Зохиол бүтээлүүд нь дэлхийн олон хэлнээ орчуулагдсан өнөө цагийн Украины хамгийн нөлөө бүхий орос хэлт зохиолч Андрей Курков роман, баримтат бүтээл, хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэл, радио нэвтрүүлгүүдээрээ дамжуулан ард түмнийхээ дуу хоолойг дэлхий дахинд хүргэсээр байна. Тэрээр “Украины тэмдэглэл” номоороо улс төрийн алив донсолгоо, тогтворгүй байдал ард олны өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж буйд санаа зовнин буйгаа өгүүлж, Орос-Украины дайны эхлэл, учир шалтгааныг ухан бичсэнээрээ барууны уншигчдад хүрч, орон улсынхаа гуйвшгүй зоригийг гэрчилсээр байгаа билээ.
Өдгөө 63 настай зохиолч 1991 онд Зөвлөлт холбоот улс задран унасны дараа анхны зохиолоо хэвлүүлэхээсээ өмнө Одесса хотод шоронгийн харгалзагчаар ажиллаж байв. Зохиол бүтээлдээ бараан егөөдөл, нийгмийн шүүмжийг хослуулан хүмүүний дотоод сэтгэлийн зөрчлийн гүн гүнзгий ухан бичдэг тэрээр эсээ, нийтлэл, хүүхдийн зохиолуудаараа ч алдартай.
Филип Ноубел: Тун саяхан англи хэлнээ орчуулагдсан таны “Саарал зөгийнүүд” романд Украины зүүн хэсэгт 2014 онд дайн дажны дунд аж төрж буй нэгэн тосгоны хоёр эрийн амьдралыг өгүүлдэг. Хэвлэл мэдээллээс илүүтэй зохиол бүтээлээр дамжуулан дайны үнэн мөнийг өгүүлж чадна гэдэгтэй та санал нийлдэг үү?
Андрей Курков: Би 2013 оноос өмнө Донбас мужид хэд хэдэн удаа очиж байсан. Энэ зохиолдоо тухайн бүс нутгийн хүн зоны онцлог, амьдралд хандах хандлагын тухай илүүтэй өгүүлсэн. Украин орон асар өргөн уудам агаад бүс нутаг бүр өөр өөрийн гэсэн сэтгэлгээний онцлогтой. Тухайлбал, энэ нутгийн хүмүүс гадагш дотогш аялахдаа тун ч дургүй байдаг юм. Тэнд амьдардаг нэг настай хүнээс “Та ер нь гадагшаа явж байв уу?” гэж асуухад, “Үгүй дээ, би хэзээ ч гадаад явж үзээгүй. Нэг удаа Москва орж үзсэн” гэж хариулж байсан юм. Настай хүмүүсийн хувьд Зөвлөлтийн үеийн амьдрал нь үргэлжилдгээрээ үргэлжилж байгаа тул Москва явснаа гадаадад аялсанд тооцдоггүйг нь ойлгосон. Түүнчлэн эндээс хуучны социалист орнуудад хандах Зөвлөлтийн бардам ихэмсэг хандлага ч харагдаж буй юм. Оросууд “Тахиа бол шувуу биш, Польш гадаад биш” гэдэг юм. Мөн энэ романаараа хүмүүсийн хандлага, байр суурь ихэнхдээ түр зуурын, тохиолдлынх байдаг гэдгийг харуулахыг зорьсон. 1991 онд Зөвлөлт задран унасны дараа ард олон улс төрийн хувьд идэвхгүй, ямар ч үзэл санаагүй болж, саналаа өгөхдөө орон нутгийн мафийн бүлэглэлүүдтэйгээ дуу нэгтэй байв. Түүнчлэн Орос улс Зөвлөлтийн үеийг хүмүүсийн ой дурсамжаас арчихгүй байхад хөрөнгө хүч зарсаар ирлээ. 1991 оноос өмнө нийгэм, цаг үе хэчнээн сайн сайхан байсан тухай Донбасын ард иргэдэд үргэлж сануулсаар ирсэн. Гэвч үнэндээ хүмүүс залуу халуун явсан үеэ эргэн дурсах дуртай учир тэр үе нь илүү аз жаргалтай байсан мэт санагддаг биз ээ. Тиймээс энэ номыг аливаа улс төрийн сонголтын өмнө очихдоо хойрго ханддаг хүмүүсийн тухай гэж болно.
ФН:Дайны хор уршгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй уран зохиол тод томруунаар харуулж чадах уу?
АК: Сэтгүүл зүй баримтад тулгуурлаж нотлох үүрэгтэй. Уран зохиол хүмүүний амьдралын үүх түүхийг хүүрнэн өгүүлдэг тул тэдний хандлага, аливаа үйл явдал тухайн нэг хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг харуулдаг. Уран зохиол уншсанаар хүнийг ойлгож, энэрдэг бол сэтгүүл зүй биднийг аливаад дүн шинжилгээ хийхэд хөтөлдөг. Гэвч амьдралыг базаад дүгнээд эхлэхээр хүний тухай мартагдана аа даа. Дайн дажин гэдэг тэр чигтээ хэн нэг хүнд тохиолдож буй зовлон шүү дээ. Дайн гэдэг тоо баримт биш, таны таньж мэддэг хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдал юм.
ФН: Та ихэвчлэн Киевт аж төрж буй шүү дээ. Энэ дайны дундуур зохиолоо бичиж чадаж байна уу?
АК: Орос улс Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш буюу 2022 оны хоёрдугаар сараас хойш бичиж чадахгүй л явна. Дуусгаагүй романыхаа ажил руу орох гэж хэд хэдэн ч удаа үзээд ер болсонгүй. Цөөн хэдэн нийтлэл, эсээ бичсэн л дээ. Би өөрөө ч ядарсан. Нөгөөтээгүүр хэрэгцээ шаардлага бага болсонтой ч холбоотой юм. Дэлхийн өнцөг буланд буй хүмүүс энэ дайн урт удаан үргэлжилнэ гэдэгт хэдийнээ дасаж дөжрөөд, Украин орны тухай мэдэхийг хүссэн бүхнээ олоод мэдчихлээ. Хүмүүс энэ дайны улс төрийн шалтгааныг тун сайн мэддэг болсон учир Украины тухай шинэ бичвэрүүдэд улс төрийн агуулга ч багасаад ирлээ.
Дайнаас болж бидэнд соёлын асар том цоорхой гарах болно. Зохиолчид, дайнд амь үрэгдэж, цэрэгт татагдаж, бичих цаг хугацаа хомс болж буйтай холбоотой юм биш. Олон зохиолчид уран зохиолыг зэвсэг болгон агсаж, суртал ухуулгын чанартай зохиол бүтээл бичиж буйтай холбоотой юм. Түрэмгийлэгчид болон тэдэнтэй холбоотой юм бүхэн хожим хүмүүн бусаар цоллуулна. Ирээдүйд уран зохиолын түүх судлаачдад тун ч сонирхолтой сэдэв болох нь дамжиггүй.
ФН: Уран зохиол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украин орны тухай өгүүлэхдээ зөвхөн дайн дажнаар хязгаарлаж байгаагаас зайлсхийх хэрэгтэй гэж боддог уу?
АК: Яг одоо бол бүх зохиолд, яруу найрагт хүртэл дайны тухай бичиж байна гэхэд хилсдэхгүй. Гаднын хэвлэл нийтлэлчид ч үүнийг хөхиүлэн дэмжиж байна. Украин хэлнээс орчуулагдан гарч буй зохиолуудад дайны тухай л бичсэн байна. Гадаадын хэвлэн нийтлэгчид Украины дүрвэгсдийг өөрсдийн туулсан амьдралаа бичээсэй хэмээн хүсэж байна. Өнөө цагт бид “Дүрвэгсдийн уран зохиол”-той болоод буй ч хэзээ нэг өдөр дайн дажин, дүрвэгсдийн тухай зохиол бүтээлүүд уншигчдын сонирхлыг татахаа болих цаг ирнэ. Түүний дараа Украины зохиолчдод өөрчлөлт, шинэчлэлт авчрах цоо шинэ сайн зохиолууд бичих цаг ирнэ.
ФН: Өнөө цагийн Украин орны ном хэвлэлийн салбарыг та хэрхэн харж байна вэ?
АК: Украины уншигчид үүх түүхийнхээ тухай, ялангуяа Сталины үед хориглож, устгасан 1930-д оны үеийн сэхээтнүүдийн бичсэн ном бүтээлүүдийг уншихыг илүүтэй хүсэх болжээ. Ном уншиж, зохиолчид хаа нэг гарын үсэг зурахаас бусад үед номын дэлгүүрүүд хүн хөл, борлуулалт багатай ажилласаар байна. Үндсэндээ номтой холбоотой арга хэмжээ, борлуулалт зогсонги байдалтай байгаа гэж болно. Манай гэрийн ойролцоох кафед долоо хоног бүр яруу найргийн уншлага зохион байгуулж байгаа. Киев, Львов хотуудад ч мэр сэр энэ мэт арга хэмжээ хийж байгаа. Яг одоогоор Львовт болох номын яармагийг хүлээж байна. Мөн Украины баруун бүс нутгуудаар хэд хэдэн шинэ төсөл эхлээд байна.
ФН: Та орос, украин хэлний тухайд ямар байр суурьтай байна вэ?
АК: Би Зөвлөлтийн үед украин хэл сурч, украин хэлнээ орчуулагдсан гаднын зохиолуудыг редакторладаг байлаа. Орос хэлээр зохиолуудаа бичиж, украин, англи хэлээр баримтат бүтээлүүдээ бичдэг. Ихэнх номын дэлгүүрүүд орос хэл дээрх зохиолуудыг худалдахаас цааргалж байгаа тул хэвлэн нийтлэгчид ч орос хэлээр ном хэвлэх нь утгагүй болж, цахим хэлбэрээр гаргах нь давамгайлж байна. Дайны дараа бүр ч ярвигтай нөхцөл байдал үүсэж мэднэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаггүй л юм бол манай засгийн газар орос болон бусад цөөнхийн хэлийг хамгаалах ёстой. Одоо бол орос хэл дайсны хэл болж, энэ хэлийг арчин хаях компанит ажил өрнөж байна. Гэвч хүмүүс гудамж талбайд оросоор ярьсаар. Жишээ нь Одесса хотынхон дан орос хэлээр ярьдаг. Тодруулж хэлбэл ийнхүү оросоор ярьж буй нь үндэс угсаанаас хамааралгүй нийгмийн үзэгдэл шүү дээ. Гэвч Оросууд Мариуполь зэрэг хотуудад маш олон орос хэлт ард иргэдийг алж хядаж оросоор ярьдаг хүмүүсийн тоог улам цөөлж байна. Түүнчлэн залуус олноороо орос хэлээс татгалзаж байна даа.
Эх сурвалж: globalvoices.org
Орчуулсан: Б.Дэлгэрмаа
Сэтгэгдэл хэсэг