Дуртай шүлэг: Ариунаагийн Баттулга

Америкийн яруу найрагч, эсээч, уран зохиолын шүүмжлэгч Роберт Пинскигийн санаачилсан “Favorite poem” төслийн албан ёсны монгол хувилбарыг бид энэхүү булангаараа хүргэдэг билээ. Гэрэл зурагчин А.Баттулга буюу Tulgaaskizz энэ удаагийн зочноор оролцлоо. Олон улсын Улаанбаатар их сургуулийг график дизайнер мэргэжлээр төгссөн. Өдгөө гэрэл зурагчнаар ажилладаг. Кино, уран зохиол, гэрэл зурагт сонирхолтой.


 

Энэ шүлгийг анх уншчихаад яруу найраг гэж ийм хүчтэй зүйл байдаг байх нь ээ гэж мэдэрч байсан юм. Нээрээ л ганцхан туулах хүний энэхэн амьдралд сэтгэлийн үхэл гээч нь хэчнээн удаа тохиолддог бол гэж бодогдсон. Гэсэн ч гуниг гэдэг дэндүү хайрлам, эмзэг, ариун зүйл билээ.

***

Намар,

Ой шарлах бүрд би үхдэг.

Насны ганцад олон үхэх

Надад хамгаас хэцүү байдаг!..

Хавар,

Шинэ ногооны үнэрээр

Хөгшин үнээ өеөдөх бүрд би үхдэг!

Хавсарга салхин догшноор ульж,

Зулзаган модод үндсээрээ булга унах бүрд

Би үхдэг!

Нойрмогхон Монголоос минь хаа тэртээ

Номхон далайд хөлөг живэхэд,

Зүс мэдэхгүй хэн нэгэн, хаа нэгтээ,

Зүрх нь цохилохоо зогсоход,

Нэр нь газрын зурагт тэмдэглэгдээгүй

Нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасагдахуунгүй

Нэг жижигхэн аралд газар хөдлөхөд,

Адгийн наад зах нь,

Аглаг хээрийн аниргүйг

Ангийн буун дуу цочооход л

Би үхдэг!..

Насны ганцад олон үхэх

Надад хамгаас хэцүү байдаг!

Энэнээс ч илүү хэцүү нь,

Нэг насанд,

Нэг л удаа үхдэг хүмүүстэй

Өдөр бүр амьд явах

Бүүр аймшигтай байдаг!..

Д.Урианхай

  

Байгаль дэлхий,  хайрыг мэдрэх хүмүүний торгон мэдрэхүй хэзээ ч хувиршгүй зүйл аж. Магад цаг хугацааны аялал тохиож, онхи ондоо цаг үеийн, нэгнээсээ тэс өөр, өөр хүмүүс уулзахад яруу найргийн хэлээр л төвөггүй, чин сэтгэлээс ойлголцож чадна хэмээн боддог юм. 


***

ЧИ БОЛ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ ДӨРӨВДҮГЭЭР САР

(Хайрын магтуу)

Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

Инээх дуу чинь дөрвөн зүгийн салхи хөгжөөж, илбэдэх мэт

Дөлгөөн хаврын урсгал дунд бүжсээр одно.

Чи бол дөрөвдүгээр сарын өглөөний тэнгэр дэх үүл болоод манан,

Үүрээр сэвэлзэх салхи мэт тийм зөөлөн! Өөр юу ч биш зүгээр л

Өндөрт анивчиж буй од, бас цэцгэн дээр дусалж буй бороо!

Тайвшрал болоод ариусал – чи бол,

Тансаг цэцэгсээр сүлжсэн титэм өмсөгч, чи бол

Цайлган бас хүчирхэг, чи бол цагаан шөнийн дүгрэг саран!

Хайлж буй цас мэт гэрэлтсэн шар өнгө – чи бол, хавар цагийн

Анхны нахиа мэт тунгалаг ногоон – чи бол, зүүдэнд дохилзох лянхуаг

Усны мандал мэт бүүвэйлэх зүрхэн дундах энхрийлэл!

Чи бол энд тэндгүй дэлбээлж буй цэцэгс, гүүр тойрон

Эрх дураараа жиргэж буй хараацай. Чи бол хайр, халуун,

бас найдвар, чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!


Линь Хуэй-Инь

Орчуулсан: Нац. Энхбаяр

“ХЯТАДЫН ОРЧИН ҮЕИЙН ЯРУУ НАЙРАГ"

Ийм богинохон шүлэгт ямархан цэгцтэй, уран яруу, зөөлөн дулаан мэдрэмжүүдийг шингээж чадаа вэ. Зуны намуухан нэг өдөр энэ шүлгийг анх уншчихаад өдөржингөө мэдрэмжээ тээж алхаад гэрэл зургууд авч билээ.


***

Үнэрийг чинь би өвөртөлж унтнам

Үнэрээр чинь би өдөржин амьсгалнам

Үүд цонхоо цөмийг хааж

Үнэрийг чинь би өрөөндөө хорином

Өгсөн цай, өмсгөсөн хувцсанд хүрэлгүй

Өлсөж цэрвээд сарничихаас айнам.

Б. Одгэрэл


 

 

Сэтгэгдэл хэсэг