“Хятадын орчин үеийн уран зохиол” гэж хичээлийг удирдагч багш, яруу найрагч Хайрхан доктор ордог байв. Гурван цагаар долоо хоногт хоёр удаа. Хайрхан багш дэгжин гэж жигтэйхэн. Хичээлийн цагаас хоцорно гэдэг ховор. Чих давсан үс нь сор гүйцсэн үнэг, сорлосон булга шиг л халиурч намираад байдаг гэж ярих юм биш. Орж ирж суумагцаа л нойтон салфетка гаргаж ирээд л эхлээд ширээнийхээ тавцанг, ахин нэгийг гаргаж усны сав, номын гадар, гараа арчаад л. Тэр гараараа хувцасныхаа тоос шороог аяархан “сар сар” хйитэл гөвөөд л тэгж тэгж арай чүү нэг юм сууна даа. Анх харж байгаа хүнд төвөгтэй ч гэмээр, ухантсан. Тэгээд болоогүй өөр нэг алчуур энгэрийнхээ халааснаас гаргаж ирмэгцээ л хэд хэд сэгсэрнэ. Багшийг тэгж алчуураа гөвөхөөр цонхны наранд тоос пургина. Тэгээд тэр алчуураараа нүдний шилээ арчиж арчиж зүүнэ. Заа ингээд л номоо хөтлөөд тайлбарлаж гарна даа. Би яриаг нь анхандаа сайн ойлгодоггүй байв шүү. Багш юм ярьж байгаад л “Тийнши, тийнши л” гэж лавлаад байх. Би хажууд суугаа Улаанхадын оюутнаас “энэ багш сая юу гэчхэв” гэж шивэгнэхээр “тийм үү? Биш үү? Тийм биз?” гэсэн үгээ, чи төхөөрөхгүй байна уу гээд гайхах. Ингээд ээдрээ нэг муу юм тайлагдаад цаашаа явж байтал “Шарх сорвийн уран зохиол” гэдэг ч юм уу эс ойлгогдох зүйлс мундахгүй. Миний мэдлэг хомсын гайгаар мундахгүй ихээр гарч ирдэг ойлголтуудаас “Ар үзэгдэл” хэмээгчийн талаар бичье гэж бодлоо. Хайрхан багш ам нээх тоолондоо “Ар үзэгдэл” гэх нь халаг хүн. А л гэвэл “Ар үзэгдэл” гээд унаж байдаг гэх нь хаашаа юм. Ер нь л зохиол бүтээлд ар үзэгдэл чухал л гэж үглэх. Би тухайн үед ойлгоогүй, ойлгоё ч гэж хичээгээгүй бүр хэзээ хойно мэр сэр орчуулгатай зууралдаж эхэлснийхээ дараа учрыг ухаж, хужрыг тунгааж билээ. 背景 - bèi jǐng гэдэг үгийг үгчилж “Ар үзэгдэл” гээд байсан юм билээ. Тайз дэлгэц, гэрэл зураг, уран зураг гээд олон салбартай холбогдох үг. Уран зохиолын ар үзэгдэл гэвэл дүр, үйл явдлын объектив нөхцөл байдал, түүхэн үндэслэлийг заадаг. Уншигчдад ойр баймуужин хэмээн нэгэн зүйлийг жишээлэн тайлбарлах гээд оролдъё.
Үй Хуа: Амьдрахуй – Төмөр хайлуулах
Энэ үйл явдал “Амьдрахуй” романы монгол хэвлэлийн 89 дүгээр хуудаснаас эхэлдэг. “Орой болж манааны ээлжээ хүлээлцэв. Би ус нэмж, Фэн Шиа гал сэвүүрдэж, нөгөө хоёр маань унанги мөчир, гишүү түүнэ. Ийм янзаар ажилласаар шөнө дундлахад тосгоны бүх айл унтсан байв. Би гурван ч удаа ус нэмж, тэвэр тэврээр түлээ өрдсөөр суулаа. Гэвч төмөр хайлсангүй, бахь байдгаараа. Хөлс нь цувсан Жиа Жэн мод түшин суужээ.” 98-р тал. Ээлжтэй хоносон энэ шөнө эхнэр нь тамираа тасартал ажиллаж, хэвтэрт ордог. Зохиолч Фэн Шиагийн ямаршуу нөр их хөдөлмөрлөснийг гал түлж байсан төмөр торх цоорсноор л харуулчихдаг нь уран санаа. Эхнэрээ яах учраа олохгүй бас торх цоол ялд унах болчхоод байсан Фу Гүйг азын тэнгэр ивээхэд шатаасан тогоо нь хагас дутуу хайлчихсан тосгоны дарга түүгээр машид бахархангуй энэ лав гурван ширхэг их бууны сум болно. Бүгдийг нь Тайван руу буудах хуна. Дээшээ дуулгамаар баярт явдал болоо гэчихсэн зогсож байдаг хэсэг л дээ. Үүний “ар үзэгдэл” бол Мао удирдагч аль 1953 оноос дотроо боловсруулж дарс шиг дарж яваад 1958 оны тав дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн “Их үсрэнгүй давшилт”-ын нэгээхэн хэсэг. Мао аж үйлдвэржүүлэх хөтөлбөрийг 10-15 жилд амжуулна гэж байснаа 7-8 жил хангалттай гэснээ бүр сүүлдээ ЗХУ-аас техник технологи авчих юм бол манайх ганцхан үсрэлтээр л хүрчихнэ. “Манай ард түмэн атомтой төстэй” гэсэн мэдэгдэл хийж байв.
Мао үлгэр жишээ тосгон байгуулж нэг мү талбайгаас 70тн хүртлэх ургац авлаа /хэвийнхээс хэдэн зуу дахин их/ хэмээн сонин сэтгүүлээр сэвүүлж, тариачдыг ургацаа нуун дарагдуулж байна. Коммунист үзэл санаа алга. Хоолоо хас, зутангаа улам шингэн хийж уу, бага идсэний буруу гэж байхгүй. Биелүүлэхгүй бол хүчээр гүйцэлдүүл гэх зэргээр ард түмнээ тэрэгний луус, тээрмийн илжиг болгож байсан жилүүд. Чухамдаа ард түмний чадамжийн хэр хэмжээ чухал бус Маогийн хүсэл санаанд хүрэх нь л чухал байв. Яг л манайд мал сүргийг тоо толгойг 200 саяд хүргэхийг шахаж шаардаж байсан шиг, бас манайхан адууны дэл, тэмээний шил зогдор, малын эвэр, сарлагийн хөөвөр, ямааны ноос ноолуур, хонины ноосыг жинлэн авч жиндээ хүрэхгүй бол танай манай аав, өвөө харганы ноос түүж, хажуу айлаасаа гуйж түүж явсан шиг л юм. Хувьдаа хоёр үнээтэй гэсэн байна. Энэ хоёрын чинь сүү хаа байна гэж нэхэж авч, та бидний эцэг эхийг цайны сүүгүй үлдээж байсан шиг л юм. Одоогоор бол тэрбум мод гэдэг бүтэшгүй хөтөлбөртэй дүйцүүлмээр юм уу даа.
Ингээд 1959 оны 4 сар гэхэд л 15 мужийн 28 сая хүн өлсгөлөнд нэрвэгдчихээд байлаа. Хүмүүс олноор үрэгдэж байгаа тухай тосгоны дарга хэлбэл намын эсрэг үзэлтэн болж, туулаад гар гэсэн л тушаалтай буцаж ирж байсан он жилүүд. Энэ “Их үсрэнгүй давшилт” хэмээгчийн нэг гол үйл явдал бол Хрушевийн “Цайны халуун тогоо” хэмээн ёжилж асан домен зуух, төмөр хайлуулагч торхнууд юм. Мао ган хайлуулалтаар АНУ-ыг ардаа орхих болно хэмээн сагсалзаж, төмөр хайлуулах зуух 90 саяыг барихыг тушаасан. Тушаал ёсоор гүйцэтгэхийн тулд айл бүр зуух барьж тогоо, шанага, савх сэрээ төмөр нэртэй юу л байна уу бүгдийг нь тушааж үсний хавчаар, хаалганы бариулаа хүртэл жилд хайлуулах 10тн ганд нэмэр болгох гэж өгч байсан гэдэг. “Нэг зүү нууж авч үлдэнэ гэдэг бол нэг хувьсгалын эсэргүүг нууж байгаа явдал” гэдэг агуу уриа лоозон гарч хүмүүс сэтэрхий сүүгүй, хугархай тэвнэгүй үлдэж байсан өдрүүд. Дэд бүтэц байхгүй хүний олноор хийх гэсэн мунхаглалдаа хэдэн зуун сая тариачдыг татан оролцуулсан нь “Амьдрахуй” романд ч тосгоны бүх айлуудыг оролцуулж байгаагаас тодхон харагддаг. Зай завсаргүй гал өрдөж байх хэрэгтэй тул түлээ түлш зэнгэхгүй. Ойр хавийн уулын мод, ургамлыг хуу хядаж/үүний уршгаар удалгүй их үерийн гамшиг тохиосон. Манайд ч мөн Туул голын эхээс мод хяргаж, хэдэн жил Туулаар сал хөвүүлсний гайгаар байгалийн тэнцвэрт байдал алдагдаж жаран хэдэн оны гамшигт үе болсон/ сүүлдээ бүр тариачдын байшингийн дээвэр, хана зэргийг хуу татаж түлээд олон мянган тариачин ард орох оронгүй, оочих аягагүй болсон. Мао “ардын коммун” гэж нэрлэсэн эдгээр хүмүүсээ овог нэрээс нь хүртэл салгаж, тоогоор дугаарлаж байсан гэдэг. 1960 он гэхэд өлсгөлөн туйлдаа хүрлээ. 1960 онд гэхэд л хүний мах идсэн хүмүүсийн тоо 63 бүртгэгдэж, хүүхдээ хороож идсэн тохиолдол ч гарч байжээ. Энэ тариачин ард хүний махан идэштэйдээ биш тийм аймшигт сонголт руу түлхсэн төр засгийн харалган шийдвэрийн урхаг. Маогийн хүслээр гэрийн нөхцөлд хайлуулаад гардаг ган ч гэж юу байх билээ. Бүгд бүтэлгүйтсэн. Хүмүүсийн хөлс хөдөлмөр, амьдрал ахуй, амь насыг үрсэн каннибализм л болсон. 38 сая хүн энэ хэдхэн жилийн дотор амь насаа алдсан. Энэ мэтээр тус романд дурдагдаж буй үйл явдлын чмод бүхнийг ганхуулж үзвэл дээрх лүгээ адил түүхийн жимс унан ирэх бөлгөө. Ганц энэ роман ч бус миний орчуулж байсан бүх романуудад ийм бодит шинж байсан нь ажиглагдаж байв. “Вэн хот” романд гэхэд л 1912-1945 оны үйл явдал. Хятадын эзэн хаант төр нуран унасан. Чин гүрний засаглал мөхөж сүүлчийн эзэн хаан Пү И зугтаасан. Сун Ятсэн 1912 онд Нанжинь хотод “Бүгд найрамдах улс”-ыг тунхагласан. Цэргийн генерал Юан Ши Кай өөрийгөө эзэн хаанаар зарласан. Нас барсан. Хятад улс төвлөрсөн захиргаагүй муж бүрийг цэргийн эрхтнүүд захирч байсан “Цэргийн жанждын эрин үе”. Түүний дараах хятадын иргэний дайны үе. Гоминдан буюу үндэсний нам-Коммунистуудын хагарал. Чан Кай Ши, Мао Зэ Дун хоёрын тэмцэл. 1930 он гарч Япончууд, Дундад улсын зүүн хойт хэсэг рүү халдан довтолж Манжуурыг булаан эзэлсэн үйл явдал. Мао толгойлон хийсэн “Урт марш” хэмээн тэмдэглэсэн үйл явдал ч тус романд буй. “Вэн хот” романд гарах дээрэмчдийн бүлгэмийн нэг толгойлогчийн дүр ч магад Мао Зэ Дунээс сэдэвлэсэн байхыг үгүйсгэхгүй. Тэр 1933-1936 оны хооронд хийсэн олон удаагийн их аяны дундаа уулархаг нутгаар бүгж, дээрэм тонуул хийж, газрын эздийн өмчийг булааж, шинэ эхнэртэй ч болоод амжсан. Энэ л он жилүүдэд тэр тариачдаар хүчээ зузаатгаж, хүрээгээ тэлж, зэр зэвсэг, хоол хүнс, цэрэг армиа сайтар бэхжүүлсэн. Мао 1936 оны 4 дүгээр сар орчимд Шаньси муж. Шар мөрний ойролцоох нэгэн жижиг тосгонд очсон. Тэнд байх хугацаанд хийсэн үйлүүд “Вэн хот” романы үйл явдалтай маш төстэй санагддаг. Үүнийг л удирдагч багш Хайрхан зохиолын “ар үзэгдэл” гээд байсан юм билээ л дээ. Энэ хүртэл үүнийг нуршсан учир нь манай улсын ойр үеийн кино, уран зохиолд “ар үзэгдэл” хэмээгч нь баахан хомс мэт. Түүхэн үндэс гэхээр түүхэн хүн заавал оролцуулах гээд байдаг шиг. Тэр түүхэн хүн нь өөрийнх нь улсын түүхэн зүтгэлтэн болохоор сайн сайхнаар харуулахгүй бол, бахархахгүй л бол түүх гутаасан хэрэгтэн болчих гээд байдаг юм уу даа. Эсвэл өндөр настнуудын ярьсан яриаг түүхэн үндэс болгож ашиглах гээд байдаг талтай. Тухайн хүн яаж ч сэнхрээд Чингис хаанаа цуст алуурчин, Сүхбаатар жанжинд Богдын оточ хор өгч алсан гэж итгэж явж мэднэ. Тэгэхээр бидэнд түүхээ олон талаас нь харах, шинжлэн авч үзэх. Бэлээхэн түүхийг бүтээл болгохоос хувь уран бүтээлчийн өнгөрсөн түүхээ харах хараас, түүхийн философи, түүхэн үйл явдал ард түмэн дээр буусан буулт, түүний тусгал, үр нөлөөг зохиол бүтээлдээ ар үзэгдэл болгон шингээх нь чухал мэтү.
Хайрхан багштай холбоо барилгүй хоёр гурван жил болсноо сая саналаа. Хаана юу хийж суудаг юм болдоо. Мөнөөх л янзаараа үсээ донжтой хаялан хичээлээ зааж зогсоо болов уу? Зааж дуусаад дугуйгаа унаад гэртээ харьж яваа ч байж мэдэх юм.
Мө.Батбаяр
Сэтгэгдэл хэсэг