Зохиолч Стивен Кинг “Бичихүйн тухай” дурсамж номдоо “Би өдөрт дор хаяж арван хуудас бичих дуртай. Барагцаагаар 2000 үг юм уу даа. Гурван сард 180,000 үг шүү дээ. Подхийсэн нэг ном болчихно” хэмээн бичжээ. Зохиолч өдөр алгасалгүй бичдэг. Төрсөн өдөр, зул сар, улс тунхагласны баяраар ч бичиж суудгаа эл номдоо дурдсан байдаг.
Түүнийг зохиолч биш үйлдвэрлэгч гээд хэлчихэд хилсдэхгүй. Форбес сэтгүүлд бичсэнээр зохиолч Стивен Кингийн жилийн орлого 50,000,000 ам.доллар. Би энд санамсаргүй хэдэн тэг нэмж бичээгүй шүү. Түүний амжилтын замнал 1974 онд “Кэрри” хэмээх ер бусын хүчтэй өсвөр насны охины тухай роман бичсэнээс эхтэй. Гучаад роман, зургаан өгүүллэгийн түүвэр бичсэн энэ эр эргэлт буцалтгүй зам шулуудаж блокбастер гэх үгийг шинээр тодорхойлж, зохиолоор бороо оруулсан юм. Диккенс ч ийм олон уншигчтай байгаагүй. Үнэнийг хэлэхэд би ч өөрөө түүнийг үл ойшоодог хүмүүсийн нэг байсан л даа. Кингийн ихэнх романууд дэлгэцийн бүтээл болжээ. Гэвч тэр энэ бүхэнд сэтгэл ханаагүйгээр үл барам Ричард Бах нэрээн таван роман, арав гаруй дэлгэцийн бүтээл бичжээ. Бас их догь залуу шүү дээ.
Догь эр гэдгээ зохиол бүтээлүүдээрээ батлан харуулдаг төдийгүй Америк зохиолд л байж таарах (эсхүл Америкийн тухай өөрийнх нь төсөөлөлд) хүчирхэг агаад бодитой, нөхөрсөг, цагаан цайлган дуу хоолойгоо зохиолууддаа дархалсан байдаг. Кинг өдгөө бичиж туурвиж буй ямар ч зохиолчоос илүүтэй дайны дараах Америк орны тухай бичсэн. Аймшгийн төрөл жанрыг сонгон бичсэнээрээ л шүүмжлэлд өртөх болсон нь дамжиггүй. Магад шүүмжлэгчид түүнийг буйр суурьтай бичдэггүйд гайхдаг байх л даа. Түүний романууд асар их савлагаатай. Хамгийн чансаатайд тооцогддог “The Shining”, “Pet Sematary”, “Dolores Claiborne”, “The Green Mile”, “Bag of Bones” романууд нь ч яг л илүүдэл жинтэй хүн гүйлтийн зам дээр хэсэгхэн гүйгээд бахардахтай адил санагдах вий. Хамгийн сүүлд бичсэн “The Girl Who Loved Tom Gordon” романаа нэлээд чамбай бичсэн. Гэвч Кингийн уран төсөөлөл асар уудам агаад хэмжээ хярхаггүй. Уншигчдынхаа сэтгэлийг хэрхэн татахаа мэддэг түүнээс уншигчид нь ч өгөөмөр сэтгэлээ харамлаагүй билээ. Сүүлийн үед тэр утга зохиолын ертөнцөд улангасан орж ирэв. 1998 онд шилдэг борлуулалттай номын жагсаалтад дээгүүр бичигдсэн “Bag of bones” бол тэрслүү, зузаан тэр хэрээрээ тун ч зугаатай роман байсан юм. Дараа жил нь “Heart of Atlansis” хэмээх чамбай сайн өгүүллэгийн түүвэр гаргаж бүр ч их шуугиан тарилаа. Тухайн жилдээ ойд төөрсөн охины тухай өгүүлэх “The girl who loved Tom” романаа хэвлүүлснээр шүүмжлэгчид анх удаа хүндэтгэлтэй гэгч нь суугаад түүний бүтээлийн утга агуулга, чансаатай бичлэгийн хэв маягийг цохон тэмдэглэсэн билээ. Кингийг арилжааны хөнгөхөн зохиол бичихээс хэтэрдэггүй тааруухан зохиолч гэж хэлэх хүн одоо үгүй болжээ.
Тэр жилдээ “Riding Bullet” хэмээх анхны цахим номоо ч гаргав. Скрибнер хэвлэлийн газраас гаргасан энэхүү тууж хамгийн олон уншигчтай дэлхийн анхны цахим ном болов. Хагас сая хүн татаж авснаар ном хэвлэлийн салбар санаанд оромгүй зүйлтэй нүүр учирсан нь тэр. Төд удалгүй Кинг хэвлэн нийтлэгчгүйгээр зохиолуудаа борлуулж болох юм гэж боджээ. Татаж авсан хүн бүр нэг доллар төлөхөөр цахим хуудсандаа номоо байршуулав. Гэхдээ Кинг шинэ зохиол бичихийн оронд “авдрын ёроолоо уудалж” аль эрт бичээд орхисон “Plant” хэмээх зохиолоо гаргаж ирлээ. Уурлаж бухимдсан зохиолч өшөө авахаар шийдэж хүн иддэг усан үзмийн модыг хэвлэн нийтлэгчдээ илгээж буй тухай уран зөгнөлт зохиол л доо. Тэр өөрийн цахим хуудаснаа “Анд найзууд минь бидэнд томоохон хэвлэн нийтлэгчдийн хар дарсан зүүд болох боломж гарч ирлээ” хэмээн бичсэн байдаг. “Riding bullet” шиг амжилт олоогүй ч шинэ зохиол нь чамлахааргүй амжилтад хүрсэн. Би ч гэсэн нэг доллар төлж номыг нь татаж авсан хүмүүсийн нэг л дээ.
Харин “Бичихүйн тухай” номдоо өөрийн намтар дурсамжаа бичсэний сацуу зохиолч болохыг хүсдэг хэн бүхэнд мэддэг чаддагаа зөвлөжээ. Дурсамж номынхоо сүүлийн бүлэг болох “Амьдрахуйн тухай” хэсэгтээ автын осолд орсон тухайгаа бичжээ.
Зохиолч 1999 онд баруун Мэйн дэхь зуслангийн байшингийнхаа ойролцоо өдөр бүр дөрвөн бээр алхдаг дадлаараа алхаж яваад Брайн Смит гэх эр жолоодож явсан цэнхэр өнгийн Dodge машинд мөргүүлжээ. “Бидний амь насны асуудал давхардсан тэр мөчид, хажууд нь сууж явсан ротвейлер нохой нь мах хийсэн хөргүүр лүү нь зүтгэн арын суудал руу үсэрчихсэн тул мань Смит нохойтойгоо ноцолдоод замаа харах манатай явжээ. Смит эхэндээ буга мөргөчихлөө гэж бодсон гэдэг” хэмээн Стивен Кинг дурсамж номдоо бичсэн байдаг. Кинг Брайн Смитийн тэрэгний салхины шилийг мөргөснөөс хуйх нь язарч замын хажуу руу шидэгджээ. Өвдөгнөөс нь доош наанадаж ес хугарчээ. Хугархайг нь эвлүүлж өгсөн, ортопедийн мэс засалч Дэвид Браун гэгч ширүүн дориун ааштай ч чадварлаг эмч баруун өвдөгнийх нь доод хэсэг тэр чигтээ 'оймстой үйрмэг' болчихсон байсан шүү" гэж хэлсэн гэдэг.
Үнэнч хайрт эхнэр нь Табита нь хүүхдүүдийнхээ хамт дахин хөл дээрээ босох эсэх нь эргэлзээтэй Кингийг асарч тойглосоор. Зохиолчийн дурсамжаас гэр бүлдээ хэчнээн талархдаг нь, тэднийгээ хэчнээн их хайрлан биширдэг нь нэвт гэрэлтдэг юм.
Эр нөхрөө бичих хүслээр дүүрэн байгааг ойлгосон Табита ослоос таван долоо хоногийн дараа байшингийнхаа хүнсний агуулахын арын ханын тушаа ширээ бэлдэж Кинг тэргэнцэр дээрээ суугаад бага багаар бичиж эхлээд яваандаа урьдын хэвдээ оржээ. Ийм нөхцөлд ч үргэлжлүүлэн бичнэ гэдэг гайхалтай. Зохиолч яг л уурын тэрэгний зүтгүүр шиг өгүүлэх түүхээ чирэн урагш давшсаар ард нь харин рок хөгжим хангинаж байсан юм. Кингийн ширээн дээрх цаас овоорсоор. Ослоос хойш жил гаруйн хугацаанд “Riding the bullet” цахим тууж, зургаан цаг гаруй үргэлжлэх теле жүжгийн зохиол, “Dreamcatcher” хэмээх 900 хуудастай романаа дуусгажээ. Басхүү хэдийнээ дуусгачихсан байсан “Бичихүйн тухай” дурсамж номдоо “Амьдрахуйн тухай” сүүлийн бүлгээ нэмж бичлээ.
“Мэйнийн Өлдтауны хуучин Табита Сприус болбоос манийг ажлын хэнээтэй амьтан гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг, бас заримдаа ажил нь энэ нөхрийг авардаг гэдгийг ч сайн ойлгодог хүн. Эхнэр маань намайг ширээнд суулгаж өгөөд, магнай дээр минь үнссэнээ өрөөнөөс гарч одов. Энэ нөхөрт ер нь орчлон хорвоод хэлэх үг үлдэж үү үгүй юу үзье гэсэн байх. Гэтэл өнөөхөд нь хэлж ярих жаахан юм үлдсэн байна гэнэ шүү. Тийм ээ, бичих цаг чинь болж гэж тэр минь зөн совингоороо л надад хэлж, шийдээгүй сэн бол орчлонд хэлэх юутай үлдсэнийг минь хэн маань ч мэдэхгүй л өнгөрөх байсан даа”
Кинг бидэнд хэрхэн бичих тухай яг таг, нарийн тодорхой хэлээгүй л дээ.
“Минийхээр өгүүллэг, роман гурван хэсгээс бүтдэг: Өгүүлж буй түүхийг чинь А цэгээс Б цэгт хөтлөн, эцсийн Я цэгт хүргэж өгдөг хүүрнэл, уншигчдад зохиолыг чинь илүү бодитоор мэдрүүлэх дүрслэл, хэл яриагаар нь дамжуулан дүрүүдийг чинь амилуулж өгөх харилцан яриа.”
“Дайвар үг бол чиний дайсан шүү. Хаалгаа хаалттай бич” хэмээн зөвлөснийг нь ч мартаж болохгүй.
“Хаалттай хаалга гэдэг бол ойр тойрондоо бас өөртөө “Би чухал ажилтай байна! Бичих туурвихад бие сэтгэлээ тушааж, санаагаа одоогоос үйл хэрэг болгож эхлэхээр шийдсэн!” гэж эрс хатуу хэлж буйн тэмдэг юм шүү.”
Кинг бичиж туурвих үйлдээ бичих тухай ярихаасаа хавь илүү сайн ч гэлээ ялангуяа бичих дадал зуршлынх нь тухай шүтэн бишрэгчид, уншигчид нь шимтэн унших нь дамжиггүй. Кингийн намтраас хамгийн их сэтгэл догдлуулсан хэсэг нь маргаангүй бичих үйлийн хүчээр ослын дараа дахин хөл дээрээ босож ирсэн тухайгаа хуваалцсан дурсамж байсан юм. Өнөө цагийн гарамгай зохиолчдын нэг бидэнтэй чинхүү үнэн, сонирхолтой түүхээ хуваалцжээ. Би л хувьдаа түүнээс жигд сайн биш ч байг хамаагүй олон бүтээл хүлээж байна. Түүний аль ч бүтээлийг тааруухан хэмээн маргахгүй. Эцсийн эцэст тэр “хаан” шүү дээ.
Америкийн зохиолч, судлаач Жей Парини
Орчуулсан: Б.Дэлгэрмаа
Сэтгэгдэл хэсэг