2024 оны Бүүкэрийн шагналын сүүлийн шатанд тунан үлдээд буй 13 бүтээл

Англи хэлнээ орчуулагдан гарсан шилдэг бүтээлд жил бүр олгодог утга зохиолын нэр хүндтэй шагнал болох Бүүкэрийн шагналд Их Британи болон Ирландад хэвлэгдсэн бүтээлүүд өрсөлддөг төдийгүй сүүлийн шатанд тунан үлдсэн бүтээл тус бүрд 5000 фунт стерлингийн шагнал, Бүүкэрийн шагнал хүртсэн бүтээлд 50,000 фунт стерлингийн шагнал олгож, олон улсад зохиол бүтээлийг нь сурталчилдаг. Энэхүү шагналыг тухайн зохиолын уран тансаг бичлэгийн хэв маяг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан олгох төдийгүй зохиолч, орчуулагч хоёрт мөнгөн шагналыг эн тэнцүү хуваан олгодог байна.

2024 оны шүүгчдийн зөвлөл 2023 оны 5-р сараас 2024 оны 4-р сарын хооронд англи хэлнээ хэвлэгдсэн 149 зохиолоос арван гурван бүтээлийг шалгаруулаад байна. Шагналын эзнийг 2024 оны 5-р сарын 21-нд болох ёслолын арга хэмжээний үеэр зарлах нь. 

"Тагтаа" хэвлэлийн газраас Ян Мартел “Пигийн амьдрал” (2002), Жулиан Барнс “Төгсгөлийн мэдрэмж” (2011 ) зэрэг Бүүкэрийн шагналт бүтээлүүдийг эрхлэн гаргаж байсан төдийгүй тун удахгүй “Саарал зөгийнүүд” роман нь хэвлэгдэн гарах Украины зохиолч Андрей Курковын “Silver bone” роман энэ оны Бүүкэрийн шагналын сүүлийн шатанд шалгараад байна. 

2024 онд Бүүкэрийн шагналд өрсөлдөж буй арван гурван зохиолыг товчхон танилцуулж байна.


The House on Via Gemito

Доменико Старноне Италийн зохиолч, сэтгүүлч. Арван гурван роман бичсэн. Зохиол бүтээлүүд нь “New York Times”, “Sunday Times”- ын шилдэг номоор шалгарч, 2019 онд “PEN” шагналын шилдэг орчуулгын бүтээлээр шалгарч байв. “The House on Via Gemito” роман нь Италийн утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Strega” шагналыг англи хэлнээ хэвлэгдэхээсээ 20 гаруй жилийн өмнө хүртсэн юм. Доменико Старноне өдгөө Ром хотод амьдардаг.

Via Gemito дахь даруухан сууцнаас будгийн үнэр ханхална. Зочны өрөөнийхөө тавилгуудыг нэг ханандаа шахаж, урлан болгоно. Зотон дээрх зургуудыг шөнө бүр орон дээрээс зөөнө. Төмөр замд ажилладаг энэ айлын эзэн Фереди хэмээгч нь өөрийгөө гайхалтай авьяаслаг зураач гэдэгт бат нот итгэдэг. Гэр бүлээ тэжээхийн төлөө ажилладаггүй сэн бол аль хэдийн дэлхийд алдартай зураач болчих байсан гэдэгтээ эргэлздэггүй нэгэн.  Хүсэл тэмүүлэл, авьяас билигтэй ч атаа хорсол, уур хилэн, бардам зандаа идэгдсэн амьдрал нь даанч гашуун. Эхнэр дөрвөн хүү нь урт удаан хугацаанд хүнд хэцүү бүхнийг тэвчин амьдарна. Эцгийнхээ амьдралыг давтахгүйн төлөө насаараа хичээсэн ууган хүү нь олон жилийн дараа худал хуурмагаас бодит үнэнийг ялгаж салган аавынхаа тухай өгүүлнэ.



White Nights

Урзула Хонек 1987 онд төрсөн Польшийн яруу найрагч, зохиолч. Дөрвөн яруу найргийн түүвэр, нэг богино өгүүллийн түүвэр хэвлүүлсэн. Тэрээр Райнер Мария Рилкегийн нэрэмжит яруу найргийн уралдааны Гран-при, Краковын ЮНЕСКО-гийн Утга зохиолын хотын шагнал, “Адам Влодек” шагнал, “Познань” утга зохиолын шагналын эзэн. 2023 онд тэрээр “Конрад”-ын нэрэмжит шагнал болон 40-өөс доош насны Польшийн хамгийн ирээдүйтэй зохиолчдод олгодог “Коcцельский” шагналыг тус тус хүртсэн.


Энэхүү номд Польшийн өмнөд хэсгийн Бескид Ниски мужийн нэгэн тосгоны хүмүүст тохиолдсон эмгэнэлт, гашуун хувь тавиланг өгүүлэх харилцан уялдаатай арван гурван өгүүллэг багтсан. Өөр өөр дүрүүдээр дамжуулан ядуурал, урам хугаралт, эмгэнэлт явдал, цөхрөл, харгислалыг даван туулж, хөл дээрээ босож, амьдарч буй хүмүүсийн тухай өгүүлнэ.

  

Not a River

Селва Алмада 1973 онд төрсөн. Орчин үеийн Аргентин, Латин Америкийн уран зохиолын хүчирхэг дуу хоолой, тухайн бүс нутгийн хамгийн нөлөө бүхий феминист сэхээтнүүдийн нэг хэмээн үнэлэгддэг. Карсон Маккуллерс, Уильям Фолкнер, Фланнери О’Коннор, Сара Галлардо, Хуан Карлос Онетти нартай харьцуулахад хэд хэдэн роман, богино өгүүллэг, сэтгүүл зүйн бүтээлүүд хэвлүүлсэн. Мөн Антонио ди Бенедеттогийн зохиолоос сэдэвлэсэн Лукресиа Мартелийн "Зама" кино зураг авалтын талбайд бичсэн кино өдрийн тэмдэглэлээ хэвлүүлжээ. Алмада “Medifé Prize”, “Rodolfo Walsh Award”, “Tigre Juan Award” зэрэг шагналуудын сүүлийн шатанд шалгарч байжээ. Зохиол бүтээлүүд нь Франц, Итали, Португал, Герман, Голланд, Швед, Турк хэлнээ орчуулагдсан.

“Not a River” түүний дөрөв дэх роман, англи хэл дээр хэвлэгдсэн анхны роман нь юм. 

Жин үдийн халуунаар Энеро, Эл Негро хоёр нас барсан найзынхаа Тило гэх өсвөр насны хүүг дагуулан мөрний эрэгт очиж загасчилна. Дэгээнд нь орсон дэвээхэй загастай өчнөөн цаг ноцолдсон Тило эцэст нь загасыг гар буугаар буудчихав. Том оо дэвээхэй загасны цогцсыг отоглож буй газрынхаа модонд өлгөж, ялзруулж орхисны хойно урт хугацааны турш гаднынханд дургүйцэж явсан нутгийн уугуул иргэдийн уур хилэнг бадраана. Тодорхой нэг цаг хугацаанд үл хамаарах эр хүн, гэм нүгэл, номхоршгүй хүслийн тухай өгүүлэх гайхалтай бүтээл.

                               

 

Simpatia

Родриго Бланко Калдерон Венесуэлийн Каракас хотод төрсөн. Зохиолч, редактор, их сургуулийн багш. Тэрээр Парисын XIII Их Сургуульд хэл шинжлэл, уран зохиолын чиглэлээр докторын зэрэг хамгаалж, зохиол бүтээлүүд нь дотоодын болон гаднын олон шагнал хүртсэн. Түүнийг 2007 онд Латин Америкийн гучин есөөс доош насны шилдэг зохиолчдыг нэгтгэдэг “Богота39” бүлэгт элсэхийг урьсан. Тэрээр 2013 онд Айовагийн Их Сургуулийн олон улсын зохиолчдын хөтөлбөрт зочин зохиолчоор оролцож байсан бөгөөд дараа жил нь "Emuntorios" өгүүллэг нь McSweeney's сэтгүүлийн 46-р боть болох Латин Америкийн гэмт хэргийн сэдэвтэй шилдэг арван гурван өгүүллэгт багтжээ. "The Night" анхны романаараа 2016 онд “Paris Rive Gauche”, Венесуэлийн шүүмжлэгчдийн шагнал, 2019 онд “Mario Vargas Llosa Biennial” шагналуудыг тус тус хүртжээ. Зохиолч өдгөө Испанийн Малага хотод амьдарч буй. 

“Simpatía” романд Николас Мадурогийн засаглаж буй өнөө цагийн Венесуэлд гэрийн тэжээвэр амьтдаа орхин дүрвэж буй сэхээтнүүдийн тухай өгүүлдэг. Симон Боливараас Уго Чавес хүртэлх Латин Америкийн улс төрийн зүтгэлтнүүдийн эрх мэдлээ урвуулан ашигласныг гэр бүлийн асуудал, өнчрөл хагацлаар дамжуулан өгүүлнэ. Ёс суртахууны хувьд уналтад орж, хүн ёс, энэрэх сэтгэл гэж үгүй болсон нийгэмд романы гол дүр Улисэс яг л өрөвдөн энэрэх сэтгэл горьдож яваа тэнэмэл нохой мэт хоцорно. 

  

Kairos

Женни Эрпенбек 1967 оны гуравдугаар сарын 12-нд төрсөн Германы зохиолч, дуурийн найруулагч, утга зохиолын олон нэр хүндтэй шагналын эзэн.

Зохиолд 1980-аад оны сүүлээр Зүүн Берлинд учирсан хоёрын хайр дурлалыг өгүүлнэ. Арван есөн настай Катарина тавь гаруй насны Ханс хэмээх гэр бүлтэй зохиолчтой учирсан тухай гайхалтай бүтээл. Тэдний гал халуун атлаа ээдрээтэй учралаар дамжуулан Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын түүх, 1989 онд Берлиний ханыг буулгасан түүхийг өгүүлнэ.


  

The details

Шведийн зохиолч Иа Генберг ажлын гараараа сэтгүүлчээр эхэлжээ. Тэрээр 2012 онд "Sweet friday" хэмээх анхны романаа, 2013 онд " Belated Farewell" романаа хэвлүүлсэн. “Small Comfort"богино өгүүллэгийн түүвэр зэрэг бүтээлүүдтэй. “The Details” англи хэл рүү орчуулагдсан анхны ном нь юм. Энэхүү ном хэвлэгдэн гарсан даруйдаа Шведоронд бестселлер болсон. Тэрээр 2022 онд “August Prize”, 2023 онд “Aftonbladet Literary Prize” утга зохиолын шагналыг тус тус хүртсэн.


Романд дөрвөн хүний тухай өгүүлнэ. Бидний хайртай хүмүүс бүрмөсөн мартагдаж алга болдог гэж үү? Хөрөг зургийн жинхэнэ эзэн нь хэн юм бэ? Зурж буй хүн нь үү? Зуруулж буй хүн нь үү? Бид бусадтай харилцахдаа бүрэн дүүрэн өөрөөрөө байж чаддаг уу? гэх зэрэг асуултууд урган гарна. Сэтгэл хөвсөлзүүлэн, өдөөн хатгах мэт энэ роман хүн хоорондын харилцаа, хүн байх гэдэг нь чухам юу гэсэн үг болох тухай асуултуудыг таны өмнө дэлгэн тавина. 


 

Mater 2-10

Хван Сок Ён 1943 онд төрсөн Солонгосын хамгийн алдартай зохиолчдын нэг. 1993 онд хоёр Солонгосын уран бүтээлчдийн солилцоог дэмжих зорилгоор Хойд Солонгос руу явсан хэргээр таван жил шоронд хоригдож байжээ. Солонгосын утга зохиолын дээд шагналын эзэн, "Prix Femina étranger" шагналын сүүлийн шатны жагсаалтад багтаж, "At Dusk" романаараа “Émile Guimet Prize” нэрэмжит шагнал хүртэж, мөн ондоо Бүүкэрийн шагналд нэр дэвшсэн. "The Prisoner" нэртэй дурсамжийн ном бичсэн. 

 

“Mater 2-10” Солонгос улсын нэгэн зууны түүхийг өгүүлэх роман. Төмөр замын ажилчид, үйлдвэрийн ажилчдын тухай нэгэн гэр бүлийн гурван үеийн түүхээр дамжуулан Японы колоничлолын үеэс чөлөөлөгдөх хүртэл ард түмнийхээ амьдралыг тод томруунаар өгүүлжээ.


 

A Dictator Calls

Исмаил Кадаре нь 1936 оны нэгдүгээр сарын 28-нд Албанид төрсөн. Нэрт яруу найрагч, зохиолч, дэлхийн утга зохиолын нэрт зүтгэлтэн, сэхээтнүүдийн нэг юм. Түүний бүтээлүүд, ялангуяа "The Monster", "The Palace of dream" (тоталитар дэглэмийн эсрэг) зохиолуудаараа Албанийн эрх баригчидтай зөрчилдөж, 1990 онд Францаас улс төрийн орогнол хүссэн юм. Нобелийн утга зохиолын шагналд 15 удаа нэр дэвшиж байсан 2005 онд Бүүкэрийн шагнал хүртсэн. Түүний бүтээлүүд 40 гаруй хэлнээ орчуулагджээ.

1934 оны 6-р сард Иосиф Сталин нэрт зохиолч, яруу найрагч Борис Пастернактай утсаар холбогдож, Зөвлөлтийн дэглэмийг шүүмжилсэн яруу найрагч Осип Манделстамыг баривчлах тухай ярина. Исмаил Кадаре баримт сэлт, зүүд, дурсамжийг гайхалтай уяж холбон орчин үеийн түүхэн дэх энэхүү хурцадмал агаад нууцлаг гурван минутын утасны яриаг зураглажээ. Кадаре өөрөө дарангуйллын үед (Албанийн удирдагч Энвер Хожагаас) гэнэтийн утасны дуудлага хүлээн авч байсан үйл явдлаасаа ургуулан энэхүү романаа бичжээ.  


 

The Silver Bone

1961 онд Ленинградад төрсөн. Орос хэлт Украины зохиолч Андрей Курков зохиолч болж олонд танигдахаасаа өмнө шоронгийн харгалзагч, зураглаач байжээ. Хэвлэн нийтлэгчдээс хэдэн зуун удаар татгалзсан хариу авсны эцэст дараа ганцхан жилийн дотор номоо 75,000 гаруй хувь борлуулж, зохиол бүтээлээрээ амжилт олсон. "Death and Penguin" роман нь дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдсан. Арван есөн роман, есөн хүүхдийн ном бичсэн. Курков 2009 оны Олон улсын Бүүкерийн шагналын шүүгчээр ажиллаж байсан. Түүний “Jimi Hendrix Live in Lviv” роман 2023 оны Олон улсын Бүүкэрийн шагналын урт жагсаалтад багтаж байв. Романууддаа бараан хошигнол, зөвлөлт холбоот улс задарсны дараах амьдралын тухай тод томруунаар өгүүлдэг.


1919 оны Киев хот, баруун Европт дэлхийн нэгдүгээр дайн дуусаж, хот Зөвлөлтийн засаг захиргаанд байсан ч цагаан арми заналхийлж байсан үе. Улс төрийн ороо бусгаа энэ цаг үед залуу Самсон Колечко инженерийн карьераа хойш тавихаас өөр аргагүйд хүрнэ. Гэвч тухайн үеийн Киев хотод булан эргээд л шүүрээд авах шинэ боломжууд дүүрэн байлаа. Залуу Самсон хотын хүн амын тооллого хариуцсан ажилтан Надеждатай хайр сэтгэлийн холбоо үүсгэж явахдаа цэргийнхний нууц төлөвлөгөөг санамсаргүй сонссоноо мэдээлэхийн тулд хотын цагдаагийн албанд элсэхээс аргагүйд хүрнэ. “Silver Bone” роман нь Киевийн нууц цагдаагийн албаны архиваас сэдэвлэж, түүхийн нарийн ширийнийг өгүүлэх сэтгэл донсолгом зохиол.


  

What I’d Rather Not Think About

Зохиолч Женте Постхума Нидерландын Эншеде хотод төрсөн. Түүний анхны зохиол болох “People Without Charisma” 2016 онд хэвлэгдэж олон шагнал хүртсэн.

Постхума утга зохиол судлалын чиглэлээр суралцаж төгсөөд сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, “De Groene Amsterdammer”, “Volkskrant” сэтгүүлүүдэд ажиллаж, ярилцлагын төрлөөр амжилт олсон. Түүний хоёр дахь роман болох “What I’d Rather Not Think About” өндрөөр үнэлэгдэж, 2021 оны Европын холбооны Утга зохиолын шагналын сүүлийн шатанд шалгарч байсан.

Ихрүүдийн нэг нь амьдралаас татгалзвал яах вэ? Гэвч үлдэж буй нь үхэж буй нэгнээ явуулж чадахгүй бол яах вэ? Романы гол дүрийн бүсгүйн ихрийн өрөөсөн ах нь амиа егүүтгэнэ. Бүсгүй хүүхэд насныхаа тухай, нас биед хүрснийхээ дараах амьдралын тухай, ах нь аз жаргалыг олох гэж тэмцэж явахдаа хэрхэн төөрөлдөж будилсан тухай өгүүлнэ. Товчхон агаад гуниг шингэсэн энэхүү романд ихэртээ чинхүү хайртай атлаа эгдүүцэж, ойлгохыг хичээж, маш ихээр санагалзан буй охин дүүгийн өнцгөөс сэтгэл санааны хямралд орж өөд болсон ахынх нь түүхийг өгүүлнэ.

 

Lost on Me

Италийн зохиолч, орчуулагч, кино зохиолч Веронико Раймо. Германы кино урлагийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөөд Берлинд амьдарч, Хумболдтын их сургуульд судлаач, хэд хэдэн хэвлэлийн газарт утга зохиолын орчуулагчааражилласан.2007 онд“Il dolore secondo Matteo” анхны романаа хэвлүүлжээ. Түүний дараа Герман хэлнээ хоёр роман, богино өгүүллэгийн хэд хэдэн түүвэр хэвлүүлсэн. Англи хэлнээ гарсан анхны роман нь “The Girl at the Door” нэртэй. “Lost on me” роман нь 2022 онд “Premio Strega Giovani Prize”, “Viareggio Rèpaci Prize” шагналуудыг хүртсэн. Ром хотод амьдардаг.

Веро охин Ромд этгээд хачин гэр бүлд өсжээ. Бүх юманд хошуу дүрдэг, сэтгэл түгших эмгэгтэй ээж, ахуйн ариун цэвэр, архитектурыг хэт шүтдэг аав, хэзээд аав ээжийнхээ анхаарлын төвд байдаг эрт хөгжилтэй суут ухаантан эрэгтэй дүүтэйгээ амьдарна. Веро нас биед хүрч гэрээсээ явах болжээ. Утга учиргүй мөрдөн мөшгөж, өөрийг нь үргэлж гэм буруутай болгодог ээж нь охиныхоо замд алхам тутамд нь хөндөлсөх тул Веро өөрийн тусын тулд зохиолч, худалч болохоос өөр аргагүйд хүрнэ.

  

Crooked Plow

Итамар Виейра Жуниор 1979 онд Бразилийн Сальвадор хотод төрсөн. Угсаатны зүй болон Африк орон судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.“Crooked Plow” романаас өмнө “The Executioner’s Prayer” богино өгүүллэгийн түүврээ хэвлүүлсэн нь Бразилийн утга зохиолын “Jabuti” шагналд нэр дэвшсэн. “Crooked Plow” роман нь 2018 ондПортугалийн “LeYa” шагналыг хүртсэн.

Боолчлолыг халснаас хойш гурван үеийн дараа арай ядан амьжиргаагаа залгуулж буй  Бразил орны хамгийн ядуу бүс нутаг дахь тариачдын амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхалтай, сэтгэл татам романд амьдралын үнэн, гэр бүл, сүнслэг байдал, боолчлолын тухай өгүүлнэ.


Undiscovered

Габриэла Винер Испанийн Мадрид хотод амьдардаг Перугийн зохиолч, сэтгүүлч. “Nine moons” хөл хүнд үеийн дурсамж ном, "Сексографи" сэтгүүл зүйн ном хэвлүүлсэн. Нийтлэлүүд нь Испани хэл дээрх “El Público”, “Vice”, “New York Times”сэтгүүлүүдэд тогтмол хэвлэгддэг. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг хөндөж бичсэн эрэн сурвалжлах нийтлэлээрээ Перугийн үндэсний сэтгүүлзүйн шагнал хүртсэн.


Габриэла Винер Парисын угсаатны зүйн музейд өв залгамжлан авсан ховор нандин эд өлгийн зүйлсээ олж харна. Тэрээр Колумбаас өмнөх үеийн олдворууд, Европын колоничлолын үеэр дээрэмдэж тоносон олдворуудын үзэсгэлэн үзэж байх агаад үзэсгэлэнд тавигдсан олдворуудын ихэнх нь төрөлх нутаг Перу улсаас нь иржээ. Шилэн хоргоны цаана өөртэй нь төстэй царай төрхтэй уугуул иргэдийн баримал харагдана. Тэднийг дээрэмдэж тоносон хүн нь түүний элэнц өвөө, Австрийн колоничлол судлаач Чарльз Винер ажээ. Аавыгаа нас барсны дараа Габриела эцгийнхээ талаас өвлөн авсан бүхнээ судалж эхэлнэ.


 

 Б.Дэлгэрмаа

Сэтгэгдэл хэсэг