Зах зээлийн нийгэмд ичээнд орох боломжгүй ч итгэл найдвар тасрахгүй

Пүрэвдашийн Золжаргалын Баавгай болохсон кино нь эдийн засгийн тэгш бус байдлаас үүдэлтэй нийгмийн заагийг шүүмжилсэн бүтээл болох нь илхэн. Тус кинонд гэр хорооллын оршин суугчдын тодорхой бус нөхцөл байдал болон дэд бүтэцгүйгээс үүдсэн агаарын бохирдлын тухай үзүүлжээ.Төвийн халаалтын системтэй байрнуудын тансаг тав тухад хөлбөрдөг чинээлэг дундаж давхаргатан болон энгийн амьдралаас хол тасарсан хөрөнгөлөг дээдсийнхний хувьд гэр хорооллынхонолон жилийн турш нүдэнд орсон өргөс бөгөөд тэдний өдөр тутмын амьдрал ядуурал, гачигдлыг “төсөөлж ч чадахгүй” байгааг тус кино чадварлагаар харуулжээ.


 

 

Гэвч найруулагчийн нэгэн кино шүүмжлэлийн сайтад өгсөн ярилцлагыг сөхөж үзвэл тэрээр өөдрөг үзэлтэй нэгэн бөгөөд боловсролоор дамжуулан эдгээр залуус (мөн тэдний тархи) нэн ядуу нөхцөлөөсөө салж чадна гэсэн санааг дэвшүүлэх гэсэн тухайгаа ярьжээ. Магадгүй энэ мэтийн өөдрөг сэтгэлгээний элементийг агуулсан учир кино шүүмжийн хэд хэдэн сайтууд Холливудын “Good Will Hunting” бүтээлтэй харьцуулсан байж болох. Найруулагчийн өөр нэгэн сайтад өгсөн ярилцлагад дурдсанаар киноны зорилго прагматик бөгөөд түүний хэлснээр “боловсрол гэдэг бол өөрийн санхүүгээ тооцоолж сурах, үүнд мөн бэлгийн боловсрол ч орно” хэмээжээ.[1] Зах зээлийн сэтгэлгээгээр нэвчсэн хүн болохыг тулган шаарддаг неолиберал дэглэмийн хүрээнд өөрийнхөө бүх потенциалыг ольё гэвэл ийнхүү өөрийгөө хөгжүүлэхийг урьтал болгох хэрэгтэй. Гэхдээ би тус киног найруулагчийн зорилгоос давсан бүтээл гэж хэлмээр байна. 


Найруулагчийн зорилгоос даван онолын физик хэмээх сэдэв рүү эрхгүй гулсан орсныг дурдах хэрэгтэй бөгөөд үүнийг ойлгохын тулд бид нийгэм болон соёлын агуулгыг шинжих хэрэгтэй.


Хэдэн жилийн өмнө мэдээгээр урьд өмнө нь хамгийн шилдэг, толгойтой гэгддэг залуусын элсэн ордог байсан Монгол улсын их сургуулийн онолын физикийн тэнхимд өнөө үед элсэх оюутан тун ховор болсныг сурвалжилсныг эргэн саная. Тус тэнхимийн багш ганцхан оюутантай байгаагаа харамсан ярьснаас үзвэл энэ салбар шинжлэх ухаан боловсон хүчний дутагдалд  ороход тун ойртсоныг сануулах мэт. Үүний гол учир шалтгаан нь толгойтой гэгддэг залуусын ихэнх нь бизнес эсвэл хуулийн чиглэлээр мэргэшиж буй хэмээн ярьж байсан юм. Монголын онолын математик болон физикийн тэнхимүүдийг социалист нийгмийн үед байгуулсан бөгөөд энэ нь Зөвлөл Холбоот Улсын шинжлэх ухааны салбарын хөгжилтэй холбоотой байсан юм.

Иймээс тус кинонд И.И. Соколовын онолын физик заах аргачлалын сурах бичгийг өнгөц харуулжээ.[2] Гол сэдэв рүүгээ оръё. Зах зээлийн өрсөлдөөнт нийгэм хэмээх ерээд оноос хойш амны уншлага болсон нийгэмд ямар ч ашиггүй, арчигдан үгүй болж буй гэмээр сэдэв болох онолын физикт анхаарал хандуулснаар нь энэхүү киног өөрийнхөө санааг давсан бүтээл болсон гэж үзэж байна. Киноны гол өрсөлдөөн бол ашиг хонжооны төлөөх өрсөлдөөн бус нэр хүндтэй сургуульд элсэх урилгын төлөө, цаашилбал гадаадад их сургуульд сурахын төлөөх өрсөлдөөн. Киноны үйл явдал энэ хүртэл өрнөх агаал гол дүр болох өсвөр насны хүү Өлзий цаашид барууны шилдэг их сургуульд орох үгүйг бид хэлж мэдэхгүй. Докторын зэргээ онолын физикээр хамгаалсны дараа юу болохыг бид хэлж мэдэхгүй шүү дээ. Алдарт Ферми лабд ажилд орох болов уу, Швейцарыг сонгох болов уу АНУ-ын баруун төвийн мужаар[3] суурьших болов уу? 


Харилцан яриагаар дүүрэн киноны үйл явдал, дүрслэлүүд нь Өлзий хүүгийн шинжлэх ухаанд татагдах сонирхлыг тэрслэн сөрөх нь сонирхолтой. Архинд орж чадал нь хүрэхгүйгээс үр хүүхдээ хаяж явсан ээжээсээ болоод ахуй амьдралаа залгуулах гэж хууль бус гоожин авах ажил хийх Өлзий ядарч туйлдсаар гэртээ ирээд орон дээрээ хэвтэнгээ Соколовын сурах бичигтэй харц солилцох нэгэн дүрслэлийг кадрт буулгажээ. Нийгмийн хамгийн өршөөлгүй бодит байдал хүүгийн субъектлэг байдлыг тэр чигээр нь залгихад ойрхон байхад хүртэл ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх орон зай үлддэгийг энэхүү кадрт харуулна. Амь зуух мэдрэмжид идэгдэж, зах зээлийн сэтгэлгээнд ашиглагдаж амжаагүй нэгээхэн хүслийг үүгээр илтгэнэ.


Хүүгийн энэ хүсэл ариун бөгөөд, нэгэн цагт өөрөө авьяаслаг оюутан байгаад эрдэм шинжилгээний салбарыг орхиж хотын захын сургуульд ажиллах болсон багш нь түүний эл хүсэл, авьяасыг нь олж харж дэмжинэ. Өлзийгийн хүсэл мөрөөдөл сургуулиа хаяад халтуур хийж амь зууж буй найзынх нь эсвэл учир нь үл ойлгогдох шалтгаанаар боловсрол эзэмшээгүй ээжийнх нь адилаар замхарч, дахин нэгэн үр ашиггүй алдагдсан тавилан (тархи) болж болох байсан. Гагцхүү ахмад настай хөршүүд, физикийн багшийнх нь цуцашгүй оролдлогын үр дүн болох эв санааны нэгдлийн зурвас төдий мөчүүд л улсын олимпиадын эцсийн шатанд ороход тусална. Цусан төрөл болох түүний ээж эсвэл нагац эгчийнх нь үйлдлүүдийн харахад мухар сүсэг эсхүл хямд хөдөлмөр эрхлэхээс нааш нийгмийнхээ нөхцөл байдлаас зугтах аргагүй болсныг илтгэж, гэр бүлийн хүндхэн хөндийрөлтөд хүргэж байгаа ч санаанд оромгүй хүмүүсээс сайхан сэтгэл, бусдыг энэрэх хүнлэг байдлыг олж харах болно. Киноны ёс суртахууны зорилго нь яахын аргагүй хүнлэг болоод эв санааны нэгдлийн чадамжийг дөвийлгөн өгүүлсэн явдал болно.


Төгсгөлд нь, Карл Марксын тэнүүчлэх хий үзэгдлийг дурдахаас өөр арга зам үлдсэнгүй. Учир нь Монголын шинжлэх ухааны салбарын шинэ соёл Лениннист төрлийн Марксизмын нөлөөнд хөгжсөн бөгөөд хүн төрөлхтний урлаг, шинжлэх ухааны түүхэн ололтуудыг ашгийн төлөө бус хүний сайн сайхны төлөө ашиглах зорилготой байсан юм.


 

 

Монгол улс “капиталист үеийг алгасна” гэсэн уриа доор азаар капитализмыг дайралгүй өнгөрсөн ч эдийн засгийн либералчлалаас хойш капиталын догмад гүйцэгджээ. Маркс нэн ядуу нөхцөл байдалд бүтээлүүдээ туурвисан. Эдийн засгийн үйлдвэрлэлийн харилцаа болоод хүний амьдрах нөхцөлд нөлөөлөх нөлөөний тухай бүтээлээ бичсэн.


Терри Ийглетоны дурдсанаар тэрээр романтик нэгэн байсан бөгөөд яруу найраг, уран зохиолыг шимтэн уншдаг нэгэн байсан гэдэг.[4] Хүн гэдэг үнэн хэрэгтээ маш бүтээлч, мөрөөдөмтгий, сониуч амьтан бөгөөд энэхүү потенциал нь зах зээлийн сэтгэлгээнд идэгдсэн нөхцөлд цэцэглэх боломжгүй хэмээн эдээр засаглах ухааныг шүүмжилсэн юм. Онолын физикчид ч гэсэн романтик хүмүүс. Шинжлэх ухаанд бие сэтгэлээ харамгүй зориулдаг явдал нь зүгээр нэг корпорацын эзэн больё гэсэн хүслээс үүдээгүй. Ихэнх нь ертөнц, гариг эрхсийн гайхамшгийг цухасхан ч атугай нээж, хүний төсөөллийн хязгаарыг тэлэн хөглөдөг энэхүү шидэт урлагийг судлах гэсэн хүсэлдээ хөтлөгддөг юм.


 

 

Кино нийслэл хотноо энэ оны нэгдүгээр  сарын 18-нд нээлтээ хийсэн болно.


МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор Ш. Туяа 



[1]Variety кино салбарын сайтад өгсөн ярилцлагыг эндээс харна уу.  https://variety.com/2023/film/news/if-i-could-only-hibernate-cannes-mongolia-1235621331/


[2] Соколов-Терновын нөлөөг нээсэн ЗХУ-ын өөр нэгэн физикч  Арсений Соколов биш болно.


[3]Ферми лабын гол байршлуудад АНУ-ын Иллиной, Швейцарын Берн хот ордог болно.


[4]Бүх зүйлийг ямар нэгэн ашиг сонирхол хэрэглээний  үүднээс дүгнэх болсон хорвоо ертөнцөд торгоны хүр хорхой шиг бай. Учир нь хүр хорхой ашгийн төлөө торгыг үйлдвэрлэдэггүй. Link to the article: https://www.lrb.co.uk/the-paper/v45/n13/terry-eagleton/be-like-the-silkworm  


Сэтгэгдэл хэсэг