Хослол
Өдөр шөнөгүй цас лавсах Манхэттенд цаг хугацаа зогссон мэт арван хоёрдугаар сарын дундуур Б хэмээх найз маань утас цохив. “Даруйхан Нью-Йорк явах ажил гараад зул сар дөхчихсөн болохоор буудал олддоггүй, танайд хэд хонож болох уу?” гэж Б асуулаа. Эхнэр бид хоёр ганц унтлагын өрөөтэй сууцанд амьдардаг тул зочны өрөөний буйдан дээр унтах зүгээр гэвэл хүрээд ир гэж хэллээ.
Бид тийм ч дотно нөхөрлөдөг улс биш. Б хэвлэлийн газрын редактор, яруу найрагч. Утга зохиолынхны хүрээнд яруу найрагч, ном хэвлэлийн салбарынхан дунд чадварлаг редактор гэдгээрээ нэртэй хэдий ч бидний дунд тийм ч их холбоо сүлбээ байсангүй. Хэвлэлийн газрын редакторууд ихэнхдээ л дотоодын уран зохиол барьж авдаг бол Б Америкийн жанр зохиолын орчуулгаар дагнаж мэргэшсэн редактор байлаа. Гэрлэхээс өмнө эхнэртэй маань нэг хэвлэлийн газарт ажилласан байсан гэдэг нь биднийг холбох ганц шалтаг юм даг уу даа. Гэхдээ эхнэр маань түүнтэй үг сольж байснаа огт санадаггүй гэж ярьдаг юм. Б ажилдаа ирээд өөрийгөө хорвоо ертөнцөөс тусгаарлаж номоор хана босгож аваад өдөржин гар бичмэл засаж сууснаа нэг мэдэхэд гараад явчихдаг байсан гэдэг. Түүн шиг хүн манайд ирье гэж гуйж байхыг бодоход үнэхээр л чухал ажил гарсан бололтой.
Б хөлсний тэргээр Брүүклинд манай гадаа ирлээ. Өмнө нь зохиолын эрх авах, судлах ажлаар Нью-Йоркт хэд хэд ирж байсан ч манай дүүрэгт анх удаа ирж байгаа ажээ. Ганцаараа өргөчихөөр хөнгөн ачаатай харагдана. Бид хоёрыг гадаа зогсоож хүлээлгэсэндээ уучлал гуйн тонголзож бөхөлзсөөр. Хөлсний тэрэгнээс бууж дотогш орохын хооронд мөрөн дээр нь цас буужээ. Б цасаа зөөлөн унагаад, үүдний ширдэгт гутлаа арчаад, хэдийн хайлж хүрэмд нь нэвчсэн цасыг гөвөх аядав. Бид гурав хамт оройн хоол идлээ. Юунд ингэтэл яарч сандран нааш ирэх болсныг нь асуухад Б тээнэгэлзэж түгдчээд хэлэх үгээ хэд хэд цааш залгиснаа эцэст нь нэг юу болсныг ярив.
“Аав маань өөд болчхож. Үгүй дээ л надад ийм хэл чимээ ирлээ”
“Аав чинь Нью-Йоркт амьдардаг байсан хэрэг үү?” гэж би асуулаа.
Хэдэн өдрийн өмнө түүнтэй энд байдаг хувийн мөрдөгч холбогджээ. Нууцлаг, гэмт хэргийн зохиолууд хянан завсарлаж амьдралаа залгуулдаг хүнд хувийн мөрдөгчөөс ирсэн англи хэл дээрх шууданг ойлгож ядах юм байсангүй. Эхэндээ хэн нэгэн санаатай даажигнаж байна гэж боджээ.
“Остер Полийн зохиолд гардаг шиг юм болсон байгаа биз?”
“Бүр Нью-Йоркт шүү”
“Тоглоом биш”
Цахим шууданд бичсэнээр аав нь саяхан Куинст өөд болохдоо өөрийнхөө бас хүүгийнхээ төлөө чандраа Солонгост аваачихыг захисан гэхээр ямартай ч нэг хүүтэй болж таарчээ. Аавтай нь хамт амьдардаг байсан эмэгтэй тэр хувийн мөрдөгчийг хөлсөлсөн аж. Цахим шууданд ээжийнх нь нэрийг солонгосоор бичсэн төдийгүй өөрийнх нь төрсөн өдрийг яг таг бичсэн мэт санагджээ. Аав нь түүнийг 1980 оны хоёрдугаар сарын долоонд төрсөн гэж хэлжээ.
“Уг нь миний төрсөн өдөр гуравдугаар сарын арванд л даа. Төрсний гэрчилгээнд ингэж бичсэн байдаг юм. Гэхдээ аав бүр ч нарийн тодорхой хэлсэн байж мэдэх юм. Эсвэл билгийн тооллоор ингэж санаж байсан ч юм уу, бүү мэд.”
Б-гийн ээж арван тавтайд нь өөд болжээ. Коллежид орох хүртлээ нагац эгчийндээ ирж очин байгаад дараа нь ганцаараа амьдрах болж. Ээж нь өөд болохынхоо өмнө хүүгээ дуудаад аавынх нь тухай мэддэг бүхнээ хэлж өгчээ. Өөрөөс нь хоёр насаар дүү, хоёул урлагийн чиглэлээр сурдаг байсан аж. Коллежид байхдаа нэгэндээ сэтгэлтэй болж хэсэгхэн хамт амьдарсан хүүгээ төрсний дараа аав нь гэр бүлээ орхижээ.
“1980 он шүү дээ” гээд Б гашуунаар инээмсэглэв. “Би аавыг Сөүлийн хавар эсхүл Гванжугийн бослого гарах үеэр үймээн самуун, жагсаал цуглаан дунд алга болсон эсэхийг ээжээс асуусан л даа. Гэхдээ ээж 1980 онд болсон тэр их үймээн самууныг огт санахгүй байсан”
“Аав чинь ер нь юуг ч юман чинээ тоодоггүй хүн байсан. Үргэлж л өөрийнхөө дотор бүгж суудаг хачин хүн байсан юм. Гэхдээ их зөөлөн хүн байсан болохоор цаг ямагт бүсгүйчүүд тойрон хүрээлнэ. Надтай хамт байхдаа өөр өчнөөн хүүхэнтэй уулзаж учирдаг байсныг нь би хожим мэдсэн. Надаас бусад нь мэддэг байсан юм билээ” гэж ээж нь ярьжээ.
Ээж нь умгар, даржин сууцныхаа зочны өрөөнд айл хөршийнхөө хүүхдүүдэд зургийн хичээл зааж олсон мөнгөөрөө хүүгээ өсгөжээ. “Ах нар” ирж хонож өнждөг байсан ч ээж нь ахиж хүүхэд төрүүлсэнгүй. Б ээжтэй нь учиртай байсан эрчүүдийн тухай ярьж эхлэхэд эхнэр маань аягүйцсэн бололтой ухасхийн босож жимс хальсалж, жигнэмэг таваглаж, дуу шуу болох хооронд тэр яг л хөндлөнгийн хэн нэгний тухай ярьж буй мэт хайхрамжгүй өнгөөр ээжийнхээ тухай ярьсаар. Зарим хүмүүс эхэндээ бүрэг, дотогшоо мэт байснаа нэг ам нээхээрээ шууд шулуун, хүйтэн өнгөөр байдгаа ярих нь бий. Матаачид, мэдээ дамжуулагчид ийм байдаг гэх яриа ч бий. Тийм хүмүүс төрөлхийн үг дуу цөөтэй дотуур тамиртай байх нь олонтоо.
Аавыг нь Америкт харсан гэх цуу яриа тэдний чихэнд хэд хэдэн ч удаа хүрчээ. Гэвч наяад онд гадаад руу гарах нь битгий хэл гадаад паспорт олж авах ч бэрх байсан шүү дээ. Ерөөд оны үест ээж нь хорт хавдартайгаа тэмцсээр оношлуулснаасаа хойш таван жилийн дараа өөд болжээ.
“Би гэмт хэргийн зохиол засварлаж суухдаа ‘хувийн мөрдөгч’ гэх үгийг мянгантаа уншсан ч ингээд надтай холбогдох юм гэж зүүдлээ ч үгүй явлаа.”
“Аав чинь энд ямар ажил төрөл хийдэг байсныг мөрдөгч хэлэв үү?”
“Зураач, уран бүтээлч байсан гэх яриа дуулсан. Гэхдээ хуулбар л зурдаг байсан болов уу даа”
Б аавынхаа тухай ярихдаа шаналж, шархирч байна уу даа гэмээр царай нь хувьсхийнэ.
“Аавтайгаа хамт өсөж том болсон бол арай өөр хүн болох байсан юм шиг санагддаг уу?” гэж асуухтай зэрэгцээд эхнэр хажуугаас нудраад авлаа.
“Лавтай шүлэг бичихгүй байсан”
“Тийм гэж үү?”
“Би уг нь зураач болох байсан юм. Ээж хүүхдүүдэд зургийн хичээл заадаг байсан болохоор би ч багаасаа хар аяндаа л зураад эхэлсэн. Даанч намайг зураг зурах бүрд ээж модон шугамаар гар луу тас цохиод, ‘хичээлээ хий, ном унш’ гэдэг байлаа. Зураач эрчүүд бүгд адгийн амьтад байдаг гэж ярина. Тэгээд л зурах дуртай байсан ч яруу найрагч болчихсон. Солгой атлаа хүчээр баруунаараа бичдэг шиг л санагддаг юм. Миний шүлгүүд авах юмгүй байдгийн учир нь энэ шүү дээ”
Шүлгүүдийг нь сайн гээд хэлчихье гэж огт бодогдсонгүй. Надад шүлгүүд нь тийм ч их таалагддаггүй юм. Яруу найрагч яруу найрагчаа худал магтсанаас юу ч хэлэхгүй байсан нь дээр. Гэвч эхнэр маань Б-гийн сэтгэлийг засаж, “Юу ярьж байгаа юм. Таны шүлгүүдэд олон хүн дуртай шүү” гэлээ.
Б эхнэрийн маань хэлсэн үгийг няцаасан ч үгүй, хөөрч баярласан ч үгүй нь надад ихэд таалагдав. Шүлгүүдийг нь ахиад тухтай уншмаар санагдлаа. Олж хараагүйгээ харах ч юм бил үү гэж бодов.
Б өглөө эртлэн босоод явахдаа бэлдэж, үүгээр түүгээр үймцэж гүйлээ. Миний санахад огт дуг хийгээгүй л болов уу. Эхнэр маань өглөөний цайнд кофе чанаж, цагариган боов бэлдсэн ч бараг л ам хүрсэнгүй. Хав хар хослол өмсжээ.
“Ингэж хувцаславал зохистой юм болов уу гэж бодлоо” гэв.
Ажил явдал хэдийн дуусаж, хэд гурван бичиг цаасны ажил үлдсэн байлаа ч хар хослол өмсөхөд буруудах юу байх вэ дээ. Будаалга, оршуулгад өмсдөг, их дэлгүүрт зардаг хямдхан хослол өмсжээ. Ийм хослолууд анхандаа дажгүй сайхан харагддаг ч хими цэвэрлэгээнд хэд хэд өгсний дараа хэлбэр галбираа алдчихдаг юм. Оёо нугалаа хийлгүй наачихдаг болохоор тэр л дээ. Араасаа барууны хослол гэмээргүй хуучны Солонгос хүрэм шиг болхи бааздуу харагдана. Хар гутлынх нь хоншоор цайжээ. Яруу найрагч, редактор хүн ийм л байдаг даа. Хэтэрхий чамирхаж гангалсан редактор яагаад ч юм итгэл төрүүлдэггүй юм. Яруу найрагчийн тухайд бол бүр ч ойлгомжтой биз.
“Би чамтай цуг явах уу?”
“Баярлалаа, зүгээр дээ. Хар хослолтой хоёр ази хаалгыг нь балбаад байхаар юу ч бодоо билээ” гээд ирснээсээ хойш анх удаа инээд алдлаа. Инээснээр айдас хүйдсээ үлдэн хөөдөг гэж Воннегут хэлсэн бил үү дээ.
“Ганцаараа яваад ирэхэд зүгээр дээ. Би ямар шарилыг нь авч явах гэж байгаа биш”
Б энэ бүхний учрыг өөрөө олохоор шийджээ. Хаяж явсан хүүхэмсэг аав нь хэрхэн амьдарч яваад дууссаныг, ямар хүнтэй, ямар орон гэрт, яаж шуухан аж төрж байсныг өөрөө очиж харахаар шийдэж л дээ.
“За, тэгвэл удахгүй уулзъя. Хэрэг гарвал залгаарай.”
“Аавд л тусламж хэрэгтэй байсан бололтой. Надад санаа зоволтгүй ээ”
Б-г үдээс хойшхон ирчих болов уу гэж бодсон ч бүтэн өдөржин хэл чимээгүй л байв. Эхнэр маань солонгос хоол бэлдээд нэлээд удаан хүлээж суулаа. Ирэхгүй байхаар нь эхэндээ жаахан бухимдаж байснаа сүүлдээ бүр санаа зовоод болдоггүй.
“Хувийн мөрдөгчөөс ирсэн цахим шуудан жаахан сэжигтэй санагдаагүй юу?” гэж эхнэр надаас асуув.
“Арай урхи занга байсан юм биш биз?”
“Ядуу найрагчийн толгойг эргүүлж, барьцаалах хэн байх вэ дээ. Тэглээ гээд юу олж долоогоо аж даа.”
“Утасны дугаараа үлдээсэн үү?”
“Ямар ч дугаар үлдээгээгүй. Харин цахим шууданг нь мэдэх юм байна.”
Б өглөө болтол ирсэнгүй. Нэг харсан лаванда цэцгийн өнгөтэй сав барьчихсан үүдэнд зогсож байлаа. Уучлал эрж ёсорхсонгүй. Аавынхаа чандрыг бариад иржээ. Эхнэр маань юу ч хэлэлгүй гар сунгаж чандрыг авлаа. Б ядарч туйлдсан бололтой буйдан дээр салхийн унав.
“Юм идэж уух уу?”
“Танайд хатуухан шарз байхгүй биз?”
Б шарзнаас хоёр хундага татлаа. Нэг л өөр болчихсон шиг санагдана. Чухам юу нь өөрчлөгдсөнийг яг таг хэлж мэдэхгүй ч яахын аргагүй өөрчлөгджээ. Сэтгэл санааны гүн цочролд орчихсон юм болов уу гэж бодсон ч тэр байтугай юм болж л дээ. Тэр яг л отолтод ороод нэмэлт хүч ирэн иртэл амь өрсөн тулалдсан цэрэг мэт аашилж байлаа. Өчигдөрхөн айж эмээж буйгаа муухан хошигнолоор аргацаах гэж зүдэж суусан мөнөөхөн эрээс өчүүхэн ч ул мөр үлдсэнгүй. Дахиад хоёр хундага шарз хөнтөрснөө ам хуурайгүй ярьж гарлаа.
Б анх удаа Флашинг дүүрэгт очиж үзжээ. Зүүн өмнөд азийн цагаачид олноороо амьдардаг гэхээс өөр юм мэддэггүй байжээ. Өмнө нь ажлаар ирэхдээ Манхеттенд оччихоод л буцдаг байж. Аав нь хамар доор нь амьдарч байх юм гэж хэн саналаа. Б метрогоо сэлгэж суугаад Флашинг явав. Гэвч метроны буудлаас гараад хэсэг зуур гайхаш нь тасран ангайн зогсож гэнэ. Замын хажуугаар эгнэх зарлалын самбарууд, чанга чанга ярин бөөн бөөнөөрөө холхих Хятадууд, хүмүүсийн дундуур шахцалдан сурталчилгааны хуудас тараах ажилчид, улаан чинжүүтэй халуун тосонд хуурсан ногооны үнэр. Хятадад ирчхэв үү л гэж боджээ. Гагцхүү галын машин дохиогоо хангинуулсаар хажуугаар нь өнгөрөхдөө Нью-Йоркт байгааг нь сануулж гэнэ.
Б Хойд өргөн чөлөөг чиглээд алхлаа. Хятад эзэнтэй үнэт эдлэлийн дэлгүүрийн гадаа хэсэг саатав. “Бид энд алт авч байна” гэж бичсэн Солонгос хаяг анхаарлыг нь татав. Англи, Хятад, Испаниар ч ив ижил утгатай зарлал бичжээ. Энэ чинь одоо юу гээч нь вэ? Гүүгл орчуулагчаар орчуулаад тавьчихсан юм байх даа. Метронд ч тэр хотын нийтийн тээврийн газраас солонгос хэлээр модон орчуулсан тэмдэглэгээ, сануулгууд харсан. “Завгүй байлаа ч аюулгүй яв.” Бүр ч долоон дор нь “Галт тэргэн дотор гулгах нь таныг бүхэлд нь гэмтээж үхүүлнэ.” Улаан балаа гаргаж ирээд засчихмаар. Өөд болсон эцгийнхээ чандрыг авахаар яваа ээдрээт хэрэг явдлыг мартаад ширээний ард сууж алдаатай өгүүлбэрүүдийг засмаар санагджээ.
Гэвч нэг мэдэх нь ээ хувийн мөрдөгчийн илгээсэн хаягийг олоод очив. Утсан дээрээ газрын зураг харсаар, эргэлт нэг бүрийг алдалгүй дагасаар явжээ. Уудам сансар огторгуй дахь хиймэл дагуулаар замчлуулан нас барсан аавынхаа гэрт ирж буй нь тун ч жигтэй санагдана. Юрий Гагарин сансарт нисэж ирээд “Тэнд ямар ч бурхан байгаагүй” гэж хэлсэн байх аа. Бурхан гэж үгүй, харин эцэг бий. Тэр намайг хиймэл дагуулын нүдээр харж буй хэмээн бодно.
Хаалганых нь хонхыг цохилоо. Нэг бүсгүй хаалгаа тайлав. Тас хар арьстай туранхай, зэгзгэр тэр бүсгүй санаснаас нь хамаагүй залуухан ажээ. Эхэндээ айл андуурчхав уу даа гэж бодсон ч бүсгүй ам нээлээ.
“Солонгосоос ирсэн Петрийн хүү юу? Наашаа ор, ор”
Дотор харанхуй хүүшилнэ. Б зочны өрөөний буйдан дээр суулаа. Нүд нь харанхуйд дасаж эхлэв. Хямдхан лааны үнэр агаарт үл мэдэг түгнэ. Даржин сууц ажээ. Ханандаа зул сарын хямдхан чимэглэл өлгөж, өрөөний буланд метр хэртэй өндөр гацуур зассан харагдана. Бүсгүй түүнээс дарс уух уу гэж асуулаа. Бүсгүйн нэрийг Алекс Уайт гэдэг. Хар багадаа Ямайкаас цагаачилж иржээ.
“Дэндүү хувийн асуулт асууж буйд уучлаарай. Манай аав та хоёр чухам ямар холбоотой хүмүүс байсан юм бэ?”
“Аав чинь миний хамтран амьдрагч байсан”
Б энэ үгэнд нь тийм ч их ач холбогдол өгсөнгүй. Алекс түүний юу гэж хариулахаа мэдэхгүй суугааг хараад хайрцаг гаргаад ирэв. Хайрцагт тэдний хамт татуулсан гэрэл зургууд дүүрэн байх аж. Түргэн зургийн аппаратаар дарсан орон дээр хамт хэвтэж буй зураг, усан сангийн дэргэд коктейль шимж суугаа зургууд ч харагдана. Гэрэл зурагт үлдсэн Петер гэх эр хүдэр чийрэг харагдана. Цээж нь Б-гийнхээс булчинлаг агаад насан туршдаа бүсгүйчүүдийн сэтгэлийг булаадаг эрчүүдээс л мэдрэгддэг итгэл дүүрэн төрх дуранд бууж үлджээ. Үсээ цэвэрхэн хуссан, зууван толгой нь гялтганана. Аавынх нь зургууд Серенгетийн талд сарвуугаа залхуутай яа долоож хэвтээ арсланг санагдуулав. Түрэмгий атлаа тайван, зоригтой, овсгоо самбаатай.
“Петер сайхан эр хүн байсан даа” гэж Алекс мөрөөсөн хэллээ.
“Та хоёр хэр удаан хамт байсан юм бэ?”
Алекс хэсэг бодсоноо “Хоёр жил гаран” гэв.
“Ердөө л хоёр жил үү?”
“Хоёр жил гэдэг урт хугацаа шүү дээ?”
“Яаж өөд болов?”
“Хорт хавдраар өнгөрсөн”
“Юуны хавдартай байсан юм бол?”
Ямар хавдраар өөд болсон нь Б-д тун ч чухал байлаа. Саяхнаас эмнэлэгт үзүүлэхээр гэр бүлийнхнийх нь өвчний түүхийг асуудаг болжээ. Ээж нь хөхний хорт хавдартай байсан. Аав нь ч бас хавдартай байсан нь тоогүй хэрэг. Ээж нь түүнийг хэвлийдээ тээж байхад аав нь хорин дөрөвтэй байсан нь үнэн бол жаран нас шүргээд хорвоогоос хальжээ.
“Нойр булчирхайн хавдартайгаа мэдсэнээс хойш хоёр сар болоод өөд болсон”
Алекс аавынх нь чандрыг авчирлаа.
“Чамд өгөх өөр юу ч алга даа. Петер сайхан хүн байсан ч хөрөнгө мөнгө хураагаагүй. Аавыг чинь насаараа эмэгтэйчүүдээр хүрээлүүлж, тэтгүүлж амьдарсан гэлцдэг юм. Петерийг хайрлаж биширдэг олон эмэгтэй байсан.”
“Би танаас нэг зүйл асууж болох уу?”
Алекс толгой дохилоо.
“Та ийм залуухан бас үзэсгэлэнтэй атлаа яагаад өчнөөн олон насаар ах манай аавтай амьдарсан юм бэ? Мөнгө төгрөггүй хүний юу нь тэгтлээ сэтгэлийг тань татав?”
“Намайг ингэж магтсанд баярлалаа. Гэхдээ ганц нэг зүйлийг залруулалгүй болохгүй нь. Юун түрүүнд би залуухан, үзэсгэлэнтэй эмэгтэй биш. Та намайг зөвөөр ойлгоорой. Салсан нөхөртэйгөө гэрлэж байх үедээ би сайхан бүсгүй явсан л даа. Энэ байшин манай нөхрийнх. Би энэ улсад анх хөл тавихдаа мөрөндөө тохсон хувцаснаас өөр юмгүй хар арьст жаал охин байлаа. Одоо нас минь явжээ. Тэгээд ч Петер тийм ч хөгшин харагддаггүй байсан юм. Ази хүмүүсийн насыг таахад хэцүү л дээ. Ямартай ч Петер хүчирхэг эр хүн байсан. Ийм хүүтэй гэж огт бодож байсангүй.”
“Би таныг ойлгож байна. Гэхдээ тэгээд юу нь таны сэтгэлийг тэгтэл татсан юм бэ?”
Алекс хэдэн хором бодолхийлснээ, “Петер сүр жавхлантай хүн байсан” гэв.
“Сүр жавхлантай гэнэ ээ?”
“Удам судартай нь холбоотой ч байх. Ямартай ч эрхэмсэг хүн байлаа. Тэр өөрийгөө хааны удмын хүн гэж ярьдаг байсан юм”
Аав нь гарцаагүй И овогтой ч хааны гэр бүлээс гаралтай гэж огт дуулж байсангүй. Ээжийнх нь овог Ким. Анх танилцахад Петер өөрийгөө Солонгосын сүүлчийн хааны удмын хүн тул тухайн үед эх орноосоо дайжихаас өөр арга байгаагүй гэж Алекст ярьжээ. Хааны гэр бүлийнхнийг хүйс тэмтрэхээр мөшгөн хөөж асан дарангуйлагч засгийн үед Америк руу цагаачилсан аж.
“Солонгосчууд хаангүйгээр оршин тогтнож чадахгүй. Хоёр мянган жилийн турш хаант засаг ноёрхсон манай улс эцэстээ буцаад хаант засаглалтай болно гэж Петер ярьдаг байсан.”
“Аав юу хийдэг байв? Уран бүтээлч байсан гэж дуулсан”
“Уран бүтээлч ий? За, нэг тиймэрхүү ч юм уу”
Алекс жоготой инээмсэглэв.
“Тиймэрхүү гэнэ ээ?”
“Өөд болоочдын нүүр амыг янзалж, буддаг байсан юм. Солонгост ийм ажил байдаг уу?”
“Байгаа. Гэхдээ эндхээс арай өөр л дөө. Энд гашуудаж буй хүмүүст зориулж авсыг нээлттэй байлгадаг. Манайд тийм ёс байхгүй”
“Петер ажлаа чадварлаг хийдэг байсан. Цалин нь ч муугүй. Даанч мөнгө төгрөгийг олсныхоо хэрээр үрдэг хүн байсан даа”
“Архи дарс ууж, мөрийтэй тоглодог байсан уу?”
“Үгүй дээ, гоо бүсгүйчүүдэд л мөнгө зардаг байсан”
Гоо бүсгүйчүүд...
“Тэгээд огт зурдаггүй байсан хэрэг үү?”
“Би л лав зурж суухыг нь ер харж байгаагүй.”
Алекс Б-д чандрыг өгөхөөр гар сунгаснаа оршуулгын зардал, хувийн мөрдөгч хөлсөлсөн төлбөрөө авмаар байгаагаа хэлэв. Байр байдлаас нь харвал мөнгөө авч байж л чандрыг нь өгч явуулах бололтой.
“Аав танд юу ч үлдээгээгүй хэрэг үү?”
“Юу ч үлдээгээгүй ээ”
Бүсгүй түс тас яриад эхэллээ. Хэдхэн хормын өмнө дурсамжаа хуваалцаж суусан хоолойн өнгө ор мөргүй болжээ.
“Манайхыг эргүүлж тойруулж харах хэрэггүй дээ. Энэ байшин минийх гэж дээр хэлсэн дээ. Петер Бронкст нэг хүүхэнтэй амьдарч байгаад ачаа бараа гэх юмгүй манайд нүүж ирсэн.”
Алекс яагаад хувийн мөрдөгч хөлсөлж, өөрийг нь нааш дуудсаныг Б эцэст нь нэг ойлгов. Алекс эцгийнх нь ажил явдалд гарзадсан мөнгө төгрөгөө эргүүлж авахыг хүсэж л дээ. Б хэтэвчээ гаргаж ирсэн ч багахан бэлэн мөнгөтэй яваагаа саналаа. Ойролцоох шатахуун түгээх газарт бэлэн мөнгөний машин байгаа гэж Алекс хэлэв. Б мөнгө авахаар явж, эргэж ирээд боодолтой мөнгө өгөхөд бүсгүйн царай гэрэлтэж баяр хөөр тодорлоо.
“Мартсанаас хувцаснууд нь байгаа шүү дээ. Та аваад явж болно.”
Алекс, Б хоёр шатаар дээш гарч шүүгээг нээхэд эгнүүлэн өлгөсөн хослолууд харагдав.
“Надад энэ хувцаснууд хэрэггүй” гэж Б хэллээ.
“Сүмд хандивлачихвал зүгээр биз дээ?”
“Байзнаарай”
Б өлгөөтэй хослолуудыг имэрч үзлээ. Хурууных нь үзүүрт тэмтрэгдэх хослолууд зөөлхөн агаад бат бөх, таатай сайхан санагдана. Аавынх нь арьсыг шүргэж байсан хувцаснууд гэж бодохоор нэг л дотно.
“Ганц нэгийг аваад явъя даа. Ядаж л дурсах юмтай.”
“Тэг ээ тэг. Авч явсан яваагүй надад ялгаагүй. Доод шургуулгад дотуур хувцаснууд нь бий”
Тэгтэл доод давхарт хаалганы хонх жингэнэх чимээ дуулдлаа. Алекс хаалгаа тайлахаар доош бууснаа төд удалгүй буцаад ирлээ.
“Доошоо бууж энэ хүнтэй уулзсан нь дээр байх”
Саяхан өөрийнх нь сууж байсан буйдан дээр нэг ази залуу сууж байх ажээ. Хар хослолтой, тэр ч бүү хэл өөртэйгөө ойролцоо бие хаатай тэр залууг харвал биеэсээ гарчхаад өөрийгөө дээрээс нь харангаа хөвж яваа шиг санагджээ. Шатаар бууж яваа Б-г хараад мөнөөхөн залууд ч бас жигтэй мэдрэмж төрөө биз. Залуу түүнийг харуутаа буйдан дээрээс огло харайн бослоо. Алекс яг л маргааныг таслах гэж буй хөл бөмбөгийн шүүгч аятай тэдний дунд гараа алдлан зогсоно.
“Хувийн мөрдөгч энэ хүнтэй ч бас холбогдсон гэнэ. Надад мэдэх юм алга” гэж Алекс хэлэв.
Бүсгүй хувийн мөрдөгч рүү залгаж хэсэг ярьснаа утсаа таслав. Будилж, сандарсан харагдана.
“Мөрдөгч энэ хэргийг Солонгос дахь түншдээ хариуцуулсан бололтой. Тэд Солонгост эрэл сурал хийгээд, төв оффисоосоо албан шуудан илгээж л дээ. Хайсан хүн нь мөн байж мэдэх хэд хэдэн хүн рүү шуудан илгээсэн ч ганц л хүн ирнэ гэж бодсон гэнэ”
“Солонгост хувийн мөрдөгч байхгүй шүү дээ” гэж Б баргар царайлан хэлэв.
Тун ч эвгүй байдалтай зогсож байсан өнөөх залуу “Бичиг баримт шүүлгэх захиалга өгсөн байх л даа. Тэд чинь хүмүүсийг дагаж, амьдрал ахуйг нь хууль бусаар судалдаг шүү дээ.”
Б түүнтэй гар барилаа. Залууг Ж гэдэг аж. Тэд яг ижил цахим шуудан хүлээн авчээ. Ээжүүд нь Ким Хэ Гён гэх нийтлэг ижил нэртэйн дээр хоёулаа 1980 онд Сөүл хотод урлагийн чиглэлээр сурч байхдаа хүү төрүүлсэн ажээ. Бүр ч хачин нь тэд хоёул өөд болжээ. Петер гэдэг хүн урлагийн сургуулийн хоёр Ким Хэ Гёнтой зэрэг үерхэж, хоёр хүүтэй болсон эсхүл тэдний нэг аль нэг нь хань хамаагүй хүн байх учиртай.
“Мөрдөгч энэ эндүүрлийн хариуцлагыг хүлээхгүй. Цахим шуудан илгээх болсон үндэслэлээ шуудандаа хавсаргасан төдийгүй тэр шуудан нь Петертэй холбоо хамааралтай болохыг огт нотлохгүй. Цусан төрөл гэдгээ батлах нь өөрийн тань үүрэг хариуцлага гэж бичсэн байсан”
Ж гэгч залуу Алексийн яриаг сайн ойлгохгүй байгаа бололтой. Б түүнд тайлбарлаж өглөө. Ж ч түүнд талархаж, нэрийн хуудсаа солилцов.
“Би хэвлэлийн газарт ажилладаг.”
Ж-гийн нэрийн хуудсыг харвал эмнэлгийн тоног төхөөрөмж худалддаг компанийн борлуулагч ажээ. Ж түүнээс эцэг тогтоолгох шинжилгээ өгөх тухайд ямар бодолтой байгааг нь асуулаа.
Алекс “Америкт шинжилгээ өгвөл хариугаа долоо хоног хүлээх байх” гэв.
Солонгост зул сарын баярын амралт гэж байх биш дээ. Цаг наранд хавчигдаж яваа улс даруйхан нутаг буцах хэрэгтэй байдаг. Шинжилгээний хариугаа авахаар эргэж ирнэ гэхээр бас л амаргүй. Хоолны ширээний ард толгойгоо гашилгаж баахан сууцгаалаа. Алекс Калифорнийн мерлот задалж, оройн хоолонд шарсан гол мах идэцгээв.
“Ийм адилхан хоёр хүнтэй нэг ширээнд суугаад хооллохоор яг л нэг гэр бүл шиг санагддаг юм байна” гэж Алекс хэллээ.
Ж Б рүү хараад “Америкчууд азиудын царайг ялгаж чадах биш дээ. Биднийг яг адилхан царайтай гэж боддог юм” гэв.
“Хамт амьдарч үзээгүй аавынхаа чандрыг яая гэж бодож байна?” хэмээн Б Ж-гээс асуулаа.
“Бодох л асуулт. Ямартай ч наашаа ирж авах ёстой гэж бодсон юм аа”
“Нэгэнтээ хэрэг явдал ийм болсон ч одоохондоо би аваад явчих уу?”
Ж “Тийм юм байхгүй” гэж ширүүхэн хэллээ.
“Яахаараа байдаггүй юм?”
“Би ч ялгаагүй ажил төрлөө арайхийн зохицуулж, өчнөөн цаг нисэж ирчхээд гар хоосон буцмааргүй байна.”
Тэднийг ийн мунгинаж, яах учраа олохгүй суутал Алекс ам нээлээ.
“Дэмий санаа байж ч мэдэх юм. Та хоёр Петрийн хослолуудаас өмсөөд үзвэл яаж байна? Хувцаснууд нь дор хаяж арваад жил болсон байх. Та хоёрын насан дээр л авч байсан болов уу даа. Тэгэхээр та хоёр өмсөж үзээд хэнд нь сайхан таарч байгаа нь чандрыг нь аваад явбал ямар вэ? Солонгост очсон хойноо эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж болно шүү дээ.”
Нэгэнтээ өөр шийдэл байхгүй тул хөндлөнгөөс Алексаар шийдүүлэхээс яах вэ. Бүсгүй хослол авчрахаар дээш гарлаа. Доторлогоог нь харвал Италид хийсэн тансаг зэрэглэлийн хослол ажээ. Загвар нь хуучраад удаж байгаа ч анх харахад их аятайхан санагдав.
Б шарз уунгаа “Чандраас илүү наадхыг чинь л авчихмаар эд юм” гэж зэвүүрхэн хэллээ.
Ж эхлээд хослолыг өмсөж үзэхээр нөгөө өрөөнд орлоо. Алекс Б рүү нүдээ том болгон харснаа, “Юу гэж бодож байна? Ханцуй нь үл ялиг богинодчихож уу?”
“Арай л багадчихлаа” гэж Б хэлэв.
Ж мөчөөгөө өгсөнгүй, “Муугүй л харагдаж байна шүү дээ” гэв. Дараа нь Б өмсөж үзлээ. Хүрмийг углах төдийд л бүх зүйл ойлгомжтой байлаа. Өмд нь хүртэл яг таарав. Б-г өрөөнөөс гараад очиход тоглоом дууслаа. Өрсөлдөх ямар ч хэрэггүй болжээ гэх шиг өнөөх хоёр нь таг дуугүй гөлөрнө. Ялангуяа бүсгүйн харцыг уу... Өөд болсон амраг нь эргэж ирээд урд зогсож буй мэт Б рүү ширтэнэ. Бүсгүйчүүд бүхэл амьдралынх нь турш ийн ширтсэн гэж бодохоор аавдаа атаархаж байлаа.
Б яг тэр агшныг эхнэр бид хоёрт харуулах гэсэн мэт буйдан дээрээс ухасхийн босов. Тэгээд яг л загвар өмсөгч шиг бидний урдуур нааш, цааш алхана. Босож зогсох хүртэл нь өмсөж гарсан хослолоо сольсныг нь анзаараагүй суулаа. Ямар нэг юм нь өөрчлөгдчихөж гэж бодсон ч хослолын тухай ер санаанд орсонгүй. Бид хоёр хослолыг нь сайтар ажлаа. Өмсөж гарсантай нь төстэй мэт боловч сайн харвал хар хөх өнгөтэй ажээ. Хослол хуяг дуулга мэт биед нь яв цав таарчээ. “Goodfellas” кинон дотроос гараад ирсэн мэт харагдана. Биеийг нь барьсан ч жадайсан, тухгүй харагдсангүй. Хослолынхоо нэг ч оёо шаглааг ханзлалгүй хүнтэй гар зөрүүлж чадахаар харагдана.
“Бид хоёр туг үсээ солилцоод, чандрыг ч бас хувааж авсан. Ж ч санасандаа хүрээд арилж өглөө. Сөүлд очуутаа шинжилгээ хийлгэнэ гэсэн. Петрийн сойзыг ч авчихлаа. Шүдний сойзноос шинжилгээ авч болдгийг Америкийн телевизийн нэвтрүүлгээр үзсэнээ санаад.”
“Хэрэв аав чинь биш бол яах вэ?”
“Ж рүү илгээнэ. Хаа хамаагүй хүний чандраар би яах вэ дээ.”
“Хослолоо ч гэсэн үү?”
Б амаа үдүүлсэн аятай таг дуугүй болчхов. Хүн ер нь сайхан хувцас хунарт дурладаг шүү дээ. Заримдаа бүр ухаангүй дурлах нь ч бий.
Тэгтэл эхнэр маань аман дээр нь гарч ирсэн ч залгиж суусан асуултаа асуучхав.
“Ингэхэд урьд шөнө хаана хоноо вэ?”
Б бас л юу ч хэлсэнгүй. Хэвлэлийн газарт номоор хана босгочхоод ширээнийхээ ард гэмт хэргийн зохиолууд засварлаж өдөр хоногийг элээдэг энэ яруу найрагч бидний бодож байсан шиг хүн огт биш байвал яах вэ гэсэн бодол төрөхөд дотор хүйт оргиж би ч үг дуугүй суулаа. Ачаагаа бэлдээд онгоцны буудал руу явсных нь дараа эхнэр маань түүний энд байсан бүхий л ул мөрийг нь арилгах гэсэн мэт өмнө хэзээ ч тэгж цэвэрлэж байгаагүйгээрээ гэр орныхоо булан тохой бүрийг цэвэрлэв.
Орчуулсан: Базаррагчаагийн Дэлгэрмаа
Сэтгэгдэл хэсэг