"Би номын сантайгаа" булангийн энэ удаагийн зочин Японы "Хүүхдийг Ивээх Сан"-гийн Завхан салбарын зохицуулагч Пүрэвийн Дөлгөөн.
1. Танайх номын сандаа хэдэн номтой вэ?
Номын санд маань ойролцоогоор 120 гаруй ном байна. Хэдэн жилийн өмнө уншсан, онцгойлж хадгалахыг хүссэн номуудаа цаасан хайрцагт хийгээд хадгалдаг. Тэнд ойролцоогоор 200 гаруй ном байгаа болов уу. Хүмүүст хэрэг болох ном зохиол байвал хав дарж яах вэ гээд 50 гаруй ном ойр тойрны хүмүүстээ бэлэглэсэн юм байна.
2. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номоо нэрлэвэл?
Яг нэг ном нөлөөлсөн гэхээс илүүтэй хоёр бэсрэг зохиол унших мэдэх хүсэл эрмэлзлийг өгсөн гэж боддог. Ээж маань Ч.Арьяасүрэн зохиолчийн “Сүүлэн хүүгийн адал явдал” номыг 8 настай байхад авчирч өгсөн нь миний уншсан анхны ном. Сүүлээр хүн хийж болдог юм байх даа, хэр зэрэг жижигхэн амьтан болсон бол яана аа зөгийнд хатгуулаад өвдсөн байх даа, аан зөгий чинь хатгадаг амьтан байх нь ээ гээд л эргэцүүлэл төсөөлөл тэндээс эхэлсэн шиг санагддаг. Мөн Л. Түдэв гуайн зохиол байсан болов уу, Монголын говьд усан үзэм тариалж буй зөгнөлт зохиолыг аймгийнхаа төв номын санд уншаад маш их хөөрч догдолж яг уншаад дуусах гэж байтал номын сан хаах цаг болдоод эгчээ одоохон яг дууслаа гэсээр төгсгөлийн хоёр хуудсыг зогсоогоороо уншиж байснаа тод санадаг юм. Тухайн үед Монголд усан үзэм ургадаггүйг бараг мэдэх боломжгүй шахам насандаа дөнгөж 1-р ангиа төгссөн зун уншсан ном маань тэгж их хүсэл тэмүүлэл догдлол, төсөөлөл өгсөн байдаг юм. Энэ үеэс л уншсан зүйлээ эргэцүүлээд “яагаад, яасан гэж, ямар учраас” гэсэн асуултаар хөглөгдөж номын амтанд шимтсэн гэж хэлж болно. Аав маань Дөлгөөн дандаа “яагаад, аан тийм бол тэр нь яагаад” гэж бүх зүйлийн учрыг олох гэж хичээдэг хүүхэд байсан гэж дурсдаг байсан. Бүр яг энэ үгээрээ надад зориулаад яагаад гэж учрыг ягштал лавлана гээд бага насны маань төрх байдлыг дүрсэлсэн шүлэг хүртэл бичсэн байдаг юм.
3. Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Уран зохиолын ном унших илүү дуртай. Уран зохиолын ном аливаа бодит зүйлээс санаа авч зохиолч “ургуулан төсөөлөн зурсан” маш том оюуны зураглал гэж боддог учраас бусдын оюун бодлоор ургуулсан тэр зураглалыг унших үнэхээр их дуртай. Хүмүүс хоорондоо давтагдахгүй шиг аливаа зүйлийг харж мэдэрч байгаа өнцгүүд нь ч өөр тул нэг үгээр бусдын ертөнцөөр өөрөөсөө өөр ертөнцөөр аялах дуртай гэж хэлж болох юм байна. Зүйрлэвэл энэ дэлхийд оршдог, эсвэл оршдоггүй зүйлсийг зохиолчид өөрийн уран сэтгэмжээр, өөрийн харах өнцгөөс бичсэн байгааг бид бас л өөрсдийн өнцгөөр төсөөлөн хүлээн авч байна гэсэн үг. Сэтгэл судлалын нэг тест байдаг л даа, та энэ дэлхий дээр байхгүй зүйлийг зураарай гэдэг, хүмүүс энэ дэлхий дээр харсан зүйлсээ эвлүүлээд энд тэнд нь оруулаад л зурчихдаг яг энэтэй л төстэй юм даа. Энэ дэлхий дээр байдаггүй зүйлсийг бид бараг л мэдэхгүй. Ихэнх нь энэ дэлхийд харсан мэдсэн зүйлийнхээ мэдлэгийг төсөөлөл болгон нийлүүлдэг гэсэн үг. Сүүлийн үед уран зохиолын номоо түр хойш нь тавиад аливаа зүйлийн тухай олон өнцгөөс нь судалж бичсэн шинжлэх ухааны эсвэл түүх, эсээний номуудыг хайж унших дуртай болоод байна. Сүүлийн 3 жил “сэтгэлийн амар амгалан гэж юу вэ, хүмүүсийн хайгаад л байдаг аз жаргал гэж чухамдаа яг юу вэ”, үүний тухай салбар бүрийн судлаачид юу гэж дүгнэсэн байна вэ, дэлхийн хэмжээний ямар судалгаанууд байна вэ гэж эрэл хайгуул хийж уншиж байна. Товчхондоо нэг ухагдахууны тухай бүрэн нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд салбар бүрийн өнцгөөс нь уншиж нэгтгээд дүгнэлт хийж байгаа. Антропологи миний сонирхлыг их татаж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг сэдвийг хамааралтай бүх талаас нь унших гэж хичээсэн шигээ дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй үндэстнүүдийн амьдрах хэв маяг, өвөрмөц уламжлалын тухай нийгэм соёлын антропологи талаас нь унших сан гэж бодож байна. Дэлхийн бүх орноор аялах бараг л боломжгүй харин үндэстнүүдийн ялангуяа жижиг улсуудын аж төрөх ёс, амьдралын хэв маягийн талаар сонирхож байна.
4. Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?
Хамгийн дуртай гэж хариулахад өрөөсгөл юм байна. Олон зохиолчдод дуртай. Гадаадын зохиолчдоос гэвэл уншигч та мэдрээд үз дээ гэж байгаа юм шиг “хүнд” бичлэгтэй Ф. М. Достоёвский, яв цав биш тойрч дөтөлсөөр байдаг Мураками Харүки, энэ хэсгийг нь бичиж байхдаа тамхи их татсан байхдаа гэж бодтол мананд төөрүүлдэг Габриэль Гарсиа Маркес болон Айн Рэндийг онцлох юм байна.
Монголын зохиолчдоос Ч. Галсан, С. Эрдэнэ, Л. Түдэв, Л. Өлзийтөгс гээд олон зохиолчдод дуртай.
5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Номын дэлгүүрт орохдоо л баян ч болоосой бүгдийг нь авах юм сан гэж чин сэтгэлээсээ боддог шүү.. Ингэж бодогдтол олон төрлийн ном зохиолыг уншигчдад ойртуулж чадаж байгаа хэвлэлийн газрууд, утга зохиолын салбар, номын дэлгүүрүүдэд үнэхээр их талархдаг. Хорин жилийн өмнөхтэй харьцуулахад номын салбарт дэвшил ирсэн, ирэхдээ бүр үсрэнгүй дэвшил гарсан гэж уншигчийн зүгээс бардам хэлж чадаж байгаадаа баяртай байна. Хамгийн сүүлд баян ч болоосой гэсэн инээдтэй бодлоо номын баяр 2024-ийн үеэр бас нэг бодсон юм байна. Номын баяр ямар гоё байв аа. Орон нутагт амьдардаг болохоор номын баяртай тэр бүр таарахгүй тул олзуурхсан. Ном сонгохдоо эхлээд мэдээж зохиолч зохиогч, хэвлэлийн газрыг харна, орчуулгын бүтээл бол хэн орчуулсан бэ гэдгийг зайлшгүй бодолцож сонголтоо хийдэг.
Номын талаар мэдээллийг хэвлэлийн газар болон зохиолчийн цахим хуудаснаас авдаг. Төрсөн дүү маань миний номын ментор гэж болно. Тэр зохиолч, тэр хэвлэлийн газар ийм ном гаргажээ гээд бараг л байнга хэлнэ дээ.
6. Таны хувьд ном юугаараа ач холбогдолтой вэ?
Ном хүний оюун бодлыг хөгжүүлж биежүүлэхэд үнэтэй хувь нэмэртэй гэж ойлгодог. “Уншина гэдэг төсөөлөхийн нэр, бичнэ гэдэг бодохын нэр” юм байна гэж боддог. Тиймээс аль болох багаас нь хүүхдүүдээ номтой нөхөрлүүлэх нь сэтгэхүйн хөгжилд маш өндөр хувь нэмэртэй. Унших үйл явц бол төсөөллийн хийгээд танин мэдэхүйн шинж чанартай учраас мэдрэлийн эсүүдийн холбоосыг сайжруулах, “ой дүр” үүсгэх хийгээд оюуны бүрэн зураглал үүсгэдгээрээ тархины хөгжилд үнэтэй хувь нэмэртэй юм билээ. Түүнчлэн тренд болж буй ойлголт гэж болох mindfulness-н нэг арга болох одоодоо орших боломж мөн юм шиг санагддаг. Одоогоо мэдэрч, ирээдүйд хэт шаналахгүй, өнгөрснөө байнга шүүн тунгаагаад байхгүй, сэтгэлийн амар амгалангийн үндэс гэдэг утгаараа ном уншихдаа би одоо цагтаа оршдог. Уншиж сурсан хүн сайн бичиж, эргэцүүлж чадна гэж боддог. Саяхан нэг хөгжилтэй ажлын байрны зар харсан. “Ажилтан авна. Шаардлага: уншаад уншсанаа ойлгодог, хүний хэлснийг нэг удаа ойлгохгүй бол дахиад асуугаад хоёр дахь дээрээ ч болтугай ойлгож байвал ажилд авна” гэсэн байсан. Хөгжилтэй юм шиг боловч анхаарлаа зөв хуваарилж, тогтоож чаддаг хүн л тухайн ажилд хэрэгтэй байна гэсэн утга шиг санагдсан. Анхаарал, төвлөрөл, хүртэхүйг зэрэг хөгжүүлэхэд ном унших маш чухал гэж ойлгодог учраас аль болох л номтой нөхөрлөөрэй л гэж хүмүүст хэлмээр байна.
Та боддоо хүмүүс бид амьтнаас юугаараа ялгаатай вэ, мэдээж хүн бүхний мэддэг 1,2-р дохионы системүүдээрээ ялгаатай буюу бодож сэтгэх чадвараараа эрс ялгаатай, гэтэл бодох сэтгэхийн суурь хэсэг бол төсөөлөл үүсэх процесс юм. Тэгэхээр би ном уншихын хамгийн чухал зүйлийг нэрлээч гэвэл төсөөлөл хөгжүүлнэ, төсөөллөөс эргэцүүлэл бий болгоно гэж хариулах юм байна.
7. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?
Дэн Харрис “10 хувь илүү жаргалтай” гэдэг номыг уншиж байна. Тус номд хэтэрхий multi-tasking байж симпатик мэдрэлээ хэт ажиллуулж сэтгэл зүйн хувьд үргэлж түгшүүр мэдрээд байгаагаа бясалгал, иог зэргээр эмчилж гол нь өөрт тохиолдсон зүйлээ ухамсарлаж бүрэн дүүрэн ойлгож байгаа ABC news-ийн сэтгүүлчийн бичсэн ном юм билээ.
Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Аавын маань дүү бид хоёрт гарын үсгээ зураад бэлэглэсэн 2 төрлийн ном манай номын сангийн хамгийн эрхэм нандин онцлог номууд юм. Аав маань өөрийнхөө хэмжээнд шүлэг яруу найраг бичдэг хүн байсан. Долоон жилийн өмнө өөрийн шүлэг найраглалаас бүрдсэн “Зарахгүй ном” нэртэй номоо гаргасан юм. Мөн Дики Цэрэнгийн бичсэн “Миний хүү далай лам” номыг бас гарын үсгээ зураад 2 охиндоо дурсгасан ном номын сангийн маань хамгийн дээд хэсэгт байдаг даа. Аавынхаа тарьсан модыг цонхоороо хараад дурсгасан номыг нь нээж суухдаа “Ном, Мод, Үр хүүхэд” гэсэн амьдралыг гурван энгийн чухлын тухай хааяа боддог юм.
8. Ном унших арга барил, дадлынхаа талаар хуваалцаач?
Хүүхэд байхдаа номыг нэг л барьсан бол уншиж дуусгаж байж салдаг байсан. Аав ээж хоёр маань намайг 2-р ангид ордог намар ажлын газрынхаа номын сангаас “Монголын уран зохиолын дээжис 108 боть” болон “Хүүхдийн уран зохиолын дээжис” номуудын 1-р ботиос эхлээд авчирч өгдөг болсон. Нэг номыг 3-4 өдөрт уншиж дуусгаад дараагийн номоо нэхнэ. Энэ мэтээр долоо хоногт хоёр ном уншиж хэвшсэнээр жил орчмын дараа 100 гаруй ботийг уншсан. Энэ дадал аав ээжийн маань надад өгсөн хамгийн том эрдэм, хүмүүжил байжээ гэж одоо талархдаг даа. Долоо хоног бүр зөөж байхаар нэг мөсөн аваачиж өгье гээд даавуун тортой ном дамжлаад ирж яваа аав ээж хоёрын маань инээж яваа залуугийн төрх нүдэнд харагдах шиг болж байна. Хөдөө өссөн учир тог их тасарна, лааны гэрэлд ном уншиж суугаад заримдаа үсээ хуйхална. Их л өвөрмөц үнэртэх шиг санагддаг байж билээ. Хүжийн гэрэлд ном уншдаг байсан гэдэг шиг зуухны галын туяанд ном уншаад загнуулдаг байлаа.
Номыг би хамаг анхаарлаа хандуулж мэдэрч уншдаг түүнээсээ мэдрэмжүүд хайж уншдаг төрлийн хүн юм шиг байна лээ. Дөрөв билүү тавдугаар ангидаа айлаас урд хэдэн хуудас нь салсан ном олж уншсан юм. Хүүхдээ өвөртөө хийн гамингуудаас зугтааж гол гатлахдаа чулуунд хөлийн эрхий хуруугаа цохиж цус гараад тэр их өвдөлтөө тэвчиж байгаа эмэгтэйн тухай уншаад гэнэт эрхий хуруу өвдөх шиг санагдаж, уйлаад гэрийнхэн яав аа гэж сандарч байсан хөгжилтэй дурсамж байна.
Нэг бадарчин хөдөөгийн айлд ороод говийн хөмүүл, аарцаар амталсан борцтой гурилтай шөл нэг аягыг хүртээд эрч хүч ороод, дахиад нэг аягыг хүртсэн бол сайхан аа гэж дундуур цадсан гэдгээ илээд гарч одоход айлын эзэгтэй атга гурил шавхаж гаргасан гурилын уутаа гөвөөд далд хийлээ гэсэн хэсгийг уншаад бүр яг энэ хоолыг идэх сэн гэж бодож явсаар арваад жилийн өмнө орцуудыг нь цуглуулаад хийж идэж байсан тохиолдол ч бий.
Харин одоо бол 2-3 ном зэрэг эхлүүлээд уншиж сурч байна. Уран зохиолын бус ном уншиж байгаа тохиолдолд онцлох ойлголтыг тэмдэглэх зэргээр нэг үгээр “хэрэгцээ” болгож уншихад суралцаж байна гэх үү дээ. Мэдээж хүүхэд насных шиг цаг зав хомс гардаг учир энэ номыг уншаад би юу олж авах вэ, эсвэл энэ номд миний яг хайгаад байгаа агуулга гарах болов гэсэн хоёр шалгуураар л номоо сонгож уншдаг болсон байна лээ.
9. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Электрон ном уншдаггүй. Өдөрт дор хаяж 7-8 цаг компьютер ширтэнэ. Үргэлжлүүлээд электрон ном уншина гэхээр санаанд буудаггүй юм. Хуучинсаг байж магадгүй ч номын хуудсыг имэрч эргүүлэх мэдрэмж нэг төрлийн эмчилгээ ч байж болохоор санагддаг шүү. Дашрамд хэлэхэд манай номын дэлгүүрүүдээр нүдэнд ээлтэй жижиг уншлагын гэрэл огт байдаггүй юм билээ. Яг үнэндээ өдрийн найман цагийн ажилтай бидэнд ном унших хугацаа хомс болж байгаа нь тодорхой. Ажлаа тараад амрах хүртэлх цаг орчим, унтах хүртэлх утсаа оролдоод өнгөрөөчихдөг хоёр цаг орчим хугацаа, амралтын өдрүүд, ээлжийн амралт л “ном уншиж тансаглах” цаг болж байна. Амрахаас өмнөх хоёр цаг ном уншихын тул бусдад төвөг болохгүй зөвхөн ном руу л тусдаг жижиг гэрлийг номын дэлгүүр бүр оруулж ирж зараасай гэж боддог шүү. Захиж л авчруулна уу гэхээс гар ахуйн барааны дэлгүүрт хүртэл тийм гэрэл ховор юм билээ. Би л номын дэлгүүртэй байсан бол оруулаад ирчихсэн байгаа шүү.
10. Уншихыг зөвлөх ном. Тус номын ач холбогдол, үнэ цэн.
Дуглас Абрамсын “Баяр баяслын судар” номыг хүн бүрийг уншаасай гэж бодож байна /Douglas Abrams The book of joy: Lasting happiness in a changing world./ Хоёр өөр шашны тэргүүнүүд болох Далай лам, Десмонд Туту нарын хамт нэг дор хэсэг хамт байж аз жаргал гээч чухам юу вэ гэсэн ойлголтын хүрээнд өөрсдийн шашны үзэл баримтлал хийгээд хувийн үзэл бодлоо харилцан ярилцсан яриаг номын хэлбэрт оруулан бичсэн тун сонирхолтой ном байна лээ. Эхний таван хуудсыг уншаад л эхний хуудас руу буцаж орчуулж редактор хийсэн хүмүүсийн нэрийг хармаар болтол тун сайн орчуулга, найруулгатайгаар монгол хэлнээ буулгасан байсанд их талархсан. Яг монгол хэл дээр бичигдсэн юм шиг орчуулснаас гадна маш энгийн үгээр бидний мэддэг ч өдөр тутамдаа ойшоодоггүй зүйлсэд ямар их хүч агуулагдаж байгааг тайлбарласан нь сонирхолтой санагдсан.
11. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Үнэндээ нэг номыг нэг л унших дадалтай юм билээ. Ганц л номыг энд тэндээс нь сөхөх дуртай нь Билл Брайсон “Шинжлэх ухааны товч түүх”. Том жижиг янз бүрийн хувилбараар хэвлэгдсэн байдаг тул номын санд чинь заавал байх бас хүүхдийн чинь заавал унших ном гэж бодож байна. Дахиад уншина гэж хадгалсан нь Юваль Ной Харари “Sapiens” цувралууд юм байна.
12. Номоос санал болгох эшлэл?
Самуэл Смайлс-ийн “Өөртөө туслах ухаан” номд Ньютоны хэлсэн “Би судалж байгаа сэдвээ ямагт урдаа дэлгээд удаан гэгч нь ажиглаж суудаг. Ингэхэд балар харанхуйд гэгээ түгж, үүр цайхын адилаар асуудлын мөн чанар аяндаа тодроод ирдэг юм даа” гэсэн эшлэл санаанд орж байна.
Мөн Опрагийн “Миний сайн мэдэх зүйл юу вэ?” гэх асуултыг хүн бүр өөрөөсөө хаа нэг асуух хэрэгтэй гэж боддог. Хариулт тодорхой байх, төгс байх албагүй ч асуух нь зөв юм уу даа.
13. Хэрэв та эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
Арал гэхээр ан амьтад ихтэй байж таарна. “Тэгэхээр ан амьтдын нэвтэрхий толь” гэсэн ном олж аваад явна даа. Тэгээд амьтадтай нь учраа олоод амьдарчихвал “Эзэнгүй арлын бодрол” гэсэн ном бичих байх аа. Өө тэгээд эзэнгүй арал дээр хүн яг номоо унших уу эсвэл амьтдад хөөгдөж байх зуураа арай гэж гал гаргаад номоороо галаа өрдөх үү гэдэг сахилгагүй бодол ч бас төрж байна шүү. Ард урд хэсэгт нь хоосон хоёр хуудас байдаг болохоор тэр цаасаар галаа асаагаад арлын модоор галаа өрдөөд түүдгийн дэргэд номоо уншаад суухад хэчнээн гоё анир гүм байх бол...
Танд баярлалаа.
Сэтгэгдэл хэсэг