ЕС ДҮГЭЭР САРЫН ДУУН ЧИМЭГ

  

***

ЕС ДҮГЭЭР САРЫН ДУУН ЧИМЭГ

Намар ээлжийн амралтаа авч нутагтаа очдог болсон минь сүүлийн хэдэн жилийн явдал. Учир нь дутуугаа л гүйцээх гэснийх. Дунд сургуулийн арван жил, их сургуулийн дөрвөн жил, хойно нь харьд суусан хэдэн жил гээд есөн сарын нэгэнтэй уралдаж төрсөн гэр нутгаасаа шувуудаас өмнө буцсаар өдий хүрчээ. Эргээд бодох нь ээ эх нутгийнхаа намрыг  үзээгүй юм байна. Магад сургууль соёл, ажил амьдралын мөр хөөсөн маньтай адил малчны хүүхэд бүрийн туулдаг зам биз ээ. Малчны хүүхэд зургаан нас хүрэхэд тэдний өмнө зургаан настай зулай нимгэн цагтаа сургуульд суухаар төв явж тавиул болох нэг сонголт эсхүл малын тоос идэж, гадаа гандаж, хөдөө хөхрөх бас нэг сонголт тулгардаг. Бага гэлтгүй үсэг нүдлэх, үржиж хувааж сурах эрдмийг тэд эцэг эх, төрсөн гэрээ орхих насандаа ахдам шийдвэрээр сольж олж авдаг. Гэрээ, ээж, ааваа бэтгэртлээ санах сэтгэлийн –“хөдөлмөрийг” энэ үеэс эдэлдэг.  Малчдын хувьд ч ихээхэн эр зориг шаардсан, толгой гашилгасан ажил. “Үр хүүхдээ өөрсөд шигээ хүн болгохгүй” гэхийнхээ цаанаа чухам юуг хэлж байдаг нь нууц. Өөрийн сураагүйг сургаж, хүрээгүйд хүрэг гэснийх үү? Эсхүл мал маллахын хүнд хүчрийг туулуулахгүй гэснийх үү? Эргэлзэх нь барагтайхан, шууд л явуулж орхино. Эцэг эхийн энэ шийдвэр намайг ч тойрсонгүй. Номхон морио унаж, номтой цүнхээ үүрч эрдмийн аянд мордсон тэр намраас хойш төрсөн гэр минь улирлын амралтаараа л очдог газар болсон доо.  Түүнээс хойш би салхинд хийссэн үр шиг ургах газраа эс олон “тэнэсээр”.  Орон гэрээ орхисон хүнд, орчлон бүхлээрээ гэр нь болдог. Хэнбэ гуайг ч дайрах жам ч гэлээ чи нэгэнт л эхний замыг сонгосон л бол үүрээ орхих цаг бидэнд бусдаас эрт ирдэг бололтой.

 

Гэр минь үсэг нүдэлж суухад, хөвгүүдтэй наадаж байхад, завсарлагааны хонх хангинаж байхад, замаар зүгээр алхаж явахад. Унтахаар хэвтэхэд аниатай нүдэнд, унтвал зүүдэнд, булгаас ус авч, багшаас үг сонсож байхад  туж санагдах зүрх сэтгэлийн уялга болдог сон. Санахаараа уйлна. Нулимс бүрхэж урдах замаа харахгүй бүдрэхэд ч нүдэнд харагдаж байдаг цорын ганц зүйл нь төрсөн гэрийн бараа билээ. Улирлын амралт хойтон жил шиг хол. Наашилж өгөхгүй байгаа цаг хугацааны наанаас нь тосоод дөхөж болох биш хуруу даран хүлээж суухаас өөр аргагүй. Цаг хугацааг хүлээхээс аргагүйн гашуун хяслан болоод амралтаар харихын баяр баяслын амт одоо ч хаа нэгтээ сэтгэлд амтагдах шиг болдог билээ. Эхний амралт эхлэхэд нутагт минь хэдийн нарийн хяруу унаад намрын сар шувтарсан байдаг. Эх нутгийнхаа ес арван сарыг үзэлгүй явсаар өдий хүрсний учир ердөө л энэ.  Энэ дутуугаа л нөхөх гэж ээлжийн амралт эхэлмэгц төрсөн гэрээдээ тэмүүлдэг нь ийм учиртай.  

Миний тоонот Хар-Ус нуурын өмнө бие, Жаргалант хайрхны баруун тээл Баянгол нутаг Овоотын намаржаа. Овоотын намаржаанаас тэртээ хойно Цамбагарав хайрхны цаст тэргүүн тэнгэрийн хаяанаас толгойлж буй босоо цагаан үүл шиг цавцайж, тэртээ баруун өмнө Сутай хайрхны цаст орой сэтэрлэж тавьсан ижилгүй ганц бор морь шиг цайрах бол баруун талаар алтайн нуруу сунайж,  чанх зүүнд Жаргалант хайрхан сүмбэрлэнэ. Дөрвөн зүгт нь суудал зассан их дөрвөн хайрхан тэргүүн юүгээн үүл нэвтлэн өргөж энэ л их нууруудын хотгор нутгийг тольдон байх шиг ээ. Манай намаржаа булангийн түнгэ, далан ширгийн хил дээр бий. Гэрээс урагшаа харвал нэлэнхий дэрс шаргалтаж, харин хойд зүг бол зэрэглээний эх нутаг. Учир нь тэр зүгт Хар-Ус нуур бий. Нуураас дэгдсэн уур тэнд зуу зуун жилийн турш  өглөө бүр зуу зуун гандирсын хотыг  бүтээсээр байдаг билээ. Энэ хорвоод миний үзсэн эхний хот энэ л гандирсын хот юм.  Хавар ирж Хар-Ус нуур хайлсан цагаасаа эхлээд энэ хотыг өглөө бүхэн өөрөөр сүндэрлүүлж, өөр өөрөөр сарниана. Тэр зүгийн айл хот, адуу мал, мод бут цөм зэрэглээтнэ. Юм бүхэн зэрэглээ гэх хуурмаг хоосны дотор оршино. Үзэгдэх дүр нь үнэн төрхөөсөө хуурмаг байх тусмаа намайг даллан дуудна. Заримдаа наашилж айсуй их цэрэг шиг. Заримдаа цаашилж холдоо наадамчид шиг.  Заримдаа тэндхийн бүх зүйлс тэнгэрт тулсан өндөр. Заримдаа тэнд тэнгис далай үүссэн гэлтэй ус үзэгдэнэ. Гандирсын тэр хот шөнөөр бий болдог гэж би итгэдэг байв. Тиймдээ ч өглөө босуут өнгөрсөн шөнө юу бүтсэнийг үзэх гэж яардаг байж билээ. Үзэхийн төдийд намайг илбэдэж нэг л мэдэх нь ээ би нүд салгаж чадахгүй таг гөлөрч зогсоод ижий, аавын дуудах дуунаар сая сэхээрнэ. Шижиртэх гэрлээр үелзэх гандирсын тэр балгад руу хүрч үзэхийг хүснэ. Тэр хот холдож ойртож, нүүж зогсож, өндөрсөж намсаж, тэнд сарниж энд бий болно. Торойж барайж томорч жижгэрнэ. Түүнийг би өглөө бүр тольдоно. Чөдрийн морь тэр зүгт явж хоновол өөрийгөө ихээхэн азтайд тооцно. Илбийн зэрэглээ ойртох тусам сарниж зэрэглээнд залгиулчхаад тарчлан байсан алив юмс сая нэг амсхийх шиг өөрийн дүрдээ эргэн орно. Чөдрийн морио зэрэглээ гэгч шидийн юманд баригдчихаад арвалзаж байхад нь аварч байна гэж сэтгэнэ. Ойртон очиход үгүй болсон морио авч эргэмэгц аажим аажмаар ард усан болор шилтгээнүүд ахиад сүндэрлэж эхэлнэ. Хаврын өглөө ийнхүү усан болор шилтгээнүүдийн зүг моринд явах нь олонтоо бол  намар улирлын эхний амралтаар ирсэн үед морьд урагш дэрс рүү орж хонох нь олонтоо. Энэ цаг бол шөнө бүр хяруу бууж хонох үе. Дарайсан цагаан хяруу газар дэлхийг хучиж өглөө бүр нүд баясгана. Дэрсний саадагт хяруу цацаглаад гоёхон чимэгтэй. Мориндоо алхаж яваад эргэж харахад соньхон.  Дун цагаан дундуур явсан миний мөрөөр хар жим зурхайлна. Тэнгэрийн хаяа хүрсэн мэт хараа цуцаах цагааныг хэрчсэн хяруун жим- миний жим. Морио аваад буцахдаа нэмж нэг ч дэрсний хярууг үргээхгүй гэж ирсэн замаараа дэрс сүлжин хянамгай гэгч явах мөн ч зугуутай сан. Зайдалсан морь минь явдал дундаа дэрсний толгой шүүрч, нэгээхэн газрын хяруу үргэхээр орчлонд нэг их зүйл эвдэрчих шиг таагүй оргидог сон. Хяруутай өглөө моринд явдаг байсан тухайгаа би

“Чөдрийн морь ижилдээ хүрч хоносон өглөө

Цан буусан хуучин эмээл үүрээд би алхдаг

Дэрсний саадагт цацагласан хяруу үргэж

Цавцайсан хөндийд миний явсан мөр зурхайлдаг” гэж эхэлдэг “Эмээл дээр цан буусан өглөө” шүлэгтээ бичсэн юм. Хяруу гэдэг хүний сүүдрийн хүйтэнд ч хайлах эмзэг. Амьсгалын хүндэд цохигдож унахаар хэврэг. Ургах нарны бараанаар уусан шингэх зуурхан билээ. Өглөө босоод мориндоо хойшоо явбал хоосныг, урагшаа явбал зуурхныг эх нутаг минь надад харуулна.  Хоосон зуурхны тэр л хил дээр манай намаржаа байх. Зуурхан амьдарч, хоосонд шингэхийн үнэнээс хэн маань эс зөрөх. Усан болор зэрэглээ, сувдан шүүдэр, мөнгөн хяруу миний хавар намрын амралттай ташилж байсан тул хар багын ой ухаанд минь ийнхүү бат суужээ. Харин одоо би есөн сарын нэгэнтэй уралдаж сургуульдаа буцах биш төрсөн гэртээ ирээд байгаа билээ. Энэ цаг ч гэсэн өөрийн гэсэн ид шид, эгшиг аялгуу, өнгө төрхтэй ажаам. Өвсний сөл буугаагүй, шувууд буцаагүй ч салхины үзүүрт сэрүү суугаад, бээрсэн ганц нэг нь нар туссан ханын нүдэнд дулаацан унтаж байдаг тийм цаг аж. Энэ цаг айл бүхэн гадаа галаа түлнэ. Гадаа гал дээр хоол хийх, наранд халсан усанд гадаа угаал үйлдэх, гадаа суугаад ээжтэйгээ ааруул барих, гадаа бас аавтайгаа өвлийн гэрийнхээ хана унь сэлбэх, гадаа гэрийн сүүдэрт цайлах, гадаа уул руу дуран тавих гэртээ оромгүй сайхан цаг тохиодог аж. Нар халахаас өмнө усанд явж намхан худгаас ус тосох, ус дүүрэх зуур уулын толгой ширтэж, явган сорвоо, зурман сүүлний түрүүхэй хонгортохыг ажих, намаржааны өвс салхинд ганхахад “өвсний маань толгой ганхаад байна даа хө. Өвөл болохыг тэмдэг ч юм уу даа хө” гэж исгэрэх.  Нар буухаас өмнө араг үүрч оройн сэрүүнд аргал бөөгнүүлж явах, тэгж явахдаа өглөөний худаг дээр исгэрсэн дууныхаа “Шивээний маань толгой ганхаад байна даа хө. Сэрүү орохын тэмдэг ч юм уу даа хө” гэж үргэлжлүүлэн аялахад сэтгэл цэлмэж үлээх салхи урамшина. Хоргодон хоргодон сургуульд явдаг байсан минь зөв ажээ. Хоргодохоос аргагүй тавлаг сайхан цаг чухам энэ л юм санж.

Цаг улирал бүхэн өөр өөрийн дуутай. Манай нутгийн ес дүгээр сарын дуу бол салхинд сорсгонох марцын хоржигнуурын дуу билээ. Марцын хоржигнуур бол ноёлог үндэстэй, ишэн дээрээ эгнэсэн ногоолин навчтай, улаан баг цэцэгтэй, туулайн давсаг гэж бидний нэрлэдэг хальсан буурцагтай, үрлэж гүйцэхээрээ буурцаг дотор гурав дөрвөн хар үр бий болдог. Манай намаржаагаар хаа сайгүй марцын хоржигнуур ургана. Хаашаа ч харсан үй түмэн бойтгийн шар хонхыг өвс өвсний үзүүрт өлгөсөн гэлтэй марцын хоржигнуурын буурцаг тожийно.

Намар есөн сард марцын хоржигнуурын буурцаг хатаад салхинд сор сор дуугарч эхэлнэ. Намарших тусмаа буурцаг хатна. Буурцаг хатах тусам хатсан буурцгийн сорсгонох чимээний зэрэгцээ өөр бас нэгэн чимээ ягуухан тодорно. Тэр чимээг лавлан сайтар чагнавал буурцгийн доторх хэдэн үр хальс хогьсоо хонхдож буй чимээ авай.  Ингээд буурцаг буурцаг биш эх хүн үрээ санамаар тийм л хонхон дуу намрын шөнийг дүүргэнэ дээ. Намрын хонгор салхин марцын хоржигнуурт сатаарч амрахаа мэдэхгүй сэрхэрнэ. Салхи ширүүлэх тусам мөнөөх дуу тодсох нь энэ хонхор нутагт зөвхөн ийм л дуу дангаар ноёлон байх шиг. Тэр дууг салхи үүтгэнэ. Нацагдоржийн бичсэн найган найган улирал хэмээгчийг салхи бүтээж байх шиг. Юм бүхэн найгана. Сэтгэлийн дотор бас тийм найган ганхаж найрсан уярам, талимаатай. Манай нутагт туж баруун хойд зүгээс салхилдаг. Энэ нутгийн дэрс өвс анх ургахын л зүүн урагшаа хандсан толгойтой билээ л. Намрын өндөр шаргал дэрснүүд зүүн урагшаа Жаргалант хайрхны урд хөтлөөр хэн нэгнийг харуулдах аятай цөмөөрөө тийш “ширтээд” өнжих. Бүгд л хоорондоо юуухан хээхэн ярилцаад зөвшөөд байх шиг дохилзоотой. Өвс ногоон дунд би найз нөхдийнхөө дунд аятай хэвтээд Хөдөөгийн хөх цэцэг ганхаан дундаа хөхөрнө. Хөхөрье гэж хөхрөхгүй хорвоогийн аашаар хөхөрнө гэж  өөртөө шүлэглэнэ. Ийм үгтэй дуу зохиож ийм л цагаар дуулж явах сан гэж бодно. Намар надад салхи хүч орж ноёлох цаг гэж мэдрэгдэнэ. Үүлс салхины аяар нааш цааш яаран яаран нүүж, үй түмэн дэрс дуулгавартай гэгчийн нахилж, шувууд ганхасхийн дэвж, өвс ногоон дуртмал өнгөө бага багаар салхинд дайгаад юм бүхэн салхины хүчинд автаад байх шиг. Юм бүхнийг л салхи шавдуулж, юунд ч юм яаруулаад байх шиг. Энэ л үлгэрээр марцын хоржигнуур хоржигноно. Хүн хонхон дуунаар мэндэлж хонхон дуунаар үхдэг гэдэг. Өтөл намар цаг үхэл мөхлийн өвөл рүү марцын хоржигнуурын энэ л дуунд үдүүлж байх шиг ээ. Дэрнийхээ дэргэд хонх дамрын дуутай үхэхийн учир нь угтаа сүнсээ жолоодуулж буй хэрэг. Үхэх процесс эхэлсэн ч сонсгол хураагдаагүй үед хонхон дуу сонсговол үхэх үед буян номын сэтгэл хүнд төрж түүнийгээ танин барьж чадвал дараагийн төрөлд тустай гэнэ. Гандан мөхөж буй өвс ургамлын хамгийн сүүлд сонссон аялгуу энэ л хоржигнуурын дуу байдаг байхдаа гэж бодох нь ээ өег. Тарнийн хонгор салхин хонхон дуугаа сонсгож өвс ургамал энэ л дуугаа сонссоор хатаж, хөлдөөд хавар газар гэсэж, шинэдэн ургахад нь хамгийн сүүлд сонссон энэ дуу нь тустай байдаг ч юм билүү хэмээн төсөөлж сэтгэлээ баясгана. Ерөөс есөн сарын дуун чимэг нь энэ болой. Намаржин сонссон энэ их дуу гэнэтхэн чимээ болчихоор хүн үгүйлмээр. Яг л хүүхдийнхээ бойтгон хонхон дууг үгүйлэх шиг. Хоржигнуурын хонхдох дуу тасран тасартал энэ нутгийн улс тэр дуунд бүүвэйлүүлэн унтаж, өглөө мөн л өнөөх дуунаар нойрноос сэрнэ. Хаа ч явсан чихний уялга болж хажуу дэргэдээс сонсогдоно. Тэр дуу чихэнд чийртэй бус аргадаж тайвшруулсан анир зөөлөн дуу. Энэ дууг бусад нь чих тавин сонсож байх шиг намрын нутаг нам гүм.

 

Хүүхдүүд буцахаас өмнө гэж есөн сарын нэгэнтэй уралдаж амжуулдаг нэг ажил манай тэнд бий нь ишиг зөрүүлэх. Зунд саах зөрүүлдэг. Саалийн ямаагаа айлын малд хийж өглөө, оройд саана. Орой саагаад ишигтэй нь нийлүүлж хэдэн цаг хөхүүлээд орой ахин ялгаж  айлын малд хонуулаад өглөө нь мөн сааль авна. Харин намар ямаа биш ишиг зөрүүлнэ. Ямаагаа ширгэтэл ишигтэй нь нийлүүлэхгүй. Энэ цагаас тэдний эхийнхээ сүүг хөхөх хугацаа дуусаж буй нь тэр.  Эхлээд өдрийн хоёр саана. Хэд хоноод өдрийн нэг, бас хэд хоноод өнжиж саана. Тэгээд хоёр өнжиж гурав өнжиж саасаар ямаагаа ширгээнэ дээ. Ишиг зөрүүлсэн орой айлын айлын хот ишигсэх ямаа, эхээ хайх төлийн дуу тасрахгүй. Айл саахалтын зайнаас эх, үр дуу дуугаа авалцаж майлалдана. Айлын хотонд майлалдах зуу зуун дуунаас ишигнийхээ дууг ялган сонсоод тийшээ гүйнэ.

 Эхээ хайсан зуун ишиг хотонд майлж ээж шиг нь харагдсан ямаа бүхэн рүү чавхдан хүрч мөргүүлж буцна. Төлөө үгүйлсэн зуун ямаа бас майлна. Ишигтэй нь ижилхэн дуутай нэгнийг тосон майлж хатираад горь тасарч хоцорно. Марцын хоржигнуурын үр буурцгаа хонхдох дууг гагцхүү энэ эх үрийн нэгнээ хайсан майлаан л дарж чадна. Халуун сүүнээсээ хагацаж буй хаврын төл. Отгон төлөө үгүйлэх дуу таслалгүй шөнөжин майлах ямаанууд. Зарим нь саахалтын хот руу гүйнэ. Суран шилбүүрээр шавхуурдуулсаар тоос манартал хөөгдөн хатирч ирнэ. Зарим нь шөнө дунд чимээгүйхэн оргож ишигтэйгээ нийлж хононо. Өглөө нь айлын хотноос салгаж хөөж явахад ардаа майлан майлан нүдэндээ нулимстай шогшдог юм, хөөрхий. Зөрүүдэлсэн нь тахимаараа тас шилбүүрдүүлэн ум хумгүй хатирна.  Ишиг нь эхээсээ салахгүй гэж янз янзын арга саам хайна. Тал талаар дайрч гарах гэж үзээд аргал хорголоор чулуудуулаад буцна. Хүний хөлд гүйцэгдээгүй нь морио хөөлгөнө. Тэнхээ мэдэж хамаг хурдаараа чавхдах ишигнүүд рүү хагсарсан морь нэг ухасхийгээд л “бууна”.  Давхих хүлгийн өмнө араатанд хөөгдөж яваа туулайн бүжин шиг бүлтэлзэж бөртөлзсөн амьтан бахардталаа хөөгдсөөр буцаж хотондоо ирнэ.  Ээжийгээ санасны шийтгэл ийм хүнд гэж бодогдмоор. Үрээ үгүйлэхдээ хар шөнө оргож ирсний хариу ийм хатуу гэж санагдмаар. Хэд хоногоос үгүйлж майлах дуу багассаар үрээ л хөхүүлэхгүй л юм бол төвөг гэсэн шиг сүү нь ч татарсаар. Татарсаар татарсаар тэгээд ширгэнэ ээ. Ингэж ишиг зөрүүлсний маргааш манай нутгийн хүүхдүүд машин машинаар сургуульдаа буцна. Намрын наранд шил толио гялбуулсаар төв явах замаар машинууд цувж өнжинө дөө. Наранд гялбах машины шил толь надад үр хүүхдээ үдэх, эцэг эхээ үлдээх хүмүүсийн нулимстай нүд шиг санагдана.  Энэ нутгаас буцсан шувууд хавар хавартаа ирдэг билээ. Эндээс мордсон хүүхдүүд харин эрдмийн аяндаа цаашаа явсаар л байдаг билээ. Хаврын ангаахай намар нь урт холын аянд мордох шиг зургаан настай жаалхан амьтад эцэг эх, төрсөн гэрээс орхиж эхлээд сум, дараа нь нийслэл хот, тэгээд хилийн дээс алхаж нэг л мэдэх нь ээ энэ амьдралаа туулна.

 Ангаахай нь өдлөөд алсыг зорьсон шувууны хоосон үүрнүүд, анир чимээгүй цагаан гэрүүд манай нутагт бөмбийж хоцорно. Үүр зассан дов хавартаа нэг дүүрнэ, цагаан гэрүүд харин жилдээ нэг цуглана уу үгүй юу хэн ч үл мэднэ. Энэ нутгийн хүүхдүүд ингэж ишиг зөрүүлэх ажилд тусалчхаад өөрөө маргааш нь айлын малд тавьсан ишигнээсээ ялгаагүй амьтад болдог.

Ямаа ширгэж ишгээ буцаан авч нийлүүлэхэд зарим нь эхээ олохгүй тэр чигтээ хөндийрч орхисон байдаг. Гэвч энэ нутагт эх үрийн тэр л энхрий ээнэг үеийг сануулан байх шиг газар дэлхий дүүрэн бойтгон хонх цацаж орхисон гэлтэй марцын хоржигнуурын буурцаг хаа сайгүй шаргалтаж, эх хүн үрээ нь үгүйлмээр хонхон дуугаар торжигносоор л байдаг билээ...

Сэтгэгдэл хэсэг