Элиф Шафак: Нүүдлийн шувуу

 

Нүүдлийн шувуу 

Алс хязгаарын энэ хотод өвөл айлчлахдаа олон хоногийн өмнөөс улин исгэрэх салхиар үг дайж, аянгат бороогоор элч зарж эгээ л эзэн хаан шиг ихэмсэг агаад сүр жавхлантай ирдэг юм. Гэтэл энэ жил тэгсэнгүй. Гэнэ сэрэггүй байхад гардан шалгах гэсэн шиг л ганцхан өдөрт, үгүй ээ бүр хэдхэн цагийн дотор хүрээд ирэв. Өглөө сэрэхэд чөмөг царцаам хүйтэн угтаж, үд дундын хэрд гудамж талбай цасан хөнжлөө нөмөрлөө. Цас зөөлөн бударч байснаа лавсан орж эхлэв. Өглөө нь аргалж чаргалаад хичээлдээ ирсэн бид орой зам нээгдтэл их сургууль дээрээ байхаас өөр гарцгүй боллоо. 

Би хувинтай элс дүүжилчихсэн юм шиг хүнд оргих гутлаа зөөж ядан хөл дороо цас чахруулсаар багш, оюутнуудын цайны газар луу алхав. Дотогш орвол дүүрэн хүнтэй байлаа. Цаг агаар сайжиртал цайны газарт толгой хоргодохоор шийдэцгээсэн бололтой. 

Байнга суудаг булангийн ширээ рүүгээ харвал миний сандлыг нэг залуу эзэгнэчихсэн, найзуудтай минь буу халж суулаа. Хамгийн түрүүнд хааш яаш самнасан долгионтой үс нь харц булаав. Өнгө нь шаргал боловч цонхоор тусах ёлтгор гэрэлд эгээ л мөнгөлөг юм шиг харагдана. Хар үс, хөрслөг бор царайтай хүмүүсийн дунд суух тэрээр хэн нэг жаалын будахаа мартаж орхисон зураг шиг сэтгэгдэл төрүүлэв.

Намайг дөхөж очих хооронд нөгөө залуу дэвтэр лүүгээ тонгойн нэг зүйл хэлсэн ч орчны чимээнд дарагдаад юу ч сонстсонгүй. Найзууд маань нир хийтэл инээлдэв. Ширээнд тулж очиход цангинасан инээд нь намдсан ч царайд нь мишээл тодорсон хүмүүс угтлаа.

“Аяла, наашаа суугаач. Өнөөдөр бид зочинтой байна. Турк хэл сурч байгаа залуу” гэж надтай нэгдүгээр ангиасаа хойш найзалж яваа Ясамин хэлэв. 

Хүн бүхний халирч зугтахыг хүсдэг газарт хаа холоос зорин ирдэг нь хачин л юм гэж би бодлоо. Яах вэ, бүх хүн явъя гэж боддоггүй ч байж болно л доо. Би лав бушуухан л арилах сан гэж хүсдэг. Угаасаа манай сургууль тийм ч сайн сургууль биш. Захирал өөрөө ч авч хэлэлцдэггүй юм чинь. Энд цагаа үрж суух зуур эдлэх ёстой амьдрал минь намайг огт өөр газарт хүлээж байгаа юм шиг санагдах үе олон бий. 

Нөгөө залуу над руу эргэж харснаа “Merhaba, benim adim Gerard. Senin adin ne?” гэж илэрхий аялгатай хэлэв. Найзууд маань хөхрөлдөж гарлаа. Хэд гурван үг туркээр хэлчих гээд хөгөө чирч суугаа харь хүмүүс хэзээд л бидэнд хайр татам харагддаг юм. Бид тэдний үгийг барагтаа ойлгохгүй байсан ч бузгай сайн ярьж байна гэж барин тавин нотлохоор оролддог сон. 

Гэвч энэ удаа би инээмсэглэсэн ч үгүй. Жерард над руу гараа сунгалаа. 

Би эрэгтэй хүнтэй огт гар барьдаггүй юм. Манай гэрийнхэн нэлээн шүтлэгтэй улс л даа. Ямартаа л арван нэгтэйгээсээ эхлээд (тэгэхэд сарын тэмдэг ч ирээгүй байсан) би эрүүн дороо алчуур зангидаж явах вэ дээ. Хэн ч харсан ойлгомжтой зүйлийг харь залуу анзаарсангүй бололтой. Гэсэн ч би түүнийг гомдоохгүйн тулд эелдгээр толгой дохилоо. Жерард алдаагаа ухаарсан бололтой, гараа татан авав. Хөөрхий залуугийн царай үл ялиг улсхийхэд хацар дээрх сэвх нь хүйтэн өдөр халуун сүүнд цацаж уудаг корица шиг л тодорч харагдлаа. Эрэгтэй хүн ичиж улайхыг урьд нь би харж байсангүй. Үүнээс ч илүү сэтгэл татсан зүйл бол эр хүний эмзэг нандин чанарыг олж харсан явдал байв. Залуугийн сэтгэлийг засахын тулд би эелдэг инээмсэглээд нэрээ хэллээ: “Аяла.”

“Ая-ла” гэж залуу сандрангуй өнгөөр давтав. 

Би ширээ захалж суугаад шинэ танилаа нүднийхээ булангаар ажлаа. Жерардын юм бүхэн нь цайвар талдаа аж –арьс, хурууны үе, хув шар туяатай ногоон саарал нүд гээд л. Ертөнцийн энэ хязгаар түүнд арай л хатуудах юм шиг санагдав. Тэрхэн мөчид түүнийг хэнээс ч юм, юунаас ч юм хамгаалах хүсэл оргиллоо. 

Хүүхэд байхад хоолойны махаа авхуулаад удаагүй байсан намайг хөгжилтэй байг гэсэндээ ээж минь дөнгөж нүдээ нээсэн дэгдээхэй авчирч билээ. Балчирхан охин би хүрэхээс ч эмзэг тэр хөөрхөн амьтныг хоёр алган завсраа хийчхээд бөмбөр адил түчигнэх бяцхан зүрхнийх нь цохилтыг чагнаархан бүтэн өдөржингөө хөдлөхгүй суудаг байсан сан. Муур барьчих вий, мэдэхгүй нэг нь няц суучих вий гэсэн мөнхийн айдастай явна. Хором ч тайван суухаа больсон намайг анзаарсан гэрийнхэн хөөрхий дэгдээхийг минь холын хол явуулчхаж билээ. Цусгүй юм шиг цонхигор царайтай энэ эр надад цомцгор жаахан дэгдээхийг минь сануулаад болсонгүй. Өөрт нь хүрэхгүй ч аюул осол бүрээс хамгаалж алган завсраа нандигнаж явмаар. 

 Маргааш нь цас хайлж зам нэлэнхийдээ шавар шавхай боллоо. Нэгдүгээр цагийн хичээлээ завсарлаад сууж байтал Ясамин над дээр ирж угсаа гарвал өөр хүмүүст итгэдэггүй зангаараа “Энэ голланд яг ямар хэргээр ирсэн юм бол?” гэж асуув. 

“Өчигдөр өөрөө хэлсэн шүү дээ. Европын холбооны нэг хөтөлбөрт хамрагдаад оюутан солилцоогоор ирсэн гээ биз дээ.”

“Түүнийг нь ч сонссон л доо” гэж Ясамин хэлээд уруулаа шилэмдэв. “Гэхдээ Европын холбоо Туркийг элсүүлдэггүй байж солилцоогоор оюутан явуулдаг нь сонин биш байна уу?”

“Чи арай хэтрүүлээд байгаа юм биш үү?”

Ясамин миний үгийг үл сонсоочийн дүр эсгээд “Энэ залуу арай номлогч юм биш биз дээ?” гэлээ. 

“Чи тэгж бодож байна уу?”

Ясамин толгойгоо байдгаар нь дохив. 

Хүч доройг хамгаалж чадахгүй байх вий гэсэн хүүхэд насны айдас сэдрэх шахсанд би харийн залууг өмгөөлөх ямар нэг үг олж хэлэхийг хичээлээ. “Харваас хэл сонирхдог нь илт байна лээ. Угаасаа хэл шинжээч болох юм гээ биз дээ.”

Ясамин үл итгэсэн янзтай хамраа үрчийлгэв. “Эсвэл тагнуул байх.”

“Манай хотыг тагнаж яах юм?” гэж би эсэргүүцлээ. 

“Чи ч яаж мэдэх вэ дээ!” гэж Ясамин хэлээд өөртэйгөө үнэнхүү санал нийлж буй бололтой үгээ давтав. “Чи угаасаа мэдэхгүй!”

Яг энэ үед Жерард цэцэрлэгийн сандал дээр сууж буй харагдсанд Ясамин бид хоёр дуугаа хураалаа. Жерард намайг хараад буу тулгуулсан хүн шиг гараа дээш өргөв. Би учрыг нь ойлголоо.  Ахиж надтай гар барихгүй гэдгээ илэрхийлж буй аж. Энэ удаа миний нүүр улаа бутраад явчхав. 

Түүнээс хойш Жерард бид хоёр хэд гурван үг сольдог болж хэн хэнийхээ талаар мэдэж авсаар л байлаа. Би түүнийг харах гэж өглөөг тэсэн ядан хүлээдэг болов. Харцага шиг хурц нүдтэй ч хонь шиг номхон зантай Ясамин надаас “Аяла, чи яагаад байгаа юм бэ? Ой ухаанаа гээчхээгүй биз?” гэж үе үе асууна. 

“Бид хоёр зүгээр л найзууд шүү дээ. Байж боломгүй юм бодохоо боль!”

“Тэгсэн ч тэр чинь эрэгтэй хүн шүү дээ. Ядаж байхад муслим биш. Хүмүүс ч хагархай хэнгэрэг шиг л цуурна даа. Аав чинь мэдвэл...”

Энэ үгийг гүйцээх шаардлага Ясаминд байхгүй. Хэн ч идэхийг хүсдэггүй задгай чихэр шиг хөсөр хаячхаж болно.

“Санаа зовох хэрэггүй дээ. Би өөрийгөө мэднэ.”

Ясамин мөрөө хавчив. Энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт уйлж унжаад ирвэл чинь яасан ч чамайг аргадахгүй шүү гэсэн үг билээ. 

 

Улирлын сүүлчээр гэмгүй сайн найзууд болсон хойноо Жерард надаас алдаа болгоныг нь засаж өгч байхыг гуйв. “Хэтэрхий зөөлөн хандах хэрэггүй. Хатуу гараар үзэж байж л хэл сурна шүү дээ.”

Энэ цонхигор, ичихээрээ улаа бутардаг царайны цаана ер бусын их итгэл нуугдаж байсан ажээ. Яг л хотын доорх хот шиг. 

Нэг удаа үдийн цайны завсарлагаар бид анх танилцсан өдрөө дурсан ярилцав. Цас малгайлсан зэврүүн өдөр цайны газарт царай царайгаа анх харалцсан сан. Анх харахад үс нь эгээ л тэнгисийн мөнгөн долгио шиг үзэгдсэнийг хэлэхэд Жерард эг маггүй хөхөрснөө ээжтэйгээ усны дусал шиг адилхнаа хуучиллаа. Үснээс гадна шүд тааруу, хараа муу, сэтгэл тогтворгүйг нь хүртэл дуурайсан гэнэ. 

“Харин би анх чамайг хараад яасан ууртай охин бэ л гэж бодсон.”

“Яагаад тэр вэ?”

“Чи хөмсгөө байдгаар нь зангидчихсан байсан шүү дээ. Би ууртай хүмүүсээс айдаг л даа.”

Ийм үг унагана гэж төсөөлөөгүй ч үнэн сэтгэлээсээ хэлж буй нь илт байсан тул эгээ л цохон дундуураа татуулаад авах шиг санагдав. Жерард миний нүүрний хувирлыг хараад сэтгэл засахаар сандлаа дөхүүлэн суухдаа шүргэлцэхгүйг хичээж буй нь илт байлаа. “Гэхдээ чамтай найзалсныхаа дараа буруу бодсоноо ойлгосон л доо.”

Бид хэдэн хором чимээгүй суув. Би түүнд ууртай хүмүүс ямар байдгийг хэлж зүрхэлсэнгүй. Аав маань айхавтар ууртай л даа. Ер нь л ааш муутай, учрыг нь олоход бэрх хүн. Залуудаа олиг муутай цэнгээний газруудаас салдаггүй байсан талаар нь элдэв шалдав яриа чих дэлсэх нь олон ч манайхан бүгд л үл мэдээчийн дүр эсгэдэг сэн. Хожим нь гэм нүглээ ухаарч, шашин шүтлэгтэй болсон ч хавьтсан ойртсоноо хяргах шахдаг нь хэвээрээ үлдэж билээ. Байнга л уушги зүрх нь сагсайж явдаг түүнийг бурхан ч зөөллөж чадаагүй юм.

Жерард миний бодлыг уншсан юм шиг манай гэрийнхний тухай, тэр дундаа эцэг эхийн маань талаар асуулаа. Дараа нь итгэл үнэмшил хийгээд бурхны талаар ямар бодолтой явдгийг минь сонирхов. Эвгүй л гишгэвэл гүн цүнхээлд хөл алдчих гэж байгаа юм шиг үг хэлээ их л цэнэх хэр нь илүү ихийг мэдэж авах гэсэн хүслээ барьж дийлэхгүй байгаа бололтой.  Жерард намайг хэт хүчлэхгүй ч зугуухан асуусаар л байсан тул нэг л мэдэхэд би танилцаад удаагүй хүнд бүү хэл дотно найздаа ч хэлэхгүй гэж боддог байсан бүхнээ хуучилж орхисон байлаа. 

 

Манай гэрийнхэн дотор эмээ шиг шүтлэгтэй хүн үгүй. Гэхдээ аавыг бодвол ариун номын мөрөөр амьдардаг тул би түүнд Жерардын талаар ганц хоёр үг цухуйлгадаг болов. Хүнд ярихгүй л бол хэл загатнаад болох юм биш. 

“Сэтгэлийн жолоогоо сул бүү тавь, охин минь” гэж эмээ хэллээ.

“Жерард христийн шашинтай учраас уу?” гэж би асуув.

“Үгүй ээ, нүүдлийн шувуу учраас. Түүн шиг хүмүүс нэг газартаа удаан тогтдоггүй юм” гэж эмээ хариуллаа. 

Эмээгийн үгэнд итгэлийн оч гялсхийсэн тул би даруйхан өлгөж авав. “Тэгэхээр та өөр шашинтай байх нь асуудал биш гэж хэлж байна уу? Юу л даа... хэрвээ Жерард шийдвэл хэзээ ч хамаагүй шашнаа сольж болно, тийм ээ?”

Эмээ над руу сэртэс хийн харснаа “Аав чинь сонсвол бөөн юм болно доо” гэлээ.

“Гэхдээ та ээж нь шүү дээ. Тэгээд ч өндөр настай хүн. Аав таны үгийг сонсох ёстой биз дээ.”

Эмээ муухан мушилзав. “Аавын чинь сэтгэлийг Аллах л зөөллөж чадах байх. Хэзээ тийм өдөр ирэхийг харин хэлж мэдэх юм алга. Тэр болтол цөсийг нь хөөргөчхөлгүй шиг тэвчээртэй хүлээгээд, залбирч суухаас өөр яах вэ.”

Хавар хэдийн айлчилсан ч хүйтэн гэж жигтэйхэн. Би гэж хүн эрүү, өвдөг нь нийлэх шахсан аятай үргэлж л дагжин чичирч явдаг болов. 

Маргааш өглөө нь би Жерардаас зай барих гэж оролдсон ч бүтэлтэй юм болсонгүй. Үд гэхэд л бид урьдын адил элдвийг хуучлан, инээж хөхөрсөөр явлаа. Хүн бүхний харц бидэн дээр тусна. Шар толгойтой европ залуу, толгойдоо алчуур зүүсэн охин хоёр хүзүү сээрээ холбох нь холгүй явахад харахгүй өнгөрөх хэн байх билээ. 

 

Үдшийн цагаар би эгч Фатматайгаа хуваадаг унтлагын өрөөндөө бүгээд Жерардаас өө сэв олох гэж ой дуртгалаа нэгждэг ажилтай болов: Хоол идсэнийхээ дараа тагнайгаа ташдаг. Нухацтай бодоод үзвэл надад таалагдахгүй л зуршил. Арьс нь гэж будаг нь хууларсан хашаархуу л юм харагддаг. Тэр сэвх нь лав гар, нуруун дээр нь ч байдаг байх аа. Ингэж бодоход ой гутах биш огт өөр зүйл толгойд оров. Би түүнийг нүцгэн байгаагаар төсөөлөх гэж оролдлоо. 

Хэрвээ бид хуримлавал хүүхдүүд маань ямаршуу төрхтэй байх бол? Миний хар нүдийг дуурайх болов уу, эсвэл аавынхаа шар үсийг өвчиж төрөх болов уу? Гэрлэснийхээ дараа Голландад амьдарч болох л юм. Гэхдээ ойр тойронд ислам шашинтнууд амьдардаг байвал зүгээр байх аа. Жерард угаасаа муслим болох нь ойлгомжтой. Нэрээ ч бас өөрчлөх биз. 

 

Түдэлгүй Фатма олоод мэдчихэв. Миний тэмдэглэлийн дэвтрийг уншсан нь гарцаагүй. “Аав арьсыг чинь хуулна даа” гэж эгч сануулав. 

Би Жерардын нэрийг бичсэн бүх хуудсыг дэвтрээсээ урж хаялаа. Өгч байсан жижиг сажиг бэлэг, үзгээ хэтэрхий чанга дарж “ü”, “ö” үсгийн дээд талын хоёр цэгийг баллаж сохлон бичсэн элдэв тэмдэглэл, үсэг, зураг бүхий гар бичмэлийг нь устгаж хаяхаар шийдэв. Өчнөөн сараар хэмжигдэх өдөр хоногуудыг ердөө ганц цагийн дотор ой санамжаасаа арчин хаяж болдог бололтой. 

 

Улаан өндөгний баяраар Жерард нутаг буцах боллоо. Ноднин өвөл Зул сарын чимэглэл нэгийг ч олж хараагүйдээ их л сэтгэл дундуур байж билээ. Жерард надад Улаан өндөгний баярын зан үйл, өндгөн шоколад авчирч нуудаг туулайн домгийг ярьж өгсөн ч эзэн бурхан, ариун ном судрынхаа талаар ам нээсэнгүй. Би түүний яриаг чих тавин чагнаж суулаа. Басхүү дотогшоо залгисан үгсийг нь ч анирдсан сан. 

Жерард явахынхаа өмнө надад Халил Жибраны “Хайр дүүрэн” хэмээх номыг бэлэглэв. Тэгээд “Надад яг адилхан нь бий. Хоёулаа нэгэн зэрэг нэг ижил ном уншвал хамтдаа байгаагаас ялгаагүй. Дараа уулзахаараа ухаж авсан зүйлсээ ярилцъя” гэлээ.

“Ухаарч ойлгосон зүйлс” гэж би засав. 

Жерард хайр дүүрэн мишээсэн ч хөдлөлгүй цэх суусаар байлаа. Би эргэн тойрноо болгоомжтой харав. Хонгилд бид хоёроос өөр хүн байгаагүй тул хайртынхаа хоёр хацар дээр үнсэж салах ёс хийлээ. Уруул халуу шатаад л явчхав. 

 

Би долоо арай хүрээгүй байсан санагдана. Нэг өдөр аав бүх мөнгөө биеэ үнэлэгч хүүхэнд сэгсрүүлж орхиод, болоогүй ээ бас өнөөхийнхөө ажилладаг цэнгээний газрын харуулуудад үхтлээ зодуулчихсан ирж билээ. Тэр өдрөөс хойш чухам гэмээ ухамсарлаж, урьд өмнө нь үйлдсэн нүгэл бүрээ цайруулахад үлдсэн насаа зориулахаар шийдсэн юм. Эхлээд гэрт байсан үнсний савнуудаа гарган хаяж, удаад нь угаалтуурын доор өрөөстэй байдаг архины шилнүүдээ цыган хөвгүүдэд өгч орхилоо. Ээжийн магнай сая л нэг тэнийв. Гэрээс архи, тамхи, хямд сүрчгийн үнэр сэнхийхээ больж, бөөлжис нь хатсан хувцас угаах ажил дуусаж, хөршүүд биднийг хялайн харах нь багаслаа. 

Нэг өдөр хичээлээ тараад харьж иртэл зочны өрөөний тавиур дээр байдаг зурагтын оронд хиймэл цэцэгтэй шилэн ваар харагдав.

“Зурагтаа яагаа вэ?” гэж би гайхаж цочирдсоноо нуусхийн асуулаа. Нэг нэвтрүүлгийг би алгасалгүй үздэг байсан юм л даа. Түүнээс гадна өвөөгийндөө очихоор явсан найздаа өнөө нэвтрүүлгийнхээ сүүлийн дугаарыг үзээд ярьж өгнө гэж амласан байв. 

Ээж миний юу яриад байгааг ойлгоогүй юм шиг өөдөөс хэсэг гөлөрснөө “Аав чинь аваад явсан” гэв. 

“Хэзээ буцааж авчрах юм?”

“Манайд зурагт хэрэггүй ээ” гэж ээж дуулдахтай үгүйтэй хэллээ.

Би орилж гарав. Ваарыг нь өшиглөж унагаад, бүх чадлаараа л эсэргүүцлээ. Орой нь аавыг хүрч ирэхэд харин юу ч болоогүй юм шиг цомцойж суув. Үглэж, аашлахыг минь өдөржин сонсоод залхаж гүйцсэн ээж, эгч хоёр өөд өөдөөсөө нүд ирмэж байгаа харагдлаа. Аавын өөдөөс үг сөргөж чадахгүй гэдгийг минь тэд мэдэлгүй яах вэ. Өөрсдөө ч надаас ялгарах юмгүй улс л даа. Бид хоорондоо яаж ч муудаж, хэрэлдэж маргасан бие биеийнхээ талаар аавд хов хүргэсэн удаа үгүй. 

Аав бидэнд нэг ч удаа гар хүрч байсангүй. Амьдралдаа хүнтэй нударга зөрүүлж үзээгүй хүн л дээ. Гэсэн ч бид түүнээс үнхэлцгээ хагартал айдаг байв. Харцнаас нь халирахгүй байхын аргагүй. Нэвт сүлбэх мэт ширүүн харцанд нь өртөх төдийд л цурхиртал уйлмаар болдог сон. Үүн дээрээ нэмээд яншиж загнаад эхэлбэл амнаас нь үг биш уур хилэнгийн сум гарч байх шиг санагддаг билээ. Ээж түүнээс сүнсээ зайлтал айна. Энэ айдас нь эгээ л хорт вирус шиг эгч бид хоёрт халдчихсан юм. 

 

Баасан гарагийн мөргөлөө дуусгаад байж байтал үсний хавчаар нь мултрах шахсан ээж уухирдсаар хүрч ирээд олны хөлөөс намайг холдуулан авч явав. Байдаг чадлаараа атгаснаас бугуй өвдөж байна гэж жигтэйхэн. Фатма л хов хүргэсэн бололтой. “Чи чинь түмний шившиг болох гээ юу? Ичих нүүр гэж алга уу, чамд?”

Надад үнэнийг нуух шаардлага байсангүй. Би Жерардад хайртай. Өөрийн амаар хэлээгүй ч гэсэн Жерард ч бас надад хайртай. Үүнд би итгэлтэй байв. “Жерард надтай гэрлэх бодолтой байгаа” гэж би бувтналаа. “Тэгээд ч муслим болно гэсэн!” Яг одоо надад үнэн мөнөөс илүүтэй эр зориг л чухал байв. 

Ээжийн амнаас үг ч унахгүй байгаа бололтой, өөдөөс мэлэрлээ. Тийн хэсэг зогссоноо “Одоохон харилцаагаа тасал, ойлгов уу? Үгүй бол аав чинь чиний арьсыг санжуулах байлгүй. Аягүй бол намайг ч ална” гэв. 

Орой нь би эргэж хөрвөөсөөр унтсан боловч үнэхээр сайхан зүүд зүүдлэв. Миний хажууд нэг залуу зогсож байх юм. Царай нь харагдахгүй байсан ч Жерард мөн гэдгийг нь би зөнгөөрөө мэдэв. Бидний зогсож буй газар сүм ч биш, мөргөлийн өргөө ч биш аж. Гэхдээ ариун газар бололтой. Жерард миний гараас атган зогсоно. Гараар нь дүүрэн яр шарх болжээ. “Хэрвээ чи надад дургүй юм бол хоёулаа яаж хамт амьдрах юм бэ?” гэж тэр хэлэв. Яг тэр мөчид л би урт цагаан даашинз өмссөнөө анзаарлаа. Бид хуримлаж буй ажээ.

Өглөө сэрж ирвэл сэтгэл хөнгөрч, бодол саруулссан байлаа. Ерөөсөө л аавд хэлье. Гэхдээ эхлээд Жерардад бүгдийг тайлбарлах хэрэгтэй. 

Гэрт компьютер байхгүй тул би сургуулийнхаа лабораторид сууж захидал бичих болов. Хөвгүүдтэй ойр дотно харилцаж байсан туршлага үгүй тул хэсэгтээ л яах учраа олсонгүй. Удтал эргэлзсэний эцэст өөрт нь хайртайгаа, өөрийг нь ч бас надад хайртай гэдэгт итгэлтэй байгаагаа, эргэж ирэхээрээ Исламын шашинтан болох ёстой талаар бичлээ. Өөрийн шашныг солих амаргүй ч гэсэн ийм захидал аваад аз жаргалаар бялхах нь дамжиггүй. 

Захидлаа илгээснээс хойш өдөр бүр хариу ирсэн эсэхийг шалгадаг ажилтай болов. Хэд хоног хүлээсний эцэст хариу ирлээ. Устаж үгүй болсон хэлээр уншиж байгаа юм шиг л сэтгэгдэл төрөв. Захидалд бичсэнээр би түүнийг андуу ойлгосон болж таарав. Бас буруу ойлголт төрүүлсэндээ уучлал гуйжээ. Цаанаа найз охинтой гэнэ. Гэхдээ гэрлэж бараалахыг нэг их яарахгүй байгаа аж. Шашнаа солих талаар бодож ч байгаагүй гэнэ. Товчхондоо тэр яг одоо байгаадаа сэтгэл хангалуун явдаг аж. Түүнээс гадна өөр газраас тэтгэлэг авсан тул Туркт буцаж ирэхгүй гэнэ. Гэхдээ энд өнгөрүүлсэн хоног өдрүүдээ огт мартахгүй гэжээ. Намайг ч бас насаараа дурсаж явах гэнэ. 

Хэдэн өдөртөө би цайны газрыг зүглэсэнгүй. Ясаминаас зугтсан хэрэг л дээ. Уулзах тоолондоо л “Ингэнэ гэж би чамд хэлсэн биз” гэсэн үг амнаасаа унагадгаас нь залхаж гүйцээд байсан юм. 

Усан шамарганаар цонхны шил арчигч хоёр тийш савлан хөдлөх шиг өнгөрсөн дурсамжаа би үгүйлж ч нэг, огоорч ч нэг, ой дуртгалаасаа арчиж ч нэг, эргүүлэн сэргээж ч нэг суудаг болов. Амьдрал минь огт өөрчлөгдөөгүй мэт боловч юу ч урьдын хэвээр байхаа больжээ. 


Зохиолч Элиф Шафак
Орчуулсан: Б.Сувддулам 


Сэтгэгдэл хэсэг