Зохиолчийн гацаанаас хэрхэн гарах вэ: Зургаан зохиолчийн туршлага

 

Зохиолчийн гацаанаас хэрхэн гарах вэ: Зургаан зохиолчийн туршлага

Joseph O'Neill 

Зарим зохиолчид өөрийгөө албадаж бичдэг гэхэд хилсдэхгүй. 

Ганц өдөр бичилгүй өнжхөөрөө тавгүйтэж, гэмшиж, өөрийгөө зовоож байдаг. Харин би бол эсрэгээрээ. Хэдхэн минут бичээд л тавгүйтэж, ялархаж, эвгүйтнэ дээ. Тэгэхээр миний хувьд гацах гэдэг гажуу хэрэг биш, харин бичих нь гажуу үйл байдаг юм. Бичнэ гэдэг аль нэг талаараа хөнөөлтэй ч байж мэднэ. Өөрийн доторхоо бэдэрч, үүх түүх хүүрнэж, гүн гүнзгий бодлуудаа уран цэцнээр гаргаж бичих гэж үгийн эрэлд хатна  гэдэг тэр чигтээ дотор хутгаж хаях ажил шүү дээ. Утгаа миний хүсэл эс бичих агаад уншигчдад хэрэг тус болох өч төчнөөн ном хэдийн бичигдсэн тул бичиж чадахгүй байлаа гээд харамсаж сүйд болохгүй дээ.

Урлан бүтээж буй хэдий ч хүмүүний бодол төсөөлөл, туулсан туршлагыг сая дахь удаагаа боловсруулж ахин нэг ном бичнэ гэдэг үнэндээ илүүц байж мэднэ. 

Би огт бичихгүй эсхүл маш бага бичих үедээ ингэж л боддог юм. Харин нэг л өглөө өөр мэдрэмж төрнө. Спорт, гэр бүл, багшлах, хорвоо ертөнцийн элдэв асуудлууд, ижил дасал болсон орчин нөхцөл, үргэлжийн хийдэг зүйлүүдээсээ хөндийрч дураар тааваараа байх цаг гардаг. Гэнэтхэн л элдэв санаа төрж, нэг хүн ширээндээ суугаад урсгаж гарна, инээдтэй ч юм даа. Таны уншиж байгаачлан миний зохиолуудыг бичдэг энэ хүнтэй би тийм ч нарийн нандин холбоотой биш. Тэр хүн бол зохиолч. Харин би зохиолчийн гацаа байх нь ээ.

 

Rumaan Alam 

Зохиолчийн гацаа гэдэг чинь хуурмаг зүйл. Гэхдээ ингэж хэллээ гээд би үргэлж бичихэд бэлэн, гайхалтай санаануудаар дүүрэн явдаг гэсэн үг бас биш. Таныг сайн бичиж чадах эсэхийг би мэдэхгүй л дээ. Та хэнд ч хэрэггүй юм бичиж ч болно. Би ч гэсэн ийм юм их бичдэг болохоор сайн мэдээд байгаа юм. Компьютер ширтэх, үзгээ шүүрхээс ч дургүй хүрмээр өдрүүд олон бий. Ийм өдрүүдэд би уншдаг.

Уншина гэдэг бичихтэй салшгүй холбоотой тул том зургаар нь харвал таны бичих үйлд тун ч их ач холбогдолтой гэж мэд. Бүр уншмааргүй санагдах ч үе бий. Би чинь бусдын л адил гэр бүлтэй, өдөржин ажилладаг хүн. Гэхдээ бид цаг үргэлж бодож явдаг. Бодно гэдэг бичих үйлийн нэгээхэн хэсэг. Бодож, бясалгасан бүхнээ хөгжүүлж зохиолоо бичнэ. Тэгэхээр зохиолчийн гацаанд орно гэдэг чинь амтат үлгэр байгаа биз.  


 

George Saunders

Зохиолч өөртөө хэт өндөр шалгуур тавьснаасаа болж гацаж орхидог гэж Дэвид Фостер Уоллес хэлсэн нь надад их таалагддаг юм. Та ч мэдэж байгаа. Эхлээд нэг мөр бичнэ, тэр нь өөдтэй юм болж өгөхгүй болохоор арилгана. Ахиад нэг мөр бичнэ. Цаг урссаар, бүтэлгүйтсэн амьтан хоосон дэлгэц рүү гөлийж сууна. Би бол бичсэнээ засаж суухдаа тайвширдаг. Эхэнд бичсэн муу өгүүлбэрүүд зүгээр л эхлэл шүү дээ. Хэрэв та муугаас сайн руу хэрхэн хүрэх замаа мэддэг бол энүүхэнд шаналаад байх хэрэггүй. Та бичих үйлийг хийж байгаа болохоос бичнэ гэдэг тэр чигтээ та биш шүү дээ. Үргэлж маргаан дагуулдаг хоёр юм бий. Эхнийх нь сайн зохиолын санаа тэнгэрээс гэнэтхэн харван орж ирээд бичигддэг, хоёр дахь нь үе шаттай, шантрашгүй, дахин дахин эрэл хайгуул хийж, бичсэнээ засах явцад сайн зохиол бүтдэг. Би л хувьдаа сүүлийнхтэй нь санал нэг байдаг. Бичсэнээ засах нь намайг догдлуулдаг. Бичих гэж оролдсоноороо юу бодож санаж явснаа ойлгодог. Эхэндээ муу байг л дээ, хамаагүй.  


                                                     

                                                   

 Qian Julie Wang 

Нью-Йорк хотыг миний онгод гэхэд хилсдэхгүй. Би гацчихаараа хотоор алхаж, гүйж, метрогоор зугаалж урам зоригоо сэргээдэг юм. Брүүклиний гүүрээр гараад, Бродвэйгээр Колумбын тойрог орчихоод буцаад гүйнэ. Гүйж, алхаж, метрогоор явж байхдаа эргэн тойронд байгаа хүмүүсээ хоорондоо хэрхэн харилцаж, ярилцаж буйг ажих дуртай. Хүн төрөлхтөн сэтгэл татам тэр дундаа энэ хотынхон тун чиг сэтгэл татам улс. Хүмүүс хоорондоо огт өөр атлаа төчнөөн адилхан шүү дээ. Ингэж гадуур явахад зохиолчийн гацаа арилаад  өгнө. Метронд суугаад харьж явахдаа бичээд эхэлдэг юм. Эргэн тойрны хүмүүсийн байр байдлыг ажаад шинэ санаа төрж, дүрүүд маань хөгжиж, үйл явдал өрнөөд ирдэг.  


                                                                   

 Ruth Ozeki 

Би бичих үйл явцдаа тэмдэглэл хөтөлдөг. 1996 онд анхны зохиолоо бичиж эхэлсэн үеэс хойш компьютер дээрээ хадгалсан энэ word файл маань ярилцаж, туршиж, санаа оноогоо тэмдэглэж болох газар юм даа. Зохиолынхоо тухай чөлөөтэй ярилцаж болох, хэзээд дэмждэг, миний бичиж буй зохиолын тухай сонсхоосоо хэзээ ч цааргаладаггүй, хүсэл сонирхлыг минь хуваалцдаг, бичиж байх бүх цаг хугацаанд үргэлж дэргэд байдаг үнэнч нөхөр минь юм. Би тэмдэглэлтэйгээ ярилцаж, элдэв асуулт асуудаг. Ямартай ч асуулт гараад ирэхэд хариулт олдоно. Тэгээд санаануудаа тэмдэглэж авдаг. Өөрөө өөртөө даалгавар өгч, ажлаа дуусгах эцсийн хугацаа өгч, шийдэх хэрэгтэй зүйлүүдээ жагсааж дүн шинжилгээ хийнэ. Судлах хэрэгтэй сэдвүүдээ жагсааж, уншиж, үзэж харж байгаа бүхнээсээ авууштай санаануудыг тэмдэглэнэ. Ахиц дэвшил, бичсэн хугацаа, хуудсуудаа ч алдалгүй тэмдэглэнэ. Тэмдэглэлдээ би сайрхаж, гомдоллож, уйлж, санаа зовж, хамгийн том айдас, өчүүхэн жижиг ялалтынхаа тухай бичдэг. Өглөө ширээндээ суухдаа л тэмдэглэл маань надад хэчнээн их тус болдгийг мэдэрдэг юм. Өдрийн турш бичсэн бүхнээ, цааш үргэлжлүүлэн бичих санаануудаа тэмдэглээд маргааш нь зохиолоо хаанаас эхэлж засахаа харна. Тийм болохоор хоосон хуудас ширтэж суух нь тун ховор. Худлаа л даа, гацалгүй яах вэ. Гэхдээ тэмдэглэлдээ хов зөөчихнө шүү дээ. Миний тэмдэглэл надаас хавь илүү ухаалаг шүү.

 Leslie Jameson 

Бага залуудаа би бичиж чадахгүй үеэ ёс юм шиг ууж, нарийн боов жигнэж давдаг байлаа. Мастерт сурч ахуйдаа маш их бялуу, жигнэмэг хийдэг байсан. Шоколадны үйрмэгтэй жигнэмэг, гадил жимсний кремтэй бялуу, цэлцэгнүүртэй шот хийнэ.

Одоо бол жигнэсэн амттанаасаа хуваалцдаг оюутантай таарахаар хайр хүрдэг юм. Хамаг юмных нь хугацаа нь тулчихаад түргэхэн шиг жигнэмэг хийсэн ч юм бил үү хэн мэдлээ. 


Одоо харин илүү зальтай үзэж байгаа. Дуусгаж чадахгүй байгаа ажлаасаа түр завсарлага авахын тулд бүр олон төсөл, ажлууд эхлүүлнэ. Гэхдээ би энэ аргаа санал болгохгүй ээ.

 

Б.Дэлгэрмаа


Сэтгэгдэл хэсэг