Ц.Гончиг: Чингиздээ золгохуй “Бишкекийн тэмдэглэл”-ээс

 
Өнөөдөр билгийн тооллын хаврын тэргүүн улаан барс сарын шинийн нэгэн. Хөх луу өдөр. Аргын тооллоор Хоёр мянга хорин дөрөвдүгээр оны хоёрдугаар сарын арван болой.  
Бүхий л амьдралын туршид минь жил бүрийн тэмдэглэлт өдөр байж, элдэв дээдийн зан үйлд өөрийгөө зориулж ирсэн цагаан сар, сар шинийн баяр ёслол өнөөдөр харин надад огт хүртээлгүй мэт санагдана. 
Бага ахуйд эл өдөр үүр залгаж шөнө хагацах заагаар сумын төвийн  айлууд бүгд босчихсон тооноор нь гэрэл улалзаж, аагтай цайны уур савсаж байдаг сан. 
Лхам бурхан энэ цагаар дэлхий ертөнцөө залран ирж айл бүхнээр нэгэн зэрэг зочилно. Хэрэв тэр үед унтаж байх аваас бурхны ивээл нөмөрт багтаж чадалгүй үлдчихдэг гэх тул манайхан бүгд л тийнхүү туулай цагт босож хүний тоонд багтахыг хичээдэг байж дээ. 
Энэ жил харин би анх удаагаа Лхам бурхны бүртгэл дансанд багтаж чадсангүй ээ. Унтаж орхиж. Хэрэв бурханд цагийн зөрүү үйлчилдэггүй гэвэл цаас шагайж суух мөчид миний өссөн суурингийн минь айлууд ямартай ч бүгд босчихсон л байж дээ. Тэгвэл ч эрх биш нэг хүний тоонд багтчих багтах учир бий байлгүй. 
Лхам бурхан бүү хэл улаан барс сар, хөх луу өдөр, туулай цаг ч гэж мэдэхгүй арван буман хүний дунд шинийн нэгний өглөө сэрээд ийн дэмий юм баахан бодож жаал хэвтэв. 
Монгол хүн байна даа ядаж босож зүг, мөрөө гаргая даа!. Гол усандаа байсан бол цээрээ гаргах энэ зан үйл юутай утга учиртай билээ дээ. Бүгд л таньж мэдэх улс, зүгийн сайндаа мөрөө гаргаж заслаа хийж яваа зурхайн найман хөллийн аль нэгийнх нь харьяатууд. Андашгүй дээ огторгуйд, шороонд, галд, усанд суусан улс. 
Би энэ жил модонд суужээ. Түмэн олны дунд  гав ганцаараа цог хийморийнхоо зүгт гараад буян хишгийн зүгээсээ ирэхдээ “Ум базар дагний хум мама бязаяа суухаа” гэдэг тарнийг гудамжны буланд бүвтнэж зогсох нь. 
Ингэж бодохоор бурхны номд бас “...сэтгэл сайнтай явах аваас цаг болгон сайн, зүг бүхэн өлзийтэй...”  гэдэг  бус уу хэмээн бодогдох. Хэдий ийм ч бас хэрэг тусаа өгөх биз хэмээн бодож зүгээ гаргаад авлаа. Хэтэрхий амиа бодсон хүн ч юм шиг.  
Элчин сайдын яаманд очвол эрхбиш тохой зөрүүлэн золгоод амар мэнд мэдчих хүн олдох биз хэмээн бодоод цахим хөтчөө асааж явах замаа зүглүүлэв. Чингиз Айтматовын өргөн чөлөөгөөр уруудаад Лев Толстойн гудамжаар эргэж хоёр буудал газар яваад хүрэх аж. Максим Горькийн гудамжаар орсон ч болох нь ээ. 
Гэсэн хэдий ч энэ удаа надад анхнаасаа л хүртээлгүй мэт санагдсан цагаан сард заавал өөрөө зорьж хүрмээргүй санагдав. Утасны дэлгэцэд хотын газрын зургийг долоовор дунд хуруугаар гортиглон бүтэн эргүүлж Айтматовын өргөн чөлөөг өгсүүлэн хараа бэлчээхэд автобусны сүүлчийн буудлаас лавтай 2 буудлын газарт  Чингиз Айтматовын гэр музей байх ажээ. 
Ажиллах цагийн хуваарийг нь дэлгэрүүлсэн үзвээс энэ улс орны хамгийн алдартай эрхмийн орон гэрийн үүд хаалга могой цагаас бич цаг хүртэл зориод ирээ гэж намайг урин дуудах шиг дэлгээтэй байж л байх нь. 
 
Ер нь Чингиздээ золгоё. Энэ дэлхийд ирээд буцахдаа их хааны минь нэрийг авч түүнийхээ алдар хүндийг чадлаараа дуурьсгасан зохиолчийнд очих нь энэ удаад надаас алслан одсон цагаан сарын өдөрт эвтэйхэн зохицмоор санагдав. 
Эргэлзэж удаж түдэлгүй элчин сайдын яам руу чиглэх замын эсрэг урсгалаас нь 56 дугаартай унаанд суучихлаа. 
Автобус сүүлчийн буудалдаа хүрэхэд надаас өөр хүн үлдсэнгүй. Цахим хөтчөө дагаад алхлаа. Зориуд тарьж ургуулан тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн дунд өргөө гэр нь байна гэсэн төсөөлөл минь алхаж явахад өөрчлөгдлөө. Алу-Арча уулын олон салаа амны нэг рүү нь өгсөж эхлэв бололтой бололтой. “Дом-музей Чингиза Айтматова  ...метр” гээд сум заасан самбарууд намайг өртөөлүүлэн аялуулсаар шалган нэвтрүүлэх цэгт хүргэлээ. 
Буутай хоёр цэрэг уулын амыг хаагаад манааны шовгортоо сууж байх юм. Манайхаар бол Богд уулын Их тэнгэрийн ам бололтой. Уг нь зорьсон айл маань харуулын цэгээс цааш 200 алхамтай л харагдана. 
Музей үзэх гэж яваагаа дуулгахад халгаасангүй. Удахгүй хаах цаг нь болсон тул маргааш эрт ирэх хэрэгтэй гэнэ. “Өнөөдөр цагаан сар шинийн нэгний өлзий дэмбэрэлтэй өдөр танай алдартай зохиолчид би золгохоор ирлээ” гэдэг үнэн учраа хэлбэл цагаан сарын учир билгийг эс мэдэх хоёр цэрэг аль хэдийн 16 жилийн өмнө мөнх бусыг үзсэн хүнд бараалхана гэж яваа намайг сэтгэцийн өөрчлөлтэй гэж үзэх нь тодорхой. 
Би “Монголоос ирсэн маргааш энд ирж чадахгүй буцах нислэгтэй өнөөдөр заавал энэ музейг үзэх ёстой юм” хэмээн шалтаг зохиож учирлаад халааснаасаа янжуур гарган хоёрыг сугалж барив. Тэр хоёр сандран дургүйлхсэн боловч тэр даруйгаа харуулын байрныхаа ард гарч ирээд өнөөх саналаа дахин тавихыг надаас хүслээ. Харваас хугацаат цэргийн албаны залуухан хөвгүүд ажээ. Надад хэрэггүй хэмээгээд хайрцагтай тамхиа тэр хоёрт бэлэг болгов. Цагаан сар байна даа амьтны алга дээш нь харуулалгүй яах вэ дээ. 
Харуул манааны зан байдал сайжирлаа. Удалгүй нэг нь харуулын байрандаа орж утас цохиод Чингиз абугайн гэрээс орох зөвшөөрлийг надад олж өгөв. “Чон рахмат” ингэж хэлээд би цааш алхлаа. 
Хэрмэн хаалганы үүдэнд намайг музей тайлбарлагч Айгерим Керимканова гэх залуухан бүсгүй тослоо. Дааман хаалгаар биднийг нэвтрэн ороход хашаанд ургасан арцны модод дээрх шувууд жиргэлдэн угтав. Хашааны хаалганаас байшин хүрэх зай хэдий томгүй ч арцны моддыг чимэглэн ургуулж, сайхан тохижуулжээ.
Ингээд орж явчхав. Хоёр давхар, урт байшин өрөө тасалгаа олонтой ажээ. Их зохиолч халуун бүлээрээ бужигнаж байсныг гэрчлэх энэ гэрт авхуулсан гэрэл зургуудыг эхний өрөөнд өлгөж ээ. Тэр гарцаагүй энд амьдарч байж. 
 
 
Гэхдээ энэ орон гэр эхний өрөөнд өлгөөтэй зургууд дээрх шигээ өнцөг булан бүрээс нь халуун дулаан уур амьсгал мэдрэгдсэн эгэл боргил биш хэтэрхий ганган чамин төдий чинээ анир гүм болсон  санагдана. Унтдаг байсан ор цэмцгэр, бичгийн ширээ нь цэгцтэй, ёслолын хувцас, ганган таягийг нь хүртэл  шилэн хоргонд байрлуулан залжээ. Дэлхийн өнцөг болон бүрээс түүнд ирсэн үнэт эдлэл, дурсгалын зүйлсийг үзмэр болгон дэглэжээ.
Сони, Панасоник брэндийн хуучин радио, дугуйтай гутал, лааны суурь, гангар шаазан халуун орны үнэтэй модон тавилганаас эхлээд энэ гэрийн юм бүхэн Чингизтэй холбогдох урт түүхтэй бөгөөд ширхэгчлэн тайлбарлавал бүтэн өдөрт барагдах юм лав биш ээ. 
Дурсгалын олон эд агуурсын дотор их эзэн богд Чингис хааны хөрөгтэй цар хараа булаана. Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор Чингизд ирсэн бэлэг  бололтой. 
Хүйтэн дайны үзэл сурталд дэлхийн бөмбөрцөг хоёр туйлд хуваагдан ахуйд социалист баримжаатай улс гүрнүүдийн дунд алдар суугаа мандуулж зохиол бүтээлээ туурвисан энэ эрхэм Чингис хааны талаар тийм ч эергүү бодолтой байгаагүй гэдэг.  
Магадгүй түүний энэ санаа бодолд амьдарч байсан цаг үеийн байдал, үзэл санааны гэрэл сүүдэр тусаа л байлгүй. Хоржоонтой нь хэрэв энэ үнэн бол дургүй хүнийхээ нэрээр насан туршдаа дуудуулж амьдрах гэдэг мөн даажинтайяа хэмээн бодож зогслоо. 
 
Зөвлөлт улс задарсан цаг үеэс хойш Чингиз Айтматова бараг хориод жил амьдарчээ. Үнэн зөв гэж бодож байсан зүйлсийн ихэнх нь орвонгоороо эргээд 20 жил болсон гэхээр Чингис хааны тухай түүний бодол ч гэсэн өөрчлөгдсөн байж болох л юм. Бид хүртэл Чингизийн Чингис хаанд таатай биш хандаж ахуйд толгой дохиж байсан нь гучаадхан жилийн өмнө шүү дээ. 
Магадгүй Чингиз Айтматова гуай Их Монгол улсын 800 жилийн ойд зориулсан Чингис хааны хөрөг бүхий дурсгалын царыг хүндэтгэн хүлээн аваад зогсож байхдаа 800 зуун жилийн дараа намайг хүмүүс дурсах болов уу? гэж бодож амжсан л байх гэсээр дараагийн өөрөө рүү явлаа. 
Хүндэтгэлийн шилэн хоргонд түүний алдар гавьяаг илтгэх шагналуудыг байрлуулжээ. Тайлбарлагч ЗХУ-ын хөдөлмөрийн баатар цол тэмдэг, Лениний одонгоор хоёр удаа шагнуулсныг ач холбогдол өгөн тайлбарлана. Харин Фридрих Рюккерт, Алишер Навой, Виктор Хюгогийн нэрэмжит шагналууд миний харааг булаана. 
 
Музейд түүний хөрөг болон зохиол бүтээлээс сэдэвлэсэн уран зургуудыг ханаар нь дэлгэжээ. Энэ түүний “Жамиль”-д хамаарах зургууд, эдгээр нь “Зуунаас ч урт өдөр” зохиолоос сэдэвлэсэн зураг, за энэ бол “Цайран харагдах хөлөн онгоц” харин тэр нь Цаазын тавцанд холбогдох зургууд хэмээн тайлбарлана. 
Нэгэн зурагт сүндэрлэх уулсын дундаас цойлсон хоёр оргилын дээр хуралдсан үүлсээр зохиолчийн дүрийг Киргизийн эртний туульсын Манас баатартай орооцолдуулан зуржээ. Нарийн ажиглавал уулсын бэлд мөн Цайран харагдах хөлөг онгоц хөвж явах аж. Тэрхүү оёр оргилын нэгийнх нь нэрийг “Манас” гэх бол нөгөөх оргилын нэр нь Чингиз Айтматов гэнэ.  
Киргизийн нурууны төв хэсэгт орших Салыкийн мөсөн голын бүсэд далайн түвшнээс дээш 4650 метрийн өндөрт орших нэргүй нэгэн оргилыг Таласын их уулсын дундах Шекер хэмээх жижигхэн тосгонд төрж, өссөн Чингиз Айтматовын нэрээр 2000 онд алдаршуулан дархалжээ. Юугаараа баян билээ? түүгээрээ бахархана гэж энэ.
 
 
Алдар хүндийг тодотгох олон шагналууд, ард түмнийх нь, уншигчдынх нь их хайрыг дэлгэсэн энэ байшинд амьдаас амьд хэсэг нь харин түүний номын сан л юм шиг санагдлаа. Бичиж туурвисан бүтээлүүд нь олон удаагийн хэвлэлт бүрээрээ, улс үндэстний хэл аялгуунд буусан янзаараа эгнэнэ. Магадгүй энд л түүнийг 800 жилийн дараа ч амьдруулсаар байх амин сүнс нь буй биз ээ.  
Музей үзэж дуусаад байшингийн арын хаалгаар гарч түүний эдлэнд зочлов. Дааман хаалгаар анх орохдоо давчуухан хашаа юм гэж бодсон нь эндүүрэл байжээ. Байшингийн арын  цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур жаал зугааллаа. Чинээлэг сайхан амьдарчээ. 
Чингиз Айтматова гуайн тарьсан чилгэр том мөнгөлөг улиасыг түшиж зогсоод нөгөө л шоронгийн хана налж суусан Д.Нацагдорж, Д.Намдаг тэргүүтнийхээ гуниг хувь тавиланг санав. Энүүхэнд гэхэд л  “Гэр минь цэл хүйтэн. Галаа түлье гэтэл. Бурхнаас өөр модгүй” хэмээн хөлдсөн бэхээ амьсгалдаа гэсгээн бичиж суусан Гүр.Нямдоржоо дурсав. Гэтэл энд зохиолч хүнд ингэж амьдран суудаг байжээ. Нэг мэдсэн баахан гуниг, цагаан атаархалд автчихаж.
Тэднийхээс тайлбарлагчийн дурсгал болгож өгсөн их зохиолчийн зураг бүхийг соронзон наалтаа гартаа нандигнаад буцаж явлаа. Цагаан сараар бэлэггүй харина ч гэж хаана байх вэ. Улиас, арц моддыг эгүүлэн тарьсан урт цардмал замаар харьж явна. Айтматова абугайн гэрээс харин шүлэггүй буцна гэж юу байх билээ. Алхаад л байлаа. 

Хавчиг үүрч, бадар өвөрлөсөн идэрхэн бадарчин 
Харь шашинт хотод хаврын өдрийн түрүүчээр
Улиас, арцны моддыг эмжин тарьж ургуулсан 
Урт цардмал замаар ганцаар жаал алхахуй 
Мөнгөн улиасны үндэс гүний усыг татаж
Мөчир салаа бүхнээрээ хөөн түрээд гэрэлтэхүй 
Цацарсан ийм гэгээтэй эгнээлэн ургасан модод
Цагаан дарь эхийн дүртэй эгнэж дүймээр бодогдоно
Бэлхүүс дээрх мэнгэ адил үйсэнд товойсон ур нь 
Бие галбирт тэг зурсан хүйн ором шиг харагдана
Голт биеэс нь ургасан бахимхан хоёр үзүүрт
Гоёхон хуруу шиг уран мөчир бурхны мутар шиг нумарна. 
Урин дэлгэсэн энэхэн алган дээрээс удалгүй 
Ариун мэлмий шиг навч аньсагаа нээх болно
Гүний усны дуслаас үүссэн тэр мэлмий   
Хүний амьдралыг бүхэлд нь дэнслэн ширтэх болно. 
Мөнх арцны ногоон үнэр агаарт уусан дуниартнам   
Мөнөөх үнэрийг нь салхи түгээж гудам нилдээ ариусахуй
Завилж суугаа мэт тэгтэй арцны энэ моддыг ажихад  
Залбирч буй ногоон дарь эхтэй эгээ л адил санагдана
Титэмт үзүүрт нь бөмбийсөн анхил үнэр
Тэргүүндээ гэрлэн гүнгэрваа асаасан бурхны дүр шиг үзэгдэнэ. 
Үелэн булцайсан тэргүүлэгч мөчир шилмүүсээ сая задлахад
Үүсэн бүрэлдсэн гэрлэн гуу өөрөө хагаран цацарна. 
Түгэн тархсан  энэхэн гэгээнээс удалгүй 
Түрүүчийн хурын үүлс тэнгэрт хуралдана
Арцны үнэрээр арвилсан анхны бороон дуслууд 
Амьтан хүнийг ялгалгүйгээр адислан унах болно.  
Замын голоор алхаж явахдаа бадарчин бээр харь хотод
Занабазар гэгээний хийцээр моддыг нь барлаж дуусгавай. 
2024-02-10
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн.
Бишкек хот.
  
  

Сэтгэгдэл хэсэг