ИНГЭЭД Л БИД ЯВДАГ, БИ Ч БАС ЯВЖ БАЙНА.

 

1.

2022 оны 12 сарын 05- ны өдөр. Өчигдөр шөнөжин жагсаж цагдаатайгаа хамт хоносон жагсаал хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна. Жагсаал нэгдсэн нэг шаардлагын доор өрнөсөнгүй. Иранд “эмэгтэйчүүдийн эрхийн төлөө” Солонгост “ерөнхийлөгчийг огцруулъя” гэх зэргээр шаардлага тодорхой. Энд нэг хэсэг нь “нүүрсний хулгайчдад хариуцлага тооц” гэж байхад нөгөө хэсэг нь хулгайчийг барьж хариуцлага тооцох ёстой Засгийн Газрыг огцрохыг шаардаж байх шиг. "Еэвэнгийн бүүр нөгөө талд" хулгайчид нь ЗГ-аа ч унагаах гэж байх шиг. Үхрийн бөөр шиг өвдөл, цөвдөл жагсаал. Ашиг сонирхол гэж ийм байдаг хойно яаая гэх вэ. Хэн нь хэнээрээ туг тахиж дуусах хорвоо юм бүү мэд. Нүүрсний хулгай байхгүй гэхээр өөрсдөө шүгэл үлээчих сэн байдаг. Илрүүлэх боломжгүй гэхээр үнэмлэхүй ялалт байгуулаад дангаараа засаг барьж байдаг. Муу юмаа чихэх хойд айлын хар овоохой байхгүй эрх баригч намынхан л халиуны зулзага болж байх шиг. Нүүрсний хулгайчийг олох нь чухал бус амжилттай олж авсан “нүүрсний хулгайч” гэдэг энэ лоозонгоо нэгнийхээ хүзүүнд хэн нь түрүүлж өлгөнө үү тэр ялагч болох юм уу даа. Хуучин хэрэг нь байхад эзэн нь олддог байсан бол одоо хэрэг нь олдчихоод байхад эзэн нь алга байх шиг. Уг нь өнөөгийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх таван жилийн өмнө ерөнхий сайд байхдаа УИХ-ын чуулганы танхимд : Нүүрсний хулгайч бацаан дуугүй бай гэхэд Мөнхбат: Чи хулгай хийгээгүй юм уу, монголын төрөөс гэсэн байдаг. Гэвч одоо хулгайчийг гаднаас хайдаг болсон тул олохоо байчихсан.

Тэгтэл дөнгөж сая УИХГ-н С.Ганбаатар мэдэгдэл хийв ээ. Тэрээр АПУ ХК-ийн захирал П.Батсайхан, MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нарыг нүүрс хулгайлдаг бүлэглэлийн тэргүүнүүд хэмээн нэрлэв. Төрийн өмчит Эрдэнэс ТТ-н нүүрсийг хямд үнээр гэрээ хийж аваад, Хятадын хил гаргаад нугалж зараад цавчаа хийгээд байгаа төрийн хамаарал бүхий нүүрсний хулгайчидтай хариуцлага тооц гэж шаардсан, бухимдлын галыг хувийн өмчит рүү чиглүүлэв. Явж явж нүүрс тээврийн хувийн өмчит хэдэн компани дээр энэ том хар “баас”-ыг нялах гэж байх шиг. Уг нь ард түмэн нисдэг бор морийг “идээд” ир гэж жагссан чинь мань гишүүд буруу морийг нь идчих шиг. 2 сая тонн нүүрс буюу нэг их наяд орчим төгрөгийн үнэтэй нүүрс хилээр гаалийн бүртгэлгүй гарчихсан гээд төрийн сайд С.Бямбацогт ам шүд алдчихсан. Ч.Хүрэлбаатар 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсан, хөдөлшгүй баримт бий гээд аваад хаясан. 44 их наяд бол 2050 он хүртэлх төсвийн бүх ажилчдын цалингийн хэмжээ. Дөрвөн жилийн татварын төсөвтэй тэнцэх том тоо. Ийм тоотой хулгай гарсныг мэддэг ч шаардлагатай бол ил болгоно гэдэг. Манай удирдлагууд ингэж ажилдаг. Бид ийм төр засагтай. Ойрын өдрүүдэд Монголд өндрөө авч буй ийм л мэдээтэй суух шив дээ.

Таг түгжрэл, пиг утаа, яхир хүйтэн Улаанбаатарын өвөл өнөөх янзаараа. Гурилын үнэ, энэ жилийн эхний 11 сарын байдлаар 86 хувиар өссөн. “Мянган үхрийн эвэр доргидог” жишгээр дам дамаа бүх зүйлийн үнэ өссөн нь тодорхой. Өргөн хэрэглээний барааны үнэ 50 хувиар өснөө гэдэг бидний цалингийн хэмжээ тэр хувиар буурлаа л гэсэн үг, товчхондоо. Манай улсын байгаа царай л энэ. Ийм царайтай айлд хүн бүхэн цуглахгүй. Манайх тийм загас бүхэн цуглахаар замаг сайтай нуур биш. Загаснууд нь дайждаг өмхий цөөрөм. Дайжих шалтгаан нь дээр миний дурдсан утаа, түгжрэл, авилга хахууль, хулгай шударга бус байдал. Нулимсан дусал шиг цалин. Ийм л шалтгаанаар иргэд эх орноо орхидог. Би ч бас орхиж байна. Солонгос руу. 40 мянган монгол аж төрж байгаа Солонгос руу. Манай иргэд очиж “харх” гэж нэрлэгдтэлээ хараар ажилдаг Солонгос руу. Дарга нар нь очиж улсын мөнгөөр казиноддог, Солонгос руу. Иргэд нь энд насаараа зүтгээд олоогүй байрны урьдчилгаагаа, машины мөнгөө олоод ирдэг, Солонгос руу. Иргэд нь манайх руу захирал хийхээр, аялж амрахаар ирдэг Солонго руу. Бас манайх руу Хойд Солонгосыг харуулсан кино зураг авахаар ирдэг Солонгос руу. Хүүхэд байхад гэр бүлээрээ цаг тоолон олон ангит киног нь хүлээдэг байсан Солонгос руу. Хүүхэд байхад манай сургуулийн таван багш зуны амралтаар яваад намар нь эргэж ирээд бүгд улаан дүнзэн байшин босгож эхэлсэн Солонгос руу. Бас өчнөөн олон хүмүүс эргэж ирээгүй Солонгос руу. Монголын гудамжинд нүдээ аниад чулуу шидэхэд хоёр чулууны нэг нь Солонгос хоолны газрын цонх хагалахаар хэмжээнд очсон, Солонгос руу. Битлзийг давж бидний сонсдог болсон BTS-ийн эх орон руу би явж байна.

Солонгос гарах бол энэ зууны монгол хүн бүрийн туулах ёстой жам шиг зүйл болжээ. Жам намайг ч тойрсонгүй. Хятадад оюутан байхдаа нэг удаа визний хүсэлт өгч байж билээ. Өмнө явсан нэг оюутан тэндээ харласнаар арын мань хэдийн хоншоор дээгүүр тас ороолгож буцааснаар Солонгос явах маны хүсэл дашин шог болсон юм. Харин энэ удаад Солонгосын 40 гаруй хот сууринаар орох “Морьтой ч болоосой” төслийн багт багтаж энэ улсыг зорихоор болоод эхний тэмдэглэлээ Улаанбаатараас бичиж суугаа маань энэ. Энэ тэмдэглэл Солонгост очоод олон тэмдэглэлээр үргэлжлэх учиртай юм. Түүнээс өмнө өнөдөрийн цаг төрийн байдлаас хуваалцъя.

Өнөөдөр жагсагчид хэд хэдэн удаа ордон руу дайрлаа. Талбай дээрх сүлд модыг шатаалаа. Хотын дарга ордны зүүн хойд хаалгаар түргэний машинд нуугдаж гарч зугтаалаа. Талбай эргэний сүлжээ унагаасан. Замын камеруудыг хаасан. Ордны хашааны зүүн урд талыг “нэг хоёрын гурваа...” гэж дуу нэгтэйгээр түлхэн ганхуулж байна. 18 цаг. Яг одоо жагсагчид төрийн ордны хаалгыг эвдлээ. Төрийн ордны урд хаалга онгойж гаднаас жагсагчид, мод төмөр далайн давшиж дотор талд бамбайтай цагдаа нар хамгаалж эсэргүүцнэ. Жагсагчид “Цагдаа нар ард түмэнтэйгээ нэгд” “Хулгайчдаа зарла” “Гараад ир” Хулгайчидтай тэмцье” гэж тасралтгүй орилно. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ч гарч ирж уулзсан ганц дарга одоогоор алга. Ийм л бухимдал, урам хугарал дундаас эх орноосоо явах бодол төрдөг байх. Бас ийм байдлаас 2008 оны 7 сарын 1 ны явдал шиг эмх цэгцгүй байдал үүсэж туйлдсан иргэд тэсэрдэг байх. ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиараа төрийн ордон бол төрийн хамгаалалтад байх объект. Төрийн хамгаалалтад байгаа объект руу хууль бусаар нэвтрэх нь гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл. Цаашид олон нийтийг үймээн самуунд уриалсан үйлдэл гарвал хуульд заасан холбогдох арга хэмжээг авна гэж анхааруулав. Ордон руу нэвтэрсэн залуус хуулийн хариуцлага хүлээдэг юм байж. Хүлээх нь ч зөв. Тоонотынхонд уруу татагдаад хүрээд ирсэн байж болох ч толгойгоо бид нар өөрснөө л мэдэх ёстой. Өөртөө хураасан булуугаа ч өөрөө үүрэх ёстой. Энэ л манай нийгмийн энгийн зарчим. Өөрөө өөртөө эзэн байя. Ордны хаалга эвдсэн бол өөрөө л дээлээ нөмөрье. Тэгвэл:Монгол Улсын үндсэн хуульд: Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон баталгааг бүрдүүлэх эрхийг иргэнийхээ өмнө хариуцна. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг төр хангана. Төр засаг ард иргэдийн ЭЗ-ийн баталгааг бүрдүүлнэ гэсэн заалт бий. Төр тэгвэл ямар хариуцлага хүлээх вэ? Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ийм учраас залуус эх орноо орхидог. Хууль хүн хүнд өөр өөр үйлчилдэг болохоор. Хууль нь хүртэл иргэдээ ялгаварладаг болохоор бид явдаг. Би ч бас явж байна. Энэхүү төслийн туршид биднийг дэмжин хамтарч ажиллах байгууллагууддаа баярлалаа.

 Official partners:

МАКС ЭРҮҮЛ ХҮНС Max Mahnii Delguur

UB LoungeМонгол хоол

GG Tour Fb:Солонгосоос дэлхийгээр аялцгаая

Supported by: Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь Салбар Зөвлөл - 몽골청년연맹 한국지회

Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэчээр: Tagtaa.mn

Сэтгэгдэл хэсэг