1. Танайх номын сандаа хэдэн номтой вэ?
Нарийн тоолж үзээгүй юм байна. Ойролцоогоор мянга гаруй ном бий болов уу.
2. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номоо нэрлэвэл?
Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”, Франц Кафкагийн “Хувирал” тууж хоёрыг нэрлэмээр байна. Аль алиныг нь оюутан ахуйдаа уншиж байсан юм. Олон жил өнгөрсөн ч жилд заавал нэг удаа ахин уншдаг. Анх уншиж байсан мэдрэмжээ одоо хүртэл алдаагүй. Дахин унших бүрд шинэ зүйл олох шиг болдог. Арван зургаан настай охины амьдралд “Хувирал” туужийн үйл явдал, дүрийн оршихуйн хямрал сэтгэл сэртхийлгэм байсан. Амьдралын утга учрын тухай тэгэхэд анх удаа нухацтайгаар бодож үзсэн. Үзэхийн хязгаар бол надад үргэлж л үнэн, уян яруу бас эмзэг хэврэг санагддаг.
3. Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Миний хувьд уншсан ном бүр минь ямар нэгэн байдлаар өөрийн дотоод ертөнцөд бэдчих боломжийг олгодог шиг санагддаг. Ном доторх ертөнц миний дотор ямар нэгэн байдлаар тусгалаа олчихсон байдаг. Уран зохиолын номоос өөрийнхөө аль нэг талыг олж харах их сонин мэдрэмж шүү. Уран зохиол дундаа дорно дахины уран зохиол голчлон унших дуртай. Өнгөрсөн жилээс уран зохиолын бус номууд их унших дадалтай болж байгаа. Хэт хийсвэр ертөнцөөс бодит амьдралдаа бууж ирэх дасгал болдог юм шиг санагддаг. Энэ жил л гэхэд түүх, шинжлэх ухаан, философи, сэтгэл судлалын цөөнгүй номууд уншсан байна.
4. Та өөрийнхөө дуртай зохиолоо нэрлэнэ үү?
Олон бий. Хамгийн дуртай зохиол гэвэл Антун де Сент Экзюперигийн “Бяцхан Хунтайж”. Мөн Г.Аюурзана зохиолчийн бүх романуудад дуртай. Хамгийн сүүлд уншаад дуртай болсон зохиолууд гэвэл Английн зохиолч Олдос Хакслигийн “Гайхамшигт шинэ ертөнц”, Хятад гаралтай америк зохиолч Ха Жиний “Хүлээлт” романуудыг нэрлэх байна. Хүмүүсийг уншаасай гэж хүсэж байна.
5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Ном сонголтын тухайд практик хандахыг хичээдэг. Мэдээж өөрийн дуртай, үнэлэмжид минь нийцдэг дотоод, гадаадын зохиолчдын ном бүтээлийг ямар ч эргэлзээгүйгээр авдаг. Харин шинээр гарч буй, эсвэл монгол хэлээр анх удаа орчуулагдаж байгаа номуудын тухайд эрхлэн гаргаж буй хэвлэлийн газар, орчуулагч, редактор, номын хавтасны дизайн, доторх өрөлт зэргийг нарийн харж сонгодог. Орчин үед номын мэдээллийг ихэнхдээ цахим ертөнцөөс л авч байна. Олон улсад гарч буй залуу уран бүтээлчдийн номоос гадна их уншигдаж байгаа номуудтай гаднын сайтууд, номын блог хөтөлдөг хуудаснуудаар дамжуулан цаг алдалгүй танилцдаг.
6. Таны хувьд ном юугаараа ач холбогдолтой вэ?
Утга зохиолын чиглэлээр их сургууль төгссөн болохоор анх ном уншихыг үүрэг даалгавар мэт хүлээж авч байжээ. Сайн багш нар, зөв чиглүүлэгчдийн буянаар номын ач тус, амт шимтийг нээж таньсан гэж боддог. Ном амьдралын минь олон хүнд хэцүү үе, ганцаардаж, шаналсан мөчүүдэд хамт байжээ. Хамгийн жаргалтай мөчүүдийг ч номын ачаар мэдэрсэн. Одоо бол ном амьдралын минь нэг хэсэг мэт болсон байна. Уншаад л байвал, амьдраад л байна...
7. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?
Хамгийн сүүлд Ричард Давид Прехтийн “Хайр” философийн ном, Ха Жиний “Хүлээлт” роман, Д.Төмөрсүхийн “Тэнгис, Бороо, Тэгами” аяллын тэмдэглэлийн номыг уншсан байна. Одоо П.Лувсанцэрэнгийн “Ус шиг цэнхэр” өгүүллэг, туужийн түүвэр, Ричарч Давид Прехтийн “Би хэн бэ?” философийн ном, Давид Тройтерын “Кино зохиолчдын библи” мэргэжлийн номыг уншиж байна.
8. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Би Антун де Сент Экзюперигийн “Бяцхан Хунтайж” номыг олон хэлээр цуглуулдаг. Одоогоор Хятад, Япон, Солонгос, Англи, Франц, Монгол зэрэг хэл дээрх хэвлэлтийг нь цуглуулаад байгаа. Зөвхөн ном гэлтгүй энэ зохиолтой холбоотой мерчүүдийг цуглуулдаг. Сүүлд Чинагийн Галсан гуайн “Чингисийн есөн зүүд” романыг нь герман хэлээр авсан. Чинагийн Галсан гуай энэ романаа өөрийнхөө хамгийн сайн зохиол гэдэг юм билээ.
9. Ном унших арга барил, дадлынхаа талаар хуваалцаач?
Миний ном унших арга барил жилээс жилд хувьсан өөрчлөгдөж байгаа. Өмнө нь зөвхөн нэг зохиол барьж авч уншдаг байсан бол өнгөрсөн жилээс олон төрлийн ном зэрэг эхлүүлээд зэрэг дуусгах дадалтай болсон. Энэ жилд л гэхэд “Уран зохиолын ном 70 хувь, баримтат бүтээл 30 хувь” уншина гэж төлөвлөсөн. Өдөр бүр 2-3 цагийг уншихад зориулдаг. Ном уншиж байх үедээ өөр зүйлд сатаарахгүй төвлөрч суух их чухал. Энэ арга барил маань надад үр дүнтэй санагддаг. Нимгэн, зузаан хамаарахгүй нэг номыг дунджаар дөрвөн өдөрт уншиж дуусгадаг. Сард ойролцоогоор зургаан ном уншиж байна.
10. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Ихэнх номоо цаасан хэвлэлээр уншдаг. Номын хуудас эргүүлэх, цаасны үнэр, хуудас эргүүлэх бүрд гарах дуу зэргээс кайф авдаг. Гоё хавтастай номыг олон дахин эргүүлж, тойруулан дээр нь янз бүрээр тэмдэглэж, ноолж уншихаас маш их аз жаргалыг мэдэрдэг. Сүүлийн үед ажлын шаардлагаар электрон ном уншиж байгаа.
11. Уншихыг зөвлөх ном. Тус номын үнэ цэн.
Чинагийн Галсан гуайн бүх номууд тэр дундаа “Арван сарын тэнгэр дор” тууж, П.Лувсанцэрэн “Ус шиг цэнхэр” өгүүллэг, туужийн түүвэр, М.Уянсүх “Аварга мод”, Орхан Памук “Цас”, Мин Жин Ли “Пачинко”, Милан Кундера “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”, Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мадонна”, Мишима Юкио “Багт хүний наманчлал” зэрэг романуудыг уншихыг санал болгож байна. Энэ номуудыг уншсанаар уран зохиолын хамгийн нийтлэг 3 төрөл болох “өгүүллэг, тууж, роман”-ы бүтэц, ялгаа, онцлог байдлыг ойлгох байх. Харин хамгийн сүүлд нь зөвлөх ном бол мэдээж энэ жилийн Нобелийн шагналт зохиолч Хан Каны “Цагаан хоолтон”, “Хөвгүүн ирлээ” зэрэг романууд. Уншигч, уран зохиолд дурлагч хүний хувьд ази тивээс төрсөн анхны Нобелийн шагналт эмэгтэй зохиолчийн бүтээлтэй танилцахгүй өнгөрч хэрхэвч болохгүй шүү дээ.
12. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Зохиолч Франц Кафкагийн “Хувирал” туужийг хамгийн олон удаа уншсан. Хэвлэгдэж гарсан цагаас нь хойш арав гаруй удаа уншсан болов уу. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө таньж мэдсэн, хөгжүүлсэн, олсон үед энэ тууж надад хамгийн их хань болсон. Ер нь Франц Кафка миний хамгийн дуртай зохиолчдын тэргүүн эгнээнд байдаг. Энэ эрэмбэ магад хэзээ ч доошлохгүй байх. Дараа нь зохиолч Г.Аюурзанын “Дурлалгүй ертөнцийн блюз” тэргүүт зохиолууд орно. Мөн яруу найргийн номуудыг өдөр тутамдаа сөхөж хардаг дадалтай болжээ.
13. Номоос санал болгох эшлэл?
Хамгийн сүүлд уншаад сэтгэлд хадаатай яваа нэг эшлэлээ хуваалцъя гэж бодлоо. Хийлч найз минь санал болгосон “Өрнө дахины хөгжмийн уран зохиол” гэдэг номоос суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены амьдрал, уран бүтээлийн замналтай танилцсан юм. Алдарт хөгжмийн зохиолчийн амьдралд тохиолдсон хамгийн том эмгэнэл бол түүний дүлийрэл байжээ. Л.В.Бетховен хүнд өвчинтэйгөө тэмцэж байхдаа “БИ ХУВЬ ЗАЯАГ БАГАЛЗУУРДАНА. ХУВЬ ЗАЯА НАМАЙГ ҮГҮЙ ХИЙХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ” гэж хэлсэн байдаг юм билээ. Амьдраад л байх урам зоригоо өнгөрсөн өдрүүдэд энэ эшлэлээс олж авч байна даа.
14. Хэрэв та эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
Михаил Булкаговын “Мастер Маргарита хоёр” юм уу, Г.Аюурзана зохиолчийн “Илбэ зэрэглээ” мета романыг авч явах байсан болов уу. Эсвэл хамгийн түрүүнд санаанд орсон, гарт тааралдсан шүлгийн номоо авч явна аа.
Танд баярлалаа.
Сэтгэгдэл хэсэг