МУБИС-ийн харьяа ЕБС-ийн монгол хэл, хэл уран зохиолын багш, утга зохиол судлалын магистр С.Батзориг
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” зохиол орчуулагдаж, хэвлэгдсэн цагаасаа манай номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номын жагсаалтын тэргүүн эгнээнд байсаар ирсэн. Маш олон хүн уншсан. Басхүү Хятадын алдарт найруулагч Жан Имоу уг зохиолоос сэдэвлэн, ижил нэрт кино бүтээсэн нь үзэгчдийн таашаалд сайтар нийцдэг. Тийм ч учраас “Амьдрахуй”-г тайзны бүтээл болгон хувиргана гэдэг бол “эрсдэлтэй” үйлдэл мөн. Хүн гадарладаг юмандаа маш эрдүү байдаг шүү дээ.
“Orfey” театрын зургаа дахь том бүтээл, Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харьцаа тогтсоны 75 жилийн ойд зориулсан “Амьдрахуй” драмын жүжгийн тухай 2024 оны намар “манайхан” нэлээн шуугилаа, шуурлаа. Уг театрын жүжгийг ийм шуугиан дагаж л байдаг нь “Гэм зэм” жүжгээс хойш тогтсон таалал болов уу? “Амьдрахуй” жүжиг ч гэсэн энэ тааллаас зөрөөгүй билээ. Монгол Улсын Ардын багш С.Дулам, эрдэмтэн, судлаач Г.Батсуурь, Д.Даваасүрэн, Б.Өлзийсайхан, Д.Мөнхтөр, зохиолч, яруу найрагч Д.Нямаа, Б.Номинчимэд, Б.Шүүдэрцэцэг, Р.Эмүжин, Б.Батзаяа, хэвлэл мэдээллийн сэтгүүлчдээс гадна өргөн олон үзэгчид санал, сэтгэгдэл, шүүмжээ жүжигт нэмэрлэв.
Эдгээрийг нэг бүрчлэн дурдах нь нөр их ажил болох учир цөөн хэдийг, тэр тусмаа албан ёсны хэвлэлд нийтлэгдсэн бичвэрүүдээс (Orfey театр цахим хуудсаараа-facebook page хуваалцсан хувийн хаяг-facebook account дээрх зарим бичвэрүүдийг энд ашигласан учир тэдгээр эрхмээс хүлцэл өчиж байна) товч тэмдэглэвээс,
1.Шүүмжит сэтгэгдлүүд
Нийтлэлч Трамп Төмөрөө “Амьдралын утгыг алдуулсан Амьдрахуй”[ Бүрэн эхээр: http://unenmedee.mn/4j8] хэмээх бичвэр нийтлүүлж, “Амьдрахуй”-гаас монголчууд ижилхэн амьдрал үзэх гэж очоогүй, бусдын зовлонт амьдралыг гайхаж, цочирдох гэж л очсон. Яагаад гэж үү? Яагаад гэвэл монгол хүний амьдралын философи, хятад хүнийхээс тэс өөр. Амьдралд тэсэх, амьд л үлдэх гэсэн аргаа барсан, үгширтэл зууралдах гэдэг агуулга монголчуудын тархи оюун, цусны улаан, цагаан эсэд байхгүй. Бид ядруухан амьдрал дээр дэнжигнэж яваа нэгнээ “Муу амьд явахаар сайн үх” гээд шууд л хэлдэг” гэсэн үндэстний сэтгэлгээний онцлогт шүтэлцүүлсэн дүгнэлт бичихдээ зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн өөрийн цахим хуудаснаа бичсэн постыг дурдсан байх ба түүнийг сурвалжлан үзэхэд, “Зохиолчийг, бүтээлийг бол шүүмжлэхгүй, жүжгийг ч бас магтахгүй, угаасаа худлаа яримааргүй байна, урлаг талаасаа Батболдын уналт...зүгээр л хэзээ бид ийм болчихов ооо, соёлын тархи угаалт солиотой хурдтай өрнөж байгаа нь өөрөө амьдрахуй байлаа гэж”[ Бүрэн эхээр: https://www.facebook.com/story.php?story_fbid=1097992708361023&id=100044509116290&_rdr] гэх зэргээр ширүүхэн шүүмжилсэн сэтгэгдэл бичсэн байна
Мөн сэтгүүлч М.Тэнгис “Тоглолт бүрд чамбайрахгүй бол эрхэм найруулагчийн хамгийн муу нь”[ Бүрэн эхээр: https://eguur.mn/535149/
] хэмээх нэлээд уртхан ревьюдээ агуулга, хэлбэрийн талаас олон зүйлийг анзааран бичиж, “Гэхдээ дээр дурдсан шалтгаануудын улмаас би хувьдаа жүжиг “Хүлцэхүй юм” гэсэн санаагаа илэрхийлж чадсангүй хэмээн үзэж байна. Зовоод л, зовлонд нь үзэгч эмгэнээд л, тэгтэл дахин зовоод л, үзэгч дахин эмгэнэхдээ тэсгэл алдаад л. Ингээд тайлалдаа хүрмээр ерөнхий шугам төсөөлөгдөнө. Харин цаг хугацааны дараалал энд тэндээ орох тусам Фу Гүйн туулсан бүгдийн буулга суларч ирээд, дундуур нь асар формаль шинжтэй коммунизмыг зориудаар дүрсэлсэн хэсгүүд уур амьсгал тасалж авч яваад, үхэл бүрд эмгэнэх боломжийг ихэд багасгажээ” гэж багагүй шүүмжилж, Үй Хуагийн эх зохиолтой уяж бичсэн байна. Сэтгүүлч М.Тэнгисийн рэвьютэй сэтгүүлч Б.Азбаярын “Хүлцэхүй жүжиг үзсэнээс “Амьдрахуй” ном уншсан нь дээр”[ Бүрэн эхээр: https://gogo.mn/r/kxjdl ] хэмээх нийтлэл төстэй. “Жүжгийн эхлэл, өрнөл, төгсгөл сайхан байлаа. Сарниулсан “хачин” үзэгдэл ч олон байв. Үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэсэн жүжиг атал үзэгдлүүдийг хаа хамаагүй л энд тэндээс “тасчиж” урд хойно оруулж, холион бантан хутгажээ. Зохиолын дарааллаар бус эх зохиолоос сэдэвлэсэн жүжгийн зохиол гэдгийн бататгал энэ аж” гэж мөн л эх зохиолд хандсан сэтгэгдэл илэрхийлжээ.
Монсудар хэвлэлийн газрын редактор, Э.Доржсүрэн “Уйлах эрхгүй жүжиг байсан юм биш биз дээ”[ Бүрэн эхээр: https://usniigudamj.com/2024/10/26/amidrahuiuilaherhguijujigbaisanymbishbizdee/ ] нэртэй шүүмждээ энэ зохиолын гол зорилго нь улс төрийн шийдвэр хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг үзүүлэх явдал гэж үзээд, “Тухайлбал, ганц ширхэг гуанаас болоод амиа тавьж буй хэсэг зохиолд гардаг. Улс орныхоо эдийн засгийг хурдан өсгөж, хөгжингүй орнуудтай өрсөлдөх хэмжээнд хүргэхийг зорьж, ган болон төмөрлөгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тавьсан Мао Зэдуны Их үсрэлтийн бодлогын үрээр ийн цусаа шүүртэл зодолдохоо хүрсэн нь тэр. Жүжигт энэ мэт үзэгдэл гарч буй, гэхдээ л яагаад ингэж буйн учир шалтгааны холбоос нэг л тодорч өгөхгүй байв” гэж шүүмжилжээ.
2.Эерэг сэтгэгдлүүд
Сэтгүүлч Б.Энхцэцэг, “Баттөмөр дүрээ бүтээсэн. Түүний амьдрахуй цөхрөл болсон, амьдрах ухаан болсон. Д.Ганцэцэг “Амьдрахуй”-н дорнын аязыг удирдаж, энэ жүжигт гол дүрийг бүтээлээ. Амьдрах гэдэг чинь хайрлах л юм байна. гэж түүний дүр ойлгуулаад үхсэн. Эмэгтэй хүний амьдрахуй гэж эсвэл ийм тусдаа байна уу? Хайрлахгүйгээр тэвчиж амьдрах, тэвчээртэйгээр хайрлах гэж л лав байдаггүй. Хайр сохор ч гэлээ амьдралын нүд нь байна, яая гэх вэ дээ” хэмээн жүжигчний уран чадварыг бахдан биширснээ, дүрээс олсон ухаарлаа бичсэн байна. Мөн зохиолч Б.Номинчимэд “Мө-гийн жүжиг болгон хувиргаж, Батболдын тайзнаа дэглэсэн "Амьдрахуй" жүжгийг үзэж байхад "Амьдрахуй бол хайрлахуй юм байна" гэж тархинд, зүрхэнд харваж байв. Ингэж зүрхэнд яг онон харваж чадсан хүн бол жүжигчин Ганцэцэг” гэж яг ижил ухаарсан нь сонирхолтой. Ингэж бичихдээ зохиолч, найруулагчдыг “субьектив хандлагаа хавчуулсан” гэж шүүмжлэв.
Стокхолмын Их Сургуулийн багш Б.Өлзийсайхан жүжгийн талаар бичихдээ шүүмжилсэн бичвэрүүдэд байсан үндэстний сэтгэлгээний тухай санааг нөгөө талаас нь харжээ. “3. Хятад хүн зөвхөн өөрийгөө чухалчлан, өөрийн асуудлыг өрөөл шийдэх ёстой мэт хандана. Тиймд бурууг бусдаас хайна, шийдлийг ч бас бусад зохицуулах ёстой гэх хүлээлттэй байна. Хувь хүний асуудалд нийгэм буруутай тул нийгэм нь шийдэх мэт хандах тул хүлцэнгүй байдал нь хэмжээлшгүй. Эхлэл хувь хүнд, харин төгсгөл бусдад. 4. Монгол хүн "хүний юм бүтвэл өөрийн юм бүтнэ" гэж бүл саахалт, олноо тойрсон чанартай. Энэ утгаараа, эхлэл нь бусдад харин төгсгөл нь хувь хүнд. Орчин цагт гэтэл үндсэн чанараа гээсэн мэт эхлэл нь өөрөөсөө харин төгсгөл нь бусдаас хамааралтай мэт болсон шиг санагдах” гэснийг уншихад Монгол, Хятад хоёрын сэтгэлгээний хэв шинж, схем, ахуй адил болсон гэсэн санаа дэвшүүлсэн нь шүүмжлэлт сэтгэгдлүүд дэх үндэстний тухай асуудлыг яг хөнтөрч тавьсан харагдана. Энэ тун гярхай ажиглалт болжээ. Үүнийг дараагийн хэсэгт дэлгэрүүлэн хэлэлцэх учир түр орхиё.
СУИС-ийн ТУС-ийн захирал Д.Даваасүрэн « “Амьдрахуй”-г үзлээ 1, 2, 3 » хэмээх сэтгэгдэлдээ жүжгийн тайз заслын минималист байдлыг, « “Амьдрахуй"-н тайз хоосон, ...үгүй ээ бүр ч хоосон биш шүү дээ гэвэл, тайзан дээр харагдсан цөөхөн зүйлийг ямар нэг юмны тусгал мэт шийдсэн нь ХОРВООГИЙН МӨН ЧАНАР-ын талаар бодолхийлэхэд надад тусалж байв. Хорвоо дээр байгаа юм гэж үнэндээ байхгүй. Төсөөлөл, хүсэл шуналын л тусгал » гэж дүгнэсэн байна. Хорвоог, амьдралыг ХООСОН л гэж "Амьдрахуй"-н тайз надад хэлэв” гэж дүгнээд, жүжигчин Д.Баттөмөр, жүжгийн нээлтийн үеийн арын ажлын алдаа дутагдлын талаар шүүмжит санаа хэлж, өөрийн сэтгэгдлийг илэрхийлжээ.
Монгол Улсын Ардын багш Сэндэнжавын Дулам “Ширээний уншлага эхлэх цагаасаа лаборатори театрын системээр уран бүтээлчдийнхээ санаа оноог сонсож ажилладаг, найруулагчаас ийм бүтээл төрж байх шиг” хэмээн үнэлэв.
Эдгээрээс гадна “Зууны мэдээ” сонин, Polit.mn сайтад «“Амьдрахуй”-г тойрсон амьд хэлэлцүүлэг»[ Бүрэн эхээр: https://www.polit.mn/a/106422 ] Өнөөдөр сонин, unuudur.mn сайтад сэтгүүлч Д.Хүслэнгийн нийтэлсэн «Зовлон хэмээх амь зуулга буюу “Амьдрахуй”-аар амьсгалахуй»[ Бүрэн эхээр: https://www.unuudur.mn/a/271526 ], ergelt.mn сайтад сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн нийтэлсэн «“Амьдрахуй”-г үзлээ»[ Бүрэн эхээр: https://ergelt.mn/news/23/single/47652 ], «“Амьдрахуй”-г үзэх гурван шалтгаан»[ Бүрэн эхээр: https://ergelt.mn/news/109/single/48270 ] зэрэг нийтлэлүүдэд жүжгийн агуулга, дүр, найруулагчийн ашигласан аргыг тайлбарлахыг оролдож, мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлснийг уншиж болно.
Тун дөтөөр тоймлон үзэхэд ийм. Одоо хамгийн их давтагдаж буй санааг хоёр талын байр суурийн үүднээс хүснэгтээр харуулъя.
Багцаалбал зургаан зүйл дээр санал идэвхтэй зөрөлдөж, СТӨ муу, МУГЖ Д.Ганцэцэг мундаг хоёр дээр эвийн гэрээ байгуулжээ. Эндээс ажиглах нь ээ бүх бичигч “үзэл бодлоо илэрхийлсэн” хэв шинжийн бичвэр “Амьдрахуй” жүжиг лүгээ илгээсэн байна. Бичвэрүүдээс бичигчийн бие хүн нь тов тод харагдаж, нийтлэлийн хэлбэр давамгайлан, жүжгийн тухай гэхээсээ илүү бодит амьдралын тухай яриа голлож байна. Ерөнхийдөө бол “Өөрийн бодол өөртөө зөв”.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
-HELLO EVERYONE?
-За, ядаргаатай хэсгээ дуусгаж санаа амарлаа, Будда минь!
-Танд л гэж хэлэхэд энэ жүжиг хоёр гол онцлогтой юм.
Найруулагч М.Батболд найруулгын арга барил, үзэл онолоо “Лаборатори театр” гэж хэлсэн. Тэгвэл “лаборатори театр” гэж юу вэ? гэж асууж байна уу та?
Найруулгын энэ арга зүй нь өнөө л театрын онолч К.Станиславскийн боловсруулсан системийн салаа салбар ажээ. “Лаборатори театр” гэх нэр томьёо тогтон, хорьдугаар зууны турш хөгжих хөгжлийн эхлэлийг тавьж, онол номыг нь боловсруулагч бол Польшийн найруулагч, театрын онолч Ежи Гротовски (Jerzy Grotowski) байжээ. Ер нь лаборатори гэх нэрээсээ ойлгогдож байна гэхэд буруудамгүй. Лабораторид юу хийдэг вэ? Туршилт л хийдэг. Туршилтаараа “шинэ юм” гаргаж ирэхийг зорьдог. Тэгвэл театрын лаборатори ч мөн ялгаагүй, жүжгийг найруулах, жүжгийг тоглох явцдаа шинэ зүйлсийг турших бөгөөд жүжигчид, найруулагчид, жүжигт оролцож буй бүх хүн жүжгийг тоглож буй туршлагадаа үндэслэн, тухайн зохиол, жүжгээр чухам ямар ямар санаа илэрхийлж, хэлбэр бүтээж болох тухайд шинэ шинэ хувилбар гаргаж ирдэг байна. Үүнийгээ театрын хэлээр дамжуулан өгүүлнэ. Мөн лаборатори театрт үзэгч нь хүлээн авагч, хүртэгч биш жүжгийн оролцогч, идэвхтэй үйлдэгч байх ёстой.
“Амьдрахуй” жүжгийг сар орчим тоглохдоо, жүжгийн өгүүлэмж, үйл явдлын дарааллыг гурван удаа сольсон. Ингэж солиход жүжгийн бүрэлдэхүүн том хөдөлгөөнд орж, дугуй өөр маягаар эргэж эхэлнэ. Өөрчлөлтийн хурд их байх тусам лабораторид туршилт ихтэй болж байгаа гэсэн үг юм уу даа? Энэ туршилт нь зөвхөн ганц жүжгийн хүрээнд ч яригдах хэрэг биш бөгөөд онолын үүднээсээ бол “Бүх театр лаборатори театр байдаг” гэнэ. “Orfey” театрын 2021 оноос найруулан тавьсан жүжгүүд, одоо найруулан тавьж байгаа “Амьдрахуй” жүжиг, ирээдүйд найруулан тавих жүжгүүд бол “лаборатори театр”-ын туршилт үргэлжилж буй хэрэг гэж үзнэ.
Нэгэнт лаборатори театр гэснийх санал сэтгэгдлээ илэрхийлсэн эрхмүүдийн “М.Батболд тайз заслаа давтаад байна” гэдэг дээр үг нэмэрлэх хэрэг гарчихлаа. Нээрэн ч “Гэм зэм”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдийн тайз их төстэй харагдана. Харанхуйн дунд нэг дөрвөлжин хайрцаг л байгаад байдаг. “Опал” ч гэсэн, “Шөнө дундын бүжиг” ч гэсэн дөрвөлжин голлодог. “Яагаад ингээд давтаад байна аа. Өөр юм мэддэггүй юм уу” гэж бодогдтол “хайрцаг” засжээ. Гэтэл энэ “хайрцган тайз” чинь лаборатори театрын гол хэлбэр, таних тэмдэг юм байна л даа. Юун тийм гоё сэнтий, мэнтий байхгүй. Тэгээд энэ хайрцаг нь уян хатан, хөдөлгөөнт, амьд байх ёстой. Басхүү дээр дурдсанчлан уг театрын жүжгүүдэд үзэгч чухал оролцоотой байдаг. Үзэгчид “Гэм зэм” жүжигт шүүх хурлын гэрч, “Амьдрахуй” жүжигт Фу Гүйн амьдралын гэрч болдог шүү дээ. Ингээд бодохоор найруулагч М.Батболдын манай эх орны театрын урлагт өгч буй хандив нь “лаборатори театр” гэдэг арга зүй байж магадгүй юм.
Энэ бол “Амьдрахуй” жүжгийн эхний онцлог байлаа.
“Амьдрахуй” жүжиг нээхээс өмнө найруулагч М.Батболд “Энэ бол Дорнын философи. Би үүнийг ойлгохыг хүсдэг байсан. Харин тэр нөхцөлийг энэ бүтээл, энэ зохиолч бүрдүүлч байна” гэж хэлсэн байх юм. Энэ чинь “Би дорнын философийг ингэж ойлгосон. Тэр ойлгоцоо энэ жүжигт тусгах болно” гэсэн үг биз дээ.
“Юу гэж ойлгосон бэ?” гэдэг нь танд очсон урилга, таны худалдаж авсан билет, таны үзэж буй шторк, сурталчилгааны дээд хэсэгт байгаа. Найруулагчийн дорнын философийн ойлголт бол «Оршихуйн мөн чанар нь “Хүлцэхүй” юм» хэмээх нэгэн өгүүлбэр мөн байна.
Монгол хэлний тайлбар толинд “хүлцэх” гэдэг үгийг, “1. Ямар нэгэн зовуурь зүдүүр, сэтгэлийн гуниг, шаналгааг тэсвэрлэх; 2. [шилжсэн] Биеэ барьж, уураа дарах, тэсэх” гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Яагаад оршихуйн мөн чанар нь ямар нэгэн зовуурь, зүдүүр, сэтгэлийн гуниг, шаналгааг тэсвэрлэх эсвэл биеэ барьж, уураа дарж, тэсэх гэж? Хүний оршихуй чинь ийм “Тэсэх” л ёстой юм байдаг юм уу? Дорнын философи нь хүлцэхүй юм уу? Ийм асуулт үзэгчдэд төрсөн байгаасай гэж хүсээд, жүжгийн дүрүүд яаж хүлцэж байсныг, тийн хүлцэхэд нь юу тусалж, юу аварч байсныг ойлгох гээд оролдоцгооё.
Эрдэмтэн, домог зүйч С.Дулам багш дорно дахины номт гурван улсын /Монгол, Хятад, Төвөд/ ард түмний сэтгэлгээний ялгааг “Монголчууд бэлгэдлийн, хятадууд хэрэглээний, төвөдүүд шидийн” сэтгэлгээтэй тухайд жишээ татан, ойлгомжтой тайлбарласан нь бий. Чухамдаа үндэстний сэтгэлгээний онцлогийн талаар ярьж байгаа. “Амьдрахуй” жүжгийг тойрсон хэлэлцүүлэг дунд энэ асуудал томоохон байр суурь эзэлж байна. Нэг талаас “Монголчууд хэзээ ч ийм байгаагүй бид өөр” гэдэг шүүмж, нөгөө талаас доктор Б.Өлзийсайхан нарын “Монголчуудын уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөж бусадтай адил болж байна” гэсэн санаа агуулсан анхааруулгын аястай сэтгэгдэл. Үүнээс ухахад, Монголчуудын ялгаа нь тодорхой байна “Бид бэлгэдэлт сэтгэлгээтэй юм байна”, бас монголчууд өөрчлөгдөж байгаа нь тодорхой байна “Бид хэрэглээний сэтгэлгээтэй болж байна”. Ийм л зөрчилгүй логик, зөрчилтэй мэт харагдаад байна л даа.
Дорно гэдэг уужим. Бид дорнын ард түмэн. Бид дорнын бусад ард түмнээс ялгаатай боловч дорнын ард түмний нийтлэг үнэт зүйлээс, нийтлэг үнэмшлээс, нийтлэг философиос хаашаа ч зайлахгүй. Гагцхүү тэр нийтлэг нь юу юм бэ?
Японд бүшидо, хятадад Күнз тэргүүтний ёс зүйн сургаал, манайд Тэнгэр үзэл гэх мэт соёлын үнэт зүйлс, амьдралын чиг баримжаа болгодог үзэл санаа байна. Манайхан ялгаагаа маш сайн олж харж чаддаг, “Бид ийм түүхтэй, бид тийм соёлтой, бид тэнгэр язгууртай, бид зовж үзээгүй, бид өлсөж үзээгүй” гэх мэтээр ялгаагаа сүрхий таньдаг. Гэхдээ бид дэлхий дээр оршин тогтнож байгаагийн хувьд бүхнээс тэс ондоо байна гэж үгүй. Ялгаагаа таньж байгаа шигээ, биднийг хүн төрөлхтний урсгалд нэгтгэж байгаа зүйл юу юм бэ? Наад зах нь дорно дахиныхантай бид юугаараа адил юм бэ? гэдгээ бодох ёстой болжээ.
Үндэстний сэтгэлгээний онцлогийн талаас шүүмжилж байгаа хүмүүс “Хятадын зөөлөн хүчний бодлого”-ыг дэмжлээ гэсэн байр суурь илэрхийлэв. Яагаад Монгол Улс гадны зөөлөн хүчний бодлогоос айж, эмээх болов? Хэрэв тийм нөлөө байвал бид ямар хариу барих вэ? Япон, Солонгос, Хятадын соёл урлаг, техник технологи дэлхий дахинд яаж ийм хурдацтай тархаж, нөлөөлж байна вэ?
Мөрийтэй тоглоомчин, Фу Гүйн бүх хөрөнгийг хожиж авсан Лүн Эрийн хариулт
Лүн Эр хэлж байна, “Үзэл санаа?!... Үзэл санаа олон нийтэд биш хувь хүнд л байдаг юм”
Дээрх асуултуудын хариулт энэ. “Хүн хүний бодол өөр”, “Өөрийн бодол өөртөө зөв” хэмээх үг манайд хүчтэй, зөв ойлголт болон тогтжээ. Эш мухаргүй зүтгэх, улайран тэмцэлдэх, ойлголцох тухай ямар ч бодолгүй өөрийгөө үхэлдэн хамгаалах, өөрөөсөө өөр үнэнгүй тийм л “хөмөрсөн тогоо шиг” дүр зураг нийгэмд үзэгдэх болов. Болно оо, бололгүй яах вэ, бид хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэмд амьдарч байна. Яаж ч бодож, яаж ч төсөөлж болно. Гэхдээ үр дүн нь өдгөө бидний бодит байдал.
Хөгжингүй улс орнуудад нэг ижил тал ажиглагддаг. Тэр улсуудын иргэд ч гэсэн “хүн хүний бодол өөр” гэж боддог нь гарцаагүй. 100 сэдвийн 99 дээр нь тэд зөрнө. Ганцхан сэдэв дээр бүгд санал нийлнэ. Зөрсөн 99 сэдэв нь олон нийт өөрсдөө бодож буй сэдэв. Ганц нийлсэн сэдэв нь хэн нэгний үзэл санаа байдаг. Жишээлбэл, хөгийн Америк. Муу мундар бүхэн тэндээс л эхэлнэ. Хүмүүс нь гэж авах юм байхгүй новшийн газар. Тэр новшийн хүмүүсийн нэгддэг ганц сэдэв нь хэний бодол гэж? “Ертөнцийн эзэн”-ий бодол. Тэд мянга тэнэгтлээ ч “Эзэн”-дээ бүгд найддаг. “Америк орныг бурхан ивээг” гэдэг үзэл санаанд бүгд нэгддэг. Ерөнхийлөгчид нь тангаргаа өргөхдөө Библи судар дээр гараа тавиад энэ үгээ хэлдэг. Энэ нь тэднийг нэгдмэл нэг үнэт зүйлтэй, үзэл санаатай болгож, нэгтгэж байна.
Тэгэхээр “Хүн хүний бодол өөр биш” байна аа.
Манай эх оронд нэгдмэл нэг үнэт зүйл, үзэл санаа бий юу?.
Бид дорнын ард түмэн учир дорнын философийн ай савд хамаарна гэдгийг ахин дурдъя. Дорнын улсуудын ялгааг бид мэдэж байгаа. Харин нийтлэг нь явж явж Буддизм л болов уу даа. Найруулагч М.Батболд дорнын философийн үзэл санааг, буддын үзэл санааг “хүлцэхүй” гэж ойлгосон байна. (Энэ банди ёстой сайхан мултарч байна аа гэж үү?)
Жүжиг рүүгээ эргээд хандъя. Найруулагч, зохиолчид дорнын философийн үзэл санааг жүжигтээ тусгахдаа дүр бүхэнд философийн агуулгатай үгс оноосон.
«Оршихуйн мөн чанар нь “Хүлцэхүй” юм» хэмээх үзэл санааг Фу Гүйн аав, Лүн Эрд сануулж буй нь
Фу Гүйн аав хэлж байна, “Чи өөрийгөө сайхан байшинтай шимтэй газартай болчихлоо гэж баярлаж суугаа байх. Энэ байшин ч, энэ газар ч, энэ алт мөнгө ч үйлийн үр мөн. Эзэн нь одоо чи болохоор үйлийн үрийг нь ч, мөн үүрнэ гэдгээ бодож явдаг юм шүү”.
Мод цэцэглэх ч тухайн цаг нөхцөлөөс хамаарна. Навчис хагдрах ч мөнөө л цаг нөхцөлөөс хамаарна. Аливаа юм юунаас ч хамаарахгүй цор ганцаар бие даан оршино гэж үгүй. Бурхан багшийн гол сургаалуудын нэг нь үйлийн үрийн тухай билээ.
“Үйлийн үр хуурмаггүй”. Лүн Эр үйлийн үрээ эдэлж, Фу Гүйгээс хожсон хөрөнгө мөнгөнөөсөө болоод коммунизмын гол дайсан болж буудуулан хөнөөгддөг. Хэрэв Фу Гүй бүх хөрөнгөө Лүн Эрд алдаагүй бол Лүн Эр биш Фу Гүй үхэх байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой үнэн. Лүн Эр ч үүнийг мэдэж байсан ба “Фу Гүй би чиний өмнөөс эрлэг рүү явлаа шүү” гэж хэлдэг. Энэ бол үйлийн үр. Үйлийн үрийг хүлцэж байна.
Үйлийн үрийн тухай сургаал дорнын философийн түшиц ойлголт тул Монгол нь ч байна уу? Хятад нь ч байна уу? энэ тухайтад нэгэн эшт бодолтой байдгийг Үй Хуа гэдэг хятад хүний бичсэн зохиолыг М.Батболд гэдэг монгол хүн жүжиг болгон найруулснаас үзлээ.
«Оршихуйн мөн чанар нь “Хүлцэхүй” юм» гэдэг үзэл санааг Фу Гүйн хүргэн Ван Ши хүлээн зөвшөөрч буй нь
Ван Ши хэлж байна, “Нүд рүү элс ороход нулимс нэрж нүд өөрийгөө хамгаална. Нулимсаараа элсэн ширхгийг урсгана. Хясааны хавхлагт элсэн ширхэг ороход хясааны өвдөлтөөс сувд бий болно. Дусал нулимс, ширхэг сувд аль аль нь өвдөлтийн үр. Өвдөлт ямар байдгийг мэддэг учраас тэр минь бусдыг өвтгөхгүй хайрлахаа ч мэддэг байсан юм”.
“Хүлцэх” гэдэг үгийн утгад “уучлах” хэмээх нэгэн санаа бий. Найруулагч болон зохиолчийн үүдэл санаа нь хүн хоорондын харилцааны нэн эмзэг цэг, “уучлал” дээр төвлөрчээ. Хүний сэтгэлийг хамгийн их бохирдуулдаг нь үл уучлах сэтгэл гэнэм. Бурхан Буддагийн айлтгалд, “Бохирдсон сэтгэл бохир орчныг, ариун сэтгэл цэвэр ертөнцийг бүрдүүлж байдаг. Тийнхүү гадаад орчин сэтгэлээс шалтгаалан өөрчлөгдөх нь хязгааргүй”[ Бурхан Буддагийн айлтгал. Уб. 2012. 44. ] хэмээсэн байна. Хэлгүй Фэн Шя, гилжгий зүс муут Ван Ши хоёрын сэтгэл зовлон зүдүүр, уйтгар гуниг, өш хонзон цөмийг, үхлийг ч бас хүлцэж, сэтгэлийн цэвэр ариунаараа цэвэр ариун ертөнцийг бүтээв. Ван Ши эхнэрээ өөд болсны хойно, “Миний түүнд зориулж бүтээсэн ертөнц. Миний байшин миний сэтгэл” гэж хэлдэг нь “Хүлцэхүй”-ээс үүдсэн оршихуй, оршихуйн мөн чанарыг ухаарсан сэтгэлийн үг юм.
Үүнтэй нэгэн адил гэнэн балчир Ёу Чин цус нь булгийн ус мэт ундарна гэж итгэж, сэтгэл зүйн хүчтэй цочролоос үүдэн ярьж чадахаа байсан Фэн Шя хүүхдээ төрүүлж чадна гэж найдаж, Шюй овогтны удам дамжсан баян Фу Гүйн аав зүгээр л салхинд хийсчихсэн юм шиг одож, Фу Гүйн ээж “Хүүхдүүд минь, ядуу зүдүү байх хамаагүй, амьдрах л аз жаргал” гэж хэлээд орших газраа сонгож амьдралыг үдсэн. Амьдрахыг хүссэн хэдий ч үнэнтэй нүүр тулсан. Уншигч ч, үзэгч ч тэднийг үхүүлэхийг хүсээгүй. Дүрүүдийн амьдрах хүсэл асар хүчтэй мэдрэгдэж байгаа. Энд л гол учир байна.
Одоо Жя Жэн, Фу Гүй хоёр л үлдэх шив.
«Оршихуйн мөн чанар нь “Хүлцэхүй” юм» гэдэг үзэл санааны тухай Жя Жэний хэлсэн гурван үг
Жя Жэн аавдаа хэлж байна, “Түлээ, будаа, давс, цай л амьдрал. Түлээ бол галын эх ундарга. Гал бол амьдралын илч дулаан. Будаа өлсөж үхэхээс хамгаална. Намар хураах будаа хавар тарьсан итгэл найдвар. Давс, тос амьдралын амт. Амьдрал амттай байх ёстой. Энэ л хангалттай”.
Айхтар хэлжээ. Аав нь адгийн муу юмтай битгий амьдар, сайн сайхан, бэл бэнчинтэй амьдрах гэж л хүн төрдөг гэхэд нь ингэж хариулдаг даа. Тэдний амьдрал нэн ядуу, тун хүнд байдалтай болсон. Өлсөж үхэх нь цаг хугацааны л асуудал мэт. Хятадын соёлын хувьсгалын үе шүү дээ. Төсөөлж ч чадахгүй. Оросын алдарт зохиолч Лев Толстой “Анна Каренина”-аа “Жаргалтай айлууд ерөнхийдөө адил төстэй, харин бүхий л зовлонтой гэр бүл өөр өөрийнхөөрөө л зовох юм даа” гэж эхэлснийг уран зохиолын хамгийн гайхалтай эхлэл гэж шагшин магтдаг. Хятад зовлон өөр, Монгол зовлон өөр гэдэг бодол эндээс л эштэй явж байгаа даа, ер нь л. Өөр өө, өөр. Өөр байлгүй яах вэ? Үнэхээр л бидэнд өлсгөлөн, харангадлын зовлон аль ч үед байгаагүй боловч огт зовлонгүй байсан үе ч мөн үгүй ээ. Жя Жэн ядуу зүдүү амьдралыг сонгож /аавынхаа хэлснээр амьдралын хэцүүг сонгож/, нас барахдаа “Өмнө нь би өөрийгөө дандаа л амьдралаас хариулт хүлээж яваагаар төсөөлдөг байжээ. Гэтэл амьдрал надаас асууж дандаа би хариулсаар иржээ” гэж Фу Гүйд хэлэхэд нь, өөрийн мэдэлгүй л Жя Жэний амталсан амьдралын амтыг мэдрэх шиг болдог юм аа. Энэ зовлон ганцхан Жя Жэний зовлон уу, яагаад тэгвэл үүгээр зохиол бичээд, жүжиг тавиад байна?
Жя Жэн нөхөр Фу Гүйдээ хэлж байна, “Би чамаас ганц л зүйлийг хүсдэг. Зовлон, жаргалаа хуваалцаж хамтдаа байя л гэдэг. Жаргалаа хуваалцвал үрждэг, зовлонгоо хуваалцвал нимгэрдэг”.
“Бид бүгд л жаргалтай амьдрахыг хүсэж байна, Жя Жэн”. Фу Гүй ингэж хариулдаг. Гэхдээ ганц Фу Гүй ч биш хүн бүрийн үг энэ биш гэж үү? Бид жаргалтай амьдрахыг л хүсдэг. Фу Гүй шиг. Фу Гүй жаргалтай амьдарсан уу? Та бид жаргалтай байна уу? Бүгд л бие, сэтгэлийн билгүүн жаргал эдлэхийг хүсэн буй авч зовлон оршиж л байна.
Хүн төрөлхтөнд нүүрлээд буй бухимдал, сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэл зүйн түгээмэл асуудал, сэтгэлийн зовлон хаанаас гараад ирэв? гэж солонгос гаралтай герман философич Хан Бён Чоль бодож үзжээ. Хариулт нь хөгийн юм болж. “Хэт өөдрөг үзэл”-ээс энэ бүх уруудлууд гардаг аж. Тун унтаж чадахгүй хөрвөөн хэвтэж буй хэт өөдрөг өөрийгөө бодоод үз, “Маргааш тэр ажлаа тэгж хийх юм байна шүү. Гүйцэтгэл 100% байх ёстой. Ёстой алаад өгнө өө”, “Тэр асуудлаа яаж шийдэх вэ? Уг нь бүтээчихвэл амьдралд хэрэгтэй. Заавал бүтээнэ дээ”, би ч мөн адил “Энэ жил олигтой юу ч хийсэнгүй ядаж хоёр дажгүй шүүмж биччих юм сан” гэдэг бодлын үүднээс л үүнийг бичиж байна шүү дээ. Ийм л “нэгдмэл нэг зовлонтой” болжээ. Фу Гүйгээс нэг ч үсгийн зөрөөгүй. Хувь хүний хөгжлийн “сургаалууд”, цахим сүлжээний нөлөөлөл зэрэг орчин үеийн шалтгаанаас болоод бид жаргалаас өөр юу ч бодож чадахгүй болчихжээ. Зөвхөн жаргал бодох нь зовлонд унагааж байгаа гэдгийг анзаарах ч сөхөө алга.
МУГЖ Д.Ганцэцэгийг Жя Жэний дүрийг “Гайхалтай бүтээсэн” гэж үзэгчид дүгнэж байгаа. Учир нь Жя Жэн (Д.Ганцэцэг) жаргалтай байж чадаад, “Амьдрал амттай байх ёстой” гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаад нь үзэгчид өөрийн мэдэлгүй авчтчихсан байхгүй юу? Бас Ёу Чин, Ван Ши хоёрыг нэрлэж болно.
Жя Жэн хэлж байна, “Миний амьдрал тэр чигтээ зүүд юм гэж үү? Сайхан зүүд байсан л биз, юунд харамсана вэ? Хар дарсан л биз, юунд айна вэ? Энэ амьдралд ганц чухал зүйл бий. Тэр нь зүүднээсээ сэрэх!... Тэгээд зүүд байсныг нь сайтар ойлгож авах. Тэгэхийн тулд сэрэхээ тэвчээртэйгээр хүлээх. Хүн зүүдээ сонгож чадахгүйгээс хойш түүнийг зүүдэлж л давахаас өөр яах билээ?”
“Буддизм анх хүний амьдралын утга учир, мөн чанарыг ёс зүйн хийгээд гүн ухааны талаас тайлбарлахдаа эхнээсээ л зовлон, зовлонгийн шалтгаан, түүнийг даван туулах, гэтлэх арга замын тухай номлосон болно. Эртний буддын сургаалын ёс зүйн үзэл санаа нь хутагтын дөрвөн үнэний тухай сургаалаар голлон илэрдэг. Хутагтын дөрвөн үнэн гэдэг нь Зовлон үнэн, Бүхэн гарахуйн үнэн, Хорихуйн үнэн, Мөрийн үнэн бөгөөд хутагт мэргэд энэ дөрвөн жам ёсыг эндүүрэлгүй болгоох учир хутагтын дөрвөн үнэн хэмээн нэрийджээ”[ Чоймоо Ш. Янжинсүрэн С., Сэтгэлийг ариусгахуй. Уб. 2007. 17. ]. Жя Жэн гэдэг эмэгтэй энэ дөрвөн жам ёсыг дагаж, хүлцэж байна. Амьдрал нь зүүд мэт хоосон, зүүд гэдэг нь зовлон, зүүднээс сэрж зүүдийг ойлгох гэдэг нь зовлонг ойлгох /Зовлон үнэн/, сэрэхээ тэвчээртэйгээр хүлээх гэдэг нь зовлонгийн шалтгааныг ойлгох /Бүхэн гарахуйн үнэн/, зүүдээ сонгож чадахгүй тул зүүдэлж л давахаас өөр аргагүй гэдэг нь зовлонг хааж, түүнийг гэтлэн давж болохыг ойлгох /Хорихуйн үнэн/ хэрэг мэт үзэгдэнэ. Найруулагч ингэж наахыг хүсээгүй ч байх. Зохиолч ингэж тулгахыг хүсэхгүй ч байх. Үй Хуа ийм бодолтой бичээгүй ч байх. Гэхдээ Дорнын философи гэдэг ийм юм.
Харин Фу Гүй ингэж хэлж байна, “Хүнд үхэх эр зориг биш амьдрах эр зориг дутдагийг тэр шөнө би ухаарлаа. Худгийн уснаас амсахад амьдралын амт чухам энэ л усны амт шиг энгийн зүйл болохыг би мэдсэн юм”.
Уншигчид зохиолоос, үзэгчид жүжгээс давын өмнө ойлгох үзэл санаа энэ л үгэнд байна. Үй Хуа, М.Батболд, Мө.Батбаяр нар үүнийг л тэд бушуухан ойлгож аваасай гэж санаж буй. Хятад маягийн зовлон гэж зарим бичээчийн дүгнэсэн энэ их үхэл хагацал, өлсгөлөн, харангадал, эмгэнэл харууслаар амьдрах эр зоригийг л харуулаад байна. “Хятад хүний бодол өөр. Амьд л явж байвал болох нь тэр. Монгол хүн тэс өмнөө. Амьд явах биш, сайхан амьдрахыг чухалчилдаг” гээд байгаа нь үнэн хэдий ч жүжгээс өгөх үзэл санаатай юугаараа ч хавиралдахгүй. Энэ өгөр хятадуудын зовлонг үзээд өөрийгөө нэг тольдоосой, эргэцүүлэх сөхөө олгоогүй өөрийнхөө амьдралыг нэг тунгаагаасай, амьдралынхаа сайн сайхныг олж хараасай, амьдралынхаа амтыг мэдрээсэй, зовлон жаргалаа ялгаж салгаасай, сэтгэлдээ санамсартай, мэдэмсэртэй байгаасай, эмзэглээсэй гэж л энэ удаагийн найруулга ятгаж байгаа болохоос хятадуудын амьдралын зарчмыг таниад, тэр маягаар амьдраадах, чиний зовлон зовлон биш шүү, новш оо, манай хятадууд ингэж аймаар зовж байсан өрөвдөөч гэж шаардсан бодлого үгүй байх аа. Хэрэв бид урлагийн аливаа төрөлд сүүлийн хэлбэрээр хандаж эхэлбэл сураг төдий дуулсан “Главлит”-ын үе рүүгээ буцах агуу их үсрэлт болох буй за. /Яагаад бид өөрсдийгөө ойлгохын тулд Хятад жүжиг үзэх ёстой юм гэж үү? Тийм бөгөөс энэ хүртэл ойлгоё гэсэн хүсэлгүй уншсан буюу хүлцэлгүй уншсан байна шүү/
ЭЦЭСТ НЬ
- Эрхэм уншигч аа. Бид энэхүү бичвэртээ жүжгийн сайн муугийн тухай дүгнээгүй билээ.
- Энэ жүжигт хоёр гол онцлог байгаа юм.
- Эхнийх нь энэ жүжиг лаборатори театрын бүтээл.
- Удаах нь энэ жүжгийн гол үзэл санаа нь буддын философи. Буддын философи нь хүлцэхүй.
Буддын философид “Утсан улаан амиа аргацаахын төлөө, гэгээрэх тэмүүллээ гээж болохгүй” хэмээн сургадаг байхад үхэхгүй юм сан гэж боддог арчаагүй эрийн тухай жүжгийг буддын үзэл санааны үүднээс бүтээсэн гэж яаж зүрхэлж байна аа, гэж бодож буйг тань бид мэдэж байна.
Шарын шашныг үндэслэгч Богд Зонхав “Бодь мөрийн зэрэг” хэмээх шастиртаа,
“Мунхгийн харгайгаар орчлонгийн хотол төгс зовлонг жаргал хэмээн чанх буруу эндүүрсэн учир...” хэмээсэн нэгэн шад байна.
Фу Гүй зовлонг жаргал гэж эндүүрсэн, өнөөдөр Монголчууд жаргал хэмээн машид тэмүүлэн өдөр хоолгүй, шөнө нойргүй зүтгэж зүтгэж, нэг л мэдэхэд санамсаргүйгээр[ Үүнийг https://www.youtube.com/watch?v=UkXaT4Q7Gl4 энэхүү холбоосоор нэвтэрч сонсвоос ойлгомжтой болоод сонирхолтой. ] үхэл хаалга тогшдог гашуун үнэнийг жүжгээр дамжуулан болгоогтун. Өөрийнхөө дотоод сэтгэлийг хүлцэн чагна гэж жүжиг сануулав. Бурхан багш “хэмжээ хязгааргүй зовлонгийн далайг жаргал бус, зовлон мөн хэмээн үзүүлж, энэ ертөнцөөс уйтгар төрүүлэх хэрэгтэйн тул зовлон үнэнийг нэн тэргүүнд номлов”. “Хэмжээ хязгааргүй зовлонгийн далай” гэснийг уншихад сэтгэл санаа унагасан, урам зориг мохоосон үзэл мэт. “Өглөө бүрийг инээмсэглэж угт”, “Аз жаргалыг өөрөөсөө сацруул” гэдэг үгийг хаа таарсан газраасаа олж үзэж буй бидэнд тийн сэтгэгдэх нь зайлбаргүй. Гэвч сэтгэл, оюунаа хуурмаг төсөөллөөр дүүргэж бодит байдлыг баримжаалж чадахгүй болох аюул үүнийг дагалдаж байна. Буддизмын сургаалууд хүний амьдралд аз жаргал, баяр баясгалан, сайн сайхан тохиол учрал байхгүй гэж няцаах тухай биш харин амьдралыг зөв ухаарч, жаргал гэж эндүүрсэн зовлонг сэтгэлдээ хурааж болохгүйг л сургадаг ажээ. Фу Гүй эндүүрсэн жаргалдаа унаж үхье гэж бодох агшиндаа зовлонг хүлцсэн билээ.
“Амьдрахуй” драмын жүжиг нь Хятадын орчин үеийн уран зохиолын содон төлөөлөгч Үй Хуагийн ижил нэрт романаас сэдэвлэсэн “Orfey theatre” найруулагч М.Батболдын бүтээл бөгөөд дорнын философийн эш үндэс буддизмын сургаал номлолыг орчин үеийн хүний амьдралын хүрдэнд буулган үзүүлж, гол мөн чанар нь “Хүлцэхүй” юм хэмээн тайлбарласан үзэл санааны бүтээл боллоо.
Аймшиггүй зүрхлэн алдрыг нь дурдсан эрт, эдүгээхийн гэгээрсэн мэргэдээс хүлцэл өчсү!
Сэтгэгдэл хэсэг