн харгислалуудын тухай ухаж уншсан юм. Зохиолынхоо судалгааг хийж байх хугацаанд хоёр асуулт зогсоо зайгүй дотроос минь хатгаж байв.
Хориод насандаа эхлүүлсэн бүх өдрийн тэмдэглэлийнхээ эхний хуудаст:
“Одоо нь өнгөрсөндөө тус болж чадах уу? Амьд нь үхсэнээ аварч болох уу?” гэж бичсэн байдаг.
 
Ийм асуулт яаж байж болох вэ дээ гэж бодогдоод эхэллээ. Хүмүүний хамгийн балар харанхуй мөн чанарын тухай тасралтгүй уншсаныхаа дараа хүн төрөлхтөнд итгэх горь итгэл минь бүрмөсөн нуран унахыг мэдэрч байлаа. Бичиж байсан зохиолоо ч орхилоо. Түүний дараа оройн сургуулийн залуухан багшийн өдрийн тэмдэглэлийг олж уншив. 1980 оны тавдугаар сард арав хоног үргэлжилсэн Кванжүгийн бослогын үеэр цэргийнхнийг сөрөн тэмцэж асан үг дуу цөөтэй, эгэл даруухан Пак Ён Жүн цэргийнхэн үүрээр ирэхийг мэдсээр байж мужийн захиргааны хажууханд байрлаж асан газартаа үлдээд тэндээ буудуулан нас баржээ. Тэр залуу амьдралынхаа хамгийн сүүлийн шөнө тэмдэглэлийн дэвтэртээ “Чухам яагаад бурхан минь. Би ингэж сүлбүүлж, хатгуулж, сийчүүлж байх ёстой юм гэж үү? Би амьдрахыг л хүсэж байна” гэж бичсэн байлаа. Түүний тэмдэглэлийг уншаад романаа хэрхэн бичихээ аянга цахих шиг гэнэтхэн л ойлгосон юм. Өнөөх хоёр асуулт маань орвонгоороо эргэлээ.
“Өнгөрсний түүх одоо цагтаа тус болж болох уу? Үхсэн нь амьддаа аврал болж чадах уу?”
Хожмоо би романаа бичиж суухдаа өнгөрсөн нь одоог, үхэгсэд нь амьд үлдэгсдээ аварч болохыг тонж тодорхой мэдэрсэн юм.
Хааяа, хааяа оршуулгын газарт очих үест яагаад ч юм тэнгэр цэлмэг, агаар тунгалаг байхтай таарна. Нүдээ анихад нарны улбар туяа аньсагыг минь бүлээцүүлнэ. Би тэндээс энэхэн амьдралын гэрэл гэгээг мэдэрч байлаа. Гэрэл гэгээ, салхи агаар намайг үгээр илэрхийлж боломгүй халуун дулаанаар тэврэн авахыг мэдэрдэг байв.
Болсон явдлыг гэрчлэх гэрэл зургуудаар дүүрэн тэр цомгийг харснаас хойш урт удаан хугацааны туршид дотор минь “Хүмүүс яаж ийм харгис хэрцгий байж чаддаг юм бэ? Гэсэн атал бас ийм харгислал хүчирхийллийг сөрөн зогсох тэнхээг хаанаас олдог юм бэ? Хүн байна гэдэг чухамдаа юу гэсэн үг юм бол?” гэх асуултууд эргэлдэж байлаа.
Хүмүүний аймшигт хэрцгийлэл, энэрэл нинжийн дундах гэтэлж барамгүй хоосон орон зайг давж туулахад нас барагсдын тусламж надад хэрэгтэй байсан юм. Романы нэгэн дүр болох Дун Ху хүү ээжийнхээ гараас хөтлөн наран ээвэр газраар замчлан алхдагтай л эгээ адил.
Мэдээж би амиа алдсан, ард нь гашуудан үлдсэн хүмүүст тохиолдсон бүхнийг эргүүлж буцааж үл чадна. Би тэдэнд энэ биеэрээ мэдэрсэн амьдрал, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө дамжуулахаас өөрийг өгч үл чадна. Зохиолынхоо эхлэл, төгсгөлд зул барихыг хүссэн тул талийгчдын цогцсыг цуглуулж, оршуулах ёслол хийж буй мужийн захиргааны биеийн тамирын заалнаас зохиолынхоо үйл явдлыг эхлүүллээ.
Хүн төрөлхтний харгислал, мөн чанарын тухай өгүүлэх энэ зохиол цаг хугацаа, орон зайн хувьд Кванжү хотод өрнөх хэдий ч бичих явцдаа энэ нэр гагцхүү Солонгосын нэгэн хотын нэр төдий биш бид бүгдэд хамаатай ерөнхий нэршил болон хувирч буйг ухаарсан юм. Энэ нэр цаг хугацаа, орон зайгаар өртөөлөн бидний одоотой ямагт холбогдож, үргэлжид биднийг чиглэн ирж буй энэ одоо цаг билээ.
2014 оны хавар хэвлэгдсэн энэ ном уншигчдын сэтгэлийг ямар ихээр өвтгөж буйг мэдрэхдээ би гайхан балмагдсан юм. Номоо бичиж суухдаа миний мэдэрсэн өвдөлт уншигчдын мэдэрч буй зовуурь шаналантай хэрхэн холбогдож буйг тогтож суугаад бодох цаг хэрэгтэй байлаа.
Энэ тарчлаант шаналлын цаад учир шалтгаан юу байж болох вэ?
Бид хүн төрөлхтний сайн сайханд итгэхийг хүсэвч тэрхүү итгэл ганхаж нурахын цагт өөрсдийгөө сүйрч буйгаар мэдэрч байгаа нь энэ үү?
Хүмүүний мөн чанарыг хайрлахыг хүссэн ч тэр хайр нуран унахыг хараад зовж, тарчилж буй нь энэ үү?
Хайр биднийг өвтгөдөг үү? Өвдөлт гэдэг чинь хайр юм уу?
 
Тэр жилийнхээ зургаадугаар сард би нэгэн зүүд үзлээ. Цас зөөлнөөр хялмаалж ахуйд элчилгүй талаар ганцаар алхаж явах юм. Тал дүүрэн, мянга мянган хар модны хожуул байх агаад хожуул нэг бүрийн ард булш байх ажээ. Тэрхэн мөчид усан дотор зогсож буйгаа мэдсэн би эргэн харвал тэнгэрийн хаяа гэж андуурагдам хаяа хярхаггүй талын энгээс далай тэнгис цалгилан айсуй. Яахаараа энд ийм олон булш байдаг билээ гэж би гайхан бодно. Наагуур байгаа булшнуудыг ч болох нь ээ эртхэн зөөж, холдуулах хэрэгтэй юм болов уу гэж би бодно. Даанч хүрз ч байхгүй гар хоосон би яаж зөөх билээ дээ. Ус аль хэдийн шагай давжээ. Зүүднээсээ сэрээд түнэр харанхуй өөд цонхоор ширтэн зогсоход энэ зүүд надад ямархан нэгийг дохиолж байх шиг санагдсан юм. Зүүдээ тэмдэглэж суухдаа дараагийн зохиолын минь эхлэл болж мэднэ гэж бодлоо.
Тэр зүүд намайг чухам хааш хөтлөхийг мэдэхгүй ч зүүдтэйгээ холбогдох хэд хэдэн түүх эхлүүлээд орхив. Өдөр хоног өнгөрсөөр, 2017 оны арван хоёрдугаар сард Чэжү арал дээр өрөө хөлслөөд хоёр жилийн турш Сөүл, Чэжү хоёрын дунд ирэн очин амьдрах боллоо. Моддын дундуур, далайн эргээр, тосгоны замаар алхаж, Чэжүгийн жихүүн салхи, нарны гэрэл, цас бороог мэдэрч асан цаг мөч бүхэндээ бичих романаа дотроо зураглаж байлаа. “Хөвгүүн ирлээ” зохиолоо бичихийн өмнө уншиж судалж байсан шигээ харгислалаас амь гарсан хүмүүсийн гэрчлэл уншиж, энд тэндээс баримт сэлт цуглуулж, үгээр илэрхийлж боломгүй мэт санагдах хэрцгий балмад бүхнээс харцаа үл салган, биеэ цэхлээд “We Do Not Part” романаа бичсэн билээ. Модны хожуулууд, давлагаалах их усан зүүдэлснээсээ хойш долоон жилийн дараа энэ романаа бичсэн юм.
Зохиолоо бичиж байхдаа дэвтэртээ ийн бичжээ:
Амьд явна гэдэг амьдрахыг хүсэн бэдэхийн нэр. Амьдарна гэдэг халуун дулааны нэр.
Үхнэ гэдэг цэв хүйтэн болохын нэр. Цас хайлан урсалгүй нүүрэн дээр хунгарлахын нэр.
Алж хөнөөнө гэдэг авралгүй хүйтнийг үйлдэнэ гэсэн үг.
Сансар огторгуйд, түүхийн хуудаснаа үлдсэн хүмүүн төрөлхтөн.
Салхи, тэнгис далайн тасралтгүй урсгал. Буй ертөнцийг холбон урсах агаар усны урсгал. Бид бие биестэйгээ холбоотой. Тийм байгаасай хэмээн би хүсэн залбирна...
Романы эхний бүлэгт өгүүлэгч Кюнха найз Инсоныхоо тэжээвэр шувууг аврахаар лавсан орох цасан дундуур Сөүлээс Чежү рүү замд гарах бол хоёрдугаар бүлэг романы гол дүрийн хоёрыг эгэл ардыг алж хядсан, түүхэн дэх хамгийн бараан харанхуй 1948 оны Чежүгийн нэгэн шөнө рүү хөтөлнө. Үнэн хэрэгтээ Кюнха, Инсон хоёулантай нь холбогдох энэ романы гол дүр бол Инсоны ээж Жонсим билээ. Чэжүгийн хядлагаас амьд гарсан тэр эмэгтэй хайртай хүмүүсийнхээ мах, ясны тасархайг цуглуулан тэмцэж, хүн ёсоор хөдөөлүүлж чаддаг. Уйлж гашуудахаа умарталгүй тэмцэж, зовлон шаналлаа тэвчин байж болсон хэрэг явдлыг бүгдэд сануулан тэмцэх эмэгтэй. Салах ёс хийгээд л буугаад өгчихдөггүй, өчнөөн шаналж, төчнөөн хайрлаж буй тэр эмэгтэйн тухай бичиж байхдаа би өөрөөсөө, “Бид нэгнээ хэр их хайрлаж чаддаг юм бэ? Бидний хайранд хэмжээ хязгаар гэж бий юү? Эцсийн эцэст хүн байхын тулд хэр их хайрлах ёстой юм бол?” хэмээн асуусаар байлаа.
Энэ роман Солонгос хэлнээ хэвлэгдээд гурван жилийн нүүрийг үзсэн ч би дараагийн зохиолоо хараахан дуусгаж амжаагүй л байна. Одоо бичиж буй романаа би удаан хугацаанд хүлээж байсан мэт санагдана. Хорвоод мэндлээд хоёрхон цагийн дараа өөд болсон эгчдээ өөрийн амьдрал, цаг хугацаанаасаа өгөхийг хүсэж, юу ч болсон элж мартагддаггүй зүйл амьдралд байдгийг тэмдэглэн үлдээх гэсэндээ бичсэн “The White Book” романтай маань шууд холбогдох нэгэн зохиол бичиж буй.
Хаа хүрч, хэрхэн төгсөхөө тааж мэдэх хэцүү л дээ. Алгуур удаан ч гэлээ би бичсээр л байх болно. Аль хэдийн бичсэн зохиолуудынхаа хажуугаар өнгөрч, цааш алхсаар зохиолууд минь нүдэнд үзэгдэхгүй болтол, амьдралынхаа эцсийг хүртэл бичих болно. Холдох тусам зохиолууд минь миний мэдлээс гарч, өөр өөрийн хувь тавилангаар амьдрах учиртай.
Цонхон цаана ногоон түүдэг гал мэт модод дүрэлзэж ахуйд эгч дүү хоёр түргэний тэрэг дотор хамтдаа үлдэнэ. Бүсгүй анир гүм, түнэр харанхуйд эрийнхээ алган дээр үгсээ бичнэ. Хорвоод мэндлээд хоёрхон цаг амьдарсан бяцхан үрээсээ “Битгий орхиоч” хэмээн эцсээ хүртэл гуйх залуухан ээж минь ч бас тэндээ үлдэнэ. Аньсагыг минь гэрлээр төөнөж, бүлээн илчээрээ нөмрөн хучсан амь үрэгдэгсдийн сүнснүүд хэр хол зам туулах бол? Салах ёс хийж ядан зогсох хүмүүсийн гарт атгаатай, аллага, харгислалын золиос болсон амь нэг бүрийн төлөө асаасан лаа, өргөсөн зул хэчнээн холыг туулах бол? Гэрэлт алтан шаглаас хөлөглөж, зулаас зулд, зүрхнээс зүрхэнд өртөөлөн хүрч чадах болов уу?
  
Нэгдүгээр сард нүүхээсээ өмнө олж уншсан бяцхан ном дээрх шүлгээ уншвал 1979 оны хавар хүүхэд байсан би “Хайр гэж юу юм бэ? Хайр хаана байдаг юм бэ?” хэмээн өөрөөсөө асууж байжээ.
Харин 2021 оны намар “We Do Not Part” номоо хэвлэх хүртлээ “Энэ дэлхий яагаад харгислал, зовлонгоор дүүрэн юм бэ? Гэсэн атлаа яагаад ийм үзэсгэлэн төгөлдөр оршино вэ?” хэмээн асууж байлаа.
Төдийгөөс өдий хүртэл эдгээр асуултын эсрэгцэл, зөрчил намайг тэлчлүүлж, хурцалж зохиол бүтээлүүдээ бичсээр ирлээ. Хамгийн анхны номоосоо сүүлийн номоо бичих хүртэл өөрөөсөө асуусан асуултууд үргэлж хувьсан өөрчлөгдөж байсан ч дээр дурдсан эл асуултууд хэзээ ч замхарч бүдгэрсэнгүй.
Гэвч хоёр гурван жилийн өмнөөс би эргэлзэх болсон юм. 2014 онд “Хөвгүүн ирлээ” зохиол Солонгост хэвлэгдсэний дараагаас хайрын тухай, биднийг холбож нэгтгэдэг өвдөлтийн тухай бодож эхэлсэн юм гэж үү? Өнөөг хүртэл бичихдээ өөрөөсөө асуусан бүхий л асуултууд гүний гүндээ хайр өөд чиглээгүй гэж үү? Хайр гэдэг амьдралын минь эхлэх цэг, хавж ургасан гүн бат үндэс биш гэж үү?
Хайр гэдэг зүрх хэмээх хүний нүднээс далд тэр л газарт оршдог гэж 1979 онд жаал охин байхдаа бичжээ. Хайр гэж чухам юу вэ гэвэл бидний сэтгэл зүрхийг холбон нэгтгэдэг гэрэлт алтаа шаглаа гэжээ.
Би энэ бие махбодоороо зохиолуудаа бичдэг. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, эмзэглэх...Халуун дулаан, хүйтэн цэвдэг, өвдөж шархирахыг мэдэрч буй зүрхээ чагнаж, энэ биедээ хоол унд, ус агаар хэрэгтэй байгааг анзаарч, алхаж, гүйж, салхи, цас, бороо, атгасан гар арьсыг минь хэрхэн шүргэхийг мэдэрч, бүхий л торгон мэдрэмжээрээ зохиолуудаа бичдэг. Судсаар минь цус гүйж буй амьд бодгалийнхаа бүхий л мэдрэмжийг үг өгүүлбэрт хувиргахыг хичээдэг.
Энэ биеэрээ уншигчдад цахилгаан гүйдэл дамжуулж буй мэт санагдаж, уншигчид түүнийг минь хүлээн авахад сэтгэл минь хөдөлж, хөвсөлзөн догдолдог. Чухам ийм л хором мөчүүдэд өөрөөсөө асуудаг асуултууд минь уншигчдад дамжин хэлний уран шаглаа биднийг холбон нэгтгэхийг мэдэрдэг юм. Энэ л шаглаагаар надтай холбогдсон хойшид ч холбогдох хэн бүхэнд чин зүрхний угаас гүн талархал илэрхийлье.
Солонгосын зохиолч, 2024 оны Нобелийн утга зохиолын шагналт Хан Ган
Орчуулсан: Базаррагчаагийн Дэлгэрмаа

Сэтгэгдэл хэсэг