Оэ Кензабүро: Зүүдний зураглалууд

 
Оэ Кензабүро
Зүүдний зураглалууд
Хүү маань дагзан дээрээ тод улаан ивэрхийтэй, хоёр толгойтой юм шиг төрөхөд би эхнэртээ ч ээждээ ч ам нээж зүрхэлсэнгүй. Н их сургуулийн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт хүүгээ аваачиж, цөхрөнгөө баран нааш цааш холхиж байлаа. Хоёр сар хагасын дараа хүүг маань эмчилж, намайг цочролоос гарахад дэм болж байсан М эмчээс хүүд минь мэс засал хийхийг гуйсан юм.
Айж цочирдсон ээж маань хагалгааны өмнөх өдөр Токиод ирсэн тэр үдэш хориодхон настай, төрсний дараа бие нь тэнхэрч амжаагүй, шуурганд бөмбөгнөн зогсох ангаахай адил эхнэр минь ээжийг тайвшруулах гэж хичээж байв. Би зочныхоо өрөөнд шүүгээ налуулж тавьсан сүлжмэл сандал дээрээ тэдний ярилцахыг ажин суулаа. Тэр хоёр хажуу өрөөний модон шалан дээрх хивсэнцэр дээр толгойгоо нийлүүлэх шахан өөд өөдөөсөө харан сууна. Олон насны зөрүүтэй, цусан төрлийн ямар ч холбоогүй энэ хоёр хүн ийм адилхан харагдаж буй нь хачирхалтай санагдана.
Эхнэр маань урд хойно нь оруулан үгээ зөөж ядан дуулдахтай үгүйтэй намуухнаар ярина. “Манай Ийёо аав, ээжийнхээ дууг сонсоод жирийн хүүхдүүд шиг хариу дуугардаггүй юм” Ииёо гэж миний хүүдээ өгсөн хоч. “Хэрэв хагалгааны үеэр үхэл амьдралын заагт очвол бид хүүгээ авч үлдэхээр дуудаж чадахгүй. Энэ л миний санааг зовоож байна” Эхнэр маань хэдэн өдрийн турш ингэж ярихад нь би “жирийн хүүхэд байсан ч ялгаагүй шүү дээ. Эмч нарт найдаад, залбираад сууж байхаас өөр яалтай билээ дээ” гэж хэлсээр байлаа. Гэвч сэтгэл нь үймцсэн ээж ирээд гал дээр тос нэмж орхив. Ээж чөргөр хүзүүгээ сунган эхнэрийн ярианд хүч нэмэн толгой дохиж, “Тэгэлгүй яах вэ дээ, манай шашинд үхлийн ирмэгт очсон хүнийг төрөл төрөгсдийнх нь дуу хоолой амьдрал руу дууддаг юм” гэснээ нэг их гүнзгий санаа алдаад хэлээ хазчих шиг болов.
Одоо бодоход би мөн ч хувиа хичээсэн амьтан байж дээ. Хэвийн бус төрсөн хүүгийнхээ тухай хэлэлцэж, ярилцах хүн хайж өмнө нь миний чиглүүлэгч багш байсан профессор В дээр очсон юм. Тэр нүүрнээсээ хүзүү хүртлээ минчийтлээ улайчхаж билээ. “Ийм нөхцөлд хүн болж төрсөн нь аз заяа гэж хэлэх утгагүй байдаг юм даа” гэж гунигтай, гашуун зүйлийн тухай хошигнон ярьдаг шигээ хоолойн өнгөөр шивнэн хэлсэн сэн.
“Хэрэв зээ бие махбод өөрийгөө амьдрал үхлийн аль нэг рүү хөтөлж чаддаг юм бол хүүхэд үхэл амьдралын заагт тулж очих тэр үед өөрийнх нь эрх чөлөө, сонголтыг хүндэтгэн үзэх нь зүйтэй” гэж би ээж, эхнэр хоёртоо хэллээ. “Ийм нөхцөлд хүн болж төрсөн нь аз гэж хэлэх утгагүй байдаг юм” Гэвч давчуу өрөөнд сандлаараа хана түншин байж итгэлгүйхэн хэлсэн үгийг минь тэдний хэн аль нь ойшоосонгүй.
М эмч, эмнэлгийнхний ачаар олон цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай болж хүү минь өнөөх ивэрхийнээсээ салж ээж, эхнэр хоёр хөл нь газар хүрэхгүй баярлаж байлаа. Залуухан аав би ч тэр хагартлаа баярлалгүй хаачих вэ. Гэвч хагалгааны урд орой ярьсан хэлснээ санахаар баяр баясгалангаа харуулахаас ичгэвтэр санагдаж байсан юм.
Ийёог бага байхад эхнэр бид хүүгээ зүүдэлдэггүй тухай үргэлж ярилцдаг байсан юм. Өсөж том болох тусам нь энэ тухай хүүтэйгээ ярилцах гэж зөндөө үзлээ.
“Ийёо чи үнэхээр зүүдэлдэггүй юм уу? Шөнө унтаад өглөө сэрэх хооронд, хэзээ ч юм тоглолт үзэж байгаа ч юм шиг санагдаж байгаагүй гэж үү? Өглөө сэрээд ямар нэг юм санадаггүй юү?”
“Бурхан минь, яасан хэцүү юм бэ. Би мартчихаж”
“Зүүдэлсэн ч мартчихсан юм болов уу? Эсвэл огт зүүдлээгүй болохоор юу ч санаанд чинь орж ирэхгүй байгаа юм болов уу? Шөнө эмээ уугаад унтахаар юу ч зүүдлэхгүй байна уу? Эсвэл унтаж байхдаа ямар нэг хөгжим сонсож байсан уу? Ийёо, зүүд гэж юм байдаг юм”
“Хөгжим сонсох ий? Моцарт “Зүүдний зураг” гэдэг хөгжим бичсэн. Үгүй дээ, би сонсоогүй юм байна. Уучлаарай.”
Ямар ч хэрэг тусгүй энэ асуултуудад хүү маань ядаж л хариулж байлаа. Ингэх нь тун ч ховор байдаг юм. Гэвч зүүдний тухай ахин дахин ярих тусам илтэд дургүйцэж эхэллээ.
“Одоо болно оо, би энэ тухай яримааргүй байна”
 
Бидний яриаг чимээгүйхэн сонсож суусан эхнэр маань хүүгийнхээ эрс шийдэмгий зангаас эмээжээ. Ийёо хэзээ нэг өдөр хорвоо ертөнцийн юм бүхнээс өөрийгөө тусгаарлаж, тэр дундаа гэрийнхэндээ, “Одоо болно оо, би энэ тухай яримааргүй байна” гэж эцэст нь хэлэх вий гэхээс айж байсан биз. Эхнэрээ тайтгаруулмаар байвч би өөрөө ч цухалдаж байлаа. Зүүдний тухайд, аав хүү хоёрын нэгэн дүр зургийг бодоход сэтгэл минь үймрэн тавгүйрхэв. Би уг нь Абрахам болон түүний хүү Исаакын тухай бодоогүй л дээ. Гэвч дотор минь эл үгс биежээд ирлээ.
“Хүү минь! Би чамаар тахил өргөж буй зүүд үзлээ”
“Өө, аав минь та тушаал ёсоор болго. Тэвчээр, хатуужилтай байж чадвал бурхны нигүүлслээр та намайг олох болно”
Хааяа шөнө дунд архиндаа халамцан цор ганцаар суухад энэ харилцан яриа санаанд орно. Насан туршид минь намайг ээрэх бодлыг нүүр минь минчийн улайж, толгойгоо бөхийлгөн суухдаа салхи шуурга шиг дайраад өнгөрөх юм шигээр санана.
Хүүгээ төрсний дараа таван долоо хоногийн турш үхчхээсэй гэж маш их хүссэн. Миний тэр их хүсэл Абрахам, Исаак, эсвэл хүүтэй минь огт хамаагүй байлаа. Халуун нүүрс дээр зогсож байх шиг байж ядан амь тэмцэхдээ өөрийнхөө, эхнэрийнхээ ирээдүйг хамгаалах гэсэн өчүүхэн, амин хувиа хичээсэн хүсэл байсан юм шүү дээ.
Тэр таван долоо хоногийн хугацаанд би хүүгийнхээ байсан эмнэлгээс хань хамсаатан олж чадсан бол хүүгээ үгүй хийж, богинохон амьдралыг нь төгсгөж чадах байсан болов уу?
Ямартай ч сэтгэлийн шарх минь илаарьшжээ. Тэр цагаас хойш манай гэр бүл бүхнийг даван туулсаар хүү минь арван есөн насны босго давлаа. Даанч ямар ч хүчтэй бодис байгаад мөнөөхөн гутамшигт өдрүүдийг амьдралаас минь бүр мөсөн арчиж хаяж чадахгүйн дээр тийм өдөр ирнэ хэмээн би ч өөрөө найддаггүй юм. Чухам иймдээ л би хүүгийн минь ухаан санаа өдрөөс өдөрт саруулсах тусам зүүдээ ярих өдрийг нь хүлээнэ. “Аав минь, үнэнийг хэлэхэд би хар багаасаа нэг л зүүдээ ахин дахин зүүдэлсээр ирлээ. Тэр зүүдэнд би дөнгөж төрчихсөн, та намайг яаж үгүй хийхээ л бодож байдаг юм даа” гэж тав, зургаан настайдаа “хар даа, номин шогшир, улаан нуруут номин шогшир” гэж хэдэн зуун шувууны төрлийг ялгаж хэлдэг байсан шигээ зөөлөн дуугаар ярих байх гэж төсөөлдөг дөө.
Хоёр жилийн өмнө Ийёо минь айхтар таталт өгөхөд эхнэр эзгүй байж таарсан юм. Хүү маань эхэндээ орь дуу тавьж, булчин шөрмөс нь татаж байгаа нь харагдсангүй. Танил шинж тэмдгүүдээс тэс өмнөө нэг л хачин жигтэй уур амьсгал нөмрөөд авлаа. Бид зочны өрөөндөө, би ердийнхөөрөө буйдан дээр ном уншиж, хүү минь хивсэн дээр тэрийж хэвтээд Моцарт сонсож байсан юм. Гэтэл гэнэтхэн пянзаа сольж тавихаа болиод, дэргэдээ овоолсон пянзнуудаа тохойгоороо түлхэж, хоолоо идэхгүй зөрүүдэлж буй хүүхэд шиг аяглав. Би ч тэрхэн зуур нэг их юм бодсонгүй. Үргэлжлүүлээд номоо уншлаа. Гэвч төд удалгүй нэг л хачин санагдаад хүү рүү гээ харав. Ийёо байдгаараа гөлийгөөд тохойлдоод хэвтчихэж. Нүд нь нээлттэй атлаа чулуу шиг хөшчихсөн, ам нь үл ялиг ангайгаад шүлс нь гоожиж байх нь тэр.
“Ийёо, яасан бэ?” гэж би асуулаа. Гэвч тэр дотроо амь тэмцэн тэлчилж байлаа. Үг дуугарахтай манатай байгаагаа харуулах шиг хамаг бие нь таг хөшиж, царай төрх нь чулуу шиг харагдана. Би хүүгээ дуудсаар огло харайн босож дэргэд нь хүрэхэд Ииёо зүүн гарынхаа алгаар шал алгадаж гарлаа. Учир зүггүй амь тэмцэлгүй аажуухан алгадна. Тэгснээ нүд нь цагаанаараа эргэлдлээ. Би “Ийёо! Чи зүгээр үү? Өвдөж байна уу?” гэж утга учиргүй хашхичин асуунгаа халааснаасаа эвхээстэй алчуур гаргаж ирээд зүүн гарынхаа эрхийн хуруугаар ороож хүүгийнхээ шүдэнд зуулгалаа. Хүү ч даруйхан тас зуугаад авав. Би өвдөлтөө чимээгүйхэн тэсэж, хүүгийнхээ өмнөөс шанална. Ганц хоёр минутын дараа Ийёо шал алгадахаа больж, шүдээ зуухаа болив. Хүүгээ өргөөд буйдан дээр хэвтүүлэхэд чанга дуугаар хурхираад нам унтаад өглөө.
Хүү минь таталт өгснөөсөө хойш хэд хоног булчин шөрмөс нь зангирсан хэвээр байгаа юм мэт үг дуугүй, зожиг, гунигтай байлаа. Нэг орой буйдан дээр хэвтээд зурагт үзэж байснаа өндөр настай алдартай хөгжмийн зохиолч өөд болсон тухай мэдээгээр ярихыг дуулаад ухасхийн өндийж сууснаа, “Тэр нас барчихжээ. Үнэхээр ингээд нас барчихлаа” гэж хоолой мэдэн хашхирав. Хүү маань тийн чинхүү уй гашууд автаж буй нь яагаад ч юм намайг ихэд гайхшируулав. Огт санаандгүй байснаа инээдмийн жүжиг үзчих шиг санагдсаныг яана.
“Яасан бэ, Ийёо?” Чамд энэ хүн тийм чухал байсан юм уу?” гэж асуухдаа түсхийтэл инээхээ шахлаа. Инээвхийлж байсан минь лавтай.
Гэвч хүү маань юу ч дуугаралгүй буцаж хэвтээд, хоёр алгаараа нүүрээ дарчхаад хөдөлсөнгүй. Би буйдан руу очиж, “Ииёо минь, энэ хүн нас барсанд ингэтлээ цочирдоо юу?” гэж дахин асуув. Өвдөглөж суугаад тэврэх гэсэн ч биеэ улам чангалав. Гар нь яг л гагнасан ган таг шиг нүүрээ даржээ. Бие махбодоосоо тусгаарлагдаж тусдаа нэгэн бодгаль болсон мэт арван хурууг нь ширтэж суухаас өөр юу ч хийж чадсангүй.
Хүүдээ хүрэх арга байсангүй. Ийёо дуугаа хурааж, асуусан бүхэнд минь эс хариулна. Яагаад тэгтлээ эмгэнэн гашуудаж өр эмтрэм дуу алдсаныг нь ойлгох ухаан хүрсэнгүй. Үхэл хагацлыг юуны учир ийм хүндээр хүлээж авч байгаа юм бол?
Энэ асуултын хариу төд удалгүй илэрхий болов. Тэр долоо хоногт хүүгийн маань сэтгэл санаа дээрдсэнгүй. Ийёо радиогийнхоо дууг тултал нь чангалаад нэвтрүүлэг сонсож суулаа. Тийм чанга дуугаар цаг гаруй радио сонссон хэн бүхний тэвчээр алдрав.
“Ийёо, дууг нь жаахан намсгаж болохгүй юу? гэж охин дүү нь асуулаа. Дүү нь өөрийнх нь тал шиг жижигхэн амьтан. Ийёо дүү рүү гээ ихэд ширүүн зангахад өнөөх нь айсандаа намс хийлээ.
“Ииёо, би уг нь чамд хэлдэг дээ” гэж эхнэр маань хэлэв. “Аав, ээж хоёр чинь нэг л өдөр өнхрөөд өгөхөөр хоёр дүү чинь л чамайг харж хандана. Энэ янзаараа чи хэнтэй ч таарахгүй шүү. Бид хоёрыг үхсэний дараа яаж амьдрах гээ вэ?”
“Ийм учиртай байжээ” гэж өөрийгөө зэмлэлээ. Бид хүүдээ цаг үргэлж ийн үхлийн тухай сануулдаг юм байна шүү дээ. Энэ удаа хүү маань бидэнд санаанд оромгүй юм хэлэв.
“Санаа зоволтгүй ээ. Би удахгүй үхнэ! Нэг их удахгүй үхчих болохоор надад санаа тавих хэрэггүй…”
Тэрхэн зуур гэрт нам гүм боллоо. Хүүгийн намуухан дуугаар эрсхэн хэлсэн энэ үгэнд эхнэр маань ч бас надтай адил цочирдсоноо, аргадангуй өнгөөр, “Яахаараа үхнэ гэж боддог байна аа? Хэн тэгж хэлээ вэ?” гэж асуулаа.
“Удахгүй үхнэ ээ. Би татдаг болсон. Үхэх нь гарцаагүй шүү дээ”
Би эхнэрийнхээ хажууд очиж зогсоод буйдан дээр хэвтэж буй хүүгээ харвал нүүрээ дарсан арван хурууных нь завсраар жүжигчин авга ахынхтай минь төстэй хар хөмсөг, өндөр хамрынх нь хянга харагдана. Юу ч хэлээд нэмэргүйг хоёул мэдэрч, үг хоолой дээр гацах шиг санагдав. Хүү минь өчүүхэн ч хөдөлсөнгүй.
Гучин минутын дараа эхнэр бид хоёр хоолныхоо ширээнийхээ хоёр талд дуугаа хураан сууж байтал Ийёо гараараа нүүрээ дарсан чигтээ угаалгын өрөө орохоор хажуугаар зөрлөө. Дүү нь түрүүчийн явдалд гэмшсэн бололтой араас нь дагана.
“Ийёо, болгоомжтой. Нүүрээ дарж явбал юм мөргөнө шүү дээ. Бүдэрч унаад толгойгоо цохичихвол яах юм!” Эрэгтэй дүү нь ч бас угаалгын өрөө лүү дагаад явлаа.
Угаалгын өрөөний хаалган завсраар шээс шоржигнох чимээ дуулдана. Ииёо тэндээс гараад гудаагаар явж шуудхан ээжийнхээ унтлагын өрөөнд орлоо. Охин маань буцаж ирээд “Хэдүүлээ ер нь ийм юм яриад дэмий юм шиг байна. Ирээдүйд юу болох тухай ярихаар Ииёо улам ганцаарддаг” гэв. Охины минь хамаг арьс хөрзийгөөд нүүр нь бүр жижигхэн болчихсон мэт санагдав.
Эхнэр бид хоёр өнөөг хүртэл давтан, давтан ярьдаг байсан бүхнээ санаж өөрсдөөсөө ичиж суулаа. “Ииёо, бид хоёр үхчихвэл чи яах вэ? Юу хийх вэ?” Үхэл гэгчийг хүү минь битгий хэл би өөрөө ч юу болохыг нь сайтар ухаж бодоогүй яваа атлаа ийн ахин давтан ярих нь Ийёогийн зүрх сэтгэлд хэрхэн цуурайтахыг би гэдэг хүн огт бодож үзээгүй юм санжээ.
Хүү маань татсанаасаа хойш бие сэтгэл нь овоо дээрдэж тусгай сургуульдаа явах боллоо. Гэвч үхлийн тухай бодол тээсээр яваа нь илэрхий. Өглөө бүр хувцаслаж дуусаад гэрээсээ гарахаасаа өмнө зочны өрөөнд орно. Махлаг хөлөө жийж, хивсэн дээр суугаад өглөөний сонин дэлгэж эмгэнэлийн мэдээ уншина. Шинэ өвчний нэрс уншиж, амьсгал даран шинээр сурсан хятад ханзнуудаа тайлж уншаад эхнэр бид хоёрт тоочиж гарна. “Өнөө өглөө ч бас их олон хүн нас баржээ. Уушгины үрэвслээр наян есөн насандаа, титэм судасны бөглөрөлөөр жаран есөн насандаа, гуурсан хоолойн үрэвслээр наян гурван насандаа өнгөрч. Аан, энэ хүн чинь фугу загасны хорыг судалдаг эрдэмтэн байсан шүү дээ. Уушгины хорт хавдраар наян зургаан насандаа.. ахиад ч зөндөө хүн байна”
Оройн мэдээгээр хоолонд хордсон хүмүүсийн тухай сонсоод эмзэглэх болов. Зургаадугаар сард борооны улирал эхлэхтэй зэрэгцэн хэд хэдэн хүн нас барлаа. Мэдээгээр энэ тухай ярих бүрд хүү маань зурагт руу ухасхийж хүрээд, “Ниппори зах дээр хүмүүс бэнтоноосоо хорджээ. Өдрийн хоолнуудыг өөр өөр дэлгүүрээс авч иджээ” гэх мэтээр зурагтын мэдээг үнэн сэтгэлээсээ давтан уншина.
Түүнээс хойш хоёр долоо хоногийн дараа бид аяллаар явлаа. Хүү маань тэсэн ядан хүлээсээр галт тэрэгний буудлаас авч иддэг хоолондоо энэ удаа ам хүрсэнгүй. Хоол ид гэж хэчнээн хэлээд ч хөдөлсөнгүй. Төд удалгүй нүдээ эргэлдүүлэн, нэг гараараа нүүрээ дараад нөгөө гараараа урдаа байгаа хоолоо түлхчхэв. Ийёо ихэд бачимдан хоол ундаа түлхэхэд хүмүүс биднийг хүүхдээ хүчирхийлээд байна уу даа гэх шиг сэжигтэй харцаар харж байлаа. Тэр зун амтархан иддэг сүшигээ ч идэхээ байлаа. Хэтрүүлж идээд гүйлгэснийхээ дараа амаа олохгүй иддэг гахайн шийрээ ч бас идэхээ болив. Үр дүнд нь жил хүрэхгүй хугацаанд арваад килограмм жин хаялаа.
Хүү маань эм тангаа яс уудаг байсан тул дахиж ноцтой таталт өгсөнгүй. Гэвч дараа жил нь таталтын өмнөх шинж тэмдэг хэд хэд тохиов. Тэгэх бүрийд сургуульдаа явалгүй гэртээ өнжиж, гаслантайгаар элдвийн зовуурь тоочиж буйдан дээр өдөржин хэвтэнэ.
“Миний зүрх цохилох чимээ дуулдахгүй байна. Би үхэх гэж байх шиг байна!”
Эхнэр бид хоёр резинэн хоолойгоор чагнуур хийж нэг үзүүрийг нь цээжинд нь нөгөө үзүүрийг нь чихэнд нь барьж сонсгоно. Таталтын талаар сайтар тайлбарлаж, сэтгэлд нь таатай үг хэлж, үхлийн тухай бодлоос нь сатааруулах гэж хэрдээ л хичээсээр.
Өнгөрсөн намар эхнэр бид хоёр хүүхдүүдээ Изүгийн ууланд байдаг байшин руу гаа авч явахаар болов. Бямба гаригт явахаар зэхэж байсан ч биднийг ууланд очих яг тэр өглөө хойгийг хүчтэй хар салхи дайран өнгөрөх тухай цаг агаарын мэдээгээр зарлалаа. Тийш явахаа больсноо хүүхдүүддээ хэллээ. Ииёо юу ч дуугараагүй тул тийш явахад төдий л ач холбогдол өгөөгүй юм байна гэж бодлоо.
Гэвч бямба гарагийн өглөө болоход хүү маань өмсөхөөс цааргалдаг хүнд арьсан гутлаа углаж, том цүнхээ үүрч, ууланд авирахдаа өмсдөг малгайгаа өмсөөд хаалган дээр таг зогсоод, “За, Изү рүү хөдөлцгөөх үү?” гэлээ. Бидний хэн нь ч ачаагаа бэлдээгүй байсанд итгэж ядан хүлээж зогсоно. Эхнэр маань, хоёр дүү нь уул руу явахаа больсныг учирлан тайлбарлав. Ийёо цаг агаарын мэдээ үзэх дуртай тул охин маань, “Ах аа, хар салхи ирж явна. Их хүйтэн болно гэнэ лээ” гэв. Эрэгтэй дүү нь “Изүгийни хойг одоогийн байрлалдаа ирэхээсээ өмнө номхон далайд хөвж байсан. Хэрэв энэ үнэн бол хэзээ нэг өдөр номхон далай руугаа буцаад хөвчихвөл бид хэзээ ч хойгоос ирж чадахгүй” гэж сэтгүүлийн нийтлэлээс уншсанаа ахдаа ярив.
Даанч ах нь энгийн агаад эрсхэн хариулт хэллээ. “Би өвлийн ноосон цамцаа авчихсан. Хойгийг хөвөхөөс нь өмнө очих хэрэгтэй шүү дээ. Хар салхи ирж явна”
Эцэст нь эхнэр маань надаар шалтаглан “Аав чинь ажлаа хийх гэж ядаж байхад ингэж аяглахаа боль” гэж хүүгээ аргалахыг оролдсон ч Ийёо огт тоосон шинжгүй ээж, сэтгэл нь зовсон хоёр дүүгээсээ харц буруулж, хоосон харцаар нэг тийшээ гөжүүдлэн ширтэв. Тэгснээ, “Аав өөд болсон. Та мэдээгүй гэж үү? Аав байхгүй болохоор би ганцаараа Изү явж байна. Баяртай. Сайн сууцгааж байгаарай!” гэв.
Эхнэр маань цонхоор хараач гэж хэлснээс хэдэн хормын дараа би гадагш харлаа. Цэцэрлэгийн хэдэн моддын дундах хус, моноснууд салхинд найган ганхана. Бүдүүн, том навчтай модод хөдлөхгүй байгаа мэт харагдавч сайтар ажин харвал залуу моддын адил ганхаж байх ажээ. Өглөөнөөс хойш үл мэдэг салхилж, том шүүдрийн дуслууд агаарт хөвөх мэт бороо орж байлаа. Алсад тэнгэр аймшигтай яа бараантан харанхуйлж, бөөн хар үүлс ийш тийш нүүнэ. Салхи тийм ч хүчтэй байсангүй. Ийёо “Шүхэр бариад байхаар их бороо цутгаагүй байна” гэж хэлэх биз.
Би бичиж суусан эсээгээ хойш тавиад ширээнээс бослоо. Эхнэр маань шантарч гүйцээд чимээгүйхэн буруу харж зогсоно. Гэвч би хүүдээ бухимдсангүй. Яах учраа эс мэднэ. Шатаар бууж явахдаа хар салхи өнгөртөл Токиогоос явахгүй гэдгээ хүүдээ учирлаж ойлгуулж чадна гэж бодсоор. Гэвч хүүхэлдэйгээ бүсэндээ зүүгээд хаалганы өмнө шийдэмгий зогсож буй хүүгийнхээ зантгар толгой, хэрийн хүнээс өндөр нуруундаа үүрсэн том үүргэвчийг хараад бууж өгч, ирж яваа хар салхийг сөрөн Ийёотой хамт Изү рүү явахаар зэхлээ. Нэг их хар үстэй, зальжин нүдтэй, дөрөв таван жил пинд хэвтээд байдгаараа ноорч халтардсан том оо Чиёо хүүхэлдэйгээ бүсэндээ зүүчхэж. Ийёо яг л хүүхдээ дагуулаад хамаг хүчээ шавхан эцсийн тулаандаа гарах гэж буй дайчин шиг харагдана.
“Изү рүү хэн ч явахгүй гэсэн чинь энэ хүүхэлдэйгээ ухаад гаргаад ирлээ” гэж охин минь ичсэн байртай хэлэв. Бага хүү маань ч бас нэг нүд нь нээлттэй, нөгөө нь хаалттай мөнөөхөн хүүхэлдэйнээс харц буруулна. “Би хамт явна аа” гэж хүүхдүүддээ хэллээ.
Зочны өрөөнд хувцас хунараа баглаж зогстол бага хүү маань цүнхээ барьсаар чимээгүйхэн хүрч ирэв. Ээжийнх нь санаа зовоод байхаар хамт явахаар шийдсэн бололтой. Эхнэр маань, “Тэр нь дээр. Хоёулхнаа явснаас гурвуулаа явсан нь дээр шүү дээ” гэв. Би бага хүүгээ айлгах гэсэн шиг дуугаа өндөрсгөн, “Үгүй ээ, Ийёо бид хоёр л явна” гэж ширүүхэн хэллээ. Энэ дэлхий дээр үргэлжлүүлэн амьд явахыг хүсэж буй тэдний минь буруу гэж юу байх вэ. Ийёо бид хоёр л дураараа дургиж буй нь энэ. Хоёр дүү нь ямар ч буруугүй атлаа өөрсдөөсөө ичих мэт өрөөндөө орцгоов. Би эхнэртээ юу ч хэлсэнгүй. Ийёо бид хоёр яг л загалмайтны аян дайнд мордож буй хүлэг баатрууд шиг гэрээсээ гарахад өнөөх хүүхэлдэй бүснээс нь санжганаж, хэн хүнгүй Ийёо руу харж байлаа.
 
Бид Сейжогоос Одовара хүртэл хүн пиг чихсэн галт тэргэнд шахцалдан зогсоогоороо явав. Цүнхээ ч тайлалгүй, хүүхэлдэйгээ ч биеэсээ салгалгүй, ганцаараа яваа мэт гөжүүдлэн байдгаараа тонгойж зогсох хүү рүү минь хүмүүс нүд салгалгүй ширтэнэ. Цүнхийг нь авч ачааны хэсэгт тавьж чадсангүй. Яг л танихгүй улс шиг хоёр тийш харж зогслоо. Хүүгээс минь ихэд хурц үнэр үнэртэж байсан тул эргэж харахын ч хэрэггүй буугаад явчхаагүйг нь мэдэж байлаа.
Одоравагаас галт тэргээ солиход Атами хүртэл хүн хөл ихтэй хэвээр байв. Итогийн төмөр замын шугамын гал тэргэнд суухаас урьтаж бенто авлаа. Тэндээс хүн хөл татраад ирлээ. Тэнгис харлан бараантаж, уулын энгэрээр харанхуй хүүшилнэ. Үе үехэн гялбалзах гэрэлд модод салхинд дохилзож харагдана. Гүүрэн дээгүүр гарахад гол хэдийн үерлэжээ.
Итод хүрэхэд зам харгуй цааш явах аргагүй болчихсон байлаа. Хүү маань ганцаараа явж буй мэт аягласан хэвээр. Гэвч зарлалуудыг анхааралтай сонсож байсан тул нэмж тайлбарлах хэрэг байсангүй. Бид галт тэрэгний буудлаас гарлаа. Ийёо надаас хоёр гурван алхмын ард явна. Хувингаар цутгаж буй мэт бороон дунд зогсож байсан нэг хөлсний тэрэгтэй тохиролцож байшин руугаа хөдөллөө. Жолооч Ийёо руу ширтэхгүйг хичээнгээ, “Та хоёр байшингаа эргэх гэж байна уу? Замд зогсож гар чийдэндээ зай авах уу?” гэж асуулаа. “Цаг агаар бүр муудвал замаасаа буцахаас яах вэ. Та хоёрыг хүргэж өгч чадахгүй, өөрөө ч буцах аргагүй болчихвол хэцүүднэ. Хар салхи яг Изүгээр дайран өнгөрөх юм гэнэ лээ”
Замд шуурга улам ширүүссэн ч жолооч ямартай ч биднийг зорьсон газарт минь хүргэлээ. Тэгээд бүр машиныхаа гэрлийг тусгаж урдах замыг гэрэлтүүлж өгөв. Хаалганаас гучин алхмын зайд очиход бид шалба норлоо. Машины гэрэлд нүд гялбаж, хөл доорх газар үл харагдана. Шуурган дунд хаалгатайгаа ноцолдсоор хүүгээ дотогш оруулаад байшингийнхаа ар луу очиж гал түлэх хугарсан мөчрүүд түүв. Буцаад явтал барьж явсан мөчрүүд модонд тээглэхдээ нүүр лүү чавхдаж нүдний шил маань унаж, хамраас цус гарлаа.
Гэвч байшиндаа ороод хаалгаа хаасан хойно энэ хүртэл тээж ирсэн бүхий л зовуурь шаналан ор мөргүй болж хачин их амар амгаланг мэдрэв. Хүү маань ч цовоо сэргэлэн болж гар чийдэнгээ тусган гэрэл цахилгаан нь тасарсан байшингийнхаа дээгүүр доогуур холхино. Би угаалгын өрөөнөөс алчуур авч, унтлагын өрөөнөөс хоёр хүнд элбэгдэх том дэвсгэр авчирлаа. Хүүгийнхээ хувцсыг тайлж хатаах зуураа доороос цагаан хэрэглэл авчрав. Гал ноцоогоод зуухныхаа урд унтаж амрахаар болж хүүхэлдэйг нь хажууд нь шалан дээр тавив.
Зуухандаа хэдэн нойтон мөчир хийж, сэтгүүлийн цаас урж гал асаав. Пинд байгаа хийн хавхалгаа нээгээгүй тул ус буцалгаж чадсангүй. Галт тэрэгний буудлаас авсан хоолоо аяга устай хүүдээ өгөөд гал тогоонд байсан таван литрийн савтай сакенээс аягандаа дүүргэж аваад галаа өрдөнгөө ууж суулаа. Лагс биетэй хүү минь харанхуйд бэгцийн суугаад савтай хоолонд нь юу юу байгааг нэг бүрчлэн харан, харан иднэ. Нэлээд удаан үг дуугүй хоолоо идэж дуусаад хүүхэлдэйгээ хажуудаа тавьж, дэвсгэрээ голлон хэвтээд ээзгий буцалган нам унтлаа. Би асаж ядан буй галын дэргэд ганцаар үлдэв.
Ширүүн бороо, хүчит салхинд цонхны модон хаалтууд санжина. Том мод булгаран унах шиг чимээ гарлаа. Ийёогийн хурхирах дуу янцаглаж байх шиг сонстоно. Хоёр хөлөө жийгээд дээш харж хэвтсэн нь яг л булшиндаа хэвтэж буй занданшуулсан шарил мэт харагдах ажээ. Хажууд нь хэвтэх Чиёо хүүхэлдэй ч бас эзнийх нь хамт оршуулсан бяцхан шарил мэт харагдана.
Би галын дөлд нүдний шилгүй ном уншиж сууснаа зүүрмэглэж эхлэв. Зохиолчийн хувьд хийсэн бүхэн минь гойд юмгүй, өнгөцхөн санагдана. Амьд явах хугацаа ахархан үлдэж, амь тэмцэн зүтгэж байсан бүхнээсээ нэгээхнийг ч санаандаа хүртэл хийгээгүй мэт санагдана. Хорвоо дэлхий, юмс үзэгдлийн учрыг хүүдээ тайлбарлаж, ойлгуулж үлдээхийг хүссэн ч чадаагүй л явна.
Хэрэв хүүгийн маань ухаан санаа хэвийн, коллежийн хоёрдугаар дамжааны оюутан байгаад, надаас “Аав аа, та үхлийн тухай юу гэж боддогоо чин үнэнээр нь хэлж өгөөч” гэж асуусан бол би чухам юу гэж хариулах байсан бол? Эрүүл саруул ухаантай хүү минь надаас ийн асуугаад цоргитол ширтвэл юу гэхээ мэдэхгүй бодол болон суухгүй л байлгүй.
Би Виллиам Блейкийн “The Four Zoas” зохиолын Тармас бурхны тухай саналаа. Тэр туульсын эхэнд ертөнцийн төөрөгдлийн илэрхийлэл болсон Тармас болон түүний амраг Энион хоёр салж хагацах мөч ирэхэд уй гунигийн дуулал нь сэтгэл донслуулдаг юм. Тармас үүлэн дунд уйлж, цонхийн чичирхийлж суухдаа “Юу ч үгүй харанхуйд үлдлээ. Гэвч би хүсэж, мэдэрч, энэлэн гашуудна. Өө, хэчнээн аймшигтай вэ” хэмээн хэлдэг нь сэтгэлд хоногшжээ.
Үхлийн тухай асуух хоёрдугаар дамжааны эрүүл саруул ухаантай хүүдээ би “Ийёо, үхэл ирэхэд бид Тармасын эл үгийг л хэлэх болов уу. Цонхийн, чичрэх бидэнд эмнэлгийн ор үүл мэт санагдах вий” гэж хэлэх биз.
Намжих шинжгүй хүчит шуурга улин исгэрч ахуйд би энэ үгсийг чанга дуугаар хэлж байсан нь уусан архиндаа согтсоных биз ээ. Би өөрийгөө зүүрмэглэж байна гэж бодлоо. Гэтэл гэнэтхэн мөр, гар, цээжинд минь хэн нэгэн зөөлнөөр хүрч, “Зүгээр дээ, зүгээр. Энэ чинь зүүд шүү дээ. Та зүүдлээд байна. Огтхон ч айх хэрэггүй дээ” хэмээн тайтгаруулах нь тэр.
Гэсэн ч би гадаах чимээнээс давах гэж дуугаа өндөрсгөн өнөөх үгсээ давтсаар, сүнс сүүдэр гэж бодон хүүтэйгээ ярьсаар байлаа. Нүдээ нээгээд харвал хүү маань өвдөглөж суугаад гараа сунган намайг тайтгаруулж, бэхэн цэнхэр нүдээрээ ширтэж байлаа. Намайг босож суухад хүү маань хаа нэгхэн ухасхийдгээрээ арагш болж, Чиёо хүүхэлдэйгээ хажуу тийш тавиад хэвтэх зай гаргалаа. Бид зэрэгцэж хэвтээд хөнжлөөрөө хучив.
Архиндаа халамцсан би хүүгийнхээ хэлсэн хачирхалтай үгсийн тухай эргэцүүлж бодолгүй шуудхан унтав. Тэрхэн зуур зочны өрөөтэй цаадтай байх шатны хажууд харлан үзэгдэх онгорхой хаалгаар ямархан нэг зүйл чимээгүйхэн цаашлан байх шиг санагдав.
Өглөө сэрэхэд хүү маань хажууд байсангүй. Зуухнаас нэлээд цаана нэг цонх маань онгорхой, завсраар нь нарны гэрэл тусна. Өрөөгөөр нэг утаа униар үнэртэж, нарс модны хурц үнэрт толгой дүйнгэтнэ. Би цонхон тал руу харж хэвтэхэд нарны гэрэлд цайран үзэгдэх цонхны наанатай сандал дээр сууж буй хүний бараан дүрс үзэгдэв. Тогтож хараад эхнэр маань ирчихжээ гэж бодохтой зэрэгцэн нар ээх цонхны цаадтай гадаахыг харахад ямархан нэг зүйл алга болсон мэт хачин хоосон санагдлаа. Цонхоор харагдах тунгалаг саруулхан зайцад гилгэр хар юм нэг гарч ирж нэг далд орж, нисэж буусаар. Би дадсанаараа гараа сунгаж уг нь тэнд байх учиргүй нүдний шилээ толгойнхоо тушаа газраас олж зүүгээд өнөөх хар юмыг харвал эртнээс мэдэх том хөгшин хар хэрээ байх ажээ. Энэ хэрээ байшингийн урдах том оо нарс модны мөчир дээр дасгал хийж буй аятай нисэж буун, далд орж, тэгснээ буцаж суугаад далавчаа амраадаг юм. Гэвч хэрээ ирж суудаг модны салаа мөчрүүд, ер нарс мод маань тэр чигтээ үзэгдсэнгүй.
“Ийёо нүдний шилийг чинь олоод хэнд ч өгөлгүй өөрөө авчирч энд тавьсан юм” гэж эхнэр маань хэлэв.
“Хүүхдүүд гадаа нарс модны мөчир түүж байгаа. Түлээ хурааж орхино гэсэн”
“Аварга нарс маань шуурганд уначихжээ. Өчнөөн жил ургасан мод ганцхан шөнийн дотор ингээд булга татагдчихна гэхээр хачин юм”
“Цаашаа зам руу унаад утасны шугамыг тасалчхаж. Унах чимээг нь дуулсан уу?”
“Сонсогдсон шүү. Чи сонсоо юу?”
“Бид хэд энд өглөө ирлээ шүү дээ”
“Тийм үү? Би чамайг урьд шөнө гудаанд зогсож байхыг харсан санагдаад”
Тэрхэн зуур эхнэр маань биеэ чангалах шиг болж, сэтгэлээ барьж ядан байх шиг өнгөөр, “Яалаа гэж би энд чамайг хараад зогсож байх вэ дээ. Бид гурав Итогийн зочид буудалд хоноод ирлээ” гэв.
Ийёо бид хоёрыг явсны дараахан эхнэр маань хүү, охин хоёртойгоо Токиогоос хурдны галт тэргэнд сууж Изү рүү хөдөлжээ. Гэвч хар салхи сэрүүсэж, галт тэрэг замдаа саатсаар Итод оройн арван цагт ирж л дээ. Тэд буудлын урдаас нэг хөлсний тэргэнд суусан нь Ийёо бид хоёрыг энд хүргэж ирсэн өнөөх тэрэг байжээ. Бороо хоёр цагийн өмнөхөөс улам ч ширүүсэж, хэчнээн гуйгаад ч жолооч нааш явахгүй гэснээр үл барам гэр бүлээрээ амиа егүүтгэх гэж байж магад гэж бодоод цагдаад очиж бүртгүүлнэ гэжээ. Гэвч тэр жолооч зүрх зориг нь мохсон эхнэр хүүхдүүдийг минь Итогийн зочид буудалд эсэн мэнд хүргэж өгчээ.
“Гэр бүлээрээ амиа хорлох гэнэ шүү, ямар алиа хүн бэ!” Би инээж хөхрөөд өнгөрөөхийг хичээсэн ч эхнэрийн маань сэтгэл тавгүй хэвээр.
Би ч буцаад хэвтлээ. Эхнэр маань нааш иртлээ юу бодож явснаа хэлэхээр шийдэв бололтой. “Өчигдөр та хоёрыг явсны дараа Саку/бага хүү араас чинь явсан нь дээр байх гэсэн юм. Изүгийн байшинд очоод Ийёогийн сэтгэл амрах хэдий ч аавд чухам ямар байхыг мэдэхгүй шүү дээ. Аавдаа санаа зовж байна гэсэн юм”
Салхины чимээ, хүүхдүүдийн цангинах дуу, тэр дундаа хүнд мөчрүүд тэвэрч явахдаа хоёр дүүдээ жижиг мөчрүүд ав гэж зааж чиглүүлж буй том хүүгийн минь дуу тодоос тод сонстоно. Нүүрний нэг тал хавдсаныг эхнэртээ яаж шуухан харуулна даа гэж бодсоор хэвтлээ. Өчигдөр гаргасан зан авираа бодохоор бушуухан босож нөгөө гуравтайгаа учраа олох хэрэгтэй болох нь. Дэвсгэрээсээ өндийж суухтай зэрэгцэн эхнэр маань нүүр өөд гайхаж мэгдэн харахад би бүгдийн сэтгэлийг тайтгаруулах гэсэн мэт, “Ийёо зүүдэлдэггүй ч хүмүүс зүүд үздэгийг мэддэг. Хүү минь хэзээ нэг өдөр зүүдлэхдээ зүүдэлж буйгаа мэднэ. Урьд шөнө үүнийг ойлгосон нь хамгийн сайхан хэрэг байлаа” гэж хэлэв.
Анхны зүүд нь зовлон гуниг дүүрэн байх вий. Тэр үед би хэдийн энэ хорвоод үгүй болчихсон байгаад хүүгээ аргадаж тайтгаруулж чадахгүй байх вий гэж үргэлж айдаг байв. Гэвч одоо хүү минь өөртөө “Зүгээр дээ, энэ чинь ердөө л зүүд шүү дээ” гэж хэлж чадна гэдгийг ойлголоо. Надад одоо зовох юм алга. “Чи зүгээр л зүүдэлж байгаа юм аа. Огтхон ч айх хэрэггүй дээ” гэж Ийёо минь өөрийгөө аргадан тайтгаруулах болно.
Орчуулсан: Б.Дэлгэрмаа
 

Сэтгэгдэл хэсэг