Амьдралын олон салаа замууд дээр мартагдсан үг өгүүлбэр, аль эрт уншсан зохиол эргэн санагдаж, үл үзэгдэх гараа сунган таныг замчлах болно...

 

“Тагтаа”хэвлэлийн газраас ном унших хэв маягийг түгээх, номын соёлыг дэлгэрүүлэх, номын хорхойтнуудыг танилцуулах, номын тухай яриа өрнүүлэх зорилгоор “Би номын сантайгаа” буланг хөтлөн явуулдаг билээ. Энэ удаагийн дугаартаа бид уншигч таныг урьж байна. 


А.Итгэлтөгс хуульч мэргэжилтэй. Өдгөө Сөүл хотод амьдардаг. “Snow Hill Consultancy” өмгөөллийн нөхөрлөлд хуульчаар ажилладаг. Зайнаас ажиллаж, зав гарвал цэцэрлэгт хүрээлэн олоод ном унших дуртай.

1. Танайх номын сандаа хэдэн номтой вэ?

Яг одоо Сөүл дэх гэрт маань 60 гаруй ном байна. Сая л багцаагаар тоолж үзлээ. Оюутан болоод Дарханыхаа гэрээс нүүж хотод сурч эхэлснээсээ хойш үргэлж л нүүдэл суудлын байдалтай байжээ. Одоо ч нүүсээр. Нүүх болгонд хамгийн их ачаа дардаг зүйлс гэвэл энд тэндээс шунан цуглуулсан номууд маань. Өргөж зөөх хүнд хэцүү ч дотроо овоо хэдэн номтой болчихжээ гээд их л сэтгэл хангалуун байдаг юм. Монголд үлдээсэн ном дунд зэргийн хайрцгаар хоёр гурав, энд ирээд цуглуулсан ном маань бас л нэг хайрцаг орчим болчихжээ. Энд тэнд үлдээж хадгалсан номуудаа нийлүүлээд Монгол руугаа буцахаараа жижигхэн номын сантай болно доо гэж мөрөөдөж байгаа. 

Энд цуглуулаад байгаа номуудаа бүгдийг нь уншаагүй ч Монголд очоод уншмаар санагдах номуудаа бага багаар цуглуулаад байгаа.



2. Анх уншихад дурлуулсан ном болон амьдрал, үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн номоо нэрлэвэл?

Ер нь их хожуу уншиж эхэлсэн юм байна. Хичээл дээр багш нарын хэлсэн номуудыг зүгээр л уншаад өнгөрч байсан бололтой. Тэдгээрээс хамгийн тод санагдаж байгаа нь Б.Лхагвасүрэн гуайн “Үр могой”домог тууль. Дарханы төв номын санд очоод их л хичээнгүйлэн уншаад товчилж бичиж байж билээ.  

Түүний дараа хотод оюутан болж ирээд МУИС-ийн 3-р дотуур байранд амьдарч эхэлсэн юм. Тэр үед завшаанаар МУИС-ийн сэтгүүл зүйн анги, утга зохиолын ангийн номд дуртай охидтой хамт амьдарч эхлээд уран зохиолын ном сонирхож эхэлсэн. Хэний нөлөөлөл байсныг одоо сайн санахгүй байгаа ч (өрөөний охины маань л нөлөөлөл байсан юм болов уу) Л.Өлзийтөгс зохиолчийн шүлгийн номуудыг ихэд дурлан уншиж эхэлсэн. Д.Нацагдоржийн номын санд орохдоо хуулийн хичээлийн номуудынхаа хажуугаар шүлгийн нэг номыг нь аваад хажуудаа тавьчихдаг байсан. Унших бүрдээ хүнд төрдөг мэдрэмжүүдийг яаж ийм уран гоё илэрхийлээ вэ гээд гайхан биширч уншдаг байсан. Бас л сайн санахгүй байгаа “Тэнгэрт ургадаг модод” гэсэн шүлгийн номд хамгийн дуртай байсан юм шиг байна. Тэгж байгаад өгүүллэгүүд рүү нь орж байсан санагдана. 

Үзэл санаанд хүчтэй нөлөөлсөн ном? Энэ асуултад хариулахын тулд эхлээд би чинь ямар үзэл санаатай хүн билээ гэсэн асуултад хариулах ёстой юм шиг байна. “Ном” гэдэг зүйл өөрөө амьдралд тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэж боддог. Амьдрал баялаг, хүн бүрийн ертөнц, сонирхол өөр өөр боловч угтаа бүгд сайханд тэмүүлж, ямар нэг сайхан зорилго тээж, амьдралаас утга учрыг хайж явдаг гэж боддог. Виктор Франклын “The Man’s Search for Meaning” ном нөлөөлсөн юм шиг. Энэ номыг гэртээ гоё номын сантай ажлын эгч маань анх санал болгосноор 2015 онд уншиж байсан. Түүнээс хойш бас хэд хэд уншсан.


 

3. Та ямар төрлийн ном голчлон уншдаг вэ? Яагаад?

Үргэлжилсэн үгийн зохиол, эсээний ном голчлон уншдаг. Ойрд Солонгос хэлний унших чадвараасаа болоод хялбархан үгтэй эсээний ном их уншиж байгаа. Монголоосоо гараад амьдрахаар ярилцах хүн багасчихдаг шиг санагдсан. Тийм болохоор хүмүүстэй номоор дамжуулан нөхөрлөдөг гэх үү дээ. Тиймээс өөрийн туулсан, өөрт тохиолдсон бүхнээ хүүрнэн өгүүлдэг эсээ төрөлд их дурлаад байх шиг байна. 


4. Та өөрийн дуртай зохиолчоо нэрлэнэ үү?

Харүки Мүраками. Маш олон уншигч, фенүүдтэй болохоор жаахан санаа зовж байна (инээв). Бүр улаан фен нь болж гарсан ном бүрийг нь уншаагүй ч надад хамгийн олон байгаа нь түүний номууд. Эсээ хэлбэрээр бичсэн номд нь бас их дуртай. Тууштай байдалд нь дуртай. Саяхан хамгийн сүүлд бичсэн зохиолыг нь Солонгос хэл дээр аваад хадгалчихсан. Гэхдээ хэзээ уншихаа мэдэхгүй л байна. 


 

5. Унших номын сонголтоо хэрхэн хийдэг вэ. Мөн номын талаарх мэдээллээ хаанаас авдаг вэ?

Инстаграм дээр ном уншдаг хүмүүсийг дагадаг. Нэг номыг нь уншаад таалагдвал өөр нэг номыг нь уншъя гээд хайгаад явчихдаг. Номын сан ороод учрах ёстой номоо олох юм шиг мэдрэмжээр хэд хэд тойрч нүдэнд туссан номоо сонгож аваад арынх нь хуудсыг уншдаг. Номын талаар подкаст их сонсдог. Сонсож байгаад уншиж үзмээр санагдвал ном худалдаж авдаг апп-даа хайрцаглаж олон хонуулчхаад дараа нь нээгээд харахад авмаар санагдсан хэвээр байвал авчихдаг. Утга зохиолоос бусад төрлийн номуудын хувьд, жишээлбэл хувь хүний хөгжил, сэтгэл судлалын номуудыг бестселлерийг нь харж байгаад уншдаг юм байна. Ер нь олон хэлбэрээр номтой ойрхон байх дуртай.


6. Хамгийн сүүлд уншсан болоод яг одоо уншиж буй номоо нэрлэнэ үү?

Сүүлд олон ном зэрэг эхлүүлээд дуусгаагүй л явна. Дуусгасан номоосоо нэрлэвэл “Vegeterian” номын зохиолч Хан Каны 2021 онд гаргасан “작별하지 않는다” (I do not bid farewell) зохиол. Түүхэн үйл явдлуудыг үргэлжилсэн үгийн зохиол хэлбэрээр гоё бичсэн байна лээ. БНСУ-ын Жэжү аралд 1940, 50-аад онд ямар аймар үйл явдал болж байсныг энэ номыг уншиж олж мэдсэн. Уншиж дуусаад “Human Acts” зохиолыг нь бас уншмаар санагдсан. Одоо уншиж байгаа номуудаа нэг нэгээр нь дуусгах бодолтой байгаа. “Welcome to the Hyunnam-dong Bookstore”-оос эхлэх бодолтой байна.


 

7. Таны номын сангийн хамгийн онцлог содон, нандин дурсгалтай ном юу вэ?

Хамгийн дурсгалтай ном гэвэл Солонгост ирээд хамгийн анх учирсан ном. Тэр үед Солонгос хэлээр үсэглэж уншиж чадахтай үгүйтэй байсан болохоор номын эхний хуудсыг нээгээд л хаасан. Дараа нь бага зэрэг сурч эхлээд, дахин эхний хуудсыг нь нээгээд бараг бүх үгэн дээр нь орчуулгыг нь бичээд, шантраад хаасан. Солонгост ирж очсон энэ бүх хугацаанд үргэлж авч явдаг ном маань. Цүнхлэх бүртээ сэтгэлийнхээ мухарт солонгос хэлээр удахгүй торохгүй ойлгодог болно гэж боддог. Хүмүүс асуувал ном унших гэж л солонгос хэл сурсан гэж хариулах дуртай. Тийм болохоор сайн ярьж чаддаггүй гэдгээ нэмж заавал хэлнэ...


 
8. Ном унших арга барил, дадлынхаа талаар хуваалцана уу?

Эхлээд “юу ч гэсэн ном цүнхэлье” гэж боддог. Утас, ном хоёроос номыг нь сонгохыг хичээдэг. Шилээ аваад ном уншихаар нүд амрах шиг болдог. Ер нь өөрийгөө номтой ойрхон л байлгах дуртай. Ном уншаад мөнгө олоод амьдардаг хүмүүс хамгийн гоё санагддаг. Би ч бас тэгж амьдрах юм сан гэж битүүхэн мөрөөддөг. 


9. Цаасан хэвлэл болон электрон байдлаар алинаар нь уншихыг эрхэмлэдэг вэ?

Аль алиныг нь хэрэглэдэг. Утга зохиолын номыг бол цаасаар л уншвал гоё санагддаг. Бас монгол хэл дээрээ эсвэл гоё монгол орчуулга унших сайхан байдаг. Харин хувь хүний хөгжил, мэргэжлийн гээд номуудыг электрон байдлаар уншчихдаг. Өнгөрсөн жил “Пачинко”-г англи хэл дээр электрон ном хэлбэрээр худалдаж аваад уншсан юм. Электрон хэлбэрээр уншихаар ном хэр урт, хаахна явж байгаагаа мэдрэх боломжгүй. Сүүлдээ ямар сонин дуусдаггүй ном бэ гэж бодсоор уншиж дуусгасан. Түүхэн талаасаа сонирхолтой байсан ч цаасаар уншсан бол арай өөр мэдрэмжтэй үлдэх байсан болов уу гэж боддог юм. 


10. Уншихыг зөвлөх ном. Тус номын ач холбогдол, үнэ цэн. 

Хэцүү асуулт байна. “The Man’s Search for Meaning” ээ нэрлэчихдэг юм билүү. Ер нь ямар үед ямар ном унших вэ гэдэг нь чухал юм байна. Жаахан төөрөлдсөн үедээ уншвал зүгээр юм уу.  Харин зүгээр л этгээд сонин ертөнцөөр аялаад, тэнд болж байгаа зүйлсийг тэр чигээр нь хүлээн авч ажиглаад гараад ирмээр санагдвал Муракамигийн зохиолуудыг уншиж болох юм.


11. Таны хамгийн олон удаа уншсан ном. Яагаад?

Хоёр гурваас илүү уншсан номууд санаанд ордоггүй. Яагаад ч юм Норвегийн ойг сүүлийн 5 жилийн хугацаанд гэвэл 3 уншсан юм байна. Яагаад гэдгийг нь мэддэггүй ээ. Зүгээр л унших, энэ үйл явц нь гоё санагдаад юм болов уу. 


12. Номоос санал болгох эшлэл?

Номын тухай булан болохоор сүүлд уншсан номоосоо номтой холбоотой эшлэлийг хуваалцъя гэж бодлоо. 

“Books are not meant to remain in your mind, but in your heart. Maybe they exist in your mind too, but as something more than memories. At a crossroads in life, a forgotten sentence or a story from years ago can come back to offer an invisible hand and guide you to a decision.”

- Hwang Bo-reum, Welcome to the Hyunam-Dong Bookshop

"Ном таны оюун санаанд биш зүрх сэтгэлдүлддэг. Оюун санаанд тань хадгалагдан үлдлээ ч ой дурсамжаас давах нь дамжиггүй. Амьдралын олон салаа замууд дээр мартагдсан үг өгүүлбэр, аль эрт уншсан зохиол эргэн санагдаж, үл үзэгдэх гараа сунган таныг замчлах болно” 

 

 

13. Хэрэв та эзгүй арал руу явах бол ямар ном авч явах вэ?

Энэ бас хэцүү асуулт байна. За үнэхээр эзгүй арал руу явахаар боллоо гэж бодвол ихэд айж, тулгамдах байх. Тэгснээ арал юм чинь гээд “Эрэг дээрх Кафка”-г цүнхэлчхэж магадгүй юм.


14. Би номын сантайгаа буланд дараагийн зочноор хэнийг санал болгох вэ?

Ажил эхлэхээс нэг цагийн өмнө оффис дээр очоодчимээгүй ном унших аян эхлүүлж байсан Энхжаргал эгч хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Ойрхон амьдардаг болохоор хааяа гэрээр нь орж цайлдаг байж билээ. Маш гоё номын цуглуулгатай. Номын сантай байхын сайхан нь уншмаар санагдсан номоо шуудхан сугалж аваад унших гэж хэлж байсан. Уншдаг номуудынхаа талаар гоё зүйлс хуваалцана гэдэгт итгэлтэй байна. 

Танд баярлалаа. 

Сэтгэгдэл хэсэг