Зохиолч Петер Хандкегийн тухай есөн баримт

 

2019 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн, хорьдугаар зууны сүүлийн хагаст төрөн гарсан хамгийн нөлөө бүхий герман хэлт зохиолчдын нэг Петер Хандкегийн тухай есөн баримтыг хүргэж байна. Манай хэвлэлийн газар түүний "Зүүднээс ч чинагш уй" зохиолыг тун удахгүй уншигч таны өмнө дэлгэн тавих гэж буй... 

 1. Австрийн зохиолч, жүжгийн зохиолч, орчуулагч, яруу найрагч, кино найруулагч. 2019 онд “Хэлний яруу сайхнаар хүмүүний амьдралын мөн чанарыг хүүрнэж, нөлөө бүхий зохиол бүтээл туурвисны учир” Нобелийн утга зохиолын шагнал олгожээ.


 2. 1942 оны 12 дугаар сарын 6-нд Австрийн Каринти мужийн Гриффин тосгонд мэндэлжээ. Ээж Мариа нь Словени, аав Эрих Шенеманн нь банкны ажилтан, Германы цэрэг байсан. Төрсөн аавтайгаа хожим нас биед хүрсэн хойноо уулзжээ. Ээж нь түүнийг гэдсэнд байхад Берлиний трамвайны кондуктор Бруно Хандкетэй гэрлэж, хожмоо нэг хүү, нэг охин төрүүлсэн.

3. Хандке роман, өгүүллэг, эсээ зэрэг нийт дал гаруй хүүрнэл зохиол, олон арван жүжиг бичсэн төдийгүй Вим Вендерсийн Хүслийн жигүүр (1987) хэмээх алдарт киноны зохиолыг бичсэн. 1978 онд нээлтээ хийсэн "Солгой гарт эмэгтэй" кино нь 1978 онд Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналд нэр дэвшиж, 1980 онд Германы Артхаус кино урлагийн дээд шагнал хүртэж байжээ.


4. 2016 онд Германы кино найруулагч Коринна Белз зохиолчийн тухай “In the Woods, Might Be Late” нэртэй баримтат кино бүтээжээ. Энэхүү киноны зураг авалтыг гурван жилийн турш хийсэн.

 5. Багаасаа уран зохиолд дуртай байсан Петер Хандке анхны бичвэрээ 12 настайдаа хөвгүүдийн католик сургуульд сурч байх үедээ сургуулийнхаа сонинд нийтлүүлж байжээ. 


6. 1961 онд Грац хотын Хуулийн сургуульд элсэн орж, 1966 онд “Балч зөгийнүүд” нэртэй анхны номоо бичсэнээр хуулийн сургуулиа орхисон.

 

 7. 1966 онд “Үзэгчдийг доромжлохуй” авангард жүжиг нь Франкфурт хотноо нээлтээ хийснээр олонд танигдсан.


 

8.  Зохиолчийн хүртсэн онцлох шагналууд

Georg Buchner Prize (1973) ; Vilenica International Literary Prize (1987) ; Brothers Karic award for literature (2000) ; International Ibsen Award (2014);  Nobel Prize in Literature (2019)


9. 1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан тууждаа Хандке 1971 онд амиа егүүтгэж өөд болсон ээжийнхээ талаар мэддэг бүхнээ амьдарч асан он цагийнх нь үүх түүх, тэр дундаа нацистын дэглэм, дэлхийн хоёрдугаар дайн, дайны дараах үеийн австричуудын ахуй амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэн сонирхолтой бичжээ.

Б.Дэлгэрмаа

Сэтгэгдэл хэсэг