Аравинд Адига: Хүйтэн уст худгийн уулзвар

                                          


Хүйтэн уст худгийн уулзвар

Хүйтэн уст худгийг хэзээ ч хатдаггүй л гэлцдэг сэн. Гэтэл эдүгээ түүнийг таглаж лацдаад авто замын уулзвар болгожээ. Худгийн эргэн тойрны хороолол дахь колонийн үеийн загвартай байшингуудад хэргэм зэрэгтэй дайчид, бярманчууд, католик лам нар хаяа дэрлэн сууцгаах агаад хөрөнгөлөг муслимууд харин Хаалттай бүсэд аж төрнө. Таримал зүлэ;гтэй том цагаан ордонд хотын хамгийн нэр хүндтэй Канара клуб байрладаг аж. Хаяа залгаад хотын “сэхээтэнлэг” хэсэг буюу Арслан клуб, Ротари клуб, Чөлөөт чулуучдын нийгэмлэг, Бахайчуудын боловсролын бүлгэм, Теософын нийгэмлэг, Пондичерри дахь францчуудын холбооны салбар байна. Хэд хэдэн эмнэлэг байдгаас хамгийн алдартай нь Хэвлок Хэнригийн нэрэмжит дүүргийн эмнэлэг, Самбү Шэтти эмчийн Аз жаргалтай инээмсэглэл шүдний эмнэлэг хоёр болой. Киттүрийнхний хошуурдаг Агнес гэгээнтний охидын сургууль мөн л худгаас холгүй оршино. Хүйтэн уст худаг орчмын газраас хамгийн сүрлэг нь хоёр захаар нь хятад сарнай эмжээрлэн ургасан Сарнайт гудамж бөгөөд энд Киттүрийн толгой баян гэгддэг Мабрур инженер, парламентын гишүүн Ананд Кумар нарын орд харш сүндэрлэх авай.
“Бүхэл өдөржин ажилласан хойноо булчин шөрмөсөө амраангаа багашаархан өвс бинд ороогоод зажилж суугаа хүнийг би өршөөнө өө. Яриангүй өршөөнө. Харин өглөөний долоон цагт барилгын талбайн буланд хар тамхи татаад хэлээ унжуулж хэвтээ хэнбугайг ч хүлцэн тэвчихгүй. Ойлгосон уу? Эсвэл би чамд тамил юм уу танайхны ойлголцдог хэлээр хэлэх үү?”
“Ойлголоо, эрхэм ээ.”
“Юу гэнэ ээ? Юу гэсэн бэ, муу зулбасга...”
Аавыг нь элдвээр хараан зандчих барилгын даамлыг харж зогссон Сомяа охин балчир дүүгийнхээ гараас чанга атгалаа. Даамал насаар ааваас нь дүүмэд боловч барилгын компаниас өгсөн цэргийн дүрэмт хувцас өмсөж, солгой гартаа саваа мод барьсан тул өөдөөс нь үг сөргөж эцгийг нь өмгөөлөх хүн барилгачдын дунд нэг ч байсангүй. Бүгд л бүлх залгисан мэт чимээгүй зогсоно. Даамал шавар шавхай болсон овгор шороон дээр цэнхэр сандал тавин суужээ. Хажууханд нь байх модон шонгоос дүүжлээтэй хийн дэнлүү хоёр тийш савлах нь чихэнд чийртэй. Хойдхонтоо нь сүглийх хагас дутуу нураасан байшинг тойруулаад судаг татжээ. Байшингийн дээврийг нурааж, цонхыг нь авсан байх агаад дотор талд нь дүүрэн шороо чулуу овоолоотой байх аж. Дүрэмт хувцас өмсөж, саваа мод барьсан даамлын царайг хийн дэнлүүний гэрэлд харахул эрлэгийн хаан үүдэн дээрээ заларч байна уу гэлтэй.
Барилгын ажилчид овгор шорооноос холгүйхэн хагас дугуйран зогсжээ. Сомяа охины аав тэднээс зайдуу ганцаараа зогсох агаад сариныхаа хормойгоор нулимсаа шудрах эхнэр өөдөө сэм сэмхэн хялалзана. Бүсгүй “Хар тамхиа хая гэж хэчнээн хэллээ дээ. Хэлэхээрээ л нэг болсон...” хэмээн байн байн үглэх аж.
Ээж нь яагаад энэ олон хүний өмнө аавыг нь элдэвлэн зэмлээд буйг охин ер ойлгосонгүй. Ражу эгчийнхээ гараас атгаж “Эд нар яагаад бүгдээрээ аавыг загнаад байгаа юм бэ?” гэж асуулаа. Сомяа дүүгийнхээ гараас хариу атгасан ч үг дуугарсангүй.
Тэгтэл даамал суудлаасаа босож доош буугаад Сомяагийн аавын толгой дээрээс саваагаа далайж “Миний хараанаас мултарна гэж саналтгүй шүү” гэв. Саваа мод аавынх нь толгой дээр буухад Сомяа охин нүдээ аньж нүүр бурууллаа.
Барилгачид балгас болсон байшингийн эргэн тойронд тарааж босгосон майхандаа хүрч ирцгээв. Сомяа охины аав нөхдөөсөө зайдуухан очиж цэнхэр гудсаа дэвсэн хэвтээд нэг гараараа нүдээ халхалмагцаа хурхирч эхэллээ. Энгийн өдөр сөн бол охин аав руугаа дэгдэж очоод энгэрт нь хярж хэвтэх сэн.
Охин аавынхаа дэргэд хүрч очоод аварга том хөлөөс нь татвал огт хөдөлсөнгүйд будаа агшааж буй ээжийнхээ хажууд очиж суулаа.
Маргааш өглөө нь Сомяа алх, дөшний дуунаар сэрэв. Түн! Түн! Түн! Охин ус гүйлгэнэсэн нүдээр байшингийн зүг харвал аав нь дээврийн хөндлөвч дээр суучихсан төмрийг нь хөрөөдөж харагдлаа. Доохонтоо нь хоёр эр лантуугаар хана нүдэж зогсох агаад тэр хавиар нэг тоос шороо бужигнах аж. Охины зүрх баяр хөөрөөр бялхаад ирэв.
Сомяа ээж рүүгээ харайлган хүрээд “Аав ажилдаа гарчхаж!” хэмээн хашхирлаа. Тэнд ажилладаг хүүхнүүдийн хамтаар тоосгоны үйрмэг дүүргэсэн том төмөр төмпөн толгой дээрээ тавин зөөж явсан ээж нь түүнийг хараад “Ражу норчхоогүй биз?” гэж асуув. Тэрхэн мөчид л охин бороо шаагьж буйг анзаарлаа.
 
Ражу ээжийнхээ хөнжилд унтаж байв. Сомяа дүүгээ сэрээж майханд орууллаа. Дутуу нойртой сэрсэн хүү зогсоо зайгүй үглэх аж. Охин аавынхаа унтдаг цэнхэр гудасны дэргэд явж очвол үдэш аягалж тавьсан будаанд ам ч хүрээгүй байлаа.
Сомяа аягандаа хатсан будааг авч борооны усаар зөөллөөд дүүдээ халбагадан өгсөнд өнөөх нь идэхгүй гэж дургүйлхэн үе үе хурууг нь хазах гэж оролдох аж.
Бороо улам ширүүслээ. “Муусайн зулбасгууд, түргэн хөдлөөч!” гэх барилгын даамлын дуу тэртээд хадна.
Аадар түр намдмагц Ражу савлуур дээр очиж тоглоно гэв. “Удахгүй ахиад л бороо орно шүү дээ” гэж эгч нь учирласан боловч ер тоосонгүй. Сомяа дүүгээ тэвэрч явсаар ачааны тэрэгний хуучин дугуйгаар хийсэн савлуур дээр аваачин суулгаад урагш түлхэх зуураа “Нэг! Хоёр!” хэмээн хашхирч гарав. Тэгтэл урдхан нь нэг хүн ирж зогслоо.
Хөрслөг бор царай нь бороонд норж, тоос шороонд халтартсан түүнийг охин харангуутаа л танив. “Хөөрхөн өө, аавдаа нэг тус хүргээч.”
Охины зүрх түг түг цохилж, үг дуугарах ч тэнхэл олгосонгүй. Гэвч “хөөрхөн өө” гэдэг үг аавынх нь амнаас хий агаар шиг л гарчихсанд дотроо дурамжхан байв. Энэ үгээ урьдынх шигээ үнэн сэтгэлийн угаасаа хэлээсэй гэж, цээжиндээ наан чанга тэврээд чихийг нь ирвэгэнүүлэн шивнээсэй гэж тэсгэлгүй хүслээ. Аав нь аанай л этгээд, бүгтхэн дуугаар өөрийн хүслийг хэлээд ажлаа хийхээр явж одов.
Сомяа барилгын нурангиас хулуулж авсан шилний хагархайгаар чийгийн улаан хорхой хэрчиж суусан дүүгээ олж аваад “Явцгаая” гэж дуудлаа.
Иймэрхүү зараалд Ражуг дагуулж явна гэдэг өөртөө төвөг удаж буй хэрэг ч гэлээ орь ганцааранг нь үлдээж болохгүйгээс хойш яалтай билээ. Нэг удаа орхиж яваад ирэхэд нь шилний хагархай залгичихсан байсан сан.
“Хаашаа явах юм?” гэж дүү нь асуув.
“Хаалттай бүсэд очно.”
“Ямар хэргээр?”
“Тэндхийн цэцэрлэгт аавын найзууд хүлээж байгаа. Аав өөрөө явбал даамал ахиад л зодно. Олны нүдэн дээр аавыгаа зодуулмаар байгаа юм уу?”
“Үгүй л дээ” гэж Ражу хариулаад “Гэхдээ тэр цэцэрлэгт очиж яах гэсэн юм?” гэж асуулаа.
“Хоёулаа аавын найзуудад арван рупи өгөөд, оронд нь аавын захисан юмыг авчирна.”
“Тэр нь юу юм?”
Сомяа түүнд хэлж өгөв.
Мөнгөний сураг сонссон Ражу “Тэр нь тэгээд хэд гэх вэ?” гэж асуулаа.
“Арван рупи.”
“Аав чамд арван рупи өгсөн юм уу?”
“Үгүй ээ, чи бид хоёрыг ол гэсэн. Хоёулаа гуйлга гуйна даа.”
Сарнайт гудамжаар алхах зуураа Сомяа тувт газар ширтсээр явлаа. Гэтэл таван рупи хэвтэж байх нь тэр. Баячуудын амьдардаг газраас баргийн юм олдох бололтой.
Хоёр жаал зам хөндлөн гараад, хурд сааруулагч дээр түр саатсан цагаан машины жолоочоос “Боомт хаана байдаг вэ, ах аа?” гэж асуулаа.
“Эндээс нэлээд зайтай. Төв замаа дагаж явж байгаад зүүн тийш эргээрэй” гэж жолооч хариу хашхирав.
Машины арын хар хуулгатай цонх хаалттай байсан ч зорчигчийн суудалд суусан хүн гараараа дүүрэн алтан бугуйвч зүүсэн нь жолоочийн цонхоор илхэн харагдана. Сомяа цонхыг нь тогших гэснээ Сарнайт гудамжинд гуйлга гуйж болохгүй гэж зарлигдсан барилгын даамлын үгийг санаад биеэ арайхийн барив. Зөвхөн төв зам дагуу л гуйлга гуйж болно гэж тэр барилгачдын хүүхдүүдэд айлдсан юм.
Сарнайт гудамжны бүх барилгыг нураагаад, суурин дээр нь шинэ барилга барьж буй билээ. Ийм том, өнгөлөг, цагаан байшингуудыг яагаад нурааж буйн учрыг охин үргэлж гайхдаг сан. Байшин барилга ч бас цаг хугацааны эрхээр хэрэглээнээс гардаг юм болов уу? Яг л гутал шиг.
Төв замын улаан гэрэл асах бүрд Сомяа тэнд эгнэсэн бүхээгт тэргүүдийг дамжин гүйж “Ах минь, надад өглөг буян хайрлаач. Өлсөж үхэх нь” хэмээн алга хавсран гуйна.
Энэ аргыг тэр ээжээсээ сурч авчээ. Гэхдээ гуйлга гуйж буй хүн рүүгээ гурван хором хэртэй ширтээд л гар цайлгаж мэдэх өөр нэгнийг эрж олохоор харц нь тэнүүчилж эхэлнэ.
“Ах аа, би өлсөөд байна.”
“Өвөө, ганц зоос ч атугай өгөөч...”
Эгч нь машинаас машины хооронд ааг амьсгаагүй гүйх зуур Ражу замын хажууд сандайлан суугаад өнгөлөг хувцастай хүн өмнүүр нь явж өнгөрвөл амандаа нэг юм бувтнахчаа аядна. Сомяа ч дүүдээ тэгтлээ найдсангүй. Замын хажууд ингээд сууж байвал ядахнаа л золбин муур, нохой элдэж төвөг удахгүй юм даа.
Бага үдийн хэрд баахан машин зам дээр түгжирлээ. Бороо орж эхэлмэгц бүгд цонхоо хаачихсан тул охин эгээ л хүний анхаарал татах гэсэн өнчин муур шиг хоёр гараараа шилийг нь маажихаас аргагүйд хүрэв. Азын од гийв үү гэлтэй, нэг машины цонх доошиллоо.
Гартаа алтны хольцтой будгаар гоёмсог хээ зуруулсан бүсгүй машин дотор сууна. Тэрээр хажуудах хүндээ хандан “Манай хот бүр гуйлгачдаар дүүрчээ. Арай ч ийм байгаагүй сэн” гэж хэлэх нь сонстов.
Нөгөө хүн нь цээжээ урагш түхийлгэн жаалуудыг хэсэг ажсанаа “Яасан хар хүүхдүүд вэ... Хаана амьдардаг юм бол?” гэлээ.
“Би яаж мэдэх вэ дээ.”
Хагас цаг өнгөрөхөд тавин песо л олов. Сомяа улаан гэрэл дээр зогссон автобусанд орж гуйлга гуйхаар шийдээд ухасхийтэл тасалбар шалгагч нь түүнийг хармагцаа хаалгаа таглан зогслоо. “Сууна гэж саналтгүй шүү.”
“Яагаад тэр билээ, ах аа?”
“Би ямар Мабрур инженер шиг баян хүн үү? Явж өөр хүнээс гуйлгаа гуй!”
Ингэж хэлээд өнөө эр эгээ л ташуур далайх гэж буй аятай улаан оосортой шүглээ толгой дээрээ эргэлдүүлсэнд охин огло харайн зайлав.
“Өөдгүй амьтан бэ” гэсээр дүү дээрээ ирвэл өнөөх нь бөмбөлөгтэй гялгар уут барьчихсан угтлаа. Сомяа тасалбар шалгагчийн нүдийг хариулж байгаад доош өвдөглөн сууж дүүгийнхээ олсон уутыг дугуйн доор нь тавив. Ражу доош тонгойж харснаа “Наадах чинь буруу байна. Ингэж тавивал дугуйн доогуур орохгүй. Жаахан баруун тийш болго” гэлээ.
Автобус хөдлөхтэй зэрэгцэн гялгар уутны бөмбөлгүүд хагарч зорчигчдыг цочоов. Тасалбар шалгагч юу болсныг харахаар цонхоор толгойгоо цухуйлгах агшинд хоёр жаал хар хурдаараа зугтаж одлоо.
Дахиад л бороо шаагьж эхлэв. Эгч дүү хоёр наргил модны дор хоргодон сууж байтал мөчрөөс нь самар унаж хажууханд нь шүхэр бариад зогсож асан хүнийг цочоож орхилоо. Нөгөө хүн огло үсрэн холдсоноо модыг хараан зүхэж байгаад гүйхээрээ явж одов. Эгч нь түүнийг хараад элгээ хөштөл инээж, Ражу харин өөрсөд дээр нь самар унаад цохичих вий гэж айсаар үлдлээ.
Бороо намдсан хойно Сомяа хугархай мөчир авч хотын газрын зургийг төсөөллөөрөө зурж эхлэв: Энд Сарнайт гудамж байна. Бид эндээс ирсэн. Гэхдээ Сарнайт гудамжаас холгүй. Энд... Хаалттай бүс байгаа. Хаалттай бүсийн энд... бидний очих цэцэрлэг бий.
“Ойлгомжтой байна уу?”
Газрын зургийг харсан дүү нь баяртайгаар толгой дохив. Охин өөр нэг мөчир авч,
“Хаалттай бүс рүү очихын тулд хоёулаа энэ зочид буудлаар дайрч гарах ёстой” хэмээн заалаа.
“Дараа нь?”
“Дараа нь Хаалттай бүсэд байдаг цэцэрлэгт очно.”
“Дараа нь?”
“Дараа нь аавын захисан юмыг олж авна.”
“Дараа нь?”
Үнэнийг хэлэхэд охин Хаалттай бүс рүү явах замд зочид буудал бий эсэхийг ч мэдэхгүй байв. Гэвч бороо орсноос болоод замаар машин явахаа больсон тул зочид буудлын ойролцоо очиж гуйлга гуйхаас өөр арга байсангүй.
“Жуулчдаас мөнгө гуйхдаа англиар ярих ёстой шүү” гэж охин зочид буудал руу алхах замдаа дүүгээрээ тоглоом шоглоом хийж явав. “Англиар юу гэж хэлдгийг мэдэх үү?”
Хоёр жаалыг зочид буудлын гадаа ирэхэд хэдэн хэрээ шалбааг туучин гүйлдэж байлаа. Нарны гэрэл усанд ойгоод, өд сөдөө сэгсрэх хэрээнүүдийн биеэс дуслах ус солонгорч харагдана. Ийм гайхалтай зүйл энэ яваа насандаа үзсэнгүй гэж Ражу тунхаглав.
Зочид буудлын үүдэнд сууж асан хөл гаргүй эр замын цаана зогсох жаалуудыг хараад хараал зүхэл болов. “Зайл, муусайн чөтгөрүүд! Үүгээр эргэлдээд үзээрэй!”
“Чи өөрөө тонил, мэдэв үү муу гажиг! Ахиж нүдэнд тороод үзээрэй!” гэж охин хариу хашхирлаа.
Хөл гаргүй эр дугуйтай модон тавцан дээр сууж явах аж. Тэрээр зочид буудлын өмнөх гэрлэн дохио дээр машин ирж зогсох болгонд дугуйт тавцангаа өнхрүүлсээр очиж гуйлга гуйх агаад Сомяа нөгөө талд нь очиж хувь хүртэхийг хичээнэ. Ражу харин явган хүний зам дээр эвшээлгэн суух аж.
“Хоёулаа яагаад гуйлга гуйх ёстой гэж? Аав өнөөдөр ажиллаж байгаа шүү дээ. Хөрөөгөө барьчихсан байхыг нь би харсан юм чинь” гэж хүү хэлээд хөлөө алцайлган сууснаа хөндлөвч мод хөрөөдөж буй дүр үзүүллээ.
“Дуугүй л суу.”
Улаан гэрэл асахтай зэрэгцэн хоёр хөлсний тэрэг айсуй харагдав. Хөл гаргүй эр эхнийх рүү нь ухасхийж, Сомяа охин хоёр дахь руу нь харайлгалаа. Охин онгорхой цонхон дээр нь гараа тавивал дотор нь сууж асан цагаан арьст эр амаа ангайн ширтэв. Уруул нь эгээ л ягаан өнгөтэй “О” үсэг шиг харагдах аж.
“Мөнгө өгөв үү?” гэж эгчийгээ буцаж ирэхэд нь Ражу асуулаа.
“Өгсөнгүй ээ. Явцгаая” гэж охин хэлээд дүүгээ татаж босгов.
Гэвч улаан гэрлээр гарах үед Ражу учрыг ойлголоо. Хүү эгчийнхээ атгаатай гарыг зааж “Түрүүний хүн чамд мөнгө өгсөн л байна ш дээ. Гарт чинь мөнгө байна!” хэмээн цангинуулав.
Сомяа замын хажууд зогссон бүхээгт тэргэнд ойртож очоод “Хаалттай бүс рүү яаж явах вэ?” гэж асуулаа.
Жолооч эр эвшээлгэснээ “Надад сохор зоос ч алга. Явж үз” гэв.
“Би танаас мөнгө гуйгаагүй. Зам л асууж байна.”
“Чамд өгөх мөнгө алга гэж хэлсэн шүү.”
Сомяа жолоочийн нүүр өөд нулимж орхиод дүүгийнхээ гараас шүүрэн авч ухаан зулаггүй харайлгалаа.
Дараагийн бүхээгт тэрэгний жолооч зан сайтай хүн таарав. “Эндээс их хол доо. Автобусаар явбал дээргүй юу? 343 дугаарын автобус тэнд хүрдэг юм. Алхвал өчнөөн олон цаг явах хэрэгтэй болно.”
“Бидэнд мөнгө байхгүй ээ, ах аа.”
Жолооч эр тэдэнд нэг рупи өгөөд “Эцэг эх чинь хаана байгаа юм?” гэж асуулаа.
Жаалууд автобусанд сууж тасалбараа худалдан авав. “За дүү нар, хаа хүрэх нь үү?” гэж тасалбар шалгагч хашхирлаа.
“Боомт орно оо.”
“Манай автобус боомт орохгүй шүү дээ. Тийшээ очъё гэвэл 343 дугаарын автобусанд суу. Энэ бол...”
Эгч дүү хоёр автобуснаас бууж алхлаа. Хүйтэн уст худгийн уулзварт ойртож иржээ. Энэ хавиар гуйлга гуйдаг өрөөсөн гар хөлтэй хүү аанай л явж байх агаад охиныг машинуудад хүрч амжихаас өмнө өрсөөд оччих аж. Өнөөдөр нэг нь түүнд цагаан лууван өгсөн бололтой. Өнөөхөөрөө салхины шилийг нь товшиж зорчигчдын анхаарлыг татна. Эгч дүү хоёрыг хараад “Энд гуйлга гуйж явдаг яасан бөх зүрхтэй зулбасгууд вэ!” хэмээн хашхирснаа луувангаараа цохих гэж буй дүр үзүүллээ.
Хоёр жаал урдаас нь хэлээ гаргаж “Муу татанхай! Үзлийн царайтай мангас!” хэмээн орилов. Цаг орчим алхсаны дараа Ражу уйлагнаж, цааш явахгүй хэмээн зөрүүдэлсэн тул Сомяа хогийн сав ухаж ходоодоо баярлуулчих юм хайлаа. Цаасан хайрцагт хийсэн хоёр жигнэмэг олдсонд нэг нэгээр нь идээд цааш алхав. Тэгтэл Ражу хамраа сартайлгаснаа “Эндээс далай үнэртэж байна” гэлээ. Сомяад ч бас үнэртлээ.
Эгч дүү хоёр алхаагаа түргэсгэв. Замын хажууд англи бичигтэй тэмдэг будаж зогсоо эр, цагаан фиатын дээвэр дээр ноцолдох хоёр муур, түлээний мод ачсан морь тэрэг, голт борын навчис хөглөрсөн замаар алхах заан, осолдсон машин, хумс нь цээжиндээ шигдэж хагархай гэдсэнд нь шоргоолж үүрлэсэн хэрээний сэг нүдэнд нь торно.
Хоёр жаал Хаалттай бүсэд хүрч ирлээ. Жаргах нарны туяа тэнгисийн мандалд уусан шингэх алдад жаалууд түм түжигнэж бум бужигнасан хар захыг өнгөрч цэцэрлэгийг сураглав.
“Энд ямар ч цэцэрлэг байхгүй ээ. Тийм болоод л агаар нь ийм бохир байхгүй юу” гэж газрын самар зарж зогссон муслим өвгөн хэлээд “Та хоёр төөрснөөс гарцаагүй” гэлээ. Эгч дүү хоёрын эцэж ядарсан царайг харсан тэрээр амны зугаа болго гэж атга самар өгөв. Ражу өлсөж байсан ч өвгөний өгсөн самрыг ойшоосонгүйгээр үл барам урдаас нь шидэж орхилоо. Өвгөн түүнийг албин хэмээн хараав. Уурссан Ражу эгчийгээ орхиод ум хумгүй гүйж одлоо. Сомяа дүүгийнхээ араас харайлгасаар сая л нэг гүйцэж ирэв.
Хүү бөмбөгөр цагаан оройтой барилгын урд эгнэн суусан эрэмдэг зэрэмдэг эрчүүдийг зааж “Хар даа!” хэмээн дуу алдлаа. Гэр оронгүй тэр хүмүүс бүгд гар хөлөө сойж боосон байх аж. Эгч дүү хоёр тэдний хажуугаар эмээсхийн гарав. Тэгтэл нэг эр модон сандал дээр тэрийн унаад нүүрээ гараараа халхалчихсан, хүндээр амьсгаадан хэвтэж байгаа харагдлаа. Сомяа тийш дөхөн очвол голын эрэг дээр чулуун ханаар хашсан бяцхан цэцэрлэг үзэгдэв.
Ражу дуугаа хураажээ. Багачуудыг цэцэрлэгт хүрэх үест бөөн дуу шуу хадаад явчхав. Нэг цагдаа тас хар царайтай эрийг зодож байлаа. “Гутал хулгайлсан хүн чи биз? Тийм үү үгүй юу?”
Өнөөх нь толгой сэгсэрсэнд улам чанга цохилоо. “Муу зулбасга, мансууруулах бодис авдаг нь багадаад бүр хулгай хийдэг болоо шив. Яадаг муу золбин бэ!”
Ойролцоох бутны ард нуугдаж асан буурал толгойтой гурван эр охиныг хараад хуруугаараа дохив. Сомяа дүүгээ дагуулан тэдний дэргэд очиж, цагдааг явтал нуугдаж суулаа.
“Би Сарнайт гудамжны баячуудын байшинг нураадаг Рамачандраны охин байна” гэж гурван эрд шивнэвэл цаадуул нь аавыг нь танихгүй байгаа бололтой,
“Тэгээд ямар хэргээр яваа юм бэ дээ, охин минь?” гэж асуув.
“... тамхи.”
Толгойлогч нь бололтой нэг эр хөмсгөө зангидсанаа “Дахиад хэл дээ” гэлээ.
Сомяа мөнөөх жигтэй үгийг давтан хэлэв. Нөгөө хүн толгой дохисноо халааснаасаа цаасан уут гаргаж ирээд сэгсэрсэнд үйрмэг шохой адил нунтаг цагаан юм асгарлаа. Толгойлогч нөгөө халааснаасаа янжуур гарган ирж цаасыг нь зүсээд доторх тамхийг нь сулласнаа түрүүчийн нунтаг цагаан юмаа хийж жимбийтэл нь ороов. Тэгээд бэлэн болсон тамхиа дээш өргөж охин руу дохиод “Арван хоёр рупи” гэлээ.
“Надад есөн рупи л байна. Та есөөр өгчих л дөө” гэж Сомяа гуйв.
“Арав.”
Охин түүний хэлсэн мөнгийг өгч, аавынхаа захиасыг авлаа. Тэгтэл гэнэт эргэлзээ төрж нуруугаар нь хүйт даав.
“Хэрвээ хуурч мэхэлсэн байвал дүү бид хоёр аавыгаа дагуулж ирээд хэмх нүдэж орхино шүү.”
Гурван эр агзасхийх дүр үзүүлснээ биеэ чичгэнүүлэн хөхөрч гарав. Дүнхүү амьтад гэж охин бодоод дүүгээ хөтлөн харайлгалаа.
Алс зам туулж авчирсан зүйлээ аавдаа өгч буй дүр зураг оюун бодолд нь амилав. “Хөөрхөн өө” гэж аав нь урьдынх шигээ энхрийлэн хэлээд халуун энгэртээ чанга тэвэрч эрхлүүлэх нь лавтай.
Хэсэг гүйсний дараа зүүн хөл нь халуу шатан хорсож эхлэв. Сомяа хуруунуудаа хөдөлгөж үзээд сониучирхан ажиглалаа. Ражу үүрүүлнэ гэж урваганав. Арга ч үгүй дээ, ийм жаахан гэхэд өнөөдөр хангалттай л алхлаа гэж охин дүүгээ өхөөрдөн бодлоо.
Бороо орж эхлэв. Ражу уйлж гарлаа. Сомяа түүнийг орхиж явна гэж гурвантаа сүрдүүлээд, сүүлийн удаад нь хэлсэн үгэндээ хүрэх гэж бүтэн хороолол түрүүлж алхав. Түдэлгүй Ражу аварга том луунд хөөгдлөө гэсээр араас нь харайлгаж ирлээ.
Эгч дүү хоёр автобусанд суув. “Тасалбараа үзүүлээрэй” гэж жолоочийг орилоход Сомяа “Ах минь, бид хоёрыг бүү хөөгөөч” гэж хэлээд нүдээ ирмэлээ. Жолоочийн царай зөөлөрч, автобусны арын хэсэгт зогсож явахыг зөвшөөрөв.
Хоёр жаалыг Сарнайт гудамжинд ирэхэд харанхуй болж байлаа. Айлуудын гэрэл асаатай харагдана. Даамал хийн дэнлүүнийхээ дор тухлан суугаад барилгачдын нэгэнтэй ярилцаж байв. Байшин бүр жижгэрчээ. Бүх хөндлөвчийг нь хөрөөдөөд авчихсан аж.
Даамал эгч дүү хоёрыг хараад “Та хоёр энэ хавиар гуйлга гуйсан юм биш биз?” хэмээн хашхирав.
“Үгүй, гуйгаагүй.”
“Битгий худал хэл! Бүтэн өдөржингөө бараа сураггүй юу хийсэн болж байна? Сарнайт гудамжаар гуйланчилж яваад л ирээ биз!”
Даамлын үгэнд зэвүүрхсэн Сомяа дээд уруулаа шазав хийлгээд “Өөрөө мэдэж л байсан юм бол юуг нь асуусан юм?” гэлээ. Ухаалаг охинд амаа алгадуулсан даамал үг дуугүй өөдөөс нь ширтэв.
Ражу ээжийгээ дуудсаар гүйж одлоо. Эх нь бороонд норсон саритайгаа унтаж байв. Хүү ээжийнхээ хажууд харайлган хүрээд эрх муужгай шиг бөөрөнд нь наалдсанд нойрмог бүсгүй нөгөө тийшээ харж хэвтээд нэг гараараа хүүгээ холдуулах гэж оролдох аж. Ражу ээжийгээ сэгсчиж
“Ээж ээ, би өлсөөд байна. Энэ Сомяа намайг өдөржин хоосон байлгасан! Өчнөөн алхуулж, автобус дамжуулж явчхаад юу ч өгөөгүй! Нэг цагаан арьстан зуун рупи өгсөн ч намайг хооллож ундлаагүй” хэмээн гомдоллолоо.
“Битгий худал хэл! Би чамд жигнэмэг өгсөн биз дээ?” гэж Сомяа хэлэв.
Гэсэн ч Ражу гомдоллохоо больсонгүй. “Ээж, энэ Сомяа өдөржингөө миний хэлэн дээр юу ч тавиагүй.”
Эгч дүү хоёр ноцолдож гарав. Тэгтэл Сомяагийн мөрөн дээр нэг хүн зөөлөн товшлоо. “Хөөрхөн өө.”
Ражу аавыгаа хараад маасайн инээснээ ээж рүүгээ гүйж одлоо. Аав нь Сомяаг дагуулан хүний нүднээс далд аваачаад “Нөгөөхөө яав, хөөрхөн өө? Авчрав уу?” гэв.
Охин гүнзгий амьсгаа аваад авчирсан зүйлээ гарт нь атгууллаа. Аав нь түүнийг хамартаа ойртуулан үнэртэж үзсэнээ цамцныхаа дотуур шургуулав. Яг одоо л эрхлүүлэх байх даа гэж охин бодов. Тэгтэл аав нь түүний нүцгэн бугуйнаас шүүрэн авч “Цагаан арьст эрийн өгсөн зуун рупиг яасан бэ? Би Ражугийн яриаг сонссон шүү” гэлээ.
“Надад хэн ч зуун рупи өгөөгүй. Нээрэн шүү, аав аа. Ражу худал хэлж байгаа юм. Амлая.”
“Битгий худал хэл. Зуун рупи чинь хаана байна?” гэж аав нь зандраад гар далайхад охин уйлж эхлэв.
Ээжийнхээ дэргэд хүрч ирвэл Ражу өдөржин өл хоосон байснаа, ийшээ ч нэг тийшээ ч нэг явсаар ядарч гүйцсэнээ гомдоллосоор хэвтлээ. Эгчийнхээ нүүр, хүзүүн дээрх улаан гуврууг хараад сая л нэг амаа хамхив. Сомяа газарт гулжис хийн унаад шууд л нойрслоо.
Орчуулагч Батсайханы Сувддулам 

Сэтгэгдэл хэсэг