Бичих дуртай хүмүүсийн хийж болох 13 ажил


Бичих чадвартай хүмүүст олон төрлийн ажлын байр бий. Бичих ажлын төрлүүд, сайн бичих чадвар эзэмшихэд тус болох аргуудыг энэхүү нийтлэлээс  уншаарай.

Бичсэнээрээ амжилтанд хүрэхэд тань тус болох таван ур чадвар.

Сайн зохиолчдод байдаг эдгээр чанар, ур чадварууд таныг амжилттай зохиолч болгоно.

1. Дасан зохицох чадвар: Өдрөөс өдөрт хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй дижитал ертөнцөд технологийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хүмүүс бичсэнээрээ амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг. Хайлтын системийг оновчтой, үр дүнтэй ашиглаж, стратеги, маркетингийн чиг хандлагыг ойлгож дагаж мөрдсөнөөр сошиал медиа платфлормууд танд өрсөлдөх давуу тал болж, бичвэрээ хүмүүст хэрхэн хүргэх тухай мэдлэгтэй болно.


2. Сониуч зан: Амжилтанд хүрсэн ихэнх зохиолчид шинэ зүйл сурч мэдэх хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг. Сурах хүсэл тэмүүлэлтэй байснаараа санаагаа уран чадварлаг илэрхийлж, хүмүүст үнэн зөв мэдээлэл хүргэж, сэтгэлд хоногших зар сурталчилгааны зохиол бичиж чадна.


3. Бусдыг ойлгох чадвар: Та ямар ч төрлөөр бичдэг бай уншигчдаа ойлгодог байх хэрэгтэй. Бичихдэээ уншигчдийн оронд өөрийгөө тавьж үзсэнээр уншигч таны бичвэрийг гүн гүнзгий мэдэрнэ. Тодорхой нэг бизнесийг сурталчилж бичдэг хүмүүс үйлчлүүлэгчдийнхээ оронд өөрийгөө тавьснаар тэднийг илүүтэй ойлгож амжилтанд хүрнэ.   


4. Тууштай байдал: Та зохиолч, чөлөөт уран бүтээлч, зар сурталчилгааны зохиолч байсан ч тууштай байдал нэн чухал. Бичнэ гэдэг амаргүй ажил ч гэлээ чөлөөт уран бүтээлчид үйлчлүүлэгчдээс ажил авч, орлогоо тогтмол байлгах нь чухал. Бичвэрийн төрлөөс үл хамааран янз бүрийн нөхцөл байдал тохиох нь бий. Гэхдээ амжилтанд хүрсэн зохиолчид бэрхшээлтэй үеэ шаргуу хөдөлмөрлөж давдаг


5. Амжилттай зохиолчид тухайн нэг сэдвийн хүрээнээс давсан өргөн хүрээний мэдлэгийг уншигчдад өгдөг. Мөн өвөрмөц харах өнцөгтэй байдаг. Бичвэрээ өөрийн гэсэн харах өнцөгтэй байлгахын тулд таны сонирхлыг татдаг сэдвийг шүүрдэж, эрүүл хайгуул хийгээрэй. Жишээ нь, бичихийг хүсдэг инженер бол технологийн компаниудад сурталчилгааны ажил бичих гэх мэт.

 

Сайн бичихэд зайлшгүй хэрэгтэй дөрвөн ур чадвар 

Бичихтэй холбоотой бүх ажилд дараах чадварууд тун хэрэгтэй

1. Харилцааны ур чадвар: Чадварлаг бичихийн тулд бусадтай харилцах, ярилцах ур чадвар мөн л чухал. Ярилцлага хийж, багаар ажиллаж, ухаан бодлоо уралдуулан хэлэлцэх шаардлага гарч ч мэднэ.


2. Судалгаа хийх чадвар: Зохиолчид ихэнхдээ өөрийнхөө үзэж туулснаас, мэдлэгийн хүрээнээсэээ давуулан бичдэг. Тиймээс аливаа сэдвийг үр дүнтэй, боги но хугацаанд судлах аргаа мэддэг байх нь чухал.


3. Тод томруун бичих чадвар: Бакалаврын зэрэг авч байж л бичнэ гэсэн үг биш. Зарим ажилд ороход диплом хэрэгтэй л дээ. Гэхдээ бичих ур чадвараа бичиж л харуулна. Зохиолчид өгүүлбэр зүй, дүрмээ сайн мэддэг, бичсэнээ засахдаа гаргуун байх хэрэгтэй.


4. Цагийн зохион байгуулалт: Бүхий л ажилд эцсийн хугацаа чухал байдаг. Амжилттай зохиолчид цагаа зохицууулж, ажлуудаа эрэмбэлж, хурдан хугацаанд үр дүнтэй ажилладаг.

 

 

Бичдэг хүмүүс хийж болох   13 төрлийн ажил

Зохиол бичихээс эхлээд контент бүтээх, сэтгүүл зүйн салбарт ажиллах зэрэг хийж болох олон ажил бий.

1. Блоггер:   Блог бичдэг хүмүүс бичвэрээ цахим орчинд нийтэлдэг. Эхлэн бичигч зохиолчид ийнхүү блог хөтөлж уншигчдад танигдах нь давуу талтай. Хоол хүнс, аялал жуулчлал, технологи гээд төрөл бүрийн сэдвээр баримтад тулгуурлан бичиж болно. Та цахим орчинд бүтээлээ нийтлэх арга зам эрэлхийлж буй зохиолч эсвэл зорилтот үйлчлүүлэгчдийн сонирхлыг татахыг эрмэлзэж буй бизнес эрхлэгч ч бай амжилт олохын тулд блог хэрхэн бичихэд суралцаарай.


2. Бизнес мэдээний нийтлэлч: Энэ төрлөөр бичдэг хүмүүс тодорхой нэг салбар, бизнесийг сурталчлахын тулд контент бүтээж, сонин хэвлэлд нийтлэл бичдэг. Хэрэв танилын хүрээ тань өргөн, тухайн салбарын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, нэр томъёо сайн мэддэг бол энэ ажил танд тохирно.


3. Зар сурталчилгааны материалын редактор: Найруулан бичих ур чадвар сайтай редакторууд зохиолчид, бусад редакторуудтай хамтран зар сурталчилгаа нь тухайн бизнесийн үнэт зүйл, хэв маягтай тохирч байгаа эсэхэд анхааран ажиллана. Энэ төрлийн ажил эрхэлдэг хүмүүс ноорог гаргаж, зар сурталчилгааг шинэчлэн засварладаг.


4. Зар сурталчилгааны зохиолч: Мэндчилгээний хуудас, тараах материал, бүтээгдэхүүний тайлбар зэргийг маркетинг, сурталчилгаанд зориулж бичнэ. Тухайн компанийн ажилтан, эсвэл чөлөөт зохиолч ч байх нь бий.



5. Үл үзэгдэх нийтлэлч: Тухайн хүний талаар өөрийнх нь байр суурьнаас бичнэ. Ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтнууд гэх мэт үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж бичвэрээ боловсруулж, өмнөөс нь бичих ажил юм.



6. Тэтгэлэг, санхүүжилт горилон бичих: Энэ төрлөөр бичдэг хүмүүс ашгийн бус байгууллагууд, гарааны бизнесүүдэд шаардлагатайй санхүүгийн тусламж авахад нь тусалдаг. Бичих ур чадвараа ашиглан олон нийтэд тустай үйл хийж болох нь.

 

7. Сэтгүүлч: Сэтгүүлч, нийтлэлчид мэдээнээс эхлээд сэтгүүл зүйн бүх төрлөөр бичиж туурвидаг. Сэтгүүл зүйн бичлэгийн маш олон төрөл бий. Жишээ нь, сурвалжлагч баримт нотолгоонд тулгуурлан аливаа асуудлын үнэн мөнийг ил болгохоор ажилладаг.Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж мэдээлэл эрж хайж, боловсруулж, сурвалжилж нийтэд түгээдэг.  



8. Хэвлэлийн  мэдээ бэлтгэх: Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцдаг энэ төрлийн ажил эрхэлдэг хүмүүс сонин сэтгүүлийн редакц, телевиз радиод хэвлэлийн мэдээгээ бэлтгэн илгээдэг. Сайн бичсэн мэдээ нь шинэ бүтээгдэхүүн, бизнест ашигтай сурталчилгаа болдог.


9. Эрүүл мэндийн чиглэлээр нийтлэл бичих: Ажил мэргэжлийн туршлагадаа тулгуурлан эрүүл мэндийн чиглэлээр нийтлэл бичнэ. Ихэвчлэн аль нэг газар харъяалагддаггүй чөлөөт нийтлэлчид байдаг. Эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэл бичих, блог хөтлөх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, эрүүл мэндийн боловсролтой холбоотой телевизийн нэвтрүүлэгт зөвлөхөөр ажиллах зэрэг олон талтай.


10. Дэлгэцийн зохиолч: Кино, телевизийн нэвтрүүлгийн зохиолыг бичнэ.


11. Хайлтын системд  ажиллах: Хайлтын системийн үр дүнгийн хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хайж буй оновчтой мэдээллээ олж, вэбсайт руу нэвтрэхэд тусална. Гол зорилго нь хэрэглэгчдэд хамгийн их ач холбогдолтой хайлтын нэр томьёог Google-ийн үр дүнгийн хуудсанд эрэмбэлэх явдал юм.


12. Тусгай мэргэжлийн бичвэр: Зааварчилгаа, гарын авлага зэргийг бичнэ. Энэ ажил танаас нарийн тодорхой, өргөн хүрээний мэдлэг шаардана.


13Веб контент бичих: Интернэт, сошиал орчинд төрөл бүрийн контент бэлтгэнэ. Мөн контент маркетинг, хайлтын системд бичих, хэрэглэгчдийн судалгаан дээр ажилладаг.


 

Орчуулсан: Б.Дэлгэрмаа

Эх сурвалж: masterclass.com  

Сэтгэгдэл хэсэг