Д.Чанцалдулам: Ааваас минь үлдсэн өв-хэмжээлшгүй үнэ цэнтэй номууд минь...

 
Дашзэвэгийн Чанцалдулам. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн герман хэл, орон судлалын анги төгссөн. Германы Вюрцбург хотын Юлиус-Максимилианы их сургуульд Европын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Герман-Монгол хэлний итгэмжлэгдсэн бичгийн орчуулагч. Өдгөө Германы Мюнхен хотноо загвар, дизайны академид загварын сэтгүүл зүйн дөрөвдүгээр дамжаанд сурч буй.
 
1. Танайх номын сандаа хэдэн номтой вэ?
Манай номын санд мянга гаран ном бий. Хуулийн номуудаасаа хэрэгтэй хүнд нь өгөөд шинэ номууддаа зай гаргаад байна.
2. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номоо нэрлэвэл?
“Монте Кристо гүн”. Тухайн үед гурван боть номыг уншаад найз нөхдийн урвалт, атаархал мөн хүнд хэцүү үед бууж өгөлгүй өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэйг ойлгож байсан. Одоо ч заримдаа хүнд асуудал тулгарвал Эдмон Дантесийн багш, 27 тоотын хоригдол, өвгөн лам юу гэж зөвлөх байсан бол гэж боддог юм. Асар их мэдлэгтэй, түүнээ залууст өвлүүлдэг, тэр тусмаа эрх чөлөөгүй байхдаа ч бусдын амьдралд эергээр нөлөөлж чаддаг буянтан. Өөд болсон хойноо ч тус болсоор байдаг. Надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн дүр юм даа. Анх уншиж байхад зохиол сайхнаар төгсөх нь л их чухал байлаа. Хожим ахин уншаад олон чухал өнцөг олж харсан. Улс төр, цаг үеийн үймээн, тухайн үеийн нийгмээ хэлмэгдэл, хайр сэтгэлийн түүхээр өгүүлсэн ном.
3. Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Уран зохиолын ном голчлон уншдаг. Бид энэ амьдралдаа туулж амжихгүй амьдралын олон өнгийг нүдний өмнө зурайтал харуулж, хүн чанар, амьдралын жамыг ойлгуулдаг. Сэтгэлийн, мэдрэмжийн багш л гэсэн үг.
Хувь хүний хөгжлийн номын хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй юм. Туулсан туршлагаа дэлгэчихсэн бэлэн ном уншаад магад ирэх алдаанаас холуур өнгөрөх, шинэ зүйл ухаарах, харах өнцгөө тэлэх гээд олон зүйл олж мэддэг. Мэдээж зөвлөмж бүрийг дагахгүй, авах гээхийн ухаанаар хандана л даа. Би өөрөө сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах дуртай болохоор бусдын мэдлэг туршлага дээр тулгуурласан ном унших дуртай. Загварын түүх, намтар унших дуртай. Хувцас загварыг өнгөцхөн үнэлж дүгнэдэг хүмүүст тийм биш гэдгийг батлах үүрэг даалгавартай юм шиг л шимтэн уншдаг.
  
4. Та өөрийн дуртай зохиолоо нэрлэнэ үү?
Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”. Гол дүр нь миний анхны хайр байлаа. Оскар Уайлд “Дориан Грейн хөрөг”, Дармын Батбаяр гуайн бүх зохиол, бичвэр, Жейн Остин “Эмма” зохиолуудад дуртай.
5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ? Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Номын дэлгүүр хэсэх дуртай. Нэг булангаас нөгөө булан руу тайван гэгч нь сониучирхан явж, ном эргүүлж тойруулж, тэвэр дүүрэн ном аваад тухтай гэгч нь сууна. Агуулга гарчигтай нь танилцаад авах номоо ялгадаг. Монголд ч, Германд ч номын дэлгүүр орвол хагас өдөр болно. Мэргэжлийн номуудыг бол тухайн салбарын цахим хуудас, сэтгүүл дээрх жагсаалт зэргээс хараад тэмдэглэж аваад захиалчихна. Амазоноос ном захиалахад хүргэлт үнэгүй, дээр нь ганцхан өдрийн дотор хүрээд ирдэг болохоор заримдаа номын дэлгүүр явалгүй шууд захиалчихдаг. Инстаграмаар хэн нэг нь харж үзээгүй номын зураг хуваалцсан бол скриншот хийж авна. Авах номын жагсаалт гэж бий. Хичээл дээр багш шинэ ном санал болгох бүрд жагсаалтдаа нэмдэг.
 
6. Таны хувьд ном юугаараа ач холбогдолтой вэ?
Ном уншсанаар ой тогтоолт сайжирч, үгийн баялаг нэмэгдэж, мэдрэмж хөгжихөөс гадна гадна аливаад хүлээцтэй хандаж, харах өнцгийг тэлдэг. Учир нь хүн ямарваа нэг ном эхлүүлээд уншиж дуустлаа бодол санаа нь хэд хэд хувирч байдаг. Аливааг өмнө нь огт бодож байгаагүй өнцгөөс харж болно.
Ном хувь хүнд болон нийгэмд хэрхэн нөлөөлж болдгийг ганцхан жишээн дээр тайлбарлая. Миний хайртай Герман зохиолч Гётегийн “Залуу Вертерийн шаналан” гэж зохиол бий. Захидал хэлбэрээр бичигдсэн уг зохиолын эцэст Вертер амиа егүүтгэдэг. Энэ ном Германд гарсан даруйдаа уншигчдад хүрч, шилдэг бүтээл болсон. Эхэндээ залуус Вертер шиг хувцаслаж, хөх өнгийн хүрэм, шар оймс тренд болсон гэдэг. Тэр үеийн хувцаслалтыг өдгөө загварын түүхэнд “Вертерийн хослол” гэж нэрийджээ. Вертерийн цэнхэр өнгө гэх нэршил Гётегийн зохиолтой шууд хамаатай. Гэтэл энэ зохиолоос хойш амиа хорлох залуусын тоо мөн өсжээ. Хайр дурлалдаа шатсан залуу үе Вертер шиг хувцаслаж, түүнийг дуурайж байна гэдэг зохиол бүтээл уншигчдад ямар их нөлөөлдгийн тод жишээ юм. Таагүй үр дагавраас хойш уг зохиолыг хэсэг хорьсон юм билээ. Хожим “ энэ бол амиа хорлох уриалга биш” гэдгийг тодотгон байж худалдаанд гаргасан. Зохиолч азгүй дурлалынхаа шаналал гунигийг амиа хорлосон анд нөхрийнхөө түүхтэй холбож бичсэн гэдэг. Хүмүүний шаналлыг өгүүлсэн энэ зохиол бүхэл бүтэн үед ингэж нөлөөлсөн гэхээр ном хүний сэтгэлийн учгийг хөндөх шидтэй байгаа биз?
7. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?
“Загвар ба гоозүй” хичээлтэй холбоотой курсийн ажил бичиж байгаа болохоор яг одоо гоо зүйн онолын номууд уншиж байгаа. Кантын гоо зүйн тухай бичсэн шүүмжийг уншаад үнэхээр ам ангайгаад сууж байна. Түүний нэрийг гүн ухаан, эрх зүйн философитой л холбож ойлгодог байсан. Хамгийн түгээмэл “Цэвэр оюун ухааны шүүмж”-ийг нь хуулиар сурч байхдаа махаа идэн орчуулж уншиж байсан юм. Гэтэл гоо зүйн тухай маш өргөн хүрээнд бичсэн шүүмжтэй нь сая л нүүр туллаа. Тэгэхээр загварын шинжлэх ухаан өнгөцхөн зүйл огт биш ажээ.
Яг одоо бол Стивен Кингийн “Бичихүйн тухай” номыг герман хэл дээр уншиж байна. Монгол хэлнээ орчуулагдан гарсныг нь олж автлаа сэтгэлээ зогоож байгаа юм. Монголд шинэ ном гарахаар хурдхан авах юм сан гэж боддог.
8. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Номын сан дахь хамгийн жижиг хоёр ном маань болов уу. Аавын минь нэрээ үзэглэсэн, үсэг бүрийг нямбайлан хайчилж тэмдэглэсэн орос-англи, англи-орос өврийн толь байдаг юм. Ааваас минь надад үлдсэн өв, миний хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй номууд.
“Миний охин сайн орчуулагч болоорой” гээд ээжийн бэлэглэсэн Достоевскийн “Дэлхийн сонгодог таван уран зохиолын бүтээлийн цогц”. Маш гоё хавтастай. Ээж маань Монголоос гоё номууд авч ирдэг. Миний номын санд ээжийн минь хайр шингэсэн дээ.
 
9. Ном унших арга барил, дадлынхаа талаар хуваалцаач?
Мэргэжлийн эсвэл хувь хүний хөгжлийн ном уншихдаа тодруулагчаар зурж, наадаг цаас энд тэнд нь зүүж, тэмдэглэж уншдаг. Дараа нь дэвтэр дээр буулгана. Номын тэмдэглэл гээд тусдаа дэвтэртэй. Харин уран зохиолын номыг нэг дор шимтэн уншдаг. Яг дотор нь орчихсон, мэдэрч уншиж байхад тэмдэглэж авах гээд сатаарах харамсалтай санагддаг. Дуусгачхаад гоё хэсгүүдийг нь мөшгөж гарна. Бас нэг унших арга барил бол эх хэл дээрх зохиолыг орчуулгатай нь тулгаж унших. Ингэж уншихаар бүр нэг жаргадаг даа. Германд оюутан болж ирээд хамгийн анх авсан ном маань “Морь унасан толгойгүй хүн”. Их сургуулийн номын дэлгүүрт англи хэл дээр захиалж авсан юм. Хоёр хэл дээр тулгаж унших их зугаатай, таатай үйл байдаг.
10. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Ном, сэтгүүл аль нь ч бай хэвлэмэл хэлбэрээр барьж, мэдэрч унших дуртай. Шинэ номын үнэр, хуудас эргүүлэхэд гарах чимээ, гарт баригдах тэр мэдрэмж. Энэ бүхэн чинь бас л уншилт шүү дээ. Заримдаа хэмнэлттэй болохоор цахим хэлбэрээр уншдаг. Зарим ном цахимаар хэдхэн цент, цаасан хэвлэл нь хорин евро байвал хямдыг нь сонгоно. Гэхдээ л номын сандаа нэмж, зурж тодруулж, уншихыг хүсэж байгаа номоо хэвлэмлээр авахыг илүүд үздэг.
11. Уншихыг зөвлөх ном. Тус номын ач холбогдол, үнэ цэн.
Вольтер “Хүлээцтэй байхуйн тухайд” номыг зөвлөе. Энэ номд шашны хэт урсгал, нэг талыг хэт тахин шүтэхийн гайг өгүүлдэг. Нэгэн гэр бүлд тохиолдсон харамсалтай явдалд Вольтер санаа тавьж, үнэний эрэлд гарч буй тухай юм л даа. 60 гарчихсан, хэдийнээ нийгэмд байр сууриа олсон, олонд, язгууртны хүрээнд үнэлэгдэн хүндлэгдсэн Вольтер тэр нэгэн энгийн гэр бүлийн хэргийг тоолгүй орхиж болох л байсан. Гэвч ухуулга, захидал бичиж гагцхүү үгийн хүчээр нэр төрийг нь сэргээж чаддаг. Хилс хэрэгт гүтгэгдээд шийтгэл хүлээсэн эцэг хүний тухай хүмүүсийн туйлширсан үзлийг бичвэрээрээ эргүүлж чадсан. Бичнэ гэдэг хамгийн хүчтэй зэвсэг юм гэдгийг харуулсан ном. Би Герман хэл дээр хэд хэд уншаад, монгол хэл рүү орчуулах гэж үзсэн юм. Гэхдээ өөрийгөө голоод зориглоогүй. Аль болох олон хүнд хүрвэл аливаад хүлээцтэй хандах ямар чухлыг ойлгуулсан бүтээл.
 
12. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Бямбын Ринчен гуайн “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”. Би аяллын тэмдэглэлд их дуртай. Харь оронд явахдаа монгол хүний нүдээр юуг ажигладаг, аливааг монгол хүний сэтгэлгээгээр яаж оновчтой буулгадаг гэдгийг Ринчен гуайн номуудаас олж хардаг. Гётегийн “Италид зорчсон тэмдэглэл”-ийг байнга уншдаг. Итали руу явах бүртээ Гёте энэ хотын тухай юу бичиж, хэрхэн дүрсэлсэн байна? гээд л шимтэн уншина. Тэртээ 1787 онд бичсэн тэмдэглэлийг эх хэлээр нь уншина гэдэг үнэхээр их зол заяа юм даа гэж боддог. Би ер нь хуучинсаг, үүх түүх, эртний зүйлст дуртай хүн.
13. Номоос санал болгох эшлэл?
 “Их унших гэгч бол юу уншихаа мэдэх л гэж уншиж байгаа уншилт, ахин дахин унших зохиол бүтээлээ олохын тулд уншиж байгаа уншилт.” “Олон янзын уншилт нь уран бүтээлч болох хүнээс ном уншиж сурахыг өөрийн эрхгүй шаарддаг” Дармын Батбаяр гуайн “Бүтээхүйн зүй тогтол” номын хуудас бүрд үнэ цэнтэй эшлэлүүд байдаг.
14. Хэрэв та эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
Өлзийтөгс эгчийн “Үзэхийн хязгаар”. Хэд ч уншаад уйдахгүй. Маш энгийн бичсэн атлаа гүн гүнзгий санагддаг. “Хотын үлгэрүүд”, “Толинд туссан будда” зэрэг ном нь эзгүй арал дээр ёстой хань болно, уншаад дууссан ч Герман хэлэнд буулгаад л, хэл хооронд элдэв хөрвүүлэг туршиж үзээд л. Бодох төдийд догдолж байна.
Танд баярлалаа.

Сэтгэгдэл хэсэг