Андрей Курков: Азаар би ямар ч үед хаана ч бичиж чаддаг

 

2001 онд “Death and the Penguin” роман нь англи хэлнээ хэвлэгдсэнээр Андрей Курков хэмээх зохиолчтой анх танилцаж байлаа.
Виктор, түүний тэжээдэг Миша нэрт оцон шувуу хоёрын тухай бараан хошигнолоор дүүрэн абсурд зохиол. Зөвлөлт холбоот улс задарсны дараа хөлөө олох гэж хичээх залуухан зохиолч Виктор Киевийн амьтны хүрээлэнд унд хоолгүй хаягдсан оцон шувууг гэртээ авчирдаг. Мань эр Мишагаа загастай байлгаж, амьжиргаагаа залгуулахын тулд орон нутгийн хэвлэлүүдэд эмгэнэлийн мэдээ бичнэ. Амрагтаа хаягдсан, өгүүллэгүүд нь амжилт олоогүй, ёлтгор гэрэлтэй ядуухан сууцанд амьдардаг Викторт хань бологч Миша оцон шувуу бол түүний цөхрөл, ганцаардлын чимээгүй гэрч билээ.
Зөвлөлт холбоот улс задарсны дараах Украин орныг егөөдөн бичсэн энэ роман англи хэлнээ орчуулагдан гарсан хамгийн амжилттай украин зохиолуудын нэг юм.
“Death and the Penguin” анх хэвлэгдэн гарахад нөхцөл байдал одоогийнхоос тэс өмнөө байлаа. Тэр үед уншигчид Киевийн сэтгүүлч, зохиолч Курковтой анхлан танилцаж байсан төдийгүй Киев хотыг ч Украины нийслэл гэхээс илүүтэй Оросын Киев гэдгээр нь мэддэг байсан юм. Энэхүү номыг англи хэлнээ эрхлэн гаргасан Харвилл, Пингвин хэвлэлийн газрынхан “Зөвлөлт холбоот улс задарсны дараах завсрын үед гарсан уг бүтээл Оросын уран зохиолын цаашдын хөгжилд багахан ч атугай түлхэц болох нь дамжиггүй” хэмээн тодорхойлж байв.
2022 онд Орос улс Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлэх ажиллагаа эхлүүлснээс хойш орос хэлээр зохиол бүтээлээ туурвидаг Андрей Курков дэлхий дахины уншигчдад Украин орноо ойлгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Иймийн тул Оросын утга зохиол гэдэгт зөвхөн орос зохиолчдын ном бус орос хэлээр бичигдэж буй бүхий л бүтээл хамаарна гэдгийг тодотгох нь зүйтэй.
Андрей Курков роман, баримтат бүтээл, хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэл, радио нэвтрүүлгүүдээрээ дамжуулан ард түмнийхээ дуу хоолойг хүргэсээр байна. Тэрээр “Украины тэмдэглэл” номоороо дамжуулан улс төрийн алив донсолгоо, тогтворгүй байдал ард олны өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйд санаа зовнин буйгаа өгүүлж, Орос-Украины дайны эхлэл, учир шалтгааныг ухан бичсэнээрээ барууны уншигчдад хүрч, орон улсынхаа гуйвшгүй зоригийг гэрчилсээр байгаа билээ.
Түүний зохиол бүтээлүүд дэх хүнлэг энэрэнгүй чанар дэлхий дахины уншигчдын талархлыг хүлээсээр буй. Анхны роман нь англи хэлнээ орчуулагдсанаас хойш ихэнх зохиол бүтээл нь англи хэлнээ орчуулагдан амжилт олж, 14 дэх бүтээл нь энэ оны сүүлээр англи хэлнээ гарах гэж байна. Курковын зохиолууд дэлхийн дөчин хэлнээ орчуулагдсан. Ердөө ганц бүтээл англи хэлэнд орчуулагдах нь аз завшаан байдаг энэ салбарт Андрей Курков өдгөө чамлахааргүй амжилтад хүрчээ. Түүний зохиолууд орон улсынхаа улс төрийн амьдралын бодит байдлыг харуулахын зэрэгцээ хүмүүний амьдрал, тэмцлийг тод томруун өгүүлдгээрээ уншигчдын сэтгэлийг татсаар байна.
Курковын зарим бүтээл улс төртэй шууд холбогддог. “The President’s Last Love” романд Украины ерөнхийлөгчийг хордуулж, Путин эргээд төрийн эрхийг гартаа авч буй тухай өгүүлдэг нь ончтой таамаглал байв.
Мөн 2018 онд гарсан “Саарал зөгийнүүд” романдаа Украин орны одоогийн нөхцөл байдлыг тод томруун өгүүлсэн байдаг. Хүн ард нь дүрвэж, дайн дажны хөлд талхлагдсан Донбасын тосгонд үлдсэн Сергей Сергеич гагцхүү дайн дуусаж, цэцэг жимс дэлгэрч, зөгийнүүдээ тааваар нь бэлчээх энх цагийг хүсэн хүлээнэ. Борис Дралюкийн орчуулсан энэхүү романд амь амьжиргаагаа хамгаалан тэмцэхдээ Донбасаас Крым рүү амь өрссөн аялал хийх “дотоодын дүрвэгч”-ийн тухай өгүүлдэг. Зөгийчний амьдрал, Крымийн үзэсгэлэнт байгаль, тэнд уулзсан татаруудын тусархаг сайхан сэтгэлийг амьдралд нь заналхийлэн үргэлжилсээр буй утга учиргүй, түрэмгий дайнтай харгуулан бичжээ.
Андрей Курковын зохиол бүтээлүүдийг Жорж Берд, Эндрю Бромфилд, Борис Дралюк, Аманда Лав Дарраг, Сэм Тейлор, Рубен Вулли нар англи хэлнээ хөрвүүлээд байна. Цахим шуудангаар холбогдон ярилцлага авах хүсэлтийг минь зохиолч тун ч уриалагхан хүлээж авсан билээ. Миний бие түүнтэй дайны үеийн Украины уран зохиол, зохиолчдын байр суурь болоод “Silver bone”, удахгүй хэвлэгдэх “Our daily life” зохиолуудынх нь талаар ярилцлаа.
Уншигч олон таны зохиол бүтээлүүдтэй 2022 оноос өмнө танилцсан ч Орос, Украины байдал хурцадсанаас хойш дайны талаар хэвлэлд өгсөн олон ярилцлага, сонин хэвлэлд гарсан мэдэгдэл, нийтлэлүүдээрээ та барууны уншигчдад ихээхэн танигдсан болов уу.
Энд таны “Украины тэмдэглэлүүд: Киевээс илгээсэн шуудан” (2014 онд Сэм Тэйлор орчуулсан), “Түрэмгийллийн тэмдэглэл” (2022) зэрэг баримтат бүтээлүүдийг дурдах нь зүйн хэрэг. 2022 оны тавдугаар сард “PEN World Voices” арга хэмжээний үеэр "Бичих эрх чөлөө" нэртэй илтгэл тавихдаа дайны үед зохиол бичиж чадахгүй байлаа ч Украинд болж буй үйл явдлыг бичиж, гэрчлэн үлдээхээ мэдэгдсэн тань тэр хэвээр үү? Өнөө цагийн украин зохиолчдын үүрэг, нөлөөллийг та хэрхэн харж байна вэ?
Угтаа би Украин орныг өөр бусад зүйлээрээ уншигчдын сонирхлыг татаж байгаасай гэж чин зүрхнээсээ хүсдэг ч Оросын түрэмгийллээс үүдэн газар бүрд украин зохиолчид болоод тэдний зохиол бүтээлүүд анхаарлын төвд байх болсонтой маргах аргагүй. Зэвсэгт мөргөлдөөний эхэн үед буюу 2017 онд саарал бүсийн тухай бичиж хэвлүүлсэн “Саарал зөгийнүүд” роман маань энэ дайны одоогийн нөхцөл байдлыг ойлгоход ихээхэн нэмэр болсон болов уу. Утга зохиолын уулзалт, арга хэмжээнүүдийн үеэр надад ирдэг асуултуудаас харахад 2017-2022 оны хооронд бичсэн 1919 оны Киевийн тухай өгүүлдэг түүхэн хоёр романыг маань ч уншигчид ийм өнцгөөс харж байна. Энэ цувралынхаа гуравдугаар ботийг би дуусгаж амжаагүй байгаа л даа. Романдаа төвлөрч суух боломж хараахан алга. Учир нь би Украины одоогийн нөхцөл байдлыг цаг алдалгүй бичиж тайлбарлахын тулд болж буй бүхэнд бүхий л оюун санаагаа эзлүүлчхээд байна. Украины соёлын салбарын төлөөлөгчид болоод сэхээтнүүд галын шугам дээр тулалдахгүй ч авьяас чадвараараа дуу хоолойгоо хүргэж, ард олныг удирдан чиглүүлэх учиртай гэж би боддог.
Украины утга зохиолын салбарт дайн хэрхэн нөлөөлж байна вэ? 2022 онд танай улсыг бүхэлд нь эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа эхэлснээс хойш барууны орнууд Украины уран зохиолыг ихээхэн сонирхох болсон нь энэ салбарт ямар нөлөө үзүүлэв? Зохиолчид үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
Давын өмнө Украины гуч гаруй зохиолч, яруу найрагч, хэвлэн нийтлэгч, орчуулагч энэ дайны үеэр бөмбөгдөлтөд өртөж, тулалдаанд амь үрэгдэж, цаазлуулсан гэдгийг сануулж хэлэх нь зүйтэй. Тухайлбал хүүхдийн зохиолч Володимир Вакуленко дайны хөлд амь үрэгдлээ. Мөн гуч гаруй зохиолч дайны талбарт тулалдаж байна. Ийм шалтгаанаас болоод олон олон зохиолч дайны тухай бичиж чадахгүй байна шүү дээ. Нөгөөтээгүүр 2023 онд Киев хотод арав гаруй номын дэлгүүр шинээр үүд хаалгаа нээсэн. Хүмүүс маш их уншиж байна. Гэхдээ дайны өмнө уншиж байснаасаа тэс өмнөө зохиол бүтээлүүд сонирхох болсон. Гол төлөв баримтат бүтээл, Украины түүхийн номууд унших хандлагатай байна. Түүнчлэн 1920-1930 оны хооронд бичиж туурвиж асан нэр нөлөөтэй зохиолчдыг уншиж буй нь түүх сонирхож байгаатай холбоотой. Тэдгээр зохиолч 1937-1938 онд Сталины дэглэмийн үед хороогдож, 1991 он хүртэл зохиол бүтээл нь уншихыг хориглосон номын жагсаалтад орсноор мартагдаад байсан юм. Харин одоо эргээд уншиж эхэллээ. Түүнчлэн залуу зохиолчдын дайны тухай зохиолуудыг ч уншиж байна. Маркиян Камыш, Артем Чапей зэрэг цэргийн алба хааж буй зохиолчид ч бий. Тэр бүү хэл дайны сэдэвтэй хүүхдийн номууд уншигчдын анхаарлыг ихээхэн татаж байна.
Украины зохиолчид нэгнээ дэмжих ямар бодит арга зам эрэлхийлж байна вэ?
Дайны эхэн үеэс Украины зохиолчид гадагшаа зохиолчдын хөтөлбөрт явах боломжтой болсон. Энэ төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг “Pen Ukraine” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг. Сүүлийн үед гадаад явах боломжгүй эсхүл явах хүсэлгүй зохиолчдод зориулан санхүүгийн дэмжлэгтэй цахим хөтөлбөрүүд тогтмол явуулдаг болоод байгаа. Залуу зохиолчид, эхлэн бичигчдэд зориулсан хэдэн зуун тэтгэлэгт хөтөлбөрийг Украины болон гаднын байгууллагууд ивээн тэтгэж, “Pen Ukraine” хэрэгжүүлдэг. Баруун бүс буюу аюулд өртөөд буй бүс нутгийн зохиолчдыг оршин суух хөтөлбөрт урьдаг. Донецкийн орос хэлт зохиолч Володимир Рафеенко эхнэрийнхээ хамтаар зохиолч, яруу найрагч Андрей Бондарын хөдөөх гэрт 2014 оноос хойш найман жил амьдарсан түүх ч бий.
 
“Jimi Hendrix Live in Lviv” роман тань 2023 оны Бүүкэрийн шагналын сүүлийн шатанд шалгарахад өгсөн ярилцлагадаа энэхүү үйл явдал нь утга зохиолын хүрээнийхэн, уншигчдын анхаарлыг Украин болон Львов руу татах болсон тухай дурдаж байсан шүү дээ. Түүнчлэн 2018 онд хэвлэгдсэн “Саарал зөгийнүүд” номынхоо өмнөтгөлд Орос улс Крым болон Донбас мужийг хэсэгчлэн өөртөө нэгтгэснээс эхтэй дайны тухай бичиж, барууны уншигчдад өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг ойлгуулсан. Зохиол бүтээлүүд тань өөр хэлээр хэвлэгдэж, гаднын уншигчид таны зохиолуудыг уншиж Украин орны талаар таньж мэдэх нь таны нэгээхэн зорилго мөн үү? Таны зохиол бүтээлүүд Украинаас бусад оронд хэрхэн нөлөөлж байгаад ямар бодолтой явдаг вэ? 2014 оноос хойш байдал хэр өөрчлөгдөв?
Дайны өмнө уншигчдыг “боловсруулах” тухай төдийлөн бодож байсангүй. Аливаа зүйлийн тухай өөрөө сайтар ухаж ойлгохын тулд л бичдэг гэж боддог. “The Bickford Fuse”, “The Geography of a Single Gunshot” зэрэг эхэн үеийн зохиолууд маань Зөвлөлтийн үеийн тухай шүү дээ. Эдгээр романыг тухайн цаг үед амьдарч үзээгүй хүмүүс ойлгоход бэрх байж мэдэх ч Зөвлөлт засгийн үед аж төрж асан хүмүүст, ялангуяа өөртөө зориулж, хаанаас хаа хүрч яваагаа ойлгох гэсэндээ бичсэн шиг санагддаг.
Өнөө цагийн украин залуус эгээ л гаднын уншигчдын нэгэн адил улс орондоо юу болоод байгааг ойлгож түвдэхгүй байх шиг. Гэхдээ л яг одоо Украины ард түмэн үүх түүхээ маш ихээр сонирхон уншиж байна. Цэргүүд хүртэл ийм төрлийн ном бүтээл эрж сурдаг болсон.
Та “The Bickford Fuse”, “The Geography of a Single Gunshot” романуудаа Зөвлөлтийн үед хэт их төвлөрсөн, барууны уншигчдын сонирхлыг татахааргүй хэмээн тодорхойлсон байсан ч “The Bickford Fuse” англи хэлээр гарснаар амжилт олсон шүү дээ. Одоо танд “The Geography of a Single Gunshot” романаа англи хэлнээ орчуулан гаргах бодол бий юү? Энэ номынхоо тухай товчхон ярьж өгөөч?
1918-1974 он хүртэлх Зөвлөлтийн сэтгэлгээний хувьслыг өгүүлэх гурамсан роман юм л даа. Зөвлөлтийн түүхийг үлгэр домогтой сүлж долоон жил бичээд, хоёр жил засварлаж байж хэвлүүлсэн. Герман, итали хэлнээ орчуулагдсан энэ зохиол маань нэгэн цагт англи хэлээр хэвлэгдэнэ гэж найдаж байна. Бараан хошигнол, шидээр дүүрэн. Жишээлбэл, диваажинд яахаараа Зөвлөлтөөс хүн ирдэггүй билээ гэж гайхсан сахиусан тэнгэр диваажингаасаа оргоно. Диваажинд тэнцэх Зөвлөлтийн иргэнийг хайж олоод, насан эцэслэхээр нь диваажингийн хаалга өөд замчлах гэж байгаа юм.
Таны “Саарал зөгийнүүд” романд зөгийнүүдээ тайван газарт аваачихаар Донбас буюу саарал бүс дэх гэрээсээ явж, дотооддоо дайнаас дүрвэж буй зөгийчний тухай гардаг. Энэ зохиол хэвлэгдсэнээс хойш та өөрөө ч бас гэрээсээ явахаас аргагүйд хүрсэн. Шилжин суурьшсан нь таны бичих туурвих ажилд хэрхэн нөлөөлсөн бэ?
Би олон жилийн турш нэг газраас нөгөө рүү нүүсээр өдийг хүрсэн болохоор бичиж туурвих тусгай газар, орчин нөхцөл хэрэггүй гэж боддог юм. Арав ч юм уу, арван таван жилийн өмнө бол онгоцонд сайн бичдэг гэж боддог байснаа санаж байна. Гэвч одоо тийм байхаа больжээ. Нас маань ч явж, онгоцоор нисэх нь хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлж буй тухай ч бодох болж. Энэ хоёрт ихээхэн болгоомжтой хандахыг хичээх болсон. Азаар би ямар ч үед, хаана ч бичиж чаддаг, энэ тал дээр их уян хатан хүн л дээ. Дайны эхэн үед дөрвөн сарын турш дотоодын дүрвэгч байсан. Киевт буцаж ирэхээсээ өмнө Францад цагаачаар орогнож явлаа. Үзэж туулсан амьдралынхаа туршлагаар цагаач, дотоодын дүрвэгчид ямар амьдрал туулдгийг сайн мэднэ. Миний зохиол бүтээлд нөлөөлсөн цор ганц хүчин зүйл бол дайны үед дайны үеийн амьдралын тухай бичиж буй минь юм. Чухамдаа сүүлийн хоёр жилд би дадсан сурснаасаа огт өөрөөр, зуун хувь реалист хэв маягаар бичсэн. Өмнө нь би хэзээ ч реализмтай ингэтлээ их зууралдаж байсангүй.
“Silver bones” романы нэг өгүүлбэр надад одоо цагтай тун ч уялдаатай санагдсан. “Хүн бүр хэзээ нэг өдөр ямар нэг гэмт хэргийн гэрч болдог… эцсийн дүндээ хүн бүр хохирогч эсвэл хань хамсаатан болж гэмт хэргийн төлөөсийг төлдөг” гэж та бичсэн байсан. Ийн бичсэнийг тань өнөөгийн Украин орны нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болох уу?
Украины иргэн бүр Оросын түрэмгийллийн шууд хохирогч болж, эсхүл армийг санхүүжүүлж хандив өгөөгүй шүү дээ гэж яривал зохиолын энэ эшлэлтэй яг ч холбож боломгүй болчихно. Гэвч дайны уршгаар хүмүүсийн амьдрал ахуй төлөвлөж байснаас нь өөр зүгт явж, хувь заяа нь орвонгоороо эргэж, хууль бусаар гаднын улсууд руу оргон зугтаж, цагаачийн амьдрал сонгож төлөөсөө төлж байна шүү дээ. Дайны үеийн нөхцөл байдлыг овжиноор ашиглах гэсэн урвагчид, тэдний хамсаатнууд, гэмт этгээдүүд бий. 1919 оны ороо бусгаа, ард олныг хагалан бутаргасан, хүн нэг бүрийн амь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж асан үеийнхээс өнөөгийн нөхцөл байдал өөр л дөө.
 
“Silver bone” романы нэгэн адил таны олон бүтээл нууцлаг, гэмт хэргийн тухай байдаг. Та чухам яагаад энэ сэдвийг барьж авдаг юм бэ? Мөн бичиж туурвихдаа юунаас урам зориг авдаг вэ?
Би хүмүүсийг янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн хандаж, ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэж сониучирхдаг юм. Гэмт хэрэг бол “хүмүүсийг ажиглах” хамгийн тохиромжтой нөхцөл төдийгүй үзэж туулсан амьдралд минь ихээхэн орон зай эзэлдэг сэдэв л дээ. Зөвлөлт засгийн үед бүхэл бүтэн үндэстний эсрэг үйлдсэн гэмт хэрэг, Зөвлөлт холбоот улс задран унасны дараа засгийн эрх, эд баялгийг авсан хүмүүсийн гэмт хэргийн тухай ярьж буй юм.
Таны зохиолуудад байгаль, амьтан хэр чухал орон зай эзэлдэг вэ? Нар, сар, ээлжлэх дөрвөн улирал, цаг агаарыг тун ч чухалчлан бичдэгийг тань “Silver bone”, “Jimi Hendrix Live in Lviv” романуудаас анзаарсан юм байна. Түүнчлэн “Death and the Penguin”, “Саарал зөгийнүүд” зэрэг амьтад чухал байр суурь эзэлдэг романуудын Викторын үнэнч хамтрагч Миша, Сергеичийн үнэт нандин зөгийн үүрнүүдийг дурдалгүй өнгөрч болохгүй. Жими Хендриксийн цахлай, "Silver bone" романы хэрээ гээд таны зохиолуудад амьтад их чухал дүр шиг санагддаг. Юуны учир байгаль дэлхий, амьтдыг ийн чухалчлан бичдэг вэ?
Амьтад бол амьд байгалийн нэг хэсэг. Зан төлөвийг нь урьдаас таамаглаж болдог учир адилтгал, зүйрлэл болгоход дөхөм байдаг. Амьтад түрэмгий байлаа ч гэмгүй. Хүний дүрийг тодруулан бичихэд их тус болно. Хүн ба амьтдын харилцаагаар дамжуулан, тэднийг хооронд нь харьцуулан бичсэнээр хүний мөн чанарыг ойлгоход илүү дөхөм болдог. “Death and the Penguin” романы Миша оцон шувуу бол гол дүр Викторын алтер эго юм. Оцон шувууд бол олуул нэг дор амьдардаг хамтач амьтад. Тэд бүх үйлээ хамт хийдэг. Харин Виктор бол Зөвлөлтийн хамтач нийгэмд амьдарч дассаны дараа холбоот улс задарснаас хойш бие даан амьдрахад суралцаж буй залуу хүн. Тийм ч учраас ганцаар бие даан амьдрах нь тэдний хэн алинд сорилт болж буй юм. Миша оцон шувуу байгалийн амьтны хувьд ганцаардмал амьдралдаа дасах амаргүй байх бол Виктор хамтач амьдралаас салж, бие даасан хүн болох гэж ихээхэн хичээл зүтгэл гаргаж буй тухай өгүүлсэн.
Тун удахгүй хэвлэгдэн гарах “Our daily war” номынхоо тухай ярьж өгөөч. Украины уншигчдад хүрэх үү? Эсвэл зөвхөн англи хэлт уншигчдад зориулан хэвлэх гэж байна уу?
Энэ ном маань Украинд хэдийнээ хэвлэгдэн гарсан. Эхэндээ би гаднын уншигчид илүүтэй сонирхон унших болов уу гэж бодсон нь эндүүрэл байсан. Киевийн уншигчид энэ зохиолыг халуун дотноор хүлээн авч, дайн, дайны үеийн амьдралын нүднээ ил харагдахгүй олон зүйлийн тухай мэдэж авсан хэмээн санал сэтгэгдлээ ирүүлсээр байгаа.
Та өмнөх ярилцлагадаа дурдсанчлан ирээдүйд юу болохыг тааж мэдэх аргагүй ч ойрын ирээдүйд ямар бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна? Украинд дайн үргэлжилсээр буйг хэрхэн хүмүүст сануулсаар байх вэ? Цаашид юу уншихыг зөвлөх вэ?
Украинд өрнөж буй бүхний тухай нийтлэлүүдээ үргэлжлүүлэн бичнэ. Украин орны түүх болоод улс орныхоо тухай бичиж буй украин зохиолчид, олон улсын зохиолчдыг уншаасай гэж хүсэж байна. “Gates of Europe” номын зохиолч Серхи Плохи, “East-West Street” номын зохиолч Филипп Сэндс, Тимоти Снайдер, Энн Апплбаум болон Украины түүхийн талаар бичдэг бусад олон зохиолчийг уншаарай. Энэ дайн 300 гаруй жилийн түүхтэй гэдгийг сануулъя. Тиймээс гүн гүнзгий ухаж ойлгохын тулд ихийг унших хэрэгтэй. Мөн “Самсон” цуврал бүтээлийнхээ гуравдугаар ботийг үргэлжлүүлэн бичнэ. Киев хотоос холгүйхэн тосгоныхоо байшинд ажлын ширээнийхээ ард сууж өнгөрүүлэх урт өдрүүдийг тэсэн ядан хүлээж байна даа.
Андрей Курковтой ярилцсан “Асимптот” сэтгүүлийн редактор Сара Гир
Asymptote© 2024
Орчуулсан Б.Дэлгэрмаа
 

Сэтгэгдэл хэсэг