Миеко Каваками: Хэл

                                   

Японы зохиолч, яруу найрагч Миеко Каваками 1976 онд Осака хотод төрсөн. 2006 онд зохиолчийн гараагаа эхлэхэээсээ өмнө номын дэлгүүрийн худалдагч, дуучин байв. Зохиолч болохоосоо өмнө гурван цомог гаргаж 2006 оноос дуучны карьераа бүрмөсөн орхижээ. Япончууд түүнийг алдартай блоггер байснаар нь сайн мэднэ. Түүний бичвэрүүд оргил үедээ өдөрт 200.000 гаруй хандалт авдаг байв.  2008 онд “Chichi to Ran” зохиолоороо Акутагавагийн нэрэмжит шагнал хүртэж, “Heaven” романаараа 2022 онд олон улсын Бүүкэрийн шагналын богино жагсаалтад үлдэж, 2020 онд “Breasts and Eggs” романыг нь TIME сэтгүүлээс 2020 оны шилдэг 10 бүтээлийн нэгээр нэрлэж, олон улсад бестселлер болсон. Түүний бүтээлүүд дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагджээ.

Түүний зохиолууд өвөрмөц яруу найраглаг гэдгээрээ алдартай. Эмэгтэй хүний бие махбод, ёс суртахууны асуудлууд, орчин цагийн нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндөн бичдэг. Японы зохиолч Харуки Мураками түүнийг өөрийн дуртай залуу зохиолчоор нэрлээд, зохиол бүтээлүүдийг нь "тасралтгүй өсөж хөгжиж буй" хэмээн тодорхойлжээ. Зохиолчийн "Хэл" өгүүллэгийг Базаррагчаагийн Дэлгэрмаагийн орчуулгаар хүргэж байна. 

Чи жаахан жин нэмчихээ юу даа? гэж хөвгүүн асуув. Бид ням гарагийн үдэд амьтны хүрээлэнгийн анаашны хашааны урдах вандан сандал дээр хөлдөөгчинд дор хаяж хагас жил хэвтсэн болов уу гэмээр чулуу шиг хатуу зайрмагийн торхыг мэрж суув.  

Тийм байна уу?” гэж би асуулаа.

Үгүй ч юм уу. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт харснаас нэг л өөр болчихож. Эрүү чинь жаахан банхайчихсан ч юм шиг. Гэхдээ сайн л биз дээгэв. Би Сайн л биз гэдэг нь юу гэсэн үг юм бол гэж бодонгоо өнөөх хад чулуу шиг зайрмагаасаа хазлав.  


Банхайж, таргалах чинь сайн хэрэг үү? Намайг сонирхдог гэдгээ хэлээд байгаа юм байх даа? Тэгээд миний эрүүг ярьдаг нь ямар учиртай юм бол?”

Дуугаа хураасныг минь анзаараад ярианы сэдвээ өөрчлөх гэсэндээ хашаан дах хоёр анаашны тухай дэмий балай юм ярьж эхэллээ. Хүзүү нь яагаад ийм урт байдаг , арьсан дээрээ яагаад ийм толботой байдаг тухай...тэрхэн үедээ л зугаатай санагдах ч төд удалгүй мартагдах хэрэгтэй хэрэггүй баримтууд. Тэр надруу гэмшингүй хараад, Түрүүн буруу юм ярьчихсан уу?” гэхэд нь би юу гэж хэлснийг нь хэдийн мартчихсан сууж байв.

Чамайг таг дуугүй болчихоор уурлуулчихав уу л гэж бодлоо.

Үгүй дээ, би уурлаагүй.

Хэн аль нь эвгүйцэж тухгүйтсэндээ халуун орны шувуудыг үзэлгүй тэндээсээ харихаар болов. 

Маргааш сургууль дээр уулзъя.

Бид гар даллаад хоёр тийш явлаа. 

Толгой тархи янгинаж, чамархайгаар хатгуулна. 

Гэртээ ирээд толинд хартал нүүр маань нээрээ нэг л биш. Хацар бүр хавдчихсан байлаа. Гахайн хавдар тусчихсан юм болов уу гэж бодоод нүүрээ жаал тэмтэрч үзлээ. Гэхдээ арван долоо хүрчихээд гахайн хавдар тусна гэж байх уу даа? Жаахан байхдаа л тусдаг өвчин биз дээ. Ингэхэд бие хаа өвдөж мэдэгдсэн бил үү? Уг нь халуурч бүлээрээгүй ч толгой өвдөх нь ер намжсангүй.

Оройн хоолны үеэр эгч өөдөөс харж суугаад нүүр лүү ширтэнэ. Хүүе, нүүр чинь бүр малийчихжээ

Аав, Ээж хоёр тахианы махаа чимээгүйхэн идэж суулаа. Би ч үг дуугуй аман дахь махаа зажилсаар. Их юм зажилснаас ч болов уу эрүү завж өвдөж, хооллож дуусахтай зэрэгцэн нүүр тэр чигтээ янгинаад эхэллээ. Би хоолоо зажилж, зажилж бүр тэсэхээ байгаад босож, Миний нүүр янгинаад өвдөөд байна гэж хэнд ч юм хэлээд өрөөндөө орохоор явав. Аав, Ээж хоёр юу ч хэлсэнгүй. Харин эгч хөхрөв. Шалихгүй хүмүүст л ийм юм тохиолдоно доо. Аймхай хулчгар атлаа алдаж эндэхийг үзэн яддагтаа амьтан хүнд аятайхан харагдчих гэж үргэлж хичээдэг юм. Тэгээд л нүүр ам нь ийм болж байгаа юм даа. Үнэн биз?” гэж өрөө рүүгээ зүглэх замдаа эгч хэллээ. Аяга таваг харшилдах чимээтэй зэрэгцэн ойрд нэг л хачин танил бус сонстоод буй аавын дуу гарав. Маргааш эмчид үзүүлсэн нь дээргүй юу?”

Шөнө өтгөрөх тусам нүүр ам улам өвдсөөр. Эртхэн шиг эмнэлэг явахгүй яав даа гэж харамссан ч хөнжилдөө шургаад маргааш зүв зүгээр болчихно гэж өөртөө хэллээ. Харанхуйд өдрийн харсан амьтад нэг нэгээрээ нүдэнд үзэгдэж сарнин алга болсоор. Уг нь өөр өөр амьтад атлаа бүгд нэг их бор эсвэл цагаан өнгийн үс ноостой байх юм.  Би ер нь яаж яваад амьтны хүрээлэн орчихсон юм бол? Уг нь  явмааргүй байсан шүү дээ. Өвс ногоо, өтөг бууц, шороон холилдон үнэртэх давчуухан харанхуй нүх шиг газарт хонь, зааны нүд тодхон харагдана. Явахгүй байж болох л байсан. Амралтын өдрөөр өөртөө огтхон ч таалагддаггүй хөвгүүнтэй болзоонд явсандаа гэмшиж байна. Ерөөсөө ч хөгжилтэй байгаагүй. Найз нөхдийнхөө дунд ч үгүй гэж хэлэхэд хэцүү санагддаг болохоор шалтаг гаргаад зүгээр л зугтчихдаг юм. Би ер нь хэзээнээсээ л ийм яах гээд байгаа нь мэдэгддэггүй хүн байсан биз гэж бодохтой зэрэгцэн нулимс цийлэгнээд ирлээ. Гэвч одоо уйлах л юм бол салж өгөхгүй айдас хүйдэс хөнжил доороос мөлхөж гарч ирэх гээд байгаа юм шиг санагдахаар нь амьсгаагаа түгжиж, биеэ барьлаа. Тэгтэл гэнэт нэг л хачин оргиод толгойгоо өндийлгөж цонх руу харлаа. Эгч өнөөх л янзаараа шөнийн харанхуйд хөшигний завсраар цонхон цаанаас над руу ширтэн зогсоно.


 

 

Амьсгал давчидсаар сэрлээ. Үүр хаяарах яагаа ч үгүй, харанхуй хэвээр. Шөнө дунд болж байгаа бололтой. Нүүрээ тэмтэрч үзвэл том, зөөлхөн нэг юм амнаас унжиж байх шиг санагдав. Хэл маань амнаасаа гараад иржээ. Улам томорсоор аманд багтахгүй болж доош харвал цээжин дээр гулилзаж байх юм. Ингэх гээд л өвдөөд байжээ. Энэ хэл надаас зугтах нь байна.


Миний хэл хөөс шиг томорсоор төд удалгүй бие шиг минь том болов. Орны ирмэг давж шалаар нэг юм боллоо. Эрүү ам өвдөөд байсан нь ор мөргүй болжээ. Зүүн тийш харж зөөлөн хэлэн дээрээ хэвтлээ. Ямар ч ор, ямар ч газартай адилгүй урьд ер мэдэрч байгаагүй ер бусын зүйл мэдрэгдэнэ. Сайтар ажин харвал урд минь нуга хөндий алгуурхан гарч ирэв. Нуга руу хүрч очоод дээш харвал хөх цэнхэр тэнгэр зууван хэлбэртэй үзэгдэнэ. Хөл доор өдрийн харсан амьтад үзэгдэнэ. Хашаа хороогүй, эрх дураараа болсон амьтад хэрхэхээ эс мэдэн самгардах аж.  


 

Өмнө зүгийг чиглэн алхахад хүчтэй, халуун салхи хүүгэн үлээж, өвс ногоо найган ганхана. 


Аав, Ээж хоёр янгирын сүргийн дунд хоолны ширээнийхээ хоёр талд суугаад тахианы мах идэж байлаа. Тэд хооллож байхдаа нулимс дуслуулж суув. Хүүе, ингэтлээ идэх хэрэггүй ээ гэж хэлэх гэсэн ч хэлнээсээ болоод дуугарч чадсангүй. Тавган дээрх тахианы мах нь хөрсөөр, Аав, Ээж хоёр уйлангаа идсээр байлаа. Ингээд л хамгийн чухал мөчид би юу ч хэлж чаддаггүй, зүгээр л харж зогсдог доо. Хэзээд ийм л байсан. Тийм үедээ би гунигт автаж, ямар нэг юм хийхийг хүсдэг. Би яаж ингэж юу ч болоогүй мэт дүр эсгэж чаддаг юм бол? Тэр бүхнээ яагаад тийм хурдан мартдаг юм бол?”


Хаалга балбах чимээнээр нуга хөндий чичирхийлж, сиймгэр бараан үүлс тэнгэрийг бүрхлээ. Эгч ирчихэж гэж би бодов. Эсвэл өдөр хамт амьтны амьтны хүрээлэн орсон танихгүй шахуу өнөөх хөвгүүн юм болов уу? Хоёулаа хаалганы цаана ирчихсэн ч байж мэднэ. Хаалга улам чанга балбаж гарлаа. Урьд ер сонсож байгаагүй хачин жигтэйгээр салхи хүүгэхэд дээш харвал аварга том хад тэнгэрт хөвж явав. Өнөөх жигтэй чимээ тэсэхийн аргагүй боллоо. Том хад юу юугүй доош унаж, зүлгэн дээр бэлчиж яваа амьтад, ширээндээ хоол идэж суугаа Аав, Ээж хоёрыг бяц дараад газарт асар том нүх гаргах нь байна шүү дээ. Би тэднийг орж ирэхээс урьтаж хамаг хүчээрээ хэлээ хумиад өмнөө байгаа бүхнийг залгиж орхилоо.  


Орчуулсан Б.Дэлгэрмаа 

 


  


 

 

 

 

 


Сэтгэгдэл хэсэг