Данийн тэмдэглэл: Цоожлогдсон "уран бүтээлч"

 


 Хүн бүхэн уран бүтээлч

Балчир ахуйд эмээ минь барагдаж дуусаж буй юм бүхнийг “дүүрлээ, дүүрлээ” гэж домнодог байж билээ. Ерөөл мэт энэ л үг нь өнөө миний ч амны уншлага болжээ. Улирагч онд өмнөө тавьсан нэгэн зорилгоо биелүүлж Данийн вант улсыг зорьсон ажил хэргээ дуусгасан ч эмээгийнхээ хэлдгээр эргэцүүлэл, эмзэглэл, урам зоригоор дүүрээд буцаж явна. Урд талын суудалд бэхлээтэй дэлгэцийг харвал онгоц маань саяхан орчуулж дүүргэсэн романд гардаг Крымийн хойгийн Севастополь хотын ойролцоо нисэж явах аж. Хол замд юу эсийг бодох вэ. Хүүхэд байхдаа тэмдэглэлт өдрүүдээр үеэлүүдтэйгээ нийлээд өвөө эмээ, аав ээж, ахан дүүсийнхээ өмнө дуулж, бүжиглэж, жүжиглэж, хэрдээ л урлагийн тоглолт үзүүлчихдэг байснаа дурсаж суугаад, эмээгийнхээ хэлдэг асан ерөөл мэт үгийг санасан минь энэ.
“Бага насандаа бид бүгд уран бүтээлч байдаг. Харамсалтай нь бидний доторх бяцхан уран бүтээлчид урлагийг хорьж цагдагсдын эрхшээлд ороод яс цоожны цаана хоригдож суух нь олонтоо. Цоожлуулсан бяцхан уран бүтээлчид чухам хаачдаг хэрэг вэ? Мэдрэмж замхарч, үгүй болдог уу?” гэж зохиолч Ким Ионгха нэгэн илтгэлдээ ярьсан нь үе үе санаанд ордог юм. Эсьберг хотод хэд хоног саатаж урьд үзэж хараагүй олон жүжиг үзэж явахад өөрийнхөө доторх “бяцхан уран бүтээлч” -ийг хэзээ ч юм хашиж түгжсэнээ, гэхдээ бас “цоожоо эвдэж гарах” гэж цаг ямагт мэрийсээр яваагаа эрхгүй анзаарлаа. Уран бүтээлч байна гэдгийг би ямар ажил төрөл эрхэлдэг байхаас үл хамаараад өөрийгөө таньж ойлгох, алив нэгэн хэм хэмжүүр эсвэл хэн нэгэн хүний нөлөөнд авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэх, өмнөө тавьсан зорилгоосоо үл ухрах, эрх чөлөөтэй сэтгэж бүтээлчээр ажиллахын нэр гэж боддог.
 
Анх бичиг үсэг сурсан цагаасаа эхлээд оюутан болж нийслэлд иртлээ өдөр бүр тэмдэглэл бичдэг байлаа. Өдгөө ч хадгалсаар байдаг тэр олон дэвтрийнхээ аль нэгийг үе үе сөхөж харахуйд оюун бодол, сэтгэл мэдрэмжээ одоогийнхоосоо ч сайн сонсож, илэрхийлдэг байснаа анзаардаг юм. Гэхдээ л өөр хүн олоод үзчих вий гэж айсандаа гал зуухныхаа модон шар ширээний ард нугдайж суугаад бичдэг байж билээ. Харин оюутан болоод дүүртэл нь шүлэг бичсэн зузаан хар дэвтрээ нэг л өдөр шатааж орхисон. Магад хэн нэг нь “Чиний бичдэг гэж юу байх вэ” гэж тоомжиргүйхэн хэлснээс, “Мөнгө төгрөг ахиухан олох мэргэжил сонго” гэж зөвлөснөөс болсон ч байж мэднэ. Ерөөс өр зүрхний нандин мөрөөдлөө үгүйсгүүлж, үл тоомсорлуулснаас болоод л өөрийгөө тийн мохоож, итгэл найдвар, хүсэл зорилгоо яс цоожны цаана хав дарж орхио биз ээ. Ахуй амьдралын асуудал бэрхшээлээс үүдэлтэй өч төчнөөн шалтгаан ухаж тоочиж болох хэдий ч үг хэл, үзэл бодол нь дуулдахтай үгүйтэй “сулхан” байдаг хүүхэд насанд л үнэн сэтгэлээсээ чих тавин сонсох ганц ч болов хүн хэрэгтэй байдаг. Харамсалтай нь бидний ихэнх нь үл тоогдсоор, юунд ч юм буруутан болсоор, юм юмны хойно орсоор, өөрсдөө ч энэ бүхэнтэй үг дуугүй эвлэрсээр өсөж дээ.
1990-ээд оны дундуур манай аймагт хүүхдийн жүжиг тоглож, хүүхдэд зориулсан тоглолт болж байсныг би лав санадаггүй. Хуучны соёлын ордонд “Номин” худалдааны төвийн хоёрдугаар давхарт “Хадам ээж”, “Сүнстэй байшин” зэрэг хүүхэд байтугай том хүн айж хэрдхиймээр кинонууд гардаг байсныг л санаж байна. Үзэж харах, унших мэдэх хүслээр дүүрэн ч орчин нөхцөл маань ийм л байлаа. Одоо ч тэгтлээ дээрдээгүй л санагддаг. Гэтэл хүүхдийн тоогоор манайхаас хол зөрүүгүй Дани улс (1.3 сая хүүхэдтэй буюу манай орноос зуун мянгаар л илүү) 150 гаруй хүүхдийн театртай гэдгийг анх сонсоод гайхаж шагшсанаа нуух юун. Тэдгээрийн заримтай биечлэн танилцаж, тайзнаас тайз, цэцэрлэгээс цэцэрлэг, сургуулиас сургууль дамжин тоглогдох жүжгүүдийг үзэж ахуйд цагаахан атаархал төрсөөр байлаа.
Утга зохиолын орчуулагч би бээр ямар учрал тохиолоор Дани улсыг зорьж олон улсын хүүхдийн театрын наадамд оролцох болсноо, орон орны уран бүтээлчидтэй олон олон хаалга татаж, алга ташилтын дунд өнгөрүүлсэн энэ өдрүүдээс ямар олзтой ирснээ уншигч та бүхэнд хуваалцъюу хэмээн энэхүү тэмдэглэлийг бичиж сууна.
 
Ноднин намар “Асситеж” олон улсын хүүхэд залуучуудын театрын холбоо Монголд салбараа нээсэн юм. Анх 1965 онд байгуулагдсан энэ холбоонд өдгөө дэлхийн 65 орон гишүүнээр элсээд байгаагийн нэг нь Монгол улс. Энэ бол яах аргагүй баярт явдал. Монгол дахь салбар байгуулагдмагцаа театрын урлагт хайртай уран бүтээлч залуусыг нэгтгэхээр “Next Generation” хөтөлбөр зарлалаа. Хүүхдийн гэсэн юм бүхнийг НЭГДҮГЭЭРТ байгаасай гэж хүсэж, хүүхэдтэй холбоотой үйл хэрэг бүхэнд сэтгэл татагдаж явдгийн хувьд хөтөлбөрийн ярилцлагад давхиад очив. Ингэж л театр хэмээх цоо шинэ, таньж мэдэхгүй салбарт хөл тавьж, үе тэнгийн уран бүтээлч залуустай танилцаж нөхөрлөхийн ялдамд номын дуу сонсож, орон хотдоо тоглогдож буй хүүхдийн жүжгүүдийг үзэн онол, дадлагыг харьцуулах завшаан тохиосон юм. Он шувтарч, хөтөлбөрөө дүүргэхийн алдад уран бүтээлчид бүлэг болон хуваагдаад өөрсдийн гэсэн жүжиг бүтээх ажилд ханцуй шамлан орлоо. Хүүхэд залуучуудын “Бамбүү” театрын уран бүтээлч Б.Золжаргал, жүжигчин-найруулагч О.Золжаргал бидэн гурав гар нийлж, зураач Б.Энх-Оюуны “Бадди минь юу хийж яваа бол?” хэмээх будаг нь ханхалсан зурагт номоос сэдэвлэн “Бяцхан савар” нэртэй жүжиг тоглохоор болов. Хайртай нохойгоо алдсан хүүхэд харуусал, гунигаа хэрхэн уран төсөөллөөрөө давж гарч байгаа тухай өгүүлдэг хайр энэрэл дүүрэн ном л доо. Редактораар нь ажилласны хувьд эх зохиолыг жүжиг болгон бичих үүрэг надад оногдлоо. Нэгэнт тайзны жүжиг болгож байгаагийнх гэрийн тэжээвэр амьтдын тухай асуудлыг ч хөндөж тавив. Ийнхүү орой бүр ажлаа тараад жүжгийн бэлтгэл рүү жирийлгэдэг болоод байтал ахин нэг хаалга нээгдэх нь тэр ээ.
Идэр есийн жавар тачигнасан нэгэн орой ажил дээрээ сууж байтал Данийн “Асситеж” байгууллагаас дөрөвдүгээр сард болох олон улсын хүүхдийн театрын наадамд оролцох урилга илгээсэн цахим шуудан ирлээ. 53 жилийн түүхтэй тус наадамд түрүү жил манай улсын “Бамбүү” театрын уран бүтээлчид оролцож жим татсаны үр шимээр найруулагч О.Золжаргал бид хоёрын өмнө Данийн Эсьберг хотноо уригдан тус орны театрын салбартай танилцахын сацуу дэлхийн олон орны уран бүтээлчидтэй туршлага солилцох зам зурайв аа.
Шинэ газар оронд зочилж, сэвүүн юм үзэж харна гэдэг хэчнээн сайхан билээ. Урилга хүлээж авсан өдрөөс аян замд гарах хүртлээ наадмын хөтөлбөртэй цахимаар танилцаж, үзэгчдийн тоо хязгаартай жүжгүүдэд бүртгүүлж, өдөр өдрөөр замчлах хөтөч уран бүтээлчдээ сонгож, Эсьберг хотын талаар уншиж судалсаар догдлол дүүрэн өдөр хоногууд харвасан сум шиг одож дөрөвдүгээр сартай золголоо.
Дөрөвдүгээр сарын 13, орон нутгийн цагаар оройн 19:00 цаг. Бороо шивэрсэн, нам гүмхэн Копенхаген хот биднийг угтлаа. Истанбул хотоор дамжин 20 гаруй цаг явж ирсэн бид эндээс дахин галт тэргэнд сууж Атлантын далайн умард тэнгисийн эрэгт орших Эсьберг хот руу хүрэх учиртай. Хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтанд бичиг баримтаа өгөөд, хэрэг зоригоо хэлж дуусаа ч үгүй байтал хачин уриалагхан нэвтрүүллээ. Ердөө хоёр минут алхаад л галт тэрэгний буудалд хүрэх тул яарч сандрах хэрэггүйг ч эелдгээр хэлж тайлбарлав.  Энэ оронд хүүхдийн театр, театрын наадам ийм л нэр хүндтэй байх нь.
 
Дани улс газар нутгийнхаа хэмжээгээр манай Сэлэнгэ аймагтай ойролцоо. Өнгө өнгийн байшингууд ирийсэн, үлгэр домгийн мэт үзэсгэлэнтэй орон ажээ. Замд дэлхийн үлгэрийн хаан Ханс Кристиан Андерсоны төрсөн нутаг Оденс хот бий. Эхлэн бичигч жүжгийн зохиолч миний хувьд долоон жилийн дараа Европ тивд ахин хөл тавьж буй минь энэ. Өмнө нь би гадаадад ажиллаж буй олон мянган залуусын нэгэн адил эзэмшсэн мэргэжлээсээ тэс өмнөө ажил эрхэлж, хориод насныхаа дөрвөн жилийг “цагийн ажилтан” гэх статустайгаар Швейцар улсад өнгөрүүлсэн билээ. Их сургууль төгсөж дээд боловсрол эзэмшчихээд, алс хүний нутагт хар ажил хийж явсан маань аанай л улс орны маань эдийн засаг ядуу дорой, амьжиргааны түвшин доогуур, оюуны салбарын үнэлэмж муу байсантай холбоотой.  Улс орныхоо алдаа завхралыг иргэн бүр нуруундаа үүрдгийн нэг жишээ л юм даа. Гэсэн ч би тэр үеийг амьдралын минь гэгээн гэрэлтэй он жилүүд гэж дурсах дуртай. Учир нь чухам тэр л үед би өөрөөсөө нуугаад давхар давхар цоожоор дангинатал түгжиж орхисон өнөөх бяцхан уран бүтээлчээ суллах ёстой гэдгээ ухаарсан юм. Ухаараад зогсохгүй олон давхар тэр цоожнуудыг онгойлгох гэж аль чадлаараа л оролддог байж дээ. Угандагийн ханхүүгийнх гэх айлд хүртэл ажиллаж явсан маань угтаа бол гаднаа нээлттэй юм шиг атлаа дотроо үргэлж үгээ цэгнэж, айж эмээж явдаг өөрийгөө задлах эхний алхам байсан юм билээ. Эх орноосоо хол аж төрсөн энэ дөрвөн жилийн хугацаанд уулзаагүй үндэстэн, очоогүй газар, ороогүй айл ховор. Харь оронд хэрхэн амьдарч асан түүхээ хэзээ нэг өдөр даацтай бичвэр болгох хүсэлтэй явдаг тул энэ хүрээд түр зогсъё. Харин тийн өөрийгөө чөлөөлөх гэж зүтгэсэн минь, том зүрх гарган байж эх орондоо буцсан минь надад хайрлаж дурладаг ажлынхаа хаалгыг татаж, уран зохиол, хүүхдийн номтой амьдралаа холбох боломжийг олгосныг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Эдүгээ “цоожлогдсон уран бүтээлч”-ээс “зочин уран бүтээлч” болоод энэ үзэсгэлэнт нутагт ирсэндээ өөртөө нэг алга ташчихмаар баяр төрж явлаа. 
  
Klap Festival – Алга ташилтын дундах наадмын өдрүүд
Энэ наадмыг нэг том алх гэвээс урьд өмнө үзсэн бүх жүжиг, ерөөс “жүжиг ийм л байдаг” гэх төсөөллөө цуглуулж хадгалсан тэг дөрвөлжин хайрцаг маань өдрөөс өдөрт хайр найргүй хэмхчүүлсээр... Жүжгээс жүжиг дамжин явахдаа цаашид хийх бүхнээ тэг дөрвөлжин хайрцагт хаших учиргүйг, тэр бүү хэл хайрцаглах ч хэрэггүйг ухаарлаа.
 
Фредерисиа хотод галт тэргээ сэлгэж дөрвөн цаг яваад, тэр шөнөдөө зорьсон газартаа хүрлээ. Бямба гарагийн шөнө. Галт тэрэгний буудлаас холгүй уушны газрууд эгнэсэн төв гудамжнаа тэнгисийн жихүүн салхи, хүйтэн бороог үл ажрах зуны даашинз, богино өмдтэй залуус дуулж, бүжиглэсээр угтав. Наадмын нээлт маргааш, үйл ажиллагаа нөгөөдөр эхлэх тул бид шууд л захиалсан газартаа очиж амрахаар явлаа. Маргааш өглөө нь нов ногоон гудамжаар алхсаар наадмын төв байр болох Хотын төв номын санг олж очив. Данийн театрын холбооны ажилтан Стайн Эбсен биднийг тослоо. Бид энд хамгийн түрүүнд ирсэн олон улсын зочид болов. Үдээс хойш эхлэх наадмын нээлтэд зориулж өнгийн бөмбөлөг цөөн хэдийг өлгөсөн байх агаад үзүүлбэр үзүүлэх бүжигчин охид бэлтгэлээ базаана. Хотын хаа сайгүй наадмын уур амьсгал оржээ. Нээлтийн үеэр нэг ч дарга цэрэг мэндчилгээ дэвшүүлж залхаасангүй. Бүхий л үзүүлбэр, үйл ажиллагаа нь багачуудад чиглэжээ. Түдэлгүй хаанаас гараад ирэв гэмээр түг түмэн хүүхэд аав ээжүүдийнхээ хамтаар танхимыг дүүргэлээ. Анзаараад байх нь ээ эндхийн хүмүүс хүүхдүүдээ ой ч хүрээгүй балчир байхаас нь эхлээд л үүрэхдээ үүрч, хөтлөхдөө хөтөлж, тэргэнд суулгаад түрэхдээ түрсээр ам бүлээрээ жүжиг үздэг соёлтой ажээ.
Дани улс аз жаргалын индексээрээ жил болгон дэлхийд хоёр, гуравдугаарт жагсахын сацуу хүүхэд өсгөхөд хамгийн ээлтэй орноор нэрлэгддэг. Арга ч үгүй биз. Хамгийн наад захын жишээ гэхэд л хүүхэдтэй болсон эцэг эхэд хоёуланд нь хорин дөрвөн долоо хоногийн цалинтай чөлөө олгодог. Нэмээд хүүхдийг нэг ой хүртэл эмч, сувилагч нар гэрээр нь ирж тогтмол үзнэ. Цэцэрлэгт бол нэг багш хоёроос гурван хүүхэд л хариуцна. Төрөөс үзүүлдэг халамж, хангамж нь чанартай тул Данийн гүнж хүртэл сэтгэл хангалуун хүртдэг аж.
Бидний оролцож буй наадам 1971 онд анх зохион байгуулагдахдаа 15 театрын 25 жүжиг үзүүлж байсан бол өдгөө 150 театрын 600 гаруй уран бүтээл толилуулах болсноор залуу үзэгчдэд зориулсан дэлхийн хамгийн том театрын наадам болтлоо өргөжин тэлжээ. Эдгээр жүжиг нь бүгд үнэ төлбөргүй бөгөөд наадмын долоо хоногийн турш нийт 25000 гаруй хүнд хүрч үйлчилдэг аж. Түүнчлэн олон улсын зочдын ирж, буцах замын зардал, байрлах буудлын төлбөрийг Данийн театрын холбоо, тухайн жилд наадам зохион байгуулах үүрэг хүлээсэн хотын захиргаанаас санхүүжүүлдэг билээ.
  
Данийн хүүхдийн театрын холбоо жил бүр өөр өөр хотод наадам зохион байгуулдаг зорилгоо албан ёсны хуудастаа ийн бичсэн байдаг:
- Театрын тоглолтуудыг томчууд, багачуудад нэгэн зэрэг хүргэх,
-Орон нутгийн хүүхэд нэг бүрд ганц ч болов жүжиг үнэ төлбөргүй үзүүлэх,
-Хүүхэд залуучуудын театрыг үндэстний хэмжээнд анхаарч үздэг болгох,
-Хүүхэд залуучуудад зориулсан тайзны урлагийн талаарх олон нийтийн мэдлэгийг тэлэх,
-Данийн театруудыг олон улсын үзэгч, уран бүтээлчдэд таниулж, орон орны мэргэжлийн театрын уран бүтээлчидтэй уулзах, хамтрах боломж бий болгох.
Наадмын төлөвлөлт, зохион байгуулалт, үйл ажиллагаа жилээс жилд улам чанаржсаар, дээрх зорилгууддаа ч хүрсээр байгаа билээ.
Олон улсын зочид өдөр бүр өөр өөр хөтөчтэй явж, 3-4 жүжиг үзэх хуваарьтай. Даваа гарагийн өглөө байрлаж асан “Кабинн” зочид буудлынхаа дөрвөн давхрын өрөөнөөс бууж ирвэл Данийн Нюкёбинг хотын Одшерред театрт насаараа ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан Флэмминг Хансен хүлээлгийн танхимд тосон угтав. Тэрээр театрын наадамд сайн дурын ажилтнаар оролцож буй аж. Дараагийн өдрүүдэд бүжиг дэглээч, найруулагч Тали Разга, уран бүтээлч Сицили Филипа, Карин Анфел Ронне, Вика Далберг, Ане Өстергаард нараар хөтөчлүүлэн хаа сайгүй цахлай нисэлдэх тэнгисийн эргийн хотын булан тохой бүрээр аяллаа.
     
Энд “Театр бол ариун сүм, бусдыг ойлгож, энэрэн нигүүлсэх сэтгэлийг олох газар...” гэх мэт уриа лоозон огтоос олж харахгүй. Учир нь эндхийн сургууль, цэцэрлэг бүр театр. Тэд театруудаа тогтмол урин тоглуулж, төрөөс зардлыг нь даана. Өөрөөр хэлбэл театр хүүхдүүд дээр очдог гэсэн үг. Мөн жил бүр 500 орчим жүжиг нээлтээ хийнэ. Жүжгээ олонд хүртээмжтэй байлгахын тулд ихэнх театр зөөврийн тайзтайгаа энд тэндгүй явж тоглоно. Тэр болгондоо үзэгч хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг анзаарч, санал сэтгэгдлийг нь сонсон уран бүтээлээ засаж сайжруулсаар явдаг. Ерөөс энд хүүхдүүд урд сууна, үгээ хэлнэ. Томчууд нь ч тэднийг анхааралтай сонсоно. Жүжгийн сэдэв ч чөлөөтэй агаад өргөн хүрээтэй: хүний эрх, оршихуйн мөн чанар, архины хамаарал, айдас түгшүүр, эргэлзээ, стресс, байгаль хамгаалал гээд төрөл бүрийн сэдвийг хөндөнө. Зарим жүжигт үг ч хэлэхгүй. Орчны хувьд тас харанхуйд, бүжгийн танхимд, цэцэрлэгт хүрээлэнд, ганц сандал дээр ч тоглоно. Тэр бүү хэл хаягдал халбага, сэрээнээс өөр хэрэглэгдэхүүнгүй байх нь ч бий. Ер нь л тогтсон хэлбэрт баригдахаас аль болох зайлсхийнэ. “Цасан гуа” нэртэй жүжиг байлаа гэхэд бидний үзэж өссөн өнөөх л хүүхэлдэйн киног тэр чигт нь хуулаад жүжиг болгоод тавьчихгүй. Нэрээс нь, бичсэн санаа сэдлээс нь өчүүхнийг чимхэж аваад л огт өөр түүх өгүүлнэ. Ой хүрээгүй байхдаа жүжиг үзэж эхэлсэн хүүхдүүдийн анхаарлыг татахад элдэв гэрэл, чанга дуу чимээ, өхөөрдөм баг, өнгийн бөмбөлөг, алиалагчийн хэрэг ч байхгүй. Ихэнх жүжгийн үеэр зураг дарж, бичлэг хийх хориотой. Оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлүүдийн тайз засал, үйл явдал, нарийн ширийнийг олон нийтийн сүлжээнд түгээж болохгүй учраас тэр. Тиймээс уншигч та бүхэнд сонирхуулах үүднээс өөртөө хамгийн их таалагдсан нэгэн жүжгийг үгээр дүрслэх гээд үзье.
 
Наадмын дөрөв дэх өдрийн хөтөчтэй аялалд найруулагч, бүжиг дэглээч Тали Разга гэх бүсгүйгээр замчлуулан нэгэн сургууль дээр очлоо. “At the bottom of Darkness” нэртэй жүжиг үзэв. Энэ жүжгийн дүрүүд нь үзэгчид өөрсдөө. Томчууд, багачууд нийлсэн гучаад хүн бүгд хар оймс өмсөж, бүсэндээ жижигхэн гар чийдэн зүүгээд том танхимд явж орлоо. Тэгээд хөтөч хоёр жүжигчний зааврыг чандлан дагаж, тэдний тавьсан асуултуудад гар чийдэнгийн гэрлээ унтрааж асаан тийм, үгүй гэж хариулах зуураа харанхуйн ёроолд нуугдаж буй бүхнээ уудлан гаргав. Тас харанхуйд өрнөх тус жүжгийн үеэр дотоод харанхуй руугаа аялж байх шиг жигтэй мэдрэмж төрөхийн хамт түр ч атугай өөртөө төвлөрч, тайван тухтай эргэцүүлэх чөлөө олдож билээ. Мэдээж хүүхэд болгон үзсэн жүжгээсээ өөр өөр мэдрэмж тээж гарна. Гэхдээ өөрийгөө анирдах, ойлгох, өөртэйгөө нүүр тулах арга замыг багачуудад нээн өгөхөд энэ мэт үзэгчдийн оролцоот жүжгийн ашиг тус оршдог аж.
Оройн хоолны үеэр бүгд цуглаад хуучилж суутал архины хамааралтай хүний тухай жүжиг үзсэн багийнхны яриа сонирхол татав. Улмаар бид ийм сэдэвтэй жүжиг хүүхдүүдэд үзүүлэх нь хэр зохистой талаар ярилцаж эхэллээ. “Манай оронд бол иймэрхүү сэдэвтэй уран бүтээлийг хүүхдэд хэт хүндэднэ гээд үзүүлдэггүй” гэж Гүржийн уран бүтээлч бүсгүй хэлэхэд өөр нэг нь “Амьдрал дээр байдаг л юмыг юуг нь нуух вэ дээ. Тэгээд ч хүүхдүүд бүхнийг ойлгодог. Тийм болохоор үзүүлэх хэрэгтэй” хэмээв. Энэ ярианаас улбаалаад хүүхдийн номын редакцад ажиллаж байсан үеэ эргэн саналаа. Нэг номд төв талбай дээр өлсгөлөн зарлаж суугаа хүмүүсийг зурсанд “Хүүхдийн номд ийм юм байж болохгүй” гэж шүүмжлэх хүмүүс олон байж билээ. Бид хүүхдүүдээ хайрлаж хамгаалах нэрийдлээр нүдийг нь, амыг нь таглах гэдгийн бодит жишээ энэ. Хоржоонтой нь бидний бүтээж буй нийгэм хүүхдүүдийн нүдэнд ив илхэн л байдаг шүү дээ. Үүнийг үзүүлж болно, түүнийг үзүүлж болохгүй гэж ялгаж ангилж байгаа нь үнэндээ бол хүүхдийн сэтгэлгээг боомилж, үл тоож буйн илрэл.
 
Японы яруу найрагч Канеко Мисүзүгийн нэгэн шүлэгт “Угаасаа л ийм байдаг шүү дээ гэдгийн учрыг нь даанч ойлгохгүй юм” гэдэг. Энд харин угаасаа л ийм байдаг гэдэг үг огт сонстохгүй. Юу мэдэрч буйг нь сонсоно, яагаад гэдгийг тайлбарлаж өгнө. Ийм олон театр байгаа нь ч юм бүхний түрүүнд хүүхдүүдээ боддогийн илрэл. Хүүхэд өөрийгөө ойлгох, илэрхийлэх арга замыг жүжгээс олж авна. Түүний дараа бусдыг энэрэх, ойлгоход суралцана. Ингэж байж нийгэм, харилцаа эрүүлждэг аж. Хүүхдэд хүнддэх сэдэв гэж үгүй. Ерөөс хүүхдийг “цоожлогдсон уран бүтээлч” болгохгүй байх нь энэ улсын тэргүүн зорилго ажээ.
“Хүүхдүүд бидний нүдэнд эмзэг, сул дорой харагддаг ч хэрэг дээрээ тэд хатуужил тэвчээртэй. Ер нь бид л тэднийг эвийлж хөөрхийлөөд байдаг болохоос юу нь үнэн, юу нь худал вэ гэдгийг тэд ялгаж салгаж чадна. Бэлгэдэл, зүйрлэл бүгдийг ойлгоно. Яах вэ, жаахан дэггүй, эмх замбараагүйгээрээ л биднээс ялгаатай байх. Томчууд үргэлж хүүхдүүдийг өөрсдөөсөө ялгаж ярьдагт би дургүй. Хүүхдэд үүнийг хэлж болно, түүнийг ярьж болохгүй гэсэн зааг ялгаа гаргах нь утгагүй хэрэг. Хэлэх гэж буй зүйл чинь ҮНЭН л бол хүүхдэд тэр бүхнийг ярих хэрэгтэй” гэж Америкийн хүүхдийн зохиолч Маурис Сендак хэлсэн байдаг. Тийм болохоор хүүхдийг өхөөрдөхөөсөө илүүтэй сонсох, үл тоохоосоо илүүтэй тайлбарлах нь чухал.
 
Амралтын өдрүүдээр тоглогдож буй зуу гаруй жүжгээс сонгож ядсаар “To be” нэртэй жүжиг үзсэн нь миний хувьд наадмын онцлох жүжиг байлаа. Насны ангилал: +6. Хаягдал сойз, аяга угаадаг сархиа, хуванцар халбага, сэрээгээр дүрүүдээ урлажээ. Гадаадад цагаачлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, гэр бүл зохиох, эрүүл амьдрах орчин, цалин хөлс, тэгш эрхийн тухай хөндсөн үзэгдэл бүрийнхээ эхлэлийг таних тэмдгээр үзүүлж, ганцхан жүжигчин дүрүүдээ амилуулан тоглуулсан тус жүжгийн төгсгөлд нулимсаа арчсаар гарав. Хосууд хүүхэдтэй болж буйг харуулсан “Хувийн орон зай” гэх үзэгдэлд хос хоёр байшиндаа орж гэрэл унтрахад байшин нь чичгэнэн хөдөлж буйгаар үзүүлэх жишээтэй. Өдийг хүртэл үзсэн хамгийн сэтгэл хөдлөм, хамгийн өвөрмөц жүжиг “To be” байсан болов уу.
Наадмын үеэр ийм олон жүжиг тавигдахын хажуугаар орон орны төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлгүүд өрнөж, Европын холбооны санхүүжилтээр хэрэгждэг “Babel” төслийн уран бүтээлчид газар газраас цуглан сургалт явуулсан билээ.
 
Театр- хүүхэд- айл гэр- улс орон
Таван сая гаруй хүн амтай Дани улс 150 гаруй хүүхдийн театртай гэдгийг дээр дурдсан. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хүүхдэд зориулан тогтмол үйл ажиллагаа явуулдаг театр гарын таван хуруунд багтахаар цөөхөн бий. Олон зууны түүхтэй буурал Европын соёлтой хотжоод төдий л удаагүй өөрийн улсын соёлыг харьцуулж дүгнэх нь өрөөсгөл ч гэлээ хандлагаа өөрчилж, ул суурьтай бодох цаг хэдийн иржээ.
Дани орон хүүхдүүддээ хэрхэн ханддагаа, тэдний төлөө хэрхэн ажилладгаа, дэлхийд тэргүүлдэг хүүхдийн театрын хөгжлөө олон улсын зочдод дэлгэн үзүүлж, Эсьберг хотын өнцөг булан бүрд алга ташилт нижигнэж, үзэж харсандаа сэтгэл хангалуун хүмүүс гудамж талбай дүүрэн холхисоор наадам өндөрлөлөө. Наадмын хаалтын үдэшлэг санаснаас хөл ихтэй болов. Шилдэг уран бүтээлүүдээ шалгарууллаа. Данийн төр засаг театрын салбараа ихээхэн дэмждэг ч том албан тушаалтан ирж цол тэмдэг гардуулаагүй нь мэдээж. Энэ бүхнээс ямар гайхам мэдрэмж амталснаа тоочоод үл барах тул юу намайг гуниглуулсныг илүүтэй бичье. Энд хэдийгээр театрын наадмын сонин сайхныг бичиж буй боловч улс орны ахуй байдал, амьдралын чанарын тухай сэдэв эрхгүй хөндөгдөж байна.
    
Сайхан айлд ороод гарахдаа ямар сайхан юм бэ, эднийд амьдарчихъя гэж хэн ч боддоггүй. Харин орон гэрээ ингэж өөд татах сан л гэж боддог шүү дээ. Яг л түүн шиг гадаад орны сайн сайхныг үзэх бүрдээ яавал ингэж хөгжих вэ, яаж үр хүүхдүүддээ ийм чанартай боловсрол олгох вэ, яавал эрх тэгш, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх вэ хэмээн санааширна. Хүүхдийн номын тухай, хүүхдээ анхаарч сонсох тухай яриа хааяа надад ч улиг болсон зүйл шиг санагддаг. Учир юу гэвэл бид хэзээнээсээ л “оюунлаг монгол хүүхэд”, “зөв хүүхэд”, “хүүхдийн сайн сайхны төлөө” гэх мэт элж баларсан уриа лоозон хөврүүлж иржээ. Тэгсэн атлаа хүүхдийн гэсэн юм бүхэн олонх хүнд хоёрдугаарт... магадгүй бүр жаран зургаадугаарт байдаг нь хачирхалтай. Сайн зохиолч, зураач болж чадахгүй бол хүүхдийн ном бич, зур гэж хэлэх хүмүүстэй ч таарах нь бий. Хэчнээн гунигтай.
Өнөөдөр Монгол улсад хүүхдийн эрх хэрхэн хүнд, хөнгөнөөр зөрчигдөж буйг, театрт жүжиг үзэх нь бүү хэл суурь боловсролоо ч ижил тэгш хүртэж чадахгүй яваа олон мянган хүүхэд байгааг, төр засгийн бодлогод ямар алдаа завхрал гардгийг тоочоод суувал театрын наадмын тэмдэглэлээс хальж, уншигч таныг ч залхаах биз ээ.
  
Тиймээс хүүхдийн театр ямар ач холбогдолтой вэ, юу нь тийм чухал вэ гэдгийг тайлбарлая. Театрт очдог хүүхдүүд уран төсөөлөл сайтай, өөртөө итгэлтэй, бүтээлч, бусдыг сонсож, хамтарч чаддаг, амьдралын ямар ч нөхцөл байдалд оновчтой шийдвэр гаргаж, ирээдүйд аль ч салбарт ажиллах ур чадвартай болдог. Үүнээс гадна театрт очдог хүүхдүүд SAT шалгалтад үе тэнгийнхнээсээ 65 оноо илүү авдаг гэсэн судалгааг Америкийн театр, боловсролын холбоо (AТБХ) -оос гаргасан байдаг. Түүнчлэн театр бол бүх талын боловсролыг баяр жаргалтайгаар олж авч чадах цор ганц газар гэдгийг Данид уулзсан олон уран бүтээлч цохон тэмдэглэж байсан билээ. Мэдээж Монгол улсад маань хүүхдэд зориулж тогтмол, чанартай уран бүтээл туурвидаг, хажуудаа драмын дугуйлан хичээллүүлдэг хот, хөдөөгийн театрууд цөөн боловч бий. Энэ л театруудыг өөрсдийн сэтгэл, зүтгэлээр авч яваа уран бүтээлчдэдээ ямагт талархаж явдаг билээ.
Гэхдээ Дани лугаа адил гэр бүлд ээлтэй, хүүхэд төвтэй орон болохын тулд театрын хөгжилд анхаарах зайлшгүй шаардлага бидэнд бий. Театрын хөгжил гэхээр “Монгол дархлаа, эх оронч сэтгэлгээ, ёс уламжлал, байр сав, мөнгө төгрөг” гээд маш олон асуудал яригддаг. Удирдах албан тушаалтнуудын яриаг сонсож байхад ёс заншлаа дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй иргэн бэлдэхэд уран бүтээлийн бодлого чиглэх ёстой гэх маягийн эл дол болсон үгс л чих дэлсэх нь элбэг. Эсвэл театрын барилга барихад хэчнээн хэмжээний мөнгө төсөвлөснөө, завсрын ажил ямаршуу явцтай байгааг л улиглан ярьж суудаг. Гэтэл энэ бүхнээс урьтаад эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа “цоожлогдсон уран бүтээлч” болгохгүйн төлөө ажиллах учиртай. Үүний тулд ядаж л хүүхдийн жүжгийг хэвшмэл сэтгэлгээнээс салгах, зохиолын чанарыг сайжруулах, жүжгийн зохиолч, уран бүтээлчдийг дэмжих ёстой. Театрт сайн жүжгүүд тоглогддог болж гэмээнэ бид Данийн араас нэхэж чадна.
  
Энэ хэд хоногт уулзсан, ярилцсан хүмүүс олон байснаас Румын улсын зохиолч Фелишиа Кукута гэх үе тэнгийн бүсгүйтэй ёстой л сүлжээ таарав. Харвардад сурдаг эл бүсгүй эхлэн бичигч жүжгийн зохиолч гэхэд лавтай тав зургаан жүжигтэй аж. Бид хоёул уран зохиолд хайртайн дээр хамгийн сүүлд өмнөд Солонгосын зохиолчийн романыг шимтэн уншсан маань давхацсан тул хаа л таарна зам, зан нийлсээр хөтөлбөрөө өндөрлөв. Фелишиа маань Андерсоны нутаг Оденс хотоор аялна гээд биднээс нэг хоногийн өмнө буцлаа. Харин бид маргааш Оденс хотоор дайрч, нийслэл Копенхаген хотыг үзээд, тэндээсээ Истанбулаар дамжин эх орон руугаа буцна.
Байран суурин аж төрсөөр бүтэн долоо хоног ийм хурдан өнгөрдгийг ч мартжээ. Тасралтгүй урсах цаг хугацаанаас таслан авч үлдсэн энэ өдрүүдэд тархи оюунаа баясгасан олон жүжгийг сэтгэлдээ хадгалсаар буцаж байна. Тэнгисийн эрэг дээрх Эсьберг хот бороогоор угтсан шигээ бороогоор үдлээ. Хэдэн жилийн өмнө хаа нэгтээ явах л сайхан гэж боддог байсан бол харин одоо хаа нэг тийш яваад харьж ирэх бүр ч сайхан санагдах болжээ. Дани орны театрын хөгжлийг нүдээр үзэж, туршлага судалсны хувьд цаашид хийх бүхэнд минь дууссан атлаа дүүрсэн эл өдрүүдийн нөлөө байх болов уу хэмээн итгэнэ. Өөрийгөө түгжсэн олон давхар цоожоо тайлсаар, өмнөх хаалгануудаа ээлж дараалан татсаар яваагийн минь нэг нь энэ аялал байлаа. Урд минь ч нээж орох олон хаалга хүлээж буй...
Базаррагчаагийн Дэлгэрмаа 
2024 оны тавдугаар сар, Улаанбаатар хот
  

Сэтгэгдэл хэсэг