“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг уран зохиолын бэсрэг бүтээлийн цуврал маань хорьдугаар зууны сүүлийн хагаст төрөн гарсан хамгийн нөлөө бүхий герман хэлт зохиолчдын нэг, Нобелийн шагналт Петер Хандкегийн гол бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан туужаар бүл нэмж байна.
1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан тууждаа Хандке амиа егүүтгэж өөд болсон ээжийнхээ талаар мэддэг бүхнээ амьдарч асан он цагийнх нь үүх түүх, тэр дундаа нацистын дэглэм, дэлхийн хоёрдугаар дайн, дайны дараах үеийн австричуудын ахуй амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэн сонирхолтой бичжээ. Хүнд бэрх, ядуу тарчиг ахуйд төрж өсөөд, хангалуун жаргалтай амьдралыг мөрөөсөн тэмүүлсэн ч хувь тавилангийн хатуухан буулгад талхиулсаар хорвоогоос буцсан ижийнхээ тухай хайр, бахдал, харамсал, гомдол, цухал, ухаарлаар сүлж бичсэн хүүгийн дуртгал халуун дулаан, танил дотно мэдрэмжийг уншигч танд төрүүлэх биз ээ. Уг номыг Норвегийн нэрт зохиолч Карл Уве Кнаусгорд “Энэ цаг үед герман хэлээр бичигдсэн үнэ цэнтэй, шидээвэр бүтээлүүдийн нэг” хэмээн үнэлсэн байдаг.
Зохиолчийн тухай танилцуулахад, Петер Хандке 1942 оны 12 дугаар сарын 6-нд Австрийн өмнөд хэсэг дэх Каринти мужийн Гриффин тосгонд мэндэлжээ. Багаасаа уран зохиолд шимтэж өссөн тэрээр анхны бичвэрээ 12 настайдаа сургуулийнхаа сонинд нийтлүүлж асан түүхтэй. Хандке Грацын их сургуульд хуулийн мэргэжлээр суралцаж байхдаа “Балч зөгийнүүд” (1966) хэмээх анхны романаа хэвлүүлэх болсноор уран зохиолын ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьсан юм. Зохиолчийг олонд таниулсан анхны бүтээл нь “Үзэгчдийг доромжлохуй” нэртэй авангард жүжиг байлаа. Түүнээс хойш “Зүүднээс ч чинагш уй”, “Давталт”, “Моравын шөнө”, “Каспар”, “Солгой гартай эмэгтэй”, “Хүслийн жигүүр” тэргүүтэй олон арван роман, тууж, жүжиг, киноны зохиол бичээд байна.
Орчуулагч: Дашцэрэнгийн Мөнххишиг
Редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Орчуулгын редактор: Батсайхан Сувддулам
Хавтасны зураг: Нямдэлгэрийн Энхболд
Концепц дизайнер: Баттулгын Төгсжаргал
Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ