Хаяао Мияазаки: Хүсэл тэмүүлэлгүй хүнд “хүсэл тэмүүлэлтэй бай” гэж мянга хэлээд нэмэр болсныг энэ яваа насандаа үзээгүй л явна.

 

62 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын хэвлэлийн бага хурлын үеэр, Ла Меридиана зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн, Венецийн Лидо арал, 2005 оны 9-р сарын 8-ны өдөр

- Насан туршдаа хийж бүтээсэн бүхнээ үнэлүүлж “Алтан арслан” шагнал хүртсэн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.

Мияазаки: Би уг нь энэ шагналыг хийж бүтээгээд дууссан хөгшин настай хүмүүс авдаг гэж боддог байсан болохоор эхэндээ тийм ч дуртай байгаагүй. Гэтэл наадмын зохион байгуулагч Марко Мюлер “Клинт Иствүүд кинонуудаа ид хийж байхдаа энэ шагналыг авсан шүү дээ” гэж хэлсэн. /инээв/ Тэр ихэд оргилсон халуун сэтгэлээр ингэж хэлсэн болохоор эцэст нь би, “За, за. Тэгвэл би очиж шагналаа авна аа” гэж хэлээд хүрээд ирлээ.

 

- Таныг шагнал гардаж авахад бүтээлүүдийг тань “бидний дотоод хүүхдийг сэрээдэг” гэж Марко Мюлер хэллээ шүү дээ. Та харин энэ тухайд юу гэмээр байна?

Мияазаки: Би уг нь хүүхдэд зориулсан бүтээл хийхийг хүсдэг, хийх ч учиртай гэж ярьдаг атлаа начир дээрээ тэднийгээ хааяа мартчихдаг хүн шүү дээ. Мартчихаад л “Порко Россо”, “Хаулын нүүдэг цайз”-ийг хийсэн. Гэвч би кинонуудаа хэзээд хүүхдүүдэд үзүүлэхийг хүсдэг. “Чухам хэнд үзүүлэх вэ?” гэдэг асуултад тодорхой хариулж чадаж гэмээн би бүтээлүүдээ хийнэ. Энэ асуултын хариулт үргэлж тодорхой байх учиртай.

 

- Та 2002 онд Берлиний кино наадмаас “Алтан баавгай”, мөн 2003 онд Оскарын шагнал хүртэхдээ ёслолын үйл ажиллагаануудад оролцоогүй шүү дээ. Гэсэн атлаа энэ удаа яагаад Венецийн кино наадамд ирж шагналаа гардаж авах болов?

Мияазаки: Шагнал авах эсэхээ ч мэдэхгүй нэрээ зарлуулахаа хүлээж, ширээ тойрч суухыг би тэвчдэггүй юм. Тэр чигтээ шал худлаа, ов мэх шиг санагддаг. Хэвлэл мэдээлэлд зориулсан зугаацуулах үзүүлбэр төдий гэдгийг мэднэ л дээ. Берлиний наадмын тухайд хэрэв урьтаад тодорхой болчихсон бол уг нь очно гээд шийдчихсэн байсан юм. Кино хийнэ гэдэг хүмүүсийн өмнө чармай нүцгэн зогсохтой л адил. Найруулагчийн ажил ч тун ярвигтай шүү дээ. Гэтэл би нэг их цэмцгэр хүн байх гэж ихэмсэг дүр эсгээд л эсвэл хажуудах хүн маань шагнал авахад баяр хүргээд суухыг огт хүсэхгүй байна. Тиймдээ л ийм газруудаас үргэлж дөлж явдаг юм. /инээв/

 

 

- Таны бүтээсэн “Spirited Away” анимэ Берлиний олон улсын кино наадмаас “Алтан баавгай” шагнал хүртсэнээр анимейшн төрөл live action кинотой эн тэнцүү өрсөлдөж чадаж буйн тод жишээ болсон. Энэ үйл явдал нь анимейшн кино урлагт шинэ үүд хаалга нээж өгсөн ч үүний дараа live action кинонуудтай өрсөлдөхүйц тийм ч олон анимэйшн гарсангүй.  

Мияазаки: Надад энэ хоёр төрлийг харьцуулах эсвэл ямар нэг байдлаар өрсөлдөх хүсэл байхгүй. Орчин үеийн live action кинонд анимейшнд байдаг маш олон элемент бий. Өөрөөр хэлбэл live action бүтээлүүд хэдийнээ аниме тал руу хэлбийгээд эхэлсэн. Бид “Альпийн охин Хэйди” гэдэг цуврал хийхдээ “кино” гэж танилцуулдаг байсан. Хүмүүс чухам юу гэж боддогийг мэдэхгүй ч бид өөрсдийгөө хүүхэлдэйн кино биш “кино” бүтээж байна гэж боддог. Хэдийгээр амьд үйлдлийн оронд зураг хардаг ч хэсэг хугацааны дараа бодит, яг л амьд хүмүүсийн тухай үзэж буй мэт санагддаг. Тиймээс л хүмүүс анимэ үздэг юм. Миний хувьд ч бас бүтээлүүд минь бодит. Зураг хараад байгаа атлаа хорвоо ертөнц өмнө чинь амилаад ирнэ. Тухайн нэг бүтээлийг хийж дуусахад хаа нэгтээ яг тэр газар оршин буй мэт санагдана. Тэгэхээр зүгээр ч нэг зурахаас давсан хэрэг байгаа биз. Би уран бүтээлчдэдээ “та нар зүгээр ч нэг зураг зурж суугаа хэрэг биш шүү” гэж үргэлж хэлдэг. Зурж буй амьдрал чинь хаа нэгтээ бий гэдэгт бүрэн дүүрэн итгэх учиртай. Ямар ч итгэл үнэмшилгүй зүгээр л зурах гэж хүчилбэл хэзээ ч сайн бүтээл хийж чадахгүй.



- Таны бүтээсэн ид шидийн ертөнц Европт ч их алдартай шүү дээ. Учир юундаа байдаг юм бол?

Мияазаки: Бидний амьдралд Европын нөлөө хэчнээн их байсан гэж санана. Би чинь цаг үеэсээ шалтгаалаад ааваасаа огт өөр амьдрал туулсан. Эдогийн үед алдартай байсан хаута гэдэг богино дууг, Кабуки театрт дуулдаг байсан нагаута гэдэг дууг дуулж мэдэхгүй. Өвлөгдөж ирсэн бүхнээ онхи хаяж, Европын соёл нэвт шингэсэн цаг үед өсөж дээ. Энэ бүхний дунд миний адил хүмүүс хэрхэн хаана үндэслэхээ эрж хайж, бодсон хэрэг. Бид Европоос утга зохиол, урлаг, кино, улс төрийн философи гээд бүх талаар хэчнээн ихийг сурснаа бодохоор ямар нэг бүтээл хийгээд тэдэнд таалагдах нь гарцаагүй шүү дээ. Тэгэхээр Европчууд миний бүтээлүүдийг таашаан үздэг нь гайхаад байх зүйл биш болов уу. Нөгөө талаар Европчууд манай анимэд маш ихээр шимтэх болсон нь тэднийг миний санаснаас ч илүү мухардалд орчихоод байгаа юм уу даа гэж бодоход хүргэдэг юм. /инээв/

 

 

“Хаулын нүүдэг цайз” Италид маргааш нээлтээ хийх гэж байна. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол?

Мияазаки: Би ер нь энэ тухай аль болох бодохгүй байхыг хичээдэг. Сэтгэл түгшээд байж сууж болдоггүй юм. Би гэдэг хүн үзэгчдийн хариу үйлдэлд тун ч мэдрэг ханддаг юм л даа. Тиймээс энэ асуудлаас үргэлж зайлсхийдэг. Театрт, кино наадам дээр ч ялгаагүй. Бүтээлийг маань хүмүүс хэрхэн хүлээж авах тал дээр бусад хүмүүсээс хоёр дахин эмзэг мэдрэмтгий учир өөрийгөө зовоохгүйн тулд зугтаж, бултдаг юм. Хэрэв би хүмүүст баяр жаргал өгч чадахгүй юм бол энэ ажлыг хийгээд яах билээ. Хүмүүс миний бүтээлийг таашаахгүй бол зүрх минь шархиран өвддөгийг нуух юун. Тиймээс л кино театрт бүтээл минь гарч байхад үзэгчдийг харахад хэцүү байдаг. Кино эхлэхээс урьд олны өмнө үг хэлэх ч гаагүй ээ. Харин дууссаны дараа яриа хийхдээ үзэгчид над руу улаан лооль, өндөг шидэх вий гэж айдаг./инээв/ Японы үзэгчид тун эелдэг зөөлөн болохоор ядаж л алгаа ташна. Гэвч чухамдаа юу бодож байгаа бол гэсэн айдас үргэлж төрдөг. Би ийм л хулчгар хүн. Бүх л кино найруулагч надтай адил болов уу. Их бүрэг ичимхий улс байдаг шүү дээ. Гэхдээ тиймдээ л юм бүхнийг анзаарч явдаг хэрэг.

 

- Таныг тийм гэж ер санасангүй шүү...

Мияазаки: Ийм л байх учиртай. Нарийн ширийн зүйлд санаа огт зовдоггүй, үргэлж өөртөө итгэлтэй явдаг хүн кино хийнэ гэдэг юу л бол.

- “Альпийн охин Хэйди”, “Ирээдүйн хүү Конан” Европын үзэгчдэд  хүрч таны бүтээлүүд эндхийн олон үзэгдчдэд хэдийнээ танил болсон болов уу? 

Мияазаки: Үзсэн ч гэлээ ихэнх нь тэдгээр бүтээлүүдийг чухам хэнийх гэдгийг мэдэхгүй байгаа болов уу даа. Маш олон үзэгчид “Яалаа гэнэ ээ, тэр чинь Европ найруулагчийн бүтээл биш үү?” гэж хэлж байхтай олонтаа таарсан. Японых гэдгийг нь мэдэхээрээ бүр гайхаж хоцорно гээч. Хэйдиг Швейцарьт үзүүлэхэд хэл ам дагуулах вий гэж эхэндээ айж байлаа. Уг нь бид цувралаа бүтээхдээ юм бүхнийг бодит байдлаас зөрүүлэхгүйг ихэд хичээж зурсан ч газар орны судалгаа тааруу, цөөн хэдэн материалаас шүүрдэж зурсан зургууд маань буруу зөрүү байх вий гэж эмээсэн. Гаднынхан Японы тухай кино хийхээрээ татами дээр модон шаахайтай алхуулдагтай адил санамсаргүй элэг доог болох алдаа хийсэн байх вий гэж үргэлж санаа зовдог байсан.

 

- Жиблигийн музейд Хэйдигийн үзэсгэлэнг үзсэний хувьд таныг хэр нарийн судалгаа хийснийг би хэлж чадах байна.  

Мияазаки: Тэр бол манай найруулагч Исао Такахатагийн ач юм шүү дээ. Тэр хүн байгаагүй бол Хэйди сайн бүтээл болж чадахгүй байсан. Зохиолоос сэдэвлэж хэрхэн зохиол бичихийг маш сайн мэдэж байсан юм. Кино тэр чигтээ эх зохиолоо дагаагүй. Манай Хэйди үзэгчдэд арай өөр зүйл мэдрүүлсэн нь Исао Такахатагийн маань энэ цувралд оруулсан үнэтэй хувь нэмэр.

 

- Тэгэхээр энэ бүтээлд голлох үүрэг гүйцэтгэсэн хүн нь Исао Такахата найруулагч гэсэн үг үү?

Мияазаки: Туршлагаасаа үзэхүл ажилдаа дуртай, хүсэл тэмүүлэлтэй хүнтэй хамтрах нь аливаа бүтээлийг чанартай хийх гол хөшүүрэг юм билээ. Чухамдаа ийм л хүн хүмүүсийн ур чадвар, байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчилж чаддаг. Давын өмнө хүсэл тэмүүлэл оргилж байх учиртай. Кино наадмын дараа би Их Британийн “Aardman” студийг зорино. Бид тэдний бүтээлээс Жибли музейдээ дэлгэхээр ажиллаж байна. Амь амжиргаагаа арай ядан залгуулж байсан залуухан хоёр уран бүтээлч гараажид бүгэн байж баримлын шавраар анимейшн хийж эхэлснээр энэ студийн түүх эхэлсэн. Дараа нь найз нөхөд нь нэгдсэн. Тэдэнд том продакшнуудтай гэрээ үзэглэж, ивээн тэтгэгчдийн хойноос хөөцөлдөх хэрэг байсангүй. Хэрэв та үнэхээр хийж бүтээхийг хүсэж байвал бие даагаад юухнаар ч эхэлж болно гэдгийг тэд бидэнд ойлгуулсан. Ялангуяа Японы уран бүтээлчид бид үүнээс суралцах хэрэгтэй. Жиблитэй хамтрах нь тийм ч сүр дуулиантай хэрэг биш ээ.

Өөрийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар хийе гэснээ хийх нь хамгаас чухал. Хийгээд эхлэхэд таны өмнө “хаалга нээгдэнэ”. Мэдээж авъяас билиг, оролдлого басхүү аз чухал. /инээв/ Аз гэдэг айхавтар чухал авъяас гэм. 21- р зууны турш лавтай чухал хэвээр байх болов уу.

 

- Тэгэхээр та залуусыг гол нь хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй гэж хэлээд байна аа даа.

Мияазаки: Хүсэл тэмүүлэлгүй хүнд “хүсэл тэмүүлэлтэй бай” гэж мянга хэлээд нэмэр болсныг энэ яваа насандаа хараахан үзээгүй л явна. Зарим хүмүүс хүсэл эрмэлзлэлээр дүүрэн явдаг. Дээр дурьдсан  үзэсгэлэн тийм хүмүүст ямар нэг зүйл хийх урам зориг өгөх болов уу гэж итгэж байна. Маш олон хүмүүс оролдож ч үзээгүй байж “за, даа энэ ч бүтэхгүй дээ” гэж боддог. Компьютертой нөхөрлөж, урлаг бүтээхийг хүсэх залуус маш их болжээ. Гэхдээ би л хувьдаа компьютерийг бидний найз нөхөр болж чадахгүй гэж боддог. Харандаагаар бүтээж болох сонирхолтой атлаа энгийн маш олон зүйл бий. Яах вэ компютероор зарим нэг сонирхолтой ажлуудыг хийж болох ч би тэгэж хэлмээргүй байна. Залуус өөрсдөө бүтээх хэрэгтэй гэдгээ ойлгож байгаа биз ээ.

 

- “Технологийн эрин зуунд Хаяао Мияазаки одоо ч гараараа зурдаг нь гайхамшигтай” гэж найруулагч Тим Бартон хэлсэн байсан. “Алтан арслан” шагналыг хүртэж байгаа тань үүнтэй холбоотой гэж та бодож байна уу?

Мияазаки: Манай студид компьютер дээр олон арга техникээр ажилладаг уран бүтээлчид бий. Үүний зэрэгцээ аналог аргын давуу талыг тун сайн мэддэг хүмүүс бий. Энэ аргын онцлог нь хүний бие физиолиогитой гүнзгий холбогддог. Жиблигийн графикчид энэхүү физилогийн элементийг компьютероор илэрхийлж чадна гэдэгтээ итгэлтэйгээр төрөл бүрийн арга туршдаг.

 

- Бүрэн хэмжээний анимэ бүтээх нь бие махбодь, оюун санааны хувьд туйлдуулдаг нь мэдээж. “Мононоке гүнж” гарсны дараа та тэтгэвэртээ гарахаа зарлаж байсан. Одоо юу гэж бодож байна?  

Мияазаки: Уг нь тэтгэвэртээ гарахад хамгийн тохиромжтой үе байсан юм. Тэр үед би шинэ юм эхлүүлэх байсан байх. Тэтгэвэртээ гараад амьдралыг хэрхэн таашаахаа аль болох эртхэн ойлгож, мэдрэх нь чухал гэж боддог юм. Сайхан боломж байсан юм даа.


 

- Жиблигийн цар хүрээ улам томорч байсан учир үргэлжүүлэн ажиллахаар шийдсэн үү?

Мияазаки: Үгүй дээ, хамгийн том шалтгаан нь би ер нь дандаа л ахиухан ажиллах, ахиад юм хийх гэдэг хэцүү зантай хүн. “Мононоке гүнж”-ийг хийсний дараа би бүүр эцэж туйлдаад ингээд дуусгая даа гэж бодсон. Киног маань ирж үзэх хүн байхгүй гэдэг бүр итгэчихсэн явсан болохоор ахиад бүтээл хийх боломж гарахгүй гэж бодсон л доо. Хачирхалтай нь бүхнээ зориулж хийсэн бүтээлээ ингэж бодож явтал маш олон хүн үзэж, надад ахин боломж олдсон юм. Энэ бүтээлд маш их хөрөнгө мөнгө, хүч зарсан тул Жибли дампуурлын ирмэгт очсон. Уран бүтээлчдэдээ огт боломжгүй шаардлага тавихгүй байхыг компаниасаа гуйдаг байсан цаг үе. Манай продюсер Тошио Сүзүки “Мияа сан, энэ лав ийм их мөнгө хөрөнгө зарлагадаж хийж байгаа сүүлчийн бүтээл байх шүү” гэж хэлж байсан юм. Киног маань хүн үзэхгүй гэж бодож явсан юм хойно тэтгэвэртээ гарна гэж бодолгүй яах вэ. Тийм нөхцөлд ахин бүтээл хийнэ гэж бодох нь биеэ тоосон хэрэг шүү дээ. Тоглоом наргиа биш юм шүү.


- Гэхдээ та дахин нэг төсөл эхлүүлсэн шүү дээ?

 Мияазаки: Чи нэгэнт найруулагч болчихвол хэзээд найруулагчаараа л байх болно. “Тэтгэвэрт гарсан найруулагч”, “Өмнө нь найруулагч явсан хүн” гэж ер нь дуулж байсан уу? Найруулагч гэдэг амьдралын сайн сайханд шунаж, хүсэл тэмүүлэл нь дуусдаггүй ажил. Тэгэхээр та хэчнээн жил найруулагч хийгээд ч илүү сайн сайхан хүн болсон мэт санагдахгүй. Ная, ерэн нас хүрээд ч ялгаагүй дээ.  

 

- Хүмүүст хандаж хэлэхийг хүсдэг зүйл тань юу вэ?

Мияазаки: Хүмүүст аятайхан сэтгэгдэл төрүүлэх юм хэлэх үү? Аль эсвэл үнэхээр юу мэдэрч явдгийг минь асууж байна уу? /инээв/

 

- Аль, альнийг нь....

Мияазаки: Юу мэдэрдгээ ярина гэдэг тийм ч амаргүй л дээ. Гэхдээ би энэ хорвоо ертөнц дээр гайхамшигтай зүйлс хэчнээн их байдаг тухай үргэлж бодож явдаг юм. Миний үзэж хараа ч үгүй маш олон үзэсгэлэнтэй, гайхалтай зүйлсийг олж нээгээд хүүхдүүдэд харуулахыг хүсдэг. Би өөрийгөө зөвхөн кино урлагаар хязгаарладаггүй. Киноноос гадна өчнөөн сайхан зүйлс бий дээ. Ингэж л бодож явдаг даа.

 

- Кино бүтээж байхад, цаашид хийх бүтээлүүдэд тань ч тэр хамгийн чухал гэж боддог сэдэв бий юү?

Мияазаки: Сүртэй сонсогдож мэдэх нь би хүүхдүүдийн зүрх сэтгэлд бүр сүнслэг чанарт нь хүрэхийг хүсдэг. Тэдний зүрх сэтгэл ариун нандин, гэнэн цайлган, гэгээлэг, өр зөөлөн гэх мэт үгсэд хашигдахгүй. Ийм сайхан зан чанарууд чухал байлгүй яах вэ. Гэхдээ би нэлээд ерөнхий, энгийн зүйлийн тухай хэлж байгаа юм. Ялангуяа нялх балчир хүүхдүүд эхийнхээ гэдсэнд байх үедээ мэдэрсэн зүйлс, днх-гаар дамжин ирсэн санах ой дахь эрт урьдын явдлуудаас улбаатай их хүчирхэг байдаг. Амьдралын даваа нугачаанд бүдчиж явсаар уйтгартай том хүмүүс болцгооно. Эсвэл тийм болохоос өөр аргагүй гэж хэлэх ёстой байх. Тэр олон даваа нугачааг давалгүй үсрээд насанд хүрчихвэл их олон асуудал гарах нь мэдээж хэрэг. Гэсэн ч би хүүхдийн зүрх сэтгэлд томчуудын ойлгож, хүрч чадахааргүй ямархан нэг юм байдаг гэж итгэсээр байдаг. Хүүхдүүдийн хэмжээнд хүрч, зүрх сэтгэлийг нь хөдөлгөж чадах бүтээл хийхийг л хүссээр иржээ. Хүмүүс гэрлэж, хүүхдүүд төрсөөр. Би тэднийг хараад бодож явдаг шигээ сэтгэл зүрхэнд нь хүрэхээр кино хийж чадах эсэхээ үргэлж боддог. Ирээдүйд хэрхэн амьдрахаа мэдэхгүй бяцхан хүүхдүүдэд “Хэцүүхэн газар ирлээ дээ” гэж хэлмээр санагдах үе бий. Гэвч үнэндээ, “Энэ хорвоод төрсөнд баярлалаа” гэж хэлдэг. Тэднийг энэ бодит амьдралтай холбох гүүр барина гэдэг амаргүй хэрэг. Би хүүхдүүдийг энэ дэлхийд төрсөндөө баярлаж талархаасай гэж хүсэж  бүтээлүүдээ хийдэг.

 

Орчуулсан Б.Дэлгэрмаа 

Сэтгэгдэл хэсэг