Алтан гадас одны чигт

   

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын 25 буюу Зулын хорин таван тохиож байна. Энэ өдөр өргөсөн нэг зул мянга болж үрждэг, буян үйлдвээс хэмжээлшгүй арвиждаг онцгой өдөр гэнэ. Та бид хоёрын ярилцлагын өгөөж тэр мэт арвидаж, уншсан хүмүүний сэтгэлд өглөг болон хүрэх болтугай гээд яриагаа эхэлье. Би Явуухулангийн цэцэрлэгээс бичиж байна. Ажил руугаа явах замдаа энд амсхийдэг юм. Улаанбаатар хотод очих дуртай газруудын маань нэг. Таны оршин суугаа орон хотод мөн ийм очих дуртай, ажил хүрэх замаараа амрах дуртай газар гэж байдаг байх даа?

Буян хишиг арвижих өлзий дэмбэрэлтэй ерөөлтэй сайхан тохиол байна. Таны ерөөл бат оршин, унших хүмүүний сэтгэл гэгээрч, ухаан тэлж, ухамсар мэдрэмжийн далай нь улам цэнгэг, гүн байх болтугай. Хойд Европ буюу Скандинавын хойгт орших, Балтын тэнгисийн баруун эргийг эмжсэн Шведийн нийслэл Стокхолм хотод эзэн хааны нэрэмжит номын сантай цэцэрлэгт хүрээлэн бий. 16, 17-р зууны үеийн ном уншиж ахуйд энэ Хумлагийн цэцэрлэгт өрнөх үйл явдлуудтай олон таарна. Зохиолчид үгээрээ чимэглэсэн мод бут, зүлэг ногоо, баримал байшин одоо ч хэвээрээ байгаа нь гайхалтай санагддаг. Ажил, гэрийн замд амсхийх, сэтгэлээ тайвшруулан тогтоох, хааяа бас оюун тархиараа цаг хугацааны аялалд гарахаар бол энд ирдэг дээ. Энэ улсын хамгийн том номын сан байрладаг болохоор улс орон хамаарахгүй, өнгө зүс ялгалгүй оюутан залуус, эрдэмтэн судлаачдын хөл жилийн гурван улиралд энд тасрах нь үгүй. Швед өргөргийн хувьд хойшоо сунаж тогтсон байдаг болохоор өвөл гэрлийн цаг богино, шөнө нь нарны гэрэл урттай, баруун эргээс Атлантын далайн уур амьсгал, бас тэнгисийн чийг, мөн Сибирьтэй дөхүү болохоор эх газрын сэрүүн салхитай, хойд мөсөн далайд дөхүү тул хүйт эрчилнэ. Зул сар гарсан тул нийслэл хот гэрлэн чимэг, хамаг л гоёлоо зүүгээд, сэтгэлд уянга нэмж, цасан хучлагатай нисдэг Карлсон дээвэр дээр нь суудаг байшингууд өнгөө тодруулан мэлмий чимээд гоёхон байна даа.

Энэ цэцэрлэгт замаар алхах хүртэл өөр өчнөөн зам туулсан нь дамжиггүй. Энэ хүрсэн замналынхаа талаар бидэнтэй хуваалцаач. 


Гуравдугаар ангид Жуль Вернийн нэгэн зохиолыг уншиж байхдаа тэнгист нар жаргадаг дүрслэлийг сэтгэлдээ хадгалаад, өөрийн биеэр далай тэнгист нар жаргах ба мандахын ялгааг харна гээд тэр дүрслэлийг дотроо "алтан гадас" од болгочихсон юм. Дараа нь зургаа дугаар ангидаа "Зоригт далайчин"-г уншиж байхдаа задгай далайд гарсан далайчид их шуургатай өдөр шөнөгүй тэмцэлдэн зүг чигээ алдах ч давлагаа тогтож, цэлмэсэн тэнгэрт алтан гадас одоор зүг чигээ олж буйг уншаад төөрч болох ч алтан гадас одонд хүрэхгүй ч чиг зүгийг минь дандаа заадаг гэдгийг ухаарсан. Насны залууд алтан гадас минь далай тэнгист ургах, жаргах нарыг харна гэсэн мөрөөдөл байсан бол алс нутагт хоёр арваныг үдэхдээ миний алтан гадас "эх хэл, Монгол" минь байсныг ухаарсан. Далайн захын дангиа, дандаа загасан хоолтон гэдэг чинь би шүү дээ. Хөвсгөл нуураас эх авдаг ганцхан голын эрэг дагаж өссөн хүн. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумынх. 8-н жилийн сургуулиа дүүргээд, 80 км-ын алсад орших Тариалан сумын 10 жилийн сургуулийн дотуур байранд 2 жил амьдран суусан даа. Тухайн үедээ сургуулиа онц төгслөө гэхдээ их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад гурван жил орж байж сая хүссэн ангиа сонгосон. Намайг 6-р ангид байхад дадлага хийхээр торомгор нүдтэй, жигтэйхэн хөөрхөн эмэгтэй, Орос хэлний багш суманд маань ирдэг юм байна. Түүний тэр биеэ авч яваа байдал, хувцасных нь донж маяг, урт сормуусны дэрвээ яг л үлгэрийн дагина буугаад ирчихсэн гэмээр. Харьковд нисэхийн сургуульд сурч байсан аав болон мөн Орос хэлний багш эгчийн ачаар суманд ажиллах Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдтэй тоглож өссөн ч Орос хэлийг мэргэжил болгон сонгоно гэж санаа ч үгүй явсан би тэр хүүхэлдэй шиг хөөрхөн багшийгаа хараад л хэл гэгчид унан тусан дурласан даа. Хэлийг гэх дурлал минь өдий хүртэл тэжээж ирлээ. 1993 онд ГХДС (одоогийн Хүмүүнлэг) элсэн орж, 1998 онд төгсөөд, мянганы босгон дээр айлын бэр болж, мянганы тоолол эхэлсэн хойно ийш нүүж ирсэн. Хил нээгдэж, уяа нь алдуурсан ноход шиг бидний үеийнхэн хүрч болох газар бүртээ зорьж байсан үе. Ирээд, Швед хэлийг даруй сурч хэлмэрч хийхийн зэрэгцээ Стокхолмын их сургуульд нэр томьёоны ангид суралцаж байтал Хүмүүнлэгийн тэнхимийн багш нар тархи-хэл шинжлэлийн анги руу шилжүүлснээр үргэлжлүүлэн суралцав. Хэлмэрчийн ажлаа орхиогүйн ачаар эх хэлээ хадгалан үлдэв. Тархи, хос хэл судалж, номыг нь үзсэн тул онол дагаж, үлдээх ганц өвөө өвлүүлж, үр хүүхдүүдээ тэлээ хэлтэй өсгөв. Цаашилж, орчуулга хэлмэрчийн салбарт илүү нарийвчлан сурч мэргэжлийн орчуулагч нар бэлтгэх багшийн эрх авснаар сурч, судалгаа хийсэн тэнхимдээ багшаар ажиллаж байна.


Холын нутагт суугаад хориныг үдсэн даруй алтан гадас од тань эх хэл байсныг ойлголоо гэлээ. Юун учир ийн ухаарахад хөтлөв. Эх хэлний ач холбогдол, үнэ цэн таныхаар чухам юундаа байна вэ?

Аливаа улс орон ижилсэл ондоошлоо тодорхойлоод ирэхээр үндэсний тодотголоороо бахархахын зэрэгцээ эх хэлээ хамгаалахад мэргэшсэн мэргэжлийн болон судлаачдын баг "хилийн манааны цэрэг" мэт ажилладгийг мэдэж ойлгосон. 1786 онд, Франц хэлний Академийн үүсгэн байгуулснаас санаа авч эх хэлээ "цэвэр ариун байлгах, амин чанарыг нь хадгалах, эрхэм нандин" байлгах зорилгоор эндхийн Швед хэлний академийн шавийг тавьсан нь энэ юм. Эх хэлээ хадгалан үлдэх гэдэг нэршил, үйлдэл бий. Үүнд: гаднын хэлний дарангуйллаас хамгаалахын тулд нэр томьёочид terminology/ шинжлэх ухаан болон нийгмийн бүх салбар дахь элдэв нэр томьёог зохицуулан эх хэл рүүгээ орчуулах, зээлэх бол Швед хэлний дүрмийн дагуу болгох, нөгөө талаас хэлзүйчид (lexilogy/ мөн ажиллаж ямар үг шинээр хэрэглээнд орж ирээд, ямар үгийг халах тухай, эсвэл гаднын хэлнээс үг зээлэхэд хэрхэн өөриймшүүлж, өөрийн хэлний дүрэмд захируулах тухайд ажиллана. Харин үгчилж орчуулбал "хэл асран хамгаалагч" гэдэг нөхөд төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, ном товхимол болон бичгийн хэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт ажилладаг нөхөд бий. Би хувь хүний төвшинд биш институт байгууллагын тухайд мөн хууль эрхзүйн хүрээнд ярьж байна. Учир нь Швед хэл бол Швед улсын үндсэн эх хэл мөн гэсэн заалт байхгүй ч төрийн үйл ажиллагааг Швед хэлээр явуулна гэсэн хуулийн заалттай. Мөн хуулийн заалтаар Швед хэлний бичгийн тогтсон дүрэм журмын дагуу төрийн болон албаны үйл ажиллагаа явагдах хуультай. Тиймд, албан байгууллагууд "хэл асран хамгаалагч" хэмээх орон тоотой байдаг. Байнгын харуул хамгаалалттай мэт, гурван талт "манааныхан" өөрсдийгөө "хэлийн цагдаа" гэж нэрлэдэг. Хэл шинжлэлийн салбарынхан судалгаа шинжилгээгээ тогтмол хийж суудаг улс. Нөгөөтээгүүр, төрийн үйл ажиллагааг Швед хэлээр явуулах ч үйлчилгээ авч буй хүний сайн мэддэг хэлээр нь харилцах заалттай тул олон хэлний хэлмэрчийн хэрэгцээ өндөр байгаагийн учир энэ. Мөн аливаа хүн өөрийн эх хэлээ хадгалан, хүүхэд эх хэлээ өвлөн суралцах эрхтэй тул төрөлх хэлний хичээлийг (асран хамгаалагч нь хүсэлт гаргасан тохиолдолд) олгохоор боловсролын тухай хуульд заасан бий. Тиймд, энэ улсад Шведийн боловсролын салбарт Монгол хэлний, мэргэжлийн олон багш нар ажилладаг юм.
Хэлээ цэвэр ариун байлгах нь гагцхүү монголчуудын өмнө тулгамдсан асуудал биш. Цөөн хүн амтай, эсвэл эх оронд нь өөр хэлээр ярьдаг олон хүмүүстэй улс орон технологи, кино урлаг, мэдээллийн хэл болох Англи хэлний дарангуйллаас эх хэлээ хэрхэн хамгаалах вэ? гээд ижил зовнилтой, ижил асуудлыг шийдэх гэж хичээж байна. Швед хэлний давуу нь индо-евро хэлний салбар мөн хөрш зэргэлдээ орнуудтай аялгыг эс тооцвол ижил тул мөр зэрэгцэн, хамтдаа хэлээ хамгаалах туршлагаа хуваалцдагт бий. Харин дэлхийд арав гаруй сая хүн ярьдаг монгол хэлийг тусгаар улс болох эх орон минь хамгаалах ажлыг чухалчлах бөгөөд хоёр хөрш дэх Монгол хэлний нөхцөл ямар байгааг мэдэх тул Монгол угсаатны сэтгэлгээ, Монгол хэлний мөн чанар, онцгой нандин байдлыг хамгаалах үүрэг бидэнд буйг бидний үеийн нөхөд ойлговол зохистой.

Гаднын нэр томьёог авч ашиглах тухайд манайд тогтсон дэг ёс байхгүй байх шиг. Шууд авч хэрэглэхийг чухалчлах нэгэн байхад кофег-боргол, лифт-өргүүр шат сэлфи-өөрөг зэргээр авах чухалтайг дэмжих нэг хэсэг харагддаг. Үүнийг Шведэд хэрхэн зохицуулж байна вэ? Таны зүгээс хэлний аюулгүй байдлыг хамгаалахад зөвлөх шийдэл юу байна вэ?


Нэр томьёог Швед хэлэнд оруулах үндсэн 3 аргачлал бий. Өмнө нь нэр томьёог шведжүүлэх NTC гэж байгууллага байсныг Хэлний асран хамгаалагчид байгаа тул төрийн байгууллагаас 2018 онд татна буулгасан. Харин одоо төрийн бус байгууллага болоод нэр томьёочид, үг зүйчид үргэлжлүүлэн ажиллаж буй. Аргачлалын тухайд: 1. Дүйцэх үгийг Швед хэлнээс хайн олох : mouse-хулгана 2. Тодорхойлолтод үндэслэн, тайлбарлаж нэрлэх: escalator- урсдаг шат 3. Зээлж, Швед хэлний дүрэмд оруулах: school- skola 4. Дуудлага болон үгийг шууд зээлэх: tomato- tomater 5. Шинээр, тохирсон үг олж нэрлэх: train-tåg. Энэ бол Швед хэлэнд явагддаг аргачлал. Нэр томьёог тогтоох хөрсөнд буулгаж, хэлний хэрэглээнд оруулахаас өмнө тухайн нэр томьёоны ухагдахууны тодорхойлолтыг гаргах гэж нөр их ажил болдог.

 
Та PISA тестээр өөр хэл соёлтой, өөр сэтгэлгээтэй манай улсын сурагчдыг шалгаж дүгнэх учир дутагдалтай гэж үзэж байна уу? Ер нь ямар шалтгаанаар энэ олон улсын шалгалтыг "захиалдаг" юм бэ?

Cкандинавын хамгийн анхны их сургууль 1477 онд байгуулагдсан нь Уппсалагийн Их сургууль. PISA-ын үнэлгээ, шалгалтын асуултыг бэлтгэх мөн судлах байнга сайжруулах судалгааны баг энэ их сургуульд байдаг. Манай боловсролын яамны төлөөлөгчид ийш ирж туршлага солилцох үед PISA-ын үнэлгээгээр боловсролын үндэсний чанар ба үйл ажиллагааг дүгнэх нь учир дутагдалтайг хэлж байсныг дурдъя. Мөн бодлого, асуултыг боловсруулахад улс орны соёл, сэтгэлгээний онцлогийг харгалзахгүй, нийгэм, эдийн засгийн хөгжлөөс огт хамаарахгүй нийтлэг нэгэн ижил даалгавар бэлтгэх нь хэчнээн бэрх болох ч бас. Таны асуултад хариулахад: Шведийн 9-р ангийнхан уншлагын чадвар ихэд буурсан гэдгийг 2 зүйлтэй холбон тайлбарласан: 1.Цар тахлаас улбаалж ахлах ангийнхан цахимаар хичээл хийсэн нь технологид дулдуйдсан алдаа гэдгээ ухаарч, өнгөрсөн хичээлийн жилээс дэлгэц, ай-падаас татгалзаж цаасан хуудастай номоо сонгох болсон. 2. Сургуулийн номын санг олноор нь татан буулгасан байснаа өчигдрөөс шийдвэр гарч сургуулиуд номын санчаа дахин ажиллуулахаар болов. Ном унших, уншсанаа ойлгох чадварыг зөвхөн эцэг эх, багш нар өдөөж бас сайжруулдаггүйг судалгаагаар баталсан. Ном, уран зохиол, зохиолчидтой холбодог гүүр бол номын сан. Номын санчид хүүхэд залуучуудыг ном уншуулах, номд хорхойсож, унших урмыг өдөөх гэх мэт олон үйл ажиллагааг явуулдаг байсан нь хумигдаж, ийн үр дүн гарчээ.
Таны асуултад шууд тийм үгүй гэж хариулмааргүй байна. Тухайн даалгавар бодлогын орчуулгын чанар ямар байсныг би мэдэхгүй. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хаана байгаагаа жиших үнэлгээ болох юм даа. Учир нь PISA бол үндсэндээ математик, унших чадвар болон байгалийн ухааны мэдлэгийг дэлхий даяар (үнэлгээнд оролцохоор нэгдсэн улсууд) 15 настнуудаас шалгаж, үнэлсний хойно тухайн улс орон нь боловсролын тухай бодлогоо хэрхэн авч явахаа илүү тодорхой болгох, бусад улс оронтой жиших боломжийг олгож байгаагаараа онцлог юм даа. Уржнан жил 87 улс орон оролцсон гэж тооцоход өөрсдөө хаа яваагаа мэдэх боломжтой. Хүүхдийн мэдлэг шалгах шалгалт огт биш болохоор Шведийн сургуулиуд шалгалтад ач холбогдол өгдөггүй, харин Боловсролын Яам, Засгийн Газар, судалгааны байгууллагууд, багш сурган хүмүүжүүлэх их дээд сургуулиуд чигээ тогтоож, бодлогоо тогтоох нь бий.

Өөр өөр соёлын бүлгүүдийг нэг тестээр шалгаад тэднийг харьцуулан үнэлэх нь аль зэрэг оновчтой вэ? Манайх өөрийн сэтгэлгээний онцлогт таарсан тестээр шалгуулбал тэс өөр хариу гарах биш үү?

Яг наадахыг чинь хэлдэг. Тийм болохоор аливаа улс орны боловсролын чанарыг шалгаагүйг ойлгох хэрэгтэй. Хэдий нэг ижил даалгавар бодлого бэлтгэсэн ч нийгэм, эдийн засаг, хөгжил болон сэтгэлгээний онцлогтоо тодорхой хамааралтай байх өндөр магадлалтайг тэд хүлээн зөвшөөрдөг. Даалгаврын орчуулга монгол бус орчуулгын модон хэлтэй бол унших чадвар доогуур үнэлэгдэх магадлал нь өндөр. Тиймд, би таны асуултад хариулж чадамгүй. Эхийг өрнийн сэтгэлгээтэй тархи бэлтгэнэ, дорнын тархи хэр монголчилсныг би мэдэхгүй юм. PiSA- г зөв хэрэглэж, бүх салбар болон түвшиндээ үнэлгээний үр дүнгээс суурилан боловсрол сургалтын бодлогоо өөрчлөх, эсвэл тогтвортой байлгаж чадах бол үнэлэмжийн чухал хэрэглүүр. Гэхдээ монгол онцлог, монгол сэтгэлгээ, монгол боловсрол, монгол хөрсөн дээрх боловсролын бодлого, тус хөтөлбөрийг дүгнэхгүй.

Саяхан таксинд тохиолдсон бяцхан түүхийг тантай хуваалцмаар санагдав. Таксины жолооч хэлж байна. Түүх уншаад яадаг юм нэгэнт болоод өнгөрсөн юм, уран зохиол уншаад бүр хэрэггүй хүний зохиосон худал юм гэж байх. Үүндээ би танаар хариулуулмаар байна л даа. Ер нь уншихын ач тус юу юм. Бид яагаад унших ёстой юм. Тэр дундаа уран зохиолын ном уншихын ач холбогдол юу юм. Мөн танай суугаа орныхон ямар бодолтой байх юм. Яагаад Шведүүдийн бодлыг асууж байна гэхээр Нобелийн шагналыг зуунаар өртөөлөн олгож ирсэн тэр дундаа уран зохиолын төрөлд мөн олгодог ард түмэн учраас асууж байгаа юм. Альфред Нобель шүлэг бичдэг уран зохиолын хорхойтон байсан учраас ч олгодоггүй байх.


Би чинь бас тархи-хэл шинжлэлийн хүн. Уншихад тархины олон эс идэвхжиж, тархины "дасгал" хийдэг. Харах эсвэл сонсох төвөөс мэдээлэл дамжуулахад зураглан эргэцүүлнэ, сэтгэнэ, дурсамж ой тогтоолтод хадгалаастай мэдээллийг сэргээнэ, шинэ мэдрэмж өгч огт байгаагүй замыг үүсгэнэ. Мэдрэлийн эсүүд шинэ зам гаргана. Дараа нь уншсанаа ойлгосон эсэхээ хянан тохиоход дахиад олон үйл ажиллагаа зэрэг явагдана. Би хувийн жишээгээ хуваалцъя. Хүү охин хоёроо сургуульд орох үед хүүхэд залуучуудын утга зохиол гээд хичээлд нэг жил тус бүр суусан. 2 өөр их сургууль дээр. Хүүхэд залуучуудын утга зохиолын институт гэж байгууллага бий. Төлөвлөгөөтэй, төсөвтэй- төрийн байгууллага. Хүүхдийн зохиолч нарыг байнга чадваржуулан чанаржуулж хүүхдийн тархи, сэтгэлзүйн курс сургалтыг тэдэнд явуулахаар их сургуульд захиалга өгөх. Номын санчид хүүхдийг нярайгаас нь унших, ном сонсох дадал суулгахын тулд эцэг эхчүүдэд зөвлөмж өгч сургалт явуулдаг. Зохиолч уншигчдыг холбогчид номын санчид. Би хүүхдийн уран зохиолын тухайд ярив. Сурах бичиг зохиохыг өөр аргачлал, бодлогоор зохицуулна.
Чиний асуулт их өргөн, мөн ч гүн юм аа. Би зөвхөн уншигчийнхаа зүгээс хариулъя. Гэхдээ зөвхөн Швед хэлээр уншигчийнхаа зүгээс. Энэ Шведийн улс нийгмийн талаас биш соёлт хүний нийгэм талаас үзэхэд би бус бид төвтэй байсныг нь газар шороон дээрээ бариад үлдээсэн ямар ч шилтгээн, орд харш байхгүйгээс нь харж болно. Төв Европоор аялахад гайхамшигтай орд харшийг тухайн үеийн сурвалжит нөхөд өөрсдийн хөрөнгөөрөө бариулсан нь одоо ч тухайн цаг үеийнхээ түүхийг ярьж, соёл урлагийг тольдон бидэнд, дараа дараагийн үед ч өгүүлсээр л сүндэрлэн оршино. Шведэд, хааны ордон гэж цөөн хэдэн орд харш бий. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр дундад зууны феодалын нийгэмд хамжлагат феодал нөхөд өөрсдийн албат, хамжлага олныг саахалт хөршөөрөө хамтдаа амьдралыг туулсаар монголчууд бидэн шиг капитализмыг алгасаад, социализм руу ирэхдээ хувь хүний эрх чөлөөг чухалчлаад иржээ. Гэтэл энэ хувь хүний (эрэгтэй эмэгтэй хүн гэж огт ялгалгүй) эрх чөлөө гэдэг нь викингчүүдийн үед ч чухал байсан тул энэ газар нутаг дээр буй цэнхэр нүдтүүдийг Христийн шашинд дагаар оруулж чадахгүй байсны шалтгаан нь эр эм хослон амьдрах ёстой, гэхдээ эр нөхөр нь газар эзэмшиж, эхнэр нь гэр бүлийн нэгэн гишүүн тул нөхрийн хүсэл тааллыг оройн дээдэд чухалчлах ёстой гэх үзэл нь саад болоод байж л дээ. 8-10-р зууны үед даалгавраар ирсэн санваартнууд амжилтгүй, өвөр хоосон буцаж байв. Үүнийг түүхийн номоос уншихгүй гэхдээ анхны эмэгтэй Нобелийн шагналтан Сельма Лагерлойфын 1904 онд хэвлүүлсэн "Арне эзний мөнгө" гэдэг зохиолын үйл явдлын цаана тодорхой өгүүлдэг. Цагийн явцад, викингчүүдийн туурь булшны 13 %- г зөвхөн захаас нь нээж Лагерлойфын зохиолуудад гардаг санааг нотлох олон зүйлсийг олжээ. Би юу хэлэх гээд байна гэхээр хүний нийгэм байнга өөрчлөгдөж, хөгжил дэвшил үргэлж явагдах мөнхийн хөдөлгөөнд Швед хүн байхуй, Шведээ алдахгүй үлдэх гэдэг хайгуул үргэлж байсныг уран зохиолоос, зохиолчдын бичсэнээс уншдаг юм байна. Энэ улс өлсгөлөн, ядууралд нэрвэгдэхэд 1900 оны эхээр 1 сая 500.000 хүн эх орноо орхиж, цагаачилсан байдаг. Таньж мэдэхгүй хэл соёлтой харьд тэнгис далайг гатлаад гарсан зарим нь эх орноо гэж эргэн буцах, сэтгэлийн шаналал, нутгаа санахын зовлонг Улхелм Мүүбери дөрвөл боть хэвлүүлснээс би ч өөрийгөө бас олсон. Хэдийгээр нэгэн зуун хагасын өмнөх үйл хэдий ч монголчууд бидний гучаад жилийн өмнөөс гадагш чиглэсэн эх замбараагүй нүүдэл цагаачлалтай яг л ижил өрнөл. Зохиолд, явагсад нь эх нутгаа санах, үлдэгсэд нь эх орноо орхин одлоо гэж буруутган зэмлэх, явагсад нь өөрт ганцхан үлдсэн өв буюу эх хэлээ үр хүүхдүүддээ сургах гэж аргаа барж байхад эх орондоо үлдэгсэд нь хөгжилтэй орны бүхэн ухаантай сайн гэж туйлшран өөрсдийн үнэт зүйл, эх хэлээ харьжуулан гээхийн ирмэгт очихыг анзаарч мэдэж, "авч, дуурайн дагаж болно, гэхдээ хэл, өв уламжлалаа л үлдээх ёстой" гэж зохиолын баатруудын зөрчил өнөөгийн бидэнд ч хичээл болмоор. Мүүбери уг зохиолоо бичих гэж АНУ орж судалгаа хийж, эх орон нэгт цагаач нараас ярилцлага аваад, нутагтаа ирж гадаад руу ахан дүүс нь нүүсэн хүмүүстэй буюу гал голомтоо манан үлдэгсэдтэй уулзан учирсны хойно энэ дөрвөл бүтсэн түүхтэй. Цаг цагийн номыг Шведээр уншиж байхад өөрсдийн үнэт зүйлээ л хайгаад байдаг юм. Гэтэл энэ нь алга болчихсондоо биш харин тухайн цаг үе, хувьсалд үндэстэн угсаатны амин чанараа хэрхэн хадгалж үлдэх тухайд л хайгаад байдаг бололтой. Үүнээс хөөж бодоход, үндэстэн угсаатан ямархуу аялал эрэл хийж, ямар хувьсал өөрчлөлтийг гэтэлгэж амин чанараа хэрхэн авч үлдэхийг, мөн үндэстний сэтгэлгээ ба хэлний онцлог юу вэ? гэдгийг цаг үедээ илэрхийлэн өгүүлж, бичин тэмдэглэж, шүлэг найраг, үргэлжилсэн үгээр бичсээр байгаа нь зохиолч, найрагчид тул унших ёстой нь бид юм байна гэж би ойлгож буй. Ялангуяа, энэ их хурдтай, эрчимтэй хувьсал өөрчлөлтийн үед өөрсдийн сэтгэлгээ, хэлний амин чанар, Монголоо хадгалж үлдэхийн тулд өөрсдийн ном зохиолоос уншин эрэлд гарах хэрэгтэй бололтой. Харин зохиолчид одоо болж буй өөрчлөлт хувьсалд бидний эрэл хайгуул ямархуу буйг хүүрнэх нь ирээдүйн эрэл хайгуулд тустай. Өөрсдийгөө дотроосоо хайж, өөрсдийгөө гээхгүйн тулд эх хэлээрээ туурвиж шүлэглэж хүүрнэх ёстой. Нөгөө талаас, айлаас эрэхдээ ч өөрийгөө тэмтэрч болохоор орчуулгын зохиол, найраг шүлэг байх хэрэгтэй. Зөвхөн уншихдаа ч биш өөрийн мөн чанар, уламжлал, өвийг хадгалж үлдээхийн тулд зохиол бүтээлээс уншуулж сургах, унших дадалд сургамаар. Энэ цагийн техник технологийн хэт хөгжил, хэт хурдыг гүйцэх арга байхгүй. Бодит байдлыг харахад, хүн бүхэн хүүхдээ зуны амралтаар хөдөө мал дээр гаргах боломжгүй байна. Нөгөөтээгүүр, миний үеийн нөхөд ч өв уламжлалаасаа холдсон, харьшсан байна. Би өөрийгөө л жишээлж хэлэв. Монгол үг хэлээр би яриад байгаа атлаа харийн хэл шиг ойлгогдохгүй зүйл хэлээд байгаагаа үе үе анзаардаг. Эргээд Шведийн нөхцөлийг ярих бол аж үйлдвэрлэл гэгч нь санхүүгийн эрх чөлөөнд хүргэх боломж олгосон ч бид-төвийг задалж би рүү авчирсан нь амин хувиа хичээж зөвхөн би-төвтэй тул гэр бүлийн нандин харилцааг устгаж, биологийн жамаар хослон үр хүүхэд төрүүлээд, өсгөн хүмүүжүүлж байснаа БИ өөрийг хүсэж байна, БИ ингэж амьдармааргүй байна гэсээр гэр бүл салах болдог. Буцаад, өөрсдийн бид -төвтэй Швед мөн чанар руугаа эргэх хэрэгтэй хэмээн бичих боллоо. Судалгаа ч их хийж, алдсан алдаагаа засах гээд янз бүрийн л арга санал болгож байна. Хүн төрөлхтөн энэ шимт ертөнцөд ухаан ба хүний цугларал, эвийн хүчээр л өдий хүрсэн. Энэ цагт, оюун ухаан ба ухамсрын өндөр түвшинд хүрсэн бол эвсэн зохицож, эвлэлдэн нийлэхдээ үндэстэн угсаатны онцлогоо үүх түүхээсээ хайж байхын тулд, өөрийгөө алдахгүйн тул унших хэрэгтэй гэлцэх ажээ. Унших дадлыг нярайгаас суулгах, шүлэг найраг, уран зохиолд дурлуулж сургахыг эцэг эхчүүдэд зөвлөж, чиглүүлж байдаг. Бичиг үсэг тайлагдах нь нэг өөр, унших гэдэг нь бас ангид,, уран зохиол уншина гэдэг нь тусдаа зүйл. Тийм болохоор, хүүхдэд ном уншиж өгөх, үлгэр ярьж өгөх, нас ахих тусам бүлэг хэсэгтэй номыг бүлэг бүлгээр нь уншиж өгөх гэх мэтийг номын санчид чиглүүлж тусалдаг.

 


"Монгол хэл мөхөж байна" гэсэн нэг улиг болсон ч гэх үү сонссоор дөжирсөн ч гэх үү нэг хий айдас ч гэх үү нэг зүйл байна. Бидэнд үнэхээр ийм аюул бий юу? Бий бол ямар ямар хамаарлаас болж байна. Бий бол бас ямар шийдэл байна. Самичууд иниутуудын жишээ танд бэлэн бий байх. Нэмээд та тархи-хэл шинжлэлийн мэргэжилтэй хүн ер нь хүүхдийн хэл сурах үйл явц хэрхэн явагддаг юм бэ. Netflix-ийн kids багц хүмүүжүүлсэн үе өндийж байх шиг. Хүүхэд ч гэлтгүй бид нар ч ялгаагүй. “Чиний хүслийг чи биш дэлгэц мэднэ” гэж ч бичих болж.

 
Чи их зөв анзаарч. Хүүхэд асрагчаа дэлгэцээр сольсон тул хүн биш робот бэлтгэн буйгаа бид анзаарахгүй байгаа. Харамсалтай санагдсан. Гэхдээ нүүдэлчин ахуйгаа хадгалаад үлдвэл боломж бий дээ. Тархинд толь гэж нэг функц байдаг юм. Хүүхэд бага байх тусам тусгал нь гүн тул дуураймтгай. Амьд харилцаа хумигдах тусам тархины тусгал, сонссон авиагаа л дуурайна. Энэ бол үндэсний хэмжээний аюул. Эмээ өвөө нарт мэдүүлж үр балчир нартаа цаг гарга гэмээр санагддаг. Үүнийг би онолын хувьд мэдэх ч уугуул иргэдээс сурсан. Эцэг эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэх завгүй бол хэл болон сэтгэлгээний дархлааг эмээ өвөө суулгаж болох. Хуучин цагт, зуны амралтаар хүүхдүүддээ мал дээр аваачиж орхиж байсан нь бидний хувьд оносон оноо байлаа. Нөгөө талаас, өнөө үеийн нэгэн аюул бол дэлгэцийн хэт хамаарал. Нярай хүүхдийн тархи анатоми биологийн хувьд бүрэн хөгжиж төрдөг ч хэлд орох явц бол хүүхдийн хөгжил өсөлт шиг шат дараалан явагддаг. Эхийн хэвлийд байхаас сонсох чадвар хөгжиж эхэлдэг тул байнга ярилцах, дуулахыг хойд Европын эх баригчид жирэмсэн ээжүүдэд санал болгодог. Олон соёлт ба хэлтэй гэр бүлд төрсөн хүүхэд өөр өөр хэлээр ярьдаг аав ээжийнхээ хэлний авиаг сонсоод, ялгаж чаддаг. Хариу урвал нь өөр өөр байдгийг судалсан судалгаа ч бий. Их ярьж, үг бүхэн нь илэрхийлэх ухагдахуун, эзэн биетэй, өгүүлбэр бүхэн нь утгатай болохыг хүүхэд хамгийн эхлээд хэл ярианы харилцаанд байгаа хүнээсээ суралцдаг. Энэ утгаараа, аав ээж, эмээ өвөө, бас ах эгч ясли цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид бол бүгд хэлний багш. Ганганан гунганаж өөрийнхөө хэл ярианы эрхтэнтэй "танилцаж", тургиж гэрт сонгогдох бүхий л авиа авиалбарыг даган дуурайж, нэг үг хэлж эхэлснээр олон үг бүхий энгийнээс нийлмэл өгүүлбэр хэлэх хүртэл хэлд орох процесс явагдана. Гэтэл амьд харилцаа үгүй, эгшиг гийгүүлэгч хэлэхэд уруул, хэл амаа яаж хөдөлгөхийг заах дотно хүн үгүй, харин амьгүй дэлгэцээс сонссоноороо л бяцхан нярай өөрөө авиа эгшгийг дуурайж хэлнэ. Энэ аюулын тухайд хүүхдийн хэлд орох явц хэт удааширч, их сүүлд хэлд орох, эсвэл зарим эгшиг авиаг хэлэх эрхтнүүд сайн хөгжөөгүй байгаа гэх мэтийг чухалчлан тайлбарлаж, дэлхийн хэлний эмгэг засалчид, хүүхдийн эмч нарын холбооноос анхааруулж байгаа.
Мөхөх аюулд өртсөн хэл гэж туйлшрах бол дэлхий дээр одоо ярьж буй 6000 гаруй хэлний тал нь шахуу мөхөх аюулд өртөж, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ зууны эцэст эдгээр хэл устан алга болно гэж ЮНИСЕФ мэдэгдэж байсан. Монгол хэл бол одоогийн байдлаар устан үгүй болох магадлалд ороогүй байгаа. Дээрх байгууллагын тодорхойлсноор, хэл устан алга болоход дамждаг 5 шатлал бий. Харин Монголын газар нутаг дээр амьдран суудаг зарим ястны хэл устах аюулд өртсөнийг уншиж болно. Үүний дотор Чинагийн Галсан гуайн эх хэл болсон урианхай хэл мөхөж буй хэлд тооцогдсон буй. Бидний хувьд, тусгаар тогтносон улстай, төр засгийн бичгийн хэлтэй, мөн хамгийн чухал нь эх хэлээрээ сэтгэлгээ, ахуйгаа тамгалж бичих найраг, зохиолоо Монголоор бичдэг мөн эх, төрөлх хэлээрээ ярьдаг түмэн олон бий тул санаа түгшихгүй байж болох ч язгуур эх хэлээрээ бус гадаад хэлээр хүүхдүүд хэлд орж байвал хамгийн эхэнд айх аюул мөн. Дэлхийд, яруу найргийн өдөр гэж байдаг даа, тэмдэглэдэг. 1999 оноос хойш 3-р сарын 21 тэмдэглэх болсон энэ өдөр бол олон хэлийг хамгаалах, өөрсдийн эх хэлээрээ бахархан баясах, баталгаажуулан тамгалах бас тухайн хэлнийхээ ондоошил ба онцгой амин чанарыг тодотгон тэмдэглэх зориулалттай өдөр. Эх хэлээрээ шүлэг найргаа бичиж, уран бүтээлээ туурвих, гадаад хэлээс элдэв ном бүтээл орчуулан байгаа нь Монгол хэлний хөдөлшгүй баталгаат оршихуйн үндэс. Гэвч , чиний асуусан өнцөг мөн эх хэлний минь үндсийг сулруулах нөхцөл мөн. Үр хүүхдүүддээ монгол хэл ба сэтгэлгээг нь өвлүүлэхгүй бол энэ аюул хэдэн аравны дараа бодит болох үндэслэлтэйг устан, үгүй болсон олон хэлний түүхийн нөхцөлөөс жишээлэн хэлж байна.
Хэл-сэтгэлгээ бол салшгүй холбоотой. Хэзээ ч салгах аргагүй бас нэгэн нөхцөл бол ахуй, соёл, өв уламжлал болон зарим тохиолдолд сүсэг бишрэл чухал билээ. Жишээлбэл, бичиг үсэг тайлагдаж буй тав, зургаа настнуудад хэзээ ч ойлгож мэдэхгүй "далайн шуурга шуурав" эсвэл "ээж үнээ саав" гэх мэт өгүүлбэр ямар хүнд, бодит бус, үсэглээд уншиж буй зүйлээ ойлгоход хэчнээн төвөгтэй тухай олон судалгаа бий. Одоогийн хот суурины хүүхдүүдийн үгийн баялаг хумигдсан байгаа нөхцөлд "манах" гэдэг үгийн утга өөрийнх нь үгийн санд байхгүй бол "аав адуу манав" гэдэг өгүүлбэр мөн ч ярвигтай болно. Бичиг үсэгт суралцах явц ч удааширч эхэлдэг. Тиймд, үлгэр ном уншуулж, яриулж өссөн хүүхдүүд бас эх монгол хэлээрээ их чөлөөтэй, байнга ярилцдаг айлын хүүхдийн үгийн сан нь баялаг тул бичиг үсэг тайлагдахад төвөггүй амар байдаг.
Нутаг орондоо суугаад, уламжлалт ахуйгаа өөрчлөхгүй цаа бугаа хариулан яваа самичууд Швед хэлээр хэлд орсон хүүхдүүдээ ойлгохоо больсон. Гэтэл олонх нь Шведээр ярьдаг нийгэмд Швед хэл нэмэр болно гэж төрөлх хэлээ тоохгүй байсан залуус нас тогтоод ирэнгүүт "хэл, сэтгэлгээний онцлог дарангуйлалт сонголт, хүсээгүй дарамт" нь сэтгэлийн гэмтэл үүсгэж өөрсдийгөө бүрэн бүтэн илэрхийлж чадахгүй байгаагаа мэдэрч, сэтгэлээр унах, архинд орох, тэр ч бүү хэл амиа хорлох ч нөхцөл гарсан. Энэ тухайд нарийвчлан судлахаар бол хэл соёл, өв уламжлалыг дарангуйлж, дарамтлан нэгэн үеийг "дуу хоолойгүй болгосон" бодит жишээг иниутууд болон Канадын "хэл соёлын хоморголол" гээд бэлээхэн жишээ байна. Харин, монгол хэлээр яригч, тусгаар Монгол Улсын иргэд бид азтай ч бас энэ цаг үед, эх хэлнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээж буй. Холливүүдийн жүжигчин Морган Фрийманы нэгэн мэдэгдлээр энэ хариултаа өндөрлөе. "Дэлхийн хүн ам ийм харгис болоход асуудлыг нударгаар шийдэх гэдэг олиггүй үлгэр дуурайл өгөхөд Холливүүд оролцсон. Жүжигчний хувьд элдэв зодоон, харгислалтай кинонд тоглосноороо би ч бас оролцоотой." Нетфликс-д миний хүүхдийг, мөн Монгол түмний монгол хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг огт үгүй. Харин эцэг эх бүхэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, үнэт зүйлсээ өвлүүлэх ёс суртахууны үүрэгтэйгээ ухаарч мэдрэх цаг болсон.

Хэл сэтгэлгээтэй холбоотой хэсгээ ингээд өндөрлөе. Одоо үлдсэн хэсэгт нь уран зохиол ярилцъя. Нобелийн шагнал гардуулах ёслол, ёслол төгөлдөр болоод өнгөрлөө. Салбар салбарын зүмбэрүүд хааны гараас энэ шагналыг гардан авдаг. Үүн дундаас ганцхан уран зохиолын нобелийн шагналтан илтгэл талбидаг билүү? Уран зохиолын шагналтанд зориулж ордны эл танхим жилд ганц удаа үүдээ нээдэг гэдэг байхаа?

Цаг хугацааны хувьд ерөөл тэгширсэн өдрүүд таарчээ. Өнөөдөр Нобелийн шагнал гардуулах өдөр. Надад ойр болохоор утга зохиолын салбарын шагналтан маань энэ хотод ирээд шагнал гардуулах ёслолын өмнө юу хийхийг сонирхон боломж гарвал ойроос бараа сүрийг нь харж, уулзах боломжийг хайх нь уншигч бүхний хүсэл байх. Жил жилийн өдийд Швед хэлээр уншигч бид энд тэнд олонтоо таарсаар, цагийн явцад номын буянаар танил болдог юм байна. Намайг амьд байх цагт Монголын нэгэн зохиолч энэ шагналыг хүртэнэ, тэр өдрийг би үзнэ гэж ерөөж, бэлгэшээн дагаж гүйгээд л байж байдаг. Швед хэлний академийн явуулдаг таатай нэг зүйл бий: тухайн жилийн шагналтан сургуулийн хүүхдүүдтэй уулздаг, зарим сургуулиар зочилдог. Уншигчидтай уулзуулахыг ном хэвлэгчид, номын сан, арилжааны байгууллага зохион байгуулдаг. Энэ жилийн онцлог явдал бол Фосси сэтгүүлч сурвалжлагч нартай уулзах цагийг болиулаад, сурагчидтай уулзаж, нэлээд олон сургуулиар явсан. Нобелийн шагналтнууд энэ долоо хоногт Шведийн соёл, уламжлалтай танилцсан өдрүүд, Стокхолм хот гоёлоо өмссөн, одоо тулгарч буй заналхийллээс шалтгаалж, зочид жуулчид болон суугуул иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах гээд хамаг бүхэн ажиллаж байх шиг байна. Олон салбарын шагналтнуудаас энгийн хүмүүс, олон хүмүүсийг балт цэцэг эсвэл соронзон шиг өөртөө татдаг нь дандаа уран зохиолын шагналтан байдаг. Нобелийн музей их ачаалалтай ажиллаж байгаа. Би чинь уншигч болохоор номын олноо дагаад л, ном зохиолоо яриад л, Нобелийн шагналтнаар "халуурсан" өдрүүд өнгөрлөө. Тэгэлгүй яах вэ. Бүгд уншдаг болохоор салбар салбарын дотроос хамаг олны анхаарлыг татан, түмнийг хуйлруулагч нь уран зохиолын шагналтан байдаг. Нийслэл хот ч Зул сар, шинэ жилийн гэрлэн чимэглэл гоёлоо өмсөхийн зэрэгцээ Нобелийн шагнал гардуулах ёслолд утга төгөлдөр ханддаг. Цар тахлын үеэр хөл хорьсон болохоор Хотын Ордонд Нобелийн шагнал гардуулах ёслол хийлгүйгээр цахимаар зохион байгуулснаас хойш гэрлэн шоу хийдэг болсон. Энэ нь уламжлал болох шинжтэй. Мөн уг шагнал гардуулах ёслол, оройн зоог, хүндэтгэлийн тоглолтод оюутнууд оролцох боломж олгож, тасалбар өгдөг. Хүмүүнлэгийн тэнхимийн оюутнуудын оролцоо хэзээнээсээ өндөр байсаар ирсэн.


Хүмүүнлэгийн тэнхимийн оюутнуудыг чухалчилдаг нь юуных вэ? Мөн уран зохиолын шагналтанд тийм давуу эрх олгодог нь анхнаасаа тогтсон зүйл байсан уу? Яагаад ганцхан уран зохиол гэж?


Чиний асуулт ёстой сонирхолтой асуулт байна. 2023 онд, Лундын Их Сургуулийн уран зохиолын ухааны багш Теннгартын хийсэн гайхалтай судалгаа бий. Нобелийн шагналыг олон салбарт олгодог атал уран зохиолыг салбарыг дэлхийн хэмжээнд гаргасан учир шалтгаан нь юу вэ? гэсэн асуултад хариулах гэж хичээсэн. Би Теннгартын өгүүллэгээс эшлэл авч хариулъя
Нобелийн шагналын эхэн үед хүн төрөлхтний уран зохиолын салбарт оруулсан хамгийн чухал зүйл бол уран зохиолыг дэлхий даяар хэл, хил хязгаарлахгүй унших, мөн чөлөөтэй хэлэлцэх олон улсын талбарыг бий болгосон явдал байв. Өмнө нь, энэ байдал улс үндэсний хэмжээнд хязгаарлагдмал байсан гэж тэр үзэж. Янз бүрийн улс оронд уран зохиолын Нобелийн шагналыг харилцан адилгүй хүлээж авдаг тухай дээр би дурдсан. Үүнийг тодруулахын тулд нэгэн жишээг хэлье. 1907 онд Киплинг Нобелийн шагнал хүртэхэд Лондоны сонин хэвлэл Францад түүнийг хэрхэн хүлээж авсан тухай Францууд нүдээ олсон сайхан шагнал байна гэж нийтлэн магтсаныг онцгойлон бахархаж байснаас биш хамгийн залуу мөн Англи улсын зохиолч гэдгээр нь онцгойлон бахархан бичээгүй нь сонирхолтой. Хэдийгээр тухайн үед эх орондоо, уншигчдын дунд нэр алдар нь түгээгүй байвч уг шагналын ачаар үндэсний хэмжээнд өөрөөр хэлбэл тухайн улс дотроо ном зохиол, бүтээлүүдээ туурвихад чухал хувь нэмэр болох магадлал боломжтой. Британичууд 1902 онд Францын иргэн Салли Прудомми Нобелийн шагналыг уран зохиолын салбарт хүртэхэд Англи улсаас нэгэн зохиолчоо шагнуулах гэж ихэд хүчин чармайлт гаргаж, улс дотроо хүртэл хүчтэй өрсөлдөгчийг нэр дэвшүүлэхийн тулд өөрсдийн гэсэн Нобелийн хороог байгуулсан байдаг. Тэгсэн хэр нь Киплинг шагнал хүртэхэд баярлан хүлээж аваагүй нь бас л хачирхалтай явдал. Шагналын ялагчийг сонгох нь заримдаа уран зохиолын түүхэнд тодорхой нөлөө үзүүлсэн байдаг. Хааяа, шагнал хүртсэн зохиолчид маш хурдан мартагдсан тохиолдол байдаг бол заримдаа эх орондоо тоогдохгүй ч гадаад уншигчдад хүрсэн байдаг.
Испанийн нэгэн профессор "Нобелийн шагнал хүртсэн Испанийн зохиолчдын хувьд тааруу нөхөд, тэгээд ч энгийн уншигчид өнөөдөр уншдаггүй, гэхдээ уран зохиол судалж буй докторын ангийн оюутнууд харин заавал унших ёстой" гэж бичсэн байдаг. Нөгөөтээгүүр энэ шагналаар түүчээлж, уран бүтээлээ урам зоригтой туурвисан хүмүүсийг дурдваас -Уильям Фолкнер. Нобелийн шагнал хүртэх үедээ тэрээр бүтээн туурвих оргилдоо хүрч амжаагүй байсан бол өнөөдөр түүнийг хаа сайгүй, дэлхий даяар уншдаг болсон сонгодог зохиолч билээ. Тэр Нобелийн шагнал хүртээгүй бол дэлхийд сонгодог зохиолч болтлоо агуу байж чадах эсэх нь тодорхой биш. Бүх дэлхийн уран зохиолыг дэнслэн тэгнэж, шударгаар шагнал хүртээх нь мэдээжийн хэрэг байж боломгүй зүйл. Гэхдээ Нобелийн гэрээсийг биелүүлэхийн тулд бичигдсэн нөхцөлийн дагуу сонголт хийх үүрэг хариуцлага Нобелийн хороонд байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд орчуулга ихээхэн чухал ач холбогдолтой. Европын зохиолчид шагналыг олон удаа хүртсэний нэг бодит тайлбар бол орчуулга. Эх зохиолыг эх хэлээсээ дэлхийн уншигчдад хүргэх гэсэн зохиолчдын хүсэл тэмүүллийг биелүүлэхэд орчуулагчид ихээхэн үүрэг гүйцэтгэдэг ба хувь нэмэр оруулдаг нь гарцаагүй.
АНУ-д, Нобелийн уран зохиолын шагнал эхний 50 жил хэр амжилттай болсон талаар асуулга судалгаа явуулж утга зохиолын 350 мэргэжилтэн, судлаачдыг оролцуулжээ. Судалгаанаас үзэхэд, яруу найраг, эмэгтэйчүүдэд цөөн шагнал хүртээсэн ба гүн ухаантан бас эх орон нэгтнүүд буюу Шведүүддээ хэт олон шагнал олгосон гэжээ. Утга зохиолын эрдэмтэн мэргэдээс уг шагнал хүртээгүй байгааг энэ санал асуулгын үеэр дурдсан шүүмжлэлийг Нобелийн хороо хүлээн авсан. Энэ утгаараа уг шагнал бол бичгийн бүтээлд хамааралтай тул зөвхөн уран зохиолын гэж хязгаарлагдахгүй бүх хүмүүст нээлттэй. Олон гүн ухаанч, сэтгүүлчид уг шагналыг хүртсэн. Гэхдээ дээрх судалгаагаар юуг үзүүлэх гэсэн юм бол гэж гайхдаг. Буруу зүйл ч биш. Хүн төрөлхтний тусын тулд, уран зохиолын хөгжилд эергээр хувь нэмэр оруулах тухай Альфред Нобелийн үндсэн санааг л үргэлжлүүлж буй Нобелийн хорооныхон үүрэг хариуцлагаа ухамсарлаж үр дүнтэй, өргөн хараатай байгаасай гэсэн зорилготой судалгаа, санал асуулга байсан юм. Мөн тухайн үеийн чиг хандлага, түүхэн цаг үеийн онцлог нөхцөлийг уран зохиол бас л туулж ирсэн 19-р зууны үеийн аж үйлдвэржүүлэлт үргэлжилж 1920-иод оны бүтээлч бүтээн байгуулалтаас модернизмын үед ч өгүүлэн туурвих арга зүйн түүхэн өөрчлөлт, ярвигтай шинэчлэл дундуур гэтэлгэсээр ирлээ.
60-70-аад оны үед бусад улс орны, өөр ондоо соёлын тухай мэдэх ойлгох хэрэгцээг сануулж, олон ургалч үзэл бодлыг дэмжих, ангид ондоо сэтгэлгээг хүлээн зөвшөөрөх, Өрний харьцангуй сэтгэлгээ, хэм хэмжүүрт хэт баригдахгүй байхыг чухалчлан байсан үе. Саяхан л Өрнийн улс орноос Хятад, Японоос шагналын анхны эзэд тодорлоо. Өнөөгийн 21-р зуунд Дорис Лессинг, Патрик Модиано, Светлана Александровна Алексиевич гэх зэрэг шагналтны үнэн байдлыг ойлгуулахын тулд олон талаас нь тодорхойлон өчих, сэтгүүлзүйн өнцгөөс дэлхийд болж буй үйл явдлыг зураглан өгүүлэх аргачлал нь туурвил зүйд байр суурьтай байгааг илэрхийлж байна. Улс төр, дэлхийн үйл явдлаас ангид ч хүн төрөлхтөн өөрсдийн түүхээ уран зохиолоор дамжуулж энэ бүхнийг хэрхэн илэрхийлж байгааг шагнах зорилготой л доо. Уг зорилго нь үргэлж биелдэггүй. Нобелийн хороог хүн бүрдүүлдэг болохдоо ухамсартай эсвэл ухамсаргүйгээр дэлхийн улс төр эсвэл цаг үед болж буй нөхцөл байдалд автсан байх магадлалтай. 1939 онд Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн Финлянд зохиолч Франс Емил Силланпайгийн жишээг үзье. Энэ үед ЗХУ Финлянд улсыг эзлэн түрэмгийлсэн тул Швед улсын иргэд ухамсаргүйгээр (Нобелийн шагналаар дамжуулж) хөрш зэргэлдээ Финлянд улсыг өмгөөлсөн санаагаа илэрхийлсэн гэх зарим хүмүүс үздэг.
- Силланпай дайны үймээнээс болоод Стокхолм руу нисэх боломжгүй байсан тул хоёр улсыг хиллэх өргөн гол Торнеог завиар гаталж, Швед рүү ирээд, шагнал гардуулах ёслолд оролцсон юм. Дараа нь эх орондоо буцаж очилгүй, эндээ үлдэж, лекц семинар зохион байгуулж, олсон орлого цуглуулсан мөнгөө эх орон руугаа явуулж байсан билээ. Үзэл санааны хувьд дэлхий хоёр талд хуваагдсан ч хүн төрөлхтний оюун сагаа нэгдмэл гэдгийг батлах мэт ЗХУ-ын иргэн шагнал хүртэж байхад цөллөгт байсан, большевикуудыг эсэргүүцэгч Иван Бунины уран бүтээлд ч Нобелийн шагналыг олгосон. Бас нэгэн жишээ бол 1958 онд "Доктор Живаго" романаараа Нобелийн шагнал хүртсэн Борис Пастернак юм. Зөвлөлтийн дэглэмийн хэлмэгдүүлэлт дарамтаас шалтгаалж тэрээр шагналаас аргагүйн эрхэнд татгалзсан юм. Альфред Нобелийн гэрээсэлсэн шагналыг утга зохиолын салбарт төгс дүүрэн олгож байхын тулд Нобелийн хороо өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Зөвхөн Альфред Нобелийн өмнө ч биш утга зохиол тэр ч бүү хэл дэлхийн хүн төрөлхтний өмнө авч буй өндөр хариуцлага юм.
Энэ профессорын өнцгөөс үзэхэд хүний оюун, үзэл бодол, түүхэн нөхцөлийг байнга өгүүлэн илэрхийлж туурвин байдаг утгаараа хүн төрөлхтний өмнө чухал хариуцлага бүхий шагнал тул илүү давуу эрх мэдэлтэй болов уу? гэж би бодож байна.


Саяхан нэг судалгаа олж харлаа. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ гарын арван хуруунд багтах нийтийн номын сан байгаа тоо гарч. Та өмнөх яриандаа Шведэд номын санг ахин сэргээсэн тухай цухас дурдаад өнгөрсөн. Номын сангийн ач холбогдол, хүртээмжтэй байдлын үр өгөөж юу вэ?

Таны асуултыг хариулахын тулд эхлээд би дэлхийн номын сангийн зураглал (library map of the world) гээд байдгаас үзэхэд манай улс мэдээллээ 2018, 2019 онд явуулсан бололтой. Үүнээс үзэхэд, нийт номын сан үүнд, үндэсний, их дээд сургуулийн , нийтийн, сургуулийн болон бусад гэх мэтийг хамруулаад 1423 байгааг хүн амын тоотой харьцуулахад номын сангийн тоо хангалттай харагдмаар. Гэтэл 9 сая хүн амтай, өөрийн суугуул нутгийн 2022 оны тоон үзүүлэлттэй харьцуулахад эднийх нийт 2206 номын сангаас нийтийнх нь 1072 байна. Гэтэл манай улсад нийтийн номын сан нь 364 байгааг харахад чамламаар санагдам. Учир нь нийтийн номын сан бол ЮНИСЕФ-ын тодорхойлсноор олон нийт болон нийгмийн сайн сайхны төлөө нийтийн хөрөнгөөр (татварын) санхүүжиж, улс орны доторх хууль эрхзүйн хүрээндээ мэдлэгийн бүхий л салбарт өргөн дэлгэр, бүх насны уншигчдад үнэгүй үйлчилгээ үзүүлэх байгууллага баймаар. (За, би номын сангийн мэргэжилтэн бас тул алдаа мадагтай хэлсэн байх магадлалтайг өршөөнө үү?) Гэтэл нийслэлдээ бөөгнөрөн суугаа уншигчдад номын сангийн үйлчилгээ хэр хүртээмжтэй байх нь эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн, суугаа орныхоо жишиг жишээнээс үзвээс нийтийн ном сан нь соён гэгээрэх, боловсрох, судлах, танин мэдэх, унших, мэдээлэл солилцох, ном зээлэх, уншигч зохиолчийг уулзуулах, эцэг эхчүүд болон хүүхдүүдийг уншиж хэвшихэд чиглүүлэх гэх мэтийн өргөн далайцтай олон үйл ажиллагаа явуулдаг учир номын санчдын үүрэг хариуцлага их өндөр байдаг.

Зулын хорин таванд эхэлсэн бидний ярилцлага, өдөр сар дамжин хүүрнэлдсээр байлаа. Өвлийн нэгэн өглөө ажилдаа ирмэгцээ мэйлээ шалгавал Өлзийсайхан эгчээс баярын мэндчилгээ ирсэн байв. Түүнийг уншигч танд мөн дамжуулъя. “Өргөрөг уртрагийн онцлогтой болохоор далайн салхи үе үе намуухан үлээх ч хойноос ирэх эх газрын Сибирийн хүйтэн салхи хааяадаа суугуул нутгийн түмний чөмгийг шалгадаг даа. Зул сарын битүүний үдэш нь цас хаялаад өнөөдөр цав цагаан цас, цан хүүрэгтэй сэрүүхэн өглөө байна. Хэрэв та Христийн сүсэгтэн бол энэхүү чухал тэмдэглэлт баярын мэндийг хүргэе!”

2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөх цаашлаад шилжих тухай ч жиг жуг гэж байна.Энэ тухайтад таны байр суурь, бодол үзлийг сонсъё.

Энэ асуултыг хариулахад хамгийн төвөгтэй нь байлаа. Учир нь олон салбарыг их гүн хамрах асуулт тул удаан бодсоны эцэст хувь хүний зүгээс хариулъя гэж бодов. Үүнийг хариулахаас өмнө өөртөө сануулах зүйл бол даяарчлалаас хүн төрөлхтөн залхах шинжтэй болж буйг анзаарах нь зүйтэй болов уу. Бид монгол хэлнийхээ онцлог болон дэлхийд ямар байр суурьтайг нь буюу ондоошил ба онцгойг нь дэлхийд одоо идэвхтэй яригдаж буй 6000 гаруй хэл дотор тодорхойлж чадсан тул одоо харин эх орондоо ижил дотроо буюу монгол хэлний дотоод ижилсэл дотроо ондоошлоо тодорхойлох шаардлагатай цаг үе ирж байна. Монгол хэлний дүрэм, авиа, найруулга зүй, зөв бичгийн дүрэм гэх мэт хэл шинжлэлийн дотоод судлагдахууныг монгол хэлний шинжлээч, судлаачид нарийн хэлэлцэх байх. Нөгөө талаар, монгол хэлийг яриа, бичиг, мэдрэмж, хэрэглээний гэх мэтээр нарийвчилж эмгэг зүй, тархи, сэтгэлзүйн шинжлэх ухаантай хавсран олон өнцгөөс судлах өргөн боломж судлаачид мөн оюутнуудад байна.
 Түүхийн хувьд алдаж оносон дахин давтахгүйн тулд нухацтай, өргөн хүрээнд судалсны улмаас төрийн бичгийг хос болгох шийдвэр гаргасан байлгүй. Бусад орны хэл бичгийн дотоод шилжилтийн түүхээс үзэхэд ард түмэн болон бичгийн хэлийг хэрэглэгчдэд (төрийн ажилтнууд, утга уран зохиолын салбарынхан гэх мэт) дарамтгүй зөөлөн бодлогоор 5-10 жилийн хугацаанд шат дараалсан бодлого болон үйл ажиллагаа явуулсныг олон судалгаа, туршлагаас уншиж болно. Энэхүү шилжилт бол зөвхөн цагаан толгойн үсэг, тэмдэгт солих зүйл бус билээ. Монгол үгсийн язгуур, дуудлага кирилл бичиг үсэгтэй хослоод ярианы хэлтэй дөхүү, бичихэд амар болсон тул шинэ /гадаад хэл сурч буй мэт шаардлага бидэнд тавигдаж буйг харгалзан үзэх бол цаг хугацаа шаардагдана гэдгийг надаар хэлүүлэлгүй мэднэ байх. Хэрэв монгол бичгээ уламжлалт дүрэмзүйгээр нь хадгалах бол одоогийн ярианы хэл дахин өөрчлөгдөх магадлалтай/эрсдэлтэй. Дахиад л хэлний шинэчлэл хувьсал явагдах болов уу? Тиймд алсын хараатай, шат дараалж, зугуухан шилжих хэрэгтэй байх. (Олон онол дурдалгүй, энгийн үгээр хариулах гэж хичээв).


Ярилцсан Мөнхцолын Батбаяр

 

Сэтгэгдэл хэсэг