Олон улсын Бүүкэрийн шагналын шүүгчид жилээс жилд өндрөөр үнэлж буй Япон, Солонгос зохиолуудыг англи хэлт уншигчид хэд хэдэн шалтгаанаар шимтэн унших болов.
Япон хэлнээс Жеффри Троусселотын орчуулсан зохиолч Кавагүчи Тошиказүгийн “Кофе хөрөхөөс өмнө” зохиолд гарах буйдхан кафед орсон үйлчлүүлэгчид өнгөрсөн үе рүү гээ хэсэгхэн зуур буцаж, сэтгэлээ тайтгаруулж, хайртай хүнтэйгээ сүүлчийн удаа уулзах ер бусын үйлчилгээг санал болгодог. “Кофе хөрөхөөс өмнө” зохиол харуусал, хайр, цаг хугацааны тухай өгүүлж, сэтгэл хөвсөлзүүлэн долгисуулах авай. Хөнгөн зөөлөн өнгө аястай энэхүү “бестселлер” зохиолын тухай харьцангуй бага яригддаг ч Япон оронд, хилийн чинадад ч тэр шилдэг борлуулалттай ном хэвээр байна. Их Британийн хэвлэмэл номын борлуулалтыг нэгтгэн мэдээлдэг “Neilsen BookScan” судалгааны төвөөс мэдээлснээр энэхүү бүтээл 2022, 2023 онуудад хамгийн өндөр борлуулалттай орчуулгын уран зохиол болжээ.
Гэвч англи хэлнээ орчуулагдан гарсан Япон, Солонгос зохиолуудыг нийтэд нь авч үзвэл энэ номыг мөсөн уулын орой төдий гэж хэлж болно. Япон, Солонгос зохиолууд бестселлерийн жагсаалтад тасралтгүй орох болсон төдийгүй 2022 онд “Nielsen BookScan”-аас гаргасан судалгаагаар Их Британи улсад Япон хэлнээс орчуулсан зохиол бүтээлүүд бусад орны зохиолуудаас илт давуу уншигдаж байгаа аж.
“Хүмүүний эгэл жир амьдралын түүхийг хүүрнэн уншигчийн сэтгэл зүрхийг аргадан тайтгаруулах Японы уран зохиолоос бид амьдралд хандах хандлагаа өөрчилж, хүлээн авч чадаж гэмээнэ ээнэг дулаан, эерэг сайхан ямарваа нэг өөрчлөлт ирэх тухай уншиж байна” хэмээн Doubleday сэтгүүлийн туслах редактор Жеин Лоусон бичжээ. Энэ бүхнээс үзвэл уншигчид англи хэл дээрх уран зохиолд байдаггүй олон зүйлийг Японы уран зохиолоос олж харжээ.
Ийнхүү Японы уран зохиол чимээгүйхэн алдаршиж байхтай ташлуулан Солонгосын уран зохиолыг орчуулж хэвлэх хүсэл сонирхол ахархан хугацаанд өсөн нэмэгдлээ. 1990-д оны сүүл үеэс эхэлж 2000-д оны үед дэлхий дахинаа алдаршсан “Солонгос давлагаа”-ны үеийн олон ангит кино, дуу хөгжмийн нөлөөгөөр зохиолч бүтээлүүд нь ч уншигчдын сонирхлыг татах болжээ. /2012 онд гарсан “Gangnam style”дууг та бүхэн санаж байгаа байх/
Энэ жилийн олон улсын Бүүкэрийн шагналын богино жагсаалтад Сора Ким Рассел, Ёнжа Жозефин Бэ нарын солонгос хэлнээс орчуулсан Хван Сок Ёнгийн “Mater 2-10” зохиол багтсан.
2023 онд Чон Мёнгваны “Whale”, 2022 онд Бора Чунгийн “Cursed Bunny” зохиолууд мөн л богино жагсаалтад багтаж байв. Дебора Смитийн орчуулсан Солонгосын зохиолч Хан Каны “Цагаан хоолтон” роман 2016 онд олон улсын Бүүкэрийн шагнал хүртэж байлаа.
Их Британийн хэвлэн нийтлэгч Лоусон Мичико Томояамагийн бичсэн “What You Are Looking For is in the Library”, тун удахгүй хэвлэгдэх Солонгосын зохиолч Чеон Сён Раны “A Thousand Blues” зэрэг зохиолуудыг дурдаж, “Япон, Солонгосын уран зохиол харилцан адилгүй ч зүүн хойд азийн зохиолууд гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөх болсон тухай ярив. Япон зохиолчид хүмүүний сэтгэлийн өнгийг тун ч уран нарийн бичихийн сацуу Харуки Муракамигийн анхлан бичсэнээр зохиол бүтээлүүдэд нь нууцлаг этгээд өнгө аяс ч бий.
Саяака Муратагийн “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” номын орчуулагч Жинни Тапли Такамори “Японы уран зохиолд сайн муугийн тухай бичихдээ барууны номуудад гардаг шиг хэт харлуулж, хэт эерүүлж хар цагаан өнгөнд хуваадаггүй. Дүрүүд нь нарийн торгон мэдрэмжтэй байдаг нь амьдралд ойр санагддаг” гэжээ. Мөн “Нийгмээс өөрийгөө тусгаарлах тухай бичих нь олонтаа. Япон зохиолын гол дүр нийгэм, цаг үе, эргэн тойронтойгоо зөрчилддөг. Энэ нь тэдний туулж өнгөрүүлсэн үүх түүхтэй холбоотой болов уу. 1868-1912 онд хамаарах Мейжигийн эринээс өмнө энэ орны уран зохиол нэлээд баригдмал, тогтсон бичлэгийн хэв маягтай байсан”
Харин Мейжигийн үеэс өрнийн уран зохиолыг ихээхэн сонирхож, шинэ хэлбэрээр орчин үеийн роман бичих оролдлогууд хийж эхэлсэн. Ялангуяа Оросын утга зохиолын нөлөө их байлаа. Эдогийн үе шувтарч асан тэр цаг үед Япон орон дэлхий ертөнцөд хаалттай байв. Аж үйлдвэрлэл хурдацтай хөгжиж, ард олон нийгэм цаг үеийн гэнэтийн өөрчлөлтөд санаа зовнин түгшиж байв. Мейжигийн үеийн уран зохиолд хүмүүсээс, нийгмээс өөрийгөө тусгаарлах сэдвүүд зонхилж байлаа.
Солонгосын уран зохиолын хөгжилд мөн адил үүх түүх нь чухал нөлөө үзүүлсэн. Өмнөд Солонгосын хоёр зохиол орчуулсан нь 2022 оны Бүүкэрийн шагналд хоёул сүүлийн шатанд үлдэж асан орчуулагч Антон Хур “Солонгос орон нэгэн цагт дэлхийн хамгийн ядуу буурай орон байснаараа онцлог. Гэвч нэгэн үе солигдох хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болоод байна. Тиймээс Солонгосчууд ядуурал, дайн дажин, мөргөлдөөн, дүрвэгсдийн асуудалд сонор соргог ханддаг” гэжээ.
Энэ бүхний тухай олон ангит кино зэргээс үзэж харж байна. К-Поп урсгалын уран бүтээлчид ч түүхэн үйл явдлуудаас эш татах нь бий. Лондонгийн их сургуулийн Солонгосын уран зохиолын багш, доктор Греис Кох “Японы колончлолоос чөлөөлөгдсөний дараа Солонгосын дайн үргэлжилж, дараа нь олон арван жил цэргийн дэглэмд байсан Солонгос орон хорьдугаар зууны туршид үзэл суртлын хараа хяналт доор байсан” гэжээ.
Солонгосын дайн, цэргийн дэглэмийг нүдээр үзэж, биеэр туулсан өдгөө амьд сэрүүн зохиолчид улс орныхоо тухайн цаг үеийн үүх түүх, нийгэм цаг үеийн үнэн мөнийг уудлан бичих нь асар их үүрэг хариуцлага байсан тухайгаа ярьдаг. Тэд ямар нэг байдлаар хараа хяналтын доор зохиол бүтээлээ бичиж байсан нь маргаангүй.
Гэхдээ эдгээр орны зохиолуудыг англи хэлнээ орчуулахдаа өргөн хүрээний, түүхэн сэдэвтэй байх эсэхийг нэн тэргүүнд чухалчилдаггүй. Олон улсын Бүүкэрийн шагналын богино жагсаалтад шалгарсан Миэко Каваками, Йоко Огова зэрэг олон улсад амжилтад хүрсэн зохиолчид нэлээд этгээд сонин зохиол бичдэгээрээ алдартай. Англи хэлт уншигчдад шинэ содон санагдах тэдний зохиолууд угтаа мөн л түүхэн цаг үе, орчин цагтайгаа гүнзгий уялдаа холбоотой байдаг юм.
“Бусад хэлнээс англи хэлнээ орчуулагдан гарч буй зохиолуудыг тодорхой нэг төрөлд хамааруулалгүй “literary fiction” гэх тун ерөнхий агаад эргэлзээ төрүүлэм ангилалд оруулдаг. Гэтэл ялангуяа Солонгосын уран зохиолыг хэзээнээс нааш төрөл жанраар нь тун нарийн ялгаж салгаж ирсэн” гэж зохиолч Бора Чунгийн “Cursed Bunny” номын орчуулагч Антон Хур хэлэв.
Японы уран зохиол мөн л олон төрөл жанрт хуваагдана. Тэр олон төрөл жанраас англи хэлнээ орчуулагдаагүй зохиол тун олон. Энэ орны уран зохиолын хамгийн түгээмэл жанрын нэг нь жидайгэки юм. Ийм төрлийн зохиол бүтээлүүд Мейжигийн эринээс өмнөх бүх үеийг хамрах ч хатуу чанд цэрийн дэглэм доорх дэлхий ертөнцөд хаалттай, самуурай, худалдаачид, гар урчууд, тариачид гэсэн давхаргад хуваагдаж асан Эдогийн үед илүүтэй хамаарна. Англи хэлт уншигчид Японы уран зохиолыг шимтэн уншиж буй хэдий ч том зургаар нь харвал нэгээхэн хэсгийг нь хүртэж буй төдий.
Чухам юуны учир Япон, Солонгосын уран зохиол ийн алдаршаад байна вэ? Өгүүлэх түүхээс илүүтэй үүх түүхээ хэрхэн өгүүлж буй бичлэгийн хэв маяг тун чухал байна. Өөрөөр хэлбэл хэлний ялгаанд учир буй.
Орчуулагч Тапли Такмори “Япон хэл дээрх бичвэрүүд хүйс тодорхой бус байх гэх мэтээр нэг бус утга илэрхийлдэг. Мянга мянган ханз үсгээ хоёр өөрөөр дууддаг энэ хэлэнд бичвэрийн утга олон янзаар илэрнэ. Ердөө 26 үсэгтэй англи хэлээр эдгээр нарийн ялгаа, бичлэгийн өнгө аясыг илэрхийлэхэд бэрхшээлтэй байдаг” гэжээ.
“Солонгос хэл ч мөн өвөрмөц агаад эргэлзээтэй хэл. Үйл үг өгүүлбэрийн төгсгөлд ордог тул чухам юун тухай өгүүлж буйг ойлгохын тулд өгүүлбэрийн төгсгөл хүртэл тэвчээртэй уншина. Хэлний энэ онцлог нь заримдаа маш энгийн зүйлийг ч ярвигтай болгон хувиргадаг” гэж орчуулагч Антон Хур хэлжээ.
Кино урлаг, дуу хөгжмөөр дамжуулан Япон, Солонгос хэл дэлхий дахинаа танигдаж буй нь орчуулгын уран зохиолуудад эерэг нөлөө үзүүлж байна. Арваадхан жилийн өмнө бид эдгээр орны зохиолуудыг англи хэлт уншигчдад зориулан хэвшмэл, уламжлалт үг хэллэгээр орчуулах шаардлагатай байлаа. Эс бөгөөс уншигчдыг төөрөгдүүлэх нигууртай байв. Харин одоо бол уншигчид галиглаж бичсэн үгийг ойлгох хэмжээнд Япон, Солонгос орны соёлтой танилцжээ. Сүүлийн арван жил Солонгосын кино урлагаар дамжуулан маш олон үгийг галиглаж бичих болов. Хэрэв та Солонгос кино үздэг бол хоол ундны нэрс, нэгнээ нэрээр нь дууддаггүй “Oppa, Hyung, Noona, Unnie, Sunbae” гэх мэт дууддагийг хэдийн мэддэг болсон биз.
“Өмнө нь ихэвчлэн эрдэмтэн, судлаачид уран зохиолын орчуулга хийдэг байсан бол өнөө цагт авьяас чадвараараа зохиолчидтойгоо эн тэнцэх чадварлаг орчуулагчид түрэн гарч ирэх болсноор орчуулгын бүтээлийн чансаа арваад жилийнхээс огт өөр түвшинд хүрээд байна. Орчуулгыг эрдэм шинжилгээний ажил биш уран бүтээл гэж үздэгийн хувьд Цагаан хоолтон романы орчуулагч Деборо Смитийг онцгойлон магтаж, шинэ залуу орчуулагчдыг цөмийг нь авьяастай ур чадвартай” хэмээн орчуулагч Антон Хур тодотгов.
Солонгос, Японы уран зохиол ирээдүйд хэрхэх бол. Дайны дараах үеийн Солонгос зохиолчдын үе шувтарч, Солонгосын дайны үүх түүхийг өөр өөр өнцгөөс өгүүлэх болжээ. Өнөөг хүртэл Солонгосын дайн тун ч маргаантай сэдэв хэвээр. Жишээ нь, зохиолч Хан Каны номуудын нөлөөгөөр улам өргөн хүрээнд яригдаж байна. Өнөөгийн зохиолчид хоёр Солонгосын хооронд өрнөсөн дайны Өмнөдүүдийн оролцоо, тэдний үйлдсэн харгислалын тухай урьд өмнөхөөс ч их бичиж байна.
Япон Солонгосын уран зохиолыг англи хэлнээ орчуулах хүсэл сонирхол улам нэмэгдэж байна. Хэвлэн нийтлэгчид цахим орчинд идэвхтэй байдаг залуу уншигчдын сонирхлыг ихээхэн анхаарч, сэтгэл зүйн асуудлууд, нийгмийн дарамтыг тойрсон орчин цагийн сэдэвтэй, эгэл амьдралын тухай өгүүлэх тод томруун дүрүүдтэй зохиол бүтээлүүдэд хэвлэхийг эрмэлзэх болжээ.
Эх сурвалж: thebookerprizes.com
Орчуулсан: Б.Дэлгэрмаа
Сэтгэгдэл хэсэг