Шян Лань: Үр
Намайг дөрөвтэйд эмээ минь өндөр байлаа.
Наймтайд чүд л өндөр
Арван хоёртойд надаас намхан болоод
Арван зургаатайд эмээ яг л наймтай юм шиг
Хорьтойд минь яг л дөрөвтэй хүн шиг
Намссаар намссаар намайг хорин тав хүрэхэд
Бяцхан үр болоод
Би шороонд суулгасан сан.
Жилийн жилд дөрвөн сард
У Ли ууланд мод бут сэргэхэд
Эдний л дотор эмээ буй гэдгийг
Би мэддэг
Ямархан зам туулсны эцэст
Ялгаж таниад учрах бол доо түүнтэй.
Ши Мөрөн: Цэцэгт мод
Хамгийн үзэсгэлэнтэй үедээ
Хэрхэн чамтай учрах вэ гэж
Бурханаас би таван зуун жил гуйсан
Бас түүнээс биднийг холбох
хэсэгхэн тавилан хайрлахыг хүссэн.
Бурхан намайг
Заавал өнгөрөх замын чинь дэргэд
Залуухан мод болгосон.
Нарны туяанд цацаглан цэцэглэх
Дэлбээ бүхэн урд насны маань хүсэл шүү.
Чи минь ойртоод чих тавин анирдаарай
Чичирхийлэх навчис халуухан догдлол минь юм шүү
Харин чи харахгүй өнгөрч одвол
Халуун мөрийг чинь хучиж хагдрах болно.
Үгүй дээ, найз минь тэр цэцгийн дэлбээ биш
Үйрэн унаж буй миний сэтгэл юм шүү.
Ши Мөрөн: Эцгийн минь тал, ижийн минь гол
Ертөнцийн альханд явсан ч сэтгэлийн уялага гэж
Тал нутгийн сайханг эцэг минь дүрсэлдэг байж билээ
Миний хэт нутаг Монголын өндөрлөгт урсдаг гэж
Нэлгэр голыг ээж минь хайрлан зурагладаг байж билээ
Эдүгээ би уудам эх нутагтаа ирээд
Энгүй талынх нь дээр зогсохуй нулимс бороолоно
Гол ус нь эцэг өвгөдийн ерөөлөөр
Тэнэмэл хүүгээн ивээж
Гэртээ харих замаас үл төөрүүлжээ
Ай аавын минь тал
Ай ижийн минь гол
Хэдийгээр ярьж чадахгүй ч
Би эх хэлээрээ ярьж чадахгүй ч
Миний шаналалыг миний баярыг хүлээн аваач
Би энэ нутгийн хүүхэд
Зүрхний минь угт нэгэн дуу бий
Тэр дуунд эцгийн минь тал
Ижийн минь гол бий.
Кан Шүэ
Шөнийн тэнгэр л ийм үзэсгэлэнтэй
Үдшийн оддын надад хайрласан гэрэл гэгээг
Үлдсэн насандаа хэрэглэхэд хүрэлцэнэ.
Хэрэв бүх зүйл сэтгэлчлэн бүтчихвэл
Хойд төрлөө бас юундаа зориулах.
Харамсалтай нь би
Ахиад сайн сайханд найдаж
Амьдрах шаардлагагүй болсон.
Өөрийгөө зүгээр л шоргоолж болохыг таньсан
Өрөөл бусад олон хүмүүс ч ялгаагүйг ухаарсан
Тэгээд л уй гуниг ахиад надад хэрэггүй болсон.
Юй Гуанжун[1928-2017]
ЭНЭХЭН НАСАНДАА
Би хоёр удаа бахардталаа уйлсан
Нэг нь миний амьдрал эхлэхэд
Нөгөө нь чиний амьдрал төгсөхөд
Эхнийхийг нь би санадаггүй
Чамаас сонссон
Хоёр дахийг нь харин чи мэдэхгүй
Хэлюү гэхнээ нэмэргүй
Гэвч энэ хоёр уйлах дуун дунд
Яндашгүй инээд цалгиж бий
Ахин дахин эргэн эргэн
Бүтэн гучин жил халгисан түүнийг харин
Чи мэдэж байгаа, би ч санаж байна аа
Жянь Хао
Ганц бие амьдрахуйн сайхан нь
Ном уншмаар байвал ном унших
Наргимаар байвал ханатал наргих
Сэтгэл татсан нэгэнд шохоорхох
Тэнэмэл ядууг үл адлах
Өчүүхэн амьдрал, өчүүхэн хүслээс анги
Өөрчлөх агуу мөрөөдөлгүй
Өөрөө л мэнд мэлтийж явах
Дү Яа
ЭЭЖДЭЭ
Ээж минь хатсан цэцэг арчилж, унасан навч шүүрдэх
Цагаан хоол идэж, өөртөө оёсон даавуун хувцсаа өмсөх дуртай
Хавар болохоор тахиа тэжээж, мод үрслүүлж
Өвөлтэй уралдан салхивч, цонхоо цаас жонхуудан дулаалдаг
Эгээ хүүхэд шиг амгалан гэгч унтдаг нэгэн байлаа.
Өдгөө тэр эх нутгийнхаа голын дэнжид нойрсож буй
Өтгөн сахлаг уд хайлаасны доорх
Өөрийнх нь булшин дээр хэнз удвал, зүйлийн цэцэг бүрхэн буй
Заримдаа би тийш зорин очиж
Дээгүүр нь эрвээхий дэвэх, саглагар уднаа хүүрзгэнэ донгодохыг сонсоод
Нам гүмд нь хань болж буй та нартаа баярлалаа гэж хэлдэг.
Заримдаа түүнийг гэртээ эргэн ирээд
Надад хоол хийж, хаалга онгойлгож, хөнжил эвхэж, хувцас хатааж
Гараас татаж түлэнхий шархыг минь тогтон ажиж буйгаар зүүдэлдэг.
Ижий хашаандаа сууж, би үүдэндээ зогсож
Хашаа дүүрэн дэлгэрсэн барурын цэцэг
Хагдарч нарны туяан дотор хийсэхэд
Ижий минь эрүүл энх, би өөрийгөө цэл залуухан байгаагаар хардаг аа...
Дү Яа
ХАГДРАГЧ ХУАЙСНЫ ЦЭЦГИЙГ САНАХУЙ
Хагдран унах хуайсны цэцэг
Хэдэн өдөржин агаарт эргэлдэж
Нээсэн цонхоор харах бүрийд минь үзэгдэгч тэд
Нэг л мэдэх нь ээ алга болчихдог.
Гэрийн минь эргэнд байх гудгар хуайсын
Доогуур нь өнгөрөх тоолон
Аниргүйхэн тасран хийсэж
Цав цагаан дэлбээс газар хучих мөчид
Ертөнц ер бусын нам гүмхэн болохыг мэдэрдэг
Тэргүүн өргөж мяралзах цэцэгтэй модыг ажвал
Баг цэцэгс нь нэг хоёроороо алга байгааг анзаарч
Салхи тогтуунд ч хуайсны тэр цэцэгс
Шөнө өдөргүй хагдарсаар буйг мэдэрдэг
Лавтайяа бас хэн нэгэн тэднийг
Аваад явдаг шиг санагддаг.
Хойд уулын налгар энгэрт
Хуайсын цэцэг хагдраад гурван өдрийг үдлээ
Орой хаврын намуухан салхин дунд
Ойртон очоод өндийн харвал
Цэцэгс намайг ирэхийн өмнөхөн
Чив чимээгүйхэн унаад дууссан байлаа.
Орчуулсан: Мөнхцолын Батбаяр
Сэтгэгдэл хэсэг