Б.Цовоолог: Уран зохиол гайхалтай. Хүмүүсийн амьдралыг уншаад, ойлгож мэдрээд, ухаараад байгаа юм шиг атлаа тэднээр дамжуулж өөрийгөө таньж мэддэг.

   

“Тагтаа”хэвлэлийн газраас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, номын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаагийн дугаартаа бид Токио хотын Шинагава дүүргийн захиргаанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэлтэст ажилладаг уншигч Цовоологийг урьлаа. Баяраа овогтой Цовоолог. Ховд аймгийн Алтай сумын харьяа. Япон улсын Токио хотод гэр бүлийн хамт амьдардаг. Удирдлагын Академын  баклаврын ангийг төрийн захиргааны менежмент мэргэжлээр төгссөн.

 

Танайх номын сандаа хэдэн номтой вэ?
Гадаадад амьдардаг болохоор нүүдэл суудал их. Ном ачаа болдог учраас эхэндээ уншаад шууд зардаг байсан. Ажил амьдрал тогтоод сүүлийн хоёр жил номоо цуглуулж байна. Энэ асуултад хариулах гээд анх удаа тоолж үзлээ. 250 гаруй ном байдаг юм байна. Одоохондоо номын тавиур байхгүй. Сэтгэл доторх төсөөллөөр бол нэг хана дүүрэн номын сантай болмоор байдаг. Японд их  газар хөдөлдөг болохоор номын сан хийж зүрхлэхгүй л байна. Ихэнхдээ ширээн дээрээ өрчихдөг. Гэрийнхээ тавилгуудын байрлалыг солихоор сэтгэл санаанд нөлөөлдөг шиг номоо хана дагуулж эсвэл ширээн дээр янз бүрээр өрж өөрийгөө баясгаж амьдардаг даа.

  

Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номоо нэрлэвэл?
Одоо эргээд бодохоор би багын л унших дуртай хүүхэд байсан юм билээ. Бүүр багадаа уншиж сурсан ч гэсэн тэр үеийн дурсамж байдаггүй. Нэг мэдэхэд л уншдаг болчихсон байсан. Манай гэрт Д.Нацагдоржийн түүвэр байдаг байсан. Тэр номыг бүр ноорхой болтол нь, бүх өгүүллэг, жүжгийг нь цээжээрээ мэддэг болтлоо уншиж байсан.  Хуучин хүү өгүүллэгийг нь орчин үеийн хүү болгож өөрөө бичиж хүртэл  үзэж байлаа. Тэр үед хэн нэгэн ном дөхүүлээд, номтой нөхөрлүүлчихсэн бол  арай эрт номын амтанд орж илүү ихийг унших байсан биз. Нэлээд хожим байнга ном унших болсон.

Амьдрал, үзэл бодолд нөлөөлсөн гэвэл зохиолч  Г.Аюурзана гуайн номууд юм байна. Намайг уран зохиолд эргэлт буцалтгүй оруулсан даа.

 

 

Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?
Уран зохиолын номууд. Яагаад гэхээр уран зохиол гайхалтай шүү дээ. Зохиол доторх хүмүүсийн амьдралыг уншаад, бусдыг ойлгож мэдрээд, ухаараад байгаа юм шиг ч тэднээр дамжуулж  өөрийгөө ойлгож анзаарч таньж мэддэг. Өөрийгөө олно эсвэл бүтээнэ гэдгийг уран зохиол унших гэж боддог. Гэхдээ сэтгэл судлал, хүүхдийн хүмүүжил, хоол зүй гээд төрөл хамаарахгүй уншдаг.


 
Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?
Зохиолч Г.Аюурзана . Пауло Коэльо зохиолчид бас дуртай. Алдарт “Алхимич” номоос нь эхлүүлээд орчуулагдсан бүх номыг нь уншсан.  Оршихуйн хямрал, сэтгэл гутралыг хүн бүр л туулдаг байх.  Би тийм үедээ (үнэхээр хэцүү байсан) “Вероника үхэхээр шийдсэн нь”, “Нууц”, “Тагнуулч” зэрэг номуудаар дамжуулж  мэдрэмжүүдтэйгээ танилцаж, ойлгож, давж гарсан. Тийм болохоор дуртай. Тэр үед  нөлөөлсөн өөр зохиолчийн номууд бас байгаа л даа.

Агота Кристоф зохиолчийн бичих хэлбэр гоё байсан. Мураками Харүки зохиолчийн номуудад  дуртай  сүүлд Ёшимото Банана бас их таалагдсан .  Гэхдээ онцлох их хэцүү байна. лныг нэрлэмээр санагдаад дуусахгүй юм байна.

 Өнгөрсөн жил  би “Тагтаа” хэвлэлийн газрын гаргасан “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” номыг уншаад зохиолчийнх нь авьяасыг биширсэн. Эх орноосоо хол байгааг хэлэх үү дүрслэлүүд нь  нүдэнд харагдаад зөндөө уйлсан. Номын цаана тухайн нийгэм, түүх нь хамт явж байдаг шүү дээ. Бидний хүүхэд нас нээрээ л ингэж өнгөрсөн дөө, тухайн үеийн нийгэм тийм байсан даа гээд л… сумын төвийн амьдрал нь танил гэж жигтэйхэн сайхан бүтээл, гоё бичдэг зохиолч байсан. Мө Батбаяр зохиолчийн дараагийн номыг хүлээж байгаа. Орчуулсан номуудыг нь ихэнхийг уншсан гэхдээ өөрийнх нь номыг хүлээж байна.

 

Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ. Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?
Хэвлэлийн газруудын сошиал хаягуудаас номын мэдээлэл авдаг. Ном уншдаг хүмүүсийн сэтгэгдэл, тэмдэглэлүүдийг унших дуртай болохоор сонголт хийхэд нэлээд нөлөөлдөг.


Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?
Ножо” хэвлэлийн газраас гаргасан “Сувд”, Монсударын утга зохиолын цувралын “Шатар”, “Манай бүдэрсэн баатар” гээд номуудыг хамт уншаад дуусгасан. Одоо Нацүмэ Соосэки зохиолчийн “Кокоро”, Стивен Кинг “Бичихүйн тухай” номуудыг уншиж байна.

   

Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?
Монсударын солонгон өнгөтэй утга зохиолын цуврал багцаараа  хямдарчихсан байсан юм. Би харчихаад “гоё юмаа бүгдийг авлаа ч энэ их номыг наашаа авч ирэх хэцүү юм даа” гэсэн чинь манай нөхөр “алив ямар ном байдаг юм” гээд асууж байсан юм. Түүнээс хэдэн сарын дараа томилолтоор Монгол яваад ирэхдээ чемоданаа солонгон цувралаар дүүргээд ирсэн. Тэр үед 49 дэх цуврал нь гарчихсан байсан юм. Одоо тэр  номуудаа харахаар хайр хүрээд байдаг.

 

Ном унших арга барил, дадлынхаа талаар хуваалцана уу?
Ном уншихад зориулж цаг гаргадаг.
Өглөө эрт цэцэрлэг хүрээлэнд унших дуртай. Гоё орчинтой кафе орж уншдаг. Тэгээд мэдээж гэртээ уншина.  Сууж ном уншдаг сандалтай. Метронд ажилдаа ирж очих замдаа байнга уншдаг. Сонирхуулахад Япончууд ер нь маш сайн уншдаг. Метрогоор нэг уншсан хүмүүс л байдаг.

Олон ном зэрэг эхлүүлчихдэг. Ажилд явах замдаа, метронд унших, гэрт унших, электрон хэлбэрээр унших гээд. Өглөө сандарсан үедээ номоо мартана гэж байхгүй. Метронд унших ном цүнхэнд л явж байдаг болохоор. Энэ мэт аль болох унших боломж бий болгодог.

Цүнхэндээ ер нь байнга номтой явдаг. Энэ дадлаасаа болоод охидууд шиг жижигхэн хөөрхөн цүнх барьж чаддаггүй  ххэ. Хүнсний дэлгүүр орсон ч цүнхэндээ ном хийдэг. Мэдээж дэлгүүр ороод уншсан удаа байхгүй гэхдээ ном цүнхэндээ хийхгүй бол юмаа мартчихсан юм шиг мэдрэмж төрөөд байдаг.

  

Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?
Аль алинаар нь уншдаг. Япон номуудаа ихэнхдээ kindle дээрээ уншдаг. Мэдэхгүй ханзаа харахад амар байдаг юм. Гэхдээ яагаад ч юм цаасан номоо илүү барьж суучхаад байдаг талтай. Цаасан ном яалт ч үгүй өөр л дөө.

Уншихыг зөвлөх ном. Тус номын ач холбогдол, үнэ цэн. 

 Би унших тусам өөрийнхөө тухай л илүү их мэддэг болсон. Хүн чинь өөрийнхөө тухай хамгийн бага мэддэг юм билээ. Тиймээс дээр хэлсэнчлэн ном өөр лүүгээ өнгийхөд тусладаг гэж боддог.

 Бас бид үзэж туулсан амьдралаараа л амьдралыг хардаг шүү дээ. Гэтэл амьдрал бидний мэддэгээс уудам тансаг, бидний мэддэгээс илүү зовлонтой гачлантай, түмэн янзын хүн өөр өөрөөр амьдарч байна. Өөр хэл соёлтой, өөр амьдралын хэв маягтай энэ олон хүмүүсийн мэдрэмжүүд нь нэг цэгт огтлолцож байдаг. Энэ мэт өөрийнхөө мэдэхгүй ертөнц, туулж үзээгүй  амьдралыг номоор дамжуулж мэдэж чаддаг нь номын хамгийн чухал үнэ цэн юм болов уу. Олон янзаар амьдарч, олон газраар аялаж чадна шүү дээ.

Сонгууль  болох гэж байгаа юм чинь Жорж Оруэл “Амьтны ферм”, “1984”,

И Мүн Ёл “Манай бүдэрсэн баатар”  номуудыг санал болгож байна.

 

Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?
Ном ер нь унших бүрд өөрөөр уншигдда. Бяцхан хунтайж, Алхимич хоёрыг дахиж уншиж байсан юм байна. Дахиад нэг уншина гэж бодсон номууд бол нэлээд   их байна. Ойрын хугацаанд “Тэвчихийн аргагүй хөнгөмсөг оршихуй”-г ахин нэг уншмаар байна.

Tagtaa.mn сайт дээрээс анх уншсан санагдаж байна сэтгүүлч Энхцолмонгийн “Ганцаардлын 400 км” аялалын тэмдэглэлийг анх уншаад хадгалж аваад маш олон удаа уншсан. Яагаад гэдгээ өөрөө ч сайн хэлж мэдэхгүй байна.


Номоос санал болгох эшлэл?
Би нэлээд дотогшоо хүн. Ялангуяа асуудал, шаналал, зовлонгоо бүр их нуудаг. Японд амьдраад бусдад төвөг удахгүй гэж хичээгээд улам дотогшоо болоод байгаа санагддаг. Дотроо хадгалсаар багтахаа байгаад бүр бөглөрөөд ,нулимс хүртэл гарахгүй болчихдог юм билээ. Тэгж явсаар амьдралын аль нэг хүчтэй давалгаанд нам цохиулдаг. Гэтэл тэр бүхнийг чинь гаргаж ярьж, цэгцэлж, шийдвэрлэх ёстой юм билээ. Тийм болохоор “Хүний зүрх гэдэг чинадын нууцаа гагцхүү өөртөө л хадгалаад явж тэсэхээргүй хэврэгхэн зүйл билээ” гэх Аюурзана зохиолчийн “Сүнсний томьёо” номд гардаг эшлэлд дуртай.


 
Хэрэв та эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?
Аюурзана зохиолчийн номуудыг авч явна.


 

Би номын сантайгаа буланд дараагийн зочноор хэнийг санал болгох вэ?
Бишрэлт гээд найзаа урьж байна. Манай найз үнэхээр гоё номын сантай.

Танд баярлалаа. 

Сэтгэгдэл хэсэг